Le Boucher (1970) . Францын нэгэн жижигхэн тосгонд хурим болж байна. Тосгоны бага ангийн сургуулийн багш Helene-ын дэргэд махны худалдагч Paul суужээ. Helene сэтгэл татам хүүхэн бөгөөд 30 орчим настай, ганц бие байгаадаа сэтгэл хангалуун явдаг нэгэн; харин Paul 15 жил армид алба хаасны эцэст саяхан төрсөн гэртээ ирээд гэр бүлийн бизнес болох махны худалдагчийн ажлаа өвлөж аваад буй нь энэ агаад Helene, Paul хоёр хөршүүд юм. Хуриман дээр танилцсан залуус дараагийн хэдэн долоо хоногт хамт кино үзэж, өдрийн хоол идэх зэргээр цагийг хамт өнгөрүүлэх ч энэ харилцаа найзын хүрээнээс хэтрэхгүй л байв. Нэг удаагийн болзоон дээр Helene Paul-д бэлэг гэж тамхины асаагуур өгдөг. Өөрийгөө хатуу ёс баримтлагч биш, бүтэлгүй дурлалаас болж ганц бие байхыг илүүд үзэх болсон гэж Helene залууд хэлдэг буюу Paul дотно харилцаатай больё гэж хэлж үзээд ийм хариу авдаг. Paul аавтайгаа таардаггүй байсан учир ааваасаа холдох гэж армид элссэн, дайнд буюу Алжирт олон аймшигтай зүйлсийг үзсэнээ хэлдэг. Залуухан бүсгүйн хутгаар аймшигтайгаар хөнөөлгүүлсэн цогцос олдсоноор тайван амгалан тосгонд үймээн гарч эхлэх бөгөөд цагдаа нар ямар ч мөр, сэжиг олж чадахгүй.
Францын шинэ кино давалгааны чухал найруулагчдын нэг Claude Chabrol-ын сэтгэлзүйн триллер. Гол дүрүүдэд Jean Yanne, Stephane Audran нарын Францын жүжигчид тоглосон. Амар тайван амьдралтай нэгэн тосгоны амьдрал хэрхэн донтой алуурчны сүүдэрт дарагдаж буйн тухай өгүүлэх эл классик хэрнээ энгийн триллерт алуурчныг эрэх хайх үйл явц зогсолтгүй үргэлжилдгээс гадна хачиртай талхан дээр цус дуслах зэрэг Hitchcock маягийн хэв маяг (Helene шар үстэй байдаг) илэрхий харагддаг. Chabrol уг бүтээлдээ хөдөөний амьдралыг нарийн харуулахдаа наманчлалын сэдвийг ухаалгаар суулгаж өгсөн ба TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 969-р байрт уг киног эрэмбэлээд байна. Helene-ын дүрд тоглосон жүжигчин Stephane Audran нь найруулагчийн эхнэр байсан ба архи уудгаараа алдартай Chabrol мөн уг киноныхоо зураг авалтын үеэр маш их уудаг байсан тул нэг удаа бүр найруулагчийг бүр тэргэн дээр авч явж байсан гэдэг.
Багш хүүхэн, махны худалдагч хоёул өдөр тутмын ганцаардлаа нуудаг, мөн тэдний сексийн талаарх үзэл хачирхалтай байдаг ба магадгүй тэд огт танилцаагүй бол дээр байсан болов уу. Тэд уулзаж эхлэхэд тэдний харилцаа энгийн бас асуудалгүй мэт байгаа ч үнэндээ нуугдсан аймшигт хөдөлгүүрийг асаачихдаг. Энэ харилцаа махны худалдагчид аллага үйлдэх түлхэц болсон болохыг киноны төгсгөлөөс харж болно, мөн аймшигтайгаар биш ч багш хүүхэнд өөрчлөлт авчирсан нь илэрхий юм. Chabrol-ын бараг бүх киноны эхлэл, төгсгөлд гол мөрөн гардаг ба мөн заавал хоолны сцэн байдаг, энэ ч ёсоор энэ кинонд энэ бүхэн багтсан. Кинонд 3 аллага болдог ч дэлгэцэнд харагддаггүй, аллага хүчирхийлэл зөвхөн сэтгэлзүйн шинжтэй бөгөөд энэ дүрүүдийн хэрэгцээ, хувирлыг хөнддөг. Кинонд алуурчин хэн болох талаар ямар ч нууц байхгүй, алуурчин бол махны худалдагч гэдэг нь бараг тодорхой байдаг, учир нь өөр ямар ч үнэмшилтэй сэжигтэн дэлгэцэнд гарч ирдэггүй. Үүнийг үзэгчид ч, багш хүүхэн ч зарим талаараа мэдэж байдаг.
Багш
хүүхэн асаагуур олохоос өмнө үү, олсны дараа юу л гэдэг юм. Киноны түгшүүртэй
байдал нь махны худалдагчийн гэм буруутай баримтын талаарх хоёр гол дүрийн
сэтгэлд хадагдам харилцаатай шууд холбогдоно. Махны худалдагч түүнийг ална гэж
үү? багш хүүхэн алуулахыг хүсч байж болох уу?, яг үхэл ирэх мөчид багш хүүхэн
барагалж түүнээр тохуурхах мэт болдог, учир нь тэр махны худалдагчийн зэрлэг
байдалд дуртай байдаг билээ. Зугаалгын үеэр багш хүүхэн сурагчдадаа агуйн хүний
тухай ярихдаа агуйн хүн зөн совинтой, ухаалаг байсан гэж хэлдэг бөгөөд нэгэн
хүүхэд "тэр одоо буцаж ирвэл яах вэ?" гэсэн асуултад багш хүүхэн
"тэр дасан зохицох байсан, үгүй бол үхэж ч болох юм" гэж хариулдагаас
тэр махны худалдагчийн талаар бодож байж болох юм. Магадгүй анхны хуриман дээр
уулзахад л багш хүүхний сэтгэлийг махны худалдагч татсан байж болох; хуриман
дээр хамт ширээнд сууж байхдаа махны худалдагч түүнд хамгийн түрүүнд мах хэрчиж
өгдөг, мах хэрчих явцыг багш хүүхэн бишрэнгүй хардагаас гадна бусад хүмүүст
хэрчиж өгөхөөс өмнө өөрийнхөөг идчихдэг билээ. Хүүхэн хайж байсан зүйлээ олсон
мэт л баярладаг ч алуурчинаас үргэлж сэрэмжтэй байдаг. Тамхилах бол киноны гол
сэдэв; эмэгтэй тамхи татах хүртэл эрэгтэй тамхи огт татдаггүй; махны худалдагчид
хэзээ, яагаад тамхилах нь чухал байдаг. Дүрүүд юу бодож байгаа бол, юу мэдэж
бас хүсэж байгаа бол гэж үзэгч үргэлж боддог тул энэ бол биднийг бодолд
автуулдаг кино. Үхэж буй махны худалдагчийн царай айдас, ялалт, өрөвдөлт гээд
яг юуг илэрхийлнэ вэ? эсхүл нэг төрлийн сексийн ханамж байж болох уу?. Энэ
хариуг олвол хүүхний сэтгэлийг олно.
Comments
Post a Comment