The Go-Between (1971) . 1900 оны үе юмдаг. Leo хэмээх өсвөр насны хөвгүүн сургуулийнхаа чинээлэг найз болох Marcus-тай зуны амралтаа хамт өнгөрүүлэхээр Marcus-ын Норфолк дахь гэр бүлийнхэн харшид зочилжээ. Чинээлэг, язгууртан энэ айлынхан зиндаа гарал доогуур Leo хүүг гараа дэлгэн угтаж, анхааран халамжилна. Гэтэл Marcus улаан бурхан өвчинөөр өвдөж өрөөндөө тусгаарлагдахаас өөр аргагүй болно. Ингээд Leo өөрөө өөрийгөө зугаацуулахаас өөр аргагүй болох агаад улмаар Marcus-ын үзэсгэлэнтэй эгч Marian-тай нөхөрлөж, ихэнх цагийг залуу бүсгүйтэй хамт өнгөрүүлнэ. Өдөр хоногууд хурдан өнгөрлөө. Leo хүү нэг л мэдэхэд Marian болон ойролцоох хөрш тариачин залуу Ted хоёрын хайрын захиаг зөөдөг итгэмжлэгдсэн шууданч болж хувирсан байна. Энд нэг зүйлийг тодруулахад, Ted ядуу тариачин, харин Marian язгууртан тул тэдний харилцаа хориотой агаад Leo энэ нууц ажиллагаагаа үнэнчээр, хичээнгүй гүйцэтгэж байв. Бүсгүйн эцэг эх охиноо газрын эзэн, гүн Hugh-тэй суулгахыг хүсэх бөгөөд Marian ч гүнтэнтэй илэрхий үерхэн дотно харилцана. Цаг агаарын халуун давалгаанаас үүдэлтэй аадар бороо Норфолкыг нөмрөх үе Leo-ын төрсөн өдөртөө давхцах агаад Marian-ын ээж байдал нэг л бишдээд байгааг мэдэрч, Leo-оор замчлуулсаар фермийн барилгад очиход охин нь тариачин Ted-тэй ид янаглаж байдаг. Энэ явдал Leo-ын цаашдын амьдралд нөлөөлсөн эсэхийг асуух нь илүүц, харин үүнээс болж тариачин залуу амиа хорлосон нь харамсалтай. Бараг тавин жил өнгөрчээ. Marian гүнтний ахайтан болж, ач хүүгээ Leo руу илгээж, тэр үед үнэндээ би Ted-д хайртай байсан шүү гэдгээ хэлүүлэхийг хүсдэг. Leo нэгэн цагт, эр хүн болох насандаа анхлан дурлаж явсан одоо хөгшин хатагтай болсон Marian-тай уулзахад Marian түүнээс; миний ач хүү чамд хэнийг санагдуулж байна асуутал Leo ямар ч эргэлзээгүйгээр "Тариачин Ted" гэж хариулдаг. Их Британий зохиолч L. P. Hartley-ын ижил нэрт романаас сэдэвлэн Их Британий нэрт кино зохиолч Harold Pinter-ын зохиолыг нь бичиж Америкийн кино найруулагч Joseph Losey-ын найруулсан романтик драм. Гол дүрүүдэд: Julie Christie, Alan Bates, Margaret Leighton, Michael Redgrave болон Dominic Guard нар тоглосон. Техникийн хувьд, хэв маягийн хувьд энэ бол Pinter-ын хамгийн сайн ажил гэж судлаач үздэг бол найруулагч Losey оргил ажлын нэг буюу шедевр гэдгээё гадна 1970-аад оны хавар шилдэг киноны нэг гэж үздэг. Losey-ын чамбай нарийвчлал буюу зураглал, тайз тасал, мөн жүжигчдийн тоглолт тухайн үеийн Их Британий уламжлалаар "онц сайн" гэсэн дүн авахуйц ба Losey өөрт нь ирсэн дарамтыг бүтээлчээр гарган илэрхийлж чадсан жишээнүүдийг нэг болж чаджээ.
Уг бүтээл тухайн жилийнхээ Канны кино наадмын дээд шагналыг хүртсэн бөгөөд
TSPDT Сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 977-р байрт жагсаагаад
байна. Романы эрх олон продюсерүүдийн гарт байсан ба 1956 онд найруулагч
Alexander Korda эрхийг нь худалдаж авчээ. Тэрээр анх Alec Guinness, Margaret Leighton
нарыг гол дүрд тоглуулж, кино зохиолыг Nancy Mitford гэгчээр бичүүлнэ гэж бодож
байсан ч тэрээр үнэндээ романыг кино болгох ямар ч хүсэлгүй байсан гэж хожим
зохиолч Hartley хэлсэн байдаг. Түүний хэлснээр Korda эрхээ дахин зарахаар
санаархаж байж, харин зохиолч үүнийг сонсоод маш их уурлаж, түүнийг үхээсэй гэж
харааж байсан гэдэг аж. Losey 1963 онд "The Servant" киноныхоо дараа
уг романаар хийхээр оролдсон ч санхүүжилт бүтээгүй, дараа нь 1968 онд дахин нэг
оролдсон ч мөн л адил асуудлуудтай тулгарсан. "Порнографийн эрин үе байсан
учир энэ төслийг хэтэрхий сонирхолгүй гэж үзэн компаниуд тоохгүй байсан. Ямар
хүн л Эдвардын үеийн носталжийг сонирхох билээ. Энэ бол тэнэг хэрэг юм. Энэ
романтик юмуу дэврүүн зохиол байгаагүй. Энэ романтик мелодрам гадаргуутай ч
гашуун цөмтэй бүтээл" гэж хожим найруулагч хэлжээ. Мөн тэрээр энэ романд
татагдах болсон шалтгаанаа "Хэний ч гэсэн амьдрал, мэдрэмж богинохон шүү
гэдэг санаа нь гайхалтай байсан" гэж дурссан буй. Losey, Pinter нар уг
бүтээлийг оролцуулаад "The Servant", "Modesty Blaise",
"Accident" гэсэн 4 кинонд хамтран ажилласан ба энэ тэднийг сүүлчийн
хамтрал юм. Их Британий дээд зиндааныхан амьжиргаагаа залгуулахын төлөө ажил
хийх ичгэвтэр гэж боддог байсан үе саяхан. Дундаж ангийн хөвгүүд дээд ангийн
хөвгүүдтэй хамт сурдаг байсан ч мөнгөний асуудлаас болж дундаж ангийнханд хэн ч
биш мэт санагдах мэдрэмж байдаг байв. Мөнгө бол язгууртанд зарцуулагдахын тулд
л хүний хөлстэй гарыг дамжих ёстой зүйл аж. Зохиолч Жорж Оруэлл алдартай
эссэндээ дотуур байранд ангийн ялгаа, үүнээс үүдэлтэй шударга бус явдлыг нарийн
тод бичсэн байдаг. Ийм ангийн ялгаанд хүүхэд хамгийн өртөмтгий байж, үргэлж
тэгш бус байдлын бай болдог билээ. Энэ бол ангийн ялгаа хэрхэн нэгэн хүүд
муугаар нөлөөлж буй тухай кино ба тэр найзынаа эгчид хариу нэхэлгүй дурласан нь
илэрхий буюу Leo дурласан сэтгэлээ үнэндээ ойлгоогүй нь үнэн болов уу. Leo
өөрийнхөө сэтгэлийг ч мэдэхгүй хайрын (Ted болон Marian) зууч болж байхдаа
ариун гэж бодсон хүүхэн нь араар тавигч, худалч нэгэн болохыг мэдээд хайрыг
ариун гэж бодож байсан итгэл төсөөлөл нь нурсанд урам хугардаг агаад магадгүй
энэ цөхрөл бүсгүй өөрийг нь тоогоогүй гэсэн гомдолтой ч холбогдож болно.
Comments
Post a Comment