"Декамерон". 14-р зуунд амьдарч байсан Италийн зохиолч Жованни Боккаччогийн (1313-1375) богино өгүүллэгийн түүвэр бүтээл. Уг бүтээлийг мөн "Хүмүүний элэглэл" гэж нэрлэдэг, энэ нэр нь Данте Алигеригийн "Тэнгэрлэг туульс" бүтээлээс хөрвүүлсэн нэр юм. Энэхүү номд долоон залуухан бүсгүй, гурван залуугаас бүрдэх хэсэг хүмүүс "Хар үхэл" буюу тахлаас зугтаахын тулд Флоренцын ойролцоох тусгаарлагдсан харшид хорогдож байхдаа уйдахгүйн тулд өөр хоорондоо 100 үлгэр ярих буюу номын бүтэц нь түүхэн доторх түүх хэлбэрээр бичигджээ. Боккаччо "Декамерон" бүтээлийнхээ санааг 1348 оны тахал өвчний дараахан бодож олсон гэж үздэг ба 1353 оны хавьцаа бичиж дуусгасан байх магадлалтай. Ухаалаг, хошин, амьдралын сургамжтай түүхүүд нь нэгдэн нийлж гайхамшигтай шигтгэмэл түүврийг бий болгодогоос гадна "Декамерон" дахь хайрын түүхүүд нь эротикоос эмгэнэлт хүртэл өргөн жанрыг хамардаг. Энэ бүтээлийн уран зохиол дахь үнэ цэнэ хийгээд өргөн тархсан нөлөө үлэмж төдийгүй тухайн цаг үеийн баримт бичиг ч болдог ба Флоренц нутгийн хэлээр бичигдсэн эл зохиол нь эртний Италийн классик бүтээлд тооцогддог.
ҮНДСЭН САНАА. "Декамерон" зохиолд голлосон сэдэв бол хувь тавилангийн эргэлтийг даван туулдаг, хүмүүний оюунлаг ухааныг ялан дийлдэг хайрын хүч юм. Хайраар Боккаччо ихэвчлэн романтик хүсэл, тэр дундаа хуял тачаалаар илэрхийлдэг ба тэрээр хайр бол хувь хүний хүслийг ялан дийлдэг байгалийн хүч гэж дүрсэлдэг. Боккаччо энэ хүчийг хүнжүүлэхдээ үргэлж эрэгтэй хүн болгодог. "Декамерон" зохиолын дөрөвний нэг нь садар самуун үйл явдалтай байдаг нь голдуу эмэгтэйчүүд хайрын хүчийг эсэргүүцэхэд дэндүү сул дорой байдагтай холбоотой. Гэсэн хэдий ч гэр бүлийн хайр мөн олон төрхөөр гарч ирдэг. Антверпенийн гүнгийн тухай Элиссагийн үлгэр зэрэг хэд хэдэн түүхэнд алдсан хүүхдээ удаан хугацаагаар хайж байгаа эцэг эхчүүд, тэдний гэр бүлийнхээ нэгдэл, хөгжлийг сэргээж буй тухай гардаг. Гриселдагийн тухай сүүлчийн түүх зэрэг бусад түүхүүдэд гэрлэсэн эрчүүд олон нийтийн өмнө эхнэрээ хүндэтгэж, эелдэг харьцсанаар хайраа харуулдаг. Аль аль түүхэнд хайр нь дүрүүдэд хувь тавилангийн гэнэтийн, шударга бус эргэлтийг тэсвэрлэх хүсэл зоригийг өгдөг. "Декамерон" зохиолд залуу дурлагсад танилцаж, дурлаж, гэрлэдэг хэд хэдэн уламжлалт романсуудыг багтаасан. Риккардо алтан гургалдайн дууг сонсохоор Катеринагийн тагтан дээр гарч ирдэг зэрэг хэд хэдэн романсууд жаргалтайгаар төгсдөг. Бусад нь, тухайлбал; зэрэгцэж хэвтэад хамт үхдэг эмгэнэлтэй төгсгөлтэй залуу амрагуудын түүх ч байдаг (энэ хоёр түүхээс Шекспир "Ромео Жульетта хоёр" бүтээлийнхээ санааг тодорхой хэмжээгээр авсан гэдэг). Үдэш бүрийг хайрын хүчийг хүндэтгэсэн шүлгээр төгсгөдөг. Хүмүүний удирдаж чаддаггүй биет бус хүч болох хувь тавилан нь сайнаас муу руу байнга эргэдэг гэдэг санаа эл зохиолын үйл явдлыг хөдөлгөдөг.
Эл зохиолын ихэнх түүхийн үр дагавар нь хүмүүс өөрсдийнхөө амьдралыг тодорхойлох боломжийг олгодог хүч болох хүмүүний оюунлаг ухаанаар тодорхойлдог. Гурав дахь өдөр, Нейфил хүмүүс өөрсдийн хүчин чармайлтаар амжилтад хүрдэг түүхийг ярихыг тусгайлан хүсдэг бөгөөд эмчийн охин Жилеттийн тухай түүх оюунлаг байх яагаад эрдэм буюу хүндлэхүйц чанар болохыг харуулдаг. Хайртай хүнтэйгээ гэрлэх нь санамсаргүйгээр хориглогдсон Жилетт анагаах ухааныхаа чадварыг ашиглан Хааныг эмчилж, хүссэн гэрлэлтээ шагнал болгон авдаг. Таваас найм дахь өдрийн түүхүүдэд овсгоотой эргэн ирэлт, наргиа, зальжин байдлын тухай өгүүлдэг бөгөөд энэ бүхний шийдвэрлэгдэхдээ оюунлаг ухаанаас гардаг. Оюунлаг байх нь хүмүүст хайр ба хувь тавилангийн биет бус хүчийг эсэргүүцэх боломжийг олгодог учраас энэ нь эрдэм юм. Ухаанаа ашиглахгүй байх, эсхүл галзуурч ухаанаа алдах нь хувь тавиланд бууж өгөхөд хүргэдэг аж. Самар самуун ба зальтангуудын түүхэнд тэдгээр хүмүүс бодож чаддаггүй улмаас буруутдаг нь харагддаг ба оюунлаг эрдмийг хэрэглэсэн ч, эс хэрэглэсэн ч хүмүүс бусдын хувь тавиланг удирддаг аж. Номын сүүлчийн түүхэнд, язгууртан Гуалтьери ухаалгаар оюунлаг эхнэр сонгосон ч дараа нь эхнэрээ иррационалаар туршихыг хүсдэг, гэвч эцэстээ эхнэрийнх нь ухаалаг хариу түүнийг буцаагаад зөвөөр ухааруулдаг.
Муу бүхэнд бууж өгөхдөө ариун мэт дүр эсгэдэг хүмүүс уг эл зохиолд үлгэр яригчдын дуртай бай болдог. Эхний өдрийн дөрвөн түүх энэ сэдвийг хөнддөг ба эхний түүхэнд Панфило дэлхийн хамгийн муу хүний нэг бол өөрийгөө гэгээнтэн гэж ятгадаг ламтан байх ёстой гэж хэлдэг. Монна Нонна де Пульчигийн тухай Лауреттагийн үлгэрт хоёр нүүрт лам нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэйтэй уулздаг бол Дионеогийн гүүний тухай үлгэрт нэгэн завхай лам тариачин хосыг хуурч байгаа тухай өгүүлдэг. Бусад түүхүүдэд; тахилчид, гэлэнмаа нар, санваартнууд нууц амрагуудыг өрөөндөө нууж, бусдын эхнэртэй хурьцдаг агаад гэмгүй Христэд итгэгчдийг хууран мэхэлж байдаг. Эдгээр түүхүүд нь Христийн шашны теологи, ёс суртахуунаас илүүтэйгээр сүм хийдийн хоёр нүүрт байдал, завхралд анхаарлаа хандуулдаг. Үлгэр яригчид сүмд уулзаж, шашны номын талаар долоо хоногоор төлөвлөж, Христийн шашны дэг журмыг дагаж мөрддөг бөгөөд гэвч лам хуврагуудын энэ алдаа дутагдалд анхаарч байгаа нь шашингүй үзэл тэдний хийгээд ярьдаг түүхүүдийнх нь өдөр тутмын байдал гэдгийг харуулж байна.
МОТИФ. "Декамерон" зохиолын хүрээнд үлгэр яригчид хотын талхаас зугтааж, диваажингийн хуурмаг байдлыг мэдрэхийн тулд хөдөөний цэцэрлэгт хүрээлэнд очдог. Гурав дахь өдөрт, тэд дэлхий дээрх диваажин буюу төгс төгөлдөр, ариун байдлыг бэлгэдсэн ханаар хүрээлэгдсэн цэцэрлэгт хүрээлэнтэй харш руу нүүдэг. Эл цэцэрлэг дэх амьтад, ургамлуудын цуглуулга нь Библийн Еден цэцэрлэгийн тухай, харин усан оргилуур нь "Илчлэлт" номд заасны дагуу диваажингийн шинж чанар болох амьдралын усны эх булгийн тухай өгүүлдэг. Хана нь гадаад ертөнцийн нүгэл, муу муухайг хааж, улмаар цэвэр ариун ертөнцийг цогцлоодог ба долоо, найм дахь өдрүүдэд үлгэр яригчид зэрлэг амьтдыг номхотгож, байгалийн цэвэр усанд өөрсдийгөө оруулж, диваажингийн өөр нэг хэлбэр болох Хатагтайн хөндийд зочилдог. "Декамерон" зохиолын ихэнх түүх хувь тавилан, хайр, оюунлаг байх сэдвүүдийг тусгасан мөнгөний арилжаатай холбогдож байдаг. Дүрүүд хувь тавилан өөдөөс нь инээхэд эд баялагтай болдог бол хувь тавилан нууруугаа харуулахад тэдний эд хөрөнгөө алддаг. Антверпенийн гүн хувь тавилан түүнийг ивээснээр нэр төрөө хийгээд эл баялгаа сэргээж авдаг. Жилетт зөвхөн оюун ухаанаараа бус мөнгөтэй байсны ачаар Парис руу амжилттай явж Хаантай уулздаг. Мөнгө нь хайрын дурлалын холбоонд ч үйлчилдэг буюу нэг эмэгтэй өөртэй нь унтсан гэж нэгэн эрээс мөнгө авдаг бол үйлчлүүлэгч эрэгтэй түүний нөхрөөс тэр мөнгийг зээлж авсан байдаг. Зохиолд мөнгөний ахин дахин давтагдах элемент нь Боккаччогийн түүхүүд цэцэглэн хөгжиж буй 14-р зууны Флоренцын төрх байдлыг улам тодосгодог ба энэхүү цэцэглэн хөгжиж буй хотод худалдаачид, банкирууд, наймаачид гэсэн шинэ баячуудын хуучны баячуудын болох газрын эзэн язгууртнуудыг орлон гарч ирж байна.
СИМБОЛ. Усан оргилуур нь ханатай цэцэрлэгийн нэг хэсэг
хэдий ч усан оргилуур өөрийн гэсэн нэмэлт симболизмтой байдаг. Энэ нь Библи
дахь усан оргилуурыг илтгэхээс гадна хүмүүний бүтээлч чадварын симбол болдог
(Мэдлэгийн усан оргилуур гэсэн зүйр үгийг одоо ч Англи хэлэнд ашигладаг). Урлаг
ба уран зохиолд усан оргилуур нь цангах, илааршуулах, амрах гэсэн утгатай.
Библи болон бусад эртний үлгэрүүдэд цуглардаг газар болж гардаг ба Боккаччогийн
ханатлаа цэцэрлэгт усан оргилуур нь хүмүүсийн тойрон бүжиглэдэг шон ба энэ нь
бурханлаг дэг журмын симбол болгодог. Шилэн эдлэлүүд Боккаччогийн цаг үед ховор
бөгөөд үнэ цэнэтэй эд байв, тиймээс ч энэ нь тансаг байдал, тусгал, эмзэг байдлыг
симболчилдог байв. Эхний өдрийн төгсгөлд Эмилиа дуугаараа гоо үзэсгэлэнгээ
алдаршуулж байхдаа ихэмсэг чанарын эртний симбол болсон шилний тухай өгүүлдэг.
Дундад зууны үеийн зохиолд толь нь мөн үнэний симбол байв. Өөр нэгэн төлвийн
симбол болохын хувьд шилэн аяга нь нөхөрлөл, ил тод байдлын ойлголтыг агуулдаг
байжээ.
Comments
Post a Comment