"Оливер Твист". Английн их зохиолч Чарльз Диккенсийн хоёр дахь роман бөгөөд анхлан 1837-1839 онд цуврал хэлбэрээр хэвлэгдсэнээс гадна 1838 онд 3 дэвтэр болж гарсан. Романы үйл явдалд, Оливер Твист хүү эхийгээ нас барсны дараа Ядуусын байранд ганцаардал, гачигдал, цөхрөлтэй учирч байгаа тухай өгүүлдэг. Оливер Лондон руу зугтааж, тэнд хөгшин гэмт хэрэгтэн Фежинээр толгойлуулсан өсвөр насны бүлэг хулгайчидтай учирч буйгаар роман өрнөж эхэлдэг. Уг романд гэмт хэрэгтнүүдийн жигшүүрт амьдралыг романтик бусаар дүрслэн харуулдаг ба мөн 19-р зууны дунд үед Лондонд өнчин хүүхдүүдтэй хэрцгийгээр харьцаж байсныг илчилдэг. Нийгмийн романы эхэн үеийн жишгийг дагаж Диккенс хүүхдийн хөдөлмөр, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэрэгтэн татан оруулах, мөн хараа хяналтгүй гудамжны хүүхдүүдийн хүнд хүчир амьдралыг ёгтлон харуулжээ. Уг романыг 1830-аад онд хөвөнгийн үйлдвэрт хүүхэд ахуйдаа хүнд хөдөлмөр хийж байсан Роберт Блинкогийн түүхээс сэдэвлэсэн гэсэн таамаг байдаг ба Диккенс ч өөрөө 12 настайдаа хоёр жил Ядуусын байранд хөдөлмөрлөж байсан туршлагатай нь холбоотой гэж үзэгсэд бий.
ҮНДСЭН САНАА. "Оливер Твист" романы эхний ихэнх хэсэгт Диккенс өөрийн цаг үеийн сүм болон засгийн газрын удирддаг буяны байгууллагуудыг шүүмжилдэг. Диккенсийн дүрсэлсэн тогтолцоог 1834 оны "Ядуусын хуулиар" нэвтрүүлсэн бөгөөд энд ядуучууд засгийн газрын Ядуусын байранд нүүж очсоноор л засгийн газраас тусламж авах боломжтой гэж заасан байдаг аж. Ядуусын байрны оршин суугчид нь үнэндээ олон хууль тогтоомжоор эрх нь ноцтойгоор хязгаарлагдсан шоронгийн хоригдлууд байжээ. Ядуусын байранд гэр бүлүүд салж, хоол хүнс, хувцас хомс байсан учир хүнд хөдөлмөр заавал шаардлагатай билээ. Ядуусын байр нь ядуу байх залхуугийн үр дүн, ийм муу орчин нөхцөл ядууст хөдөлмөрлөх түлхэц болно гэсэн зарчмаар ажилладаг. Гэвч аж үйлдвэрийн хувьсгалын эдийн засгийн уналт олон хүмүүст ийм боломж олгоогүй ба мөн Ядуусын байр нийгэм, эдийн засгийг сайжруулах ямар ч өгөөж өгөөгүй. Цаашилбал, Диккенсийн онцолж буйгаар Ядуусын байрыг удирдаж байсан албан тушаалтнууд ядууст хэлж ярьдаг үнэт зүйлсийнхээ яг эсрэг байжээ. Диккенс ноён Бамбл, хатагтай Манн гэх мэт дүрээр буяны байгууллагын ажилтны шуналтай, ихэрхүү, залхуу байдлыг элэглэн үзүүлсэн. Ерөнхийдөө буяны байгууллага гэдэг бол ямар ч нөхцөлд амьдардаг ядуусын нөхцөл байдлыг үйлдвэрлэгч юм.
Диккенс романыхаа туршид дүрсэлсэн аймшигтай ахуй орчин нь хүний сэтгэлийг харлуулж, өнгийг нь бортоглох чадалтай юу гэсэн асуудлуудтай тулгардаг. Ихэнх дүрүүдийн хувь тавиланг судалж үзвэл түүний хариулт тийм биш гэж байх шиг байдаг; Сайкс, Фежин зэрэг дүрүүд ёс суртахууны мэдрэмжийн байнгын гэмтэл авч байсан нь лавтай. Гэхдээ Сайкс хүртэл ёс суртахуунтай байдаг буюу Нэнсийг алсны дараа түүний нүдэнд хөөрхий бүсгүй байнга харагдан зовоодог. Чарли Бейтс Сайксыг барьж авахыг оролдохуйц хангалттай ёс суртахуунтай байдаг. Мэдээжээр, Оливер ямар ч доройтлоос хол байдаг ч романд түүнийг амьдралынх нь харьцангуй эрт үед муу муухай орчноос түүнийг зайлуулчихдаг. Хамгийн анхаарал татах нь Нэнси буюу өөрийгөө сайн замд орохоос эгнэгт өнгөрсөн гэж ярьдаг ч тэрээр огт танихгүй жаалын төлөө өөрийгөө золиослож чаддаг ба үүний эсрэгээр романы хамгийн хүнлэг бус хорон санаатан болох Монк эд хөрөнгө, сайхан орчинд өссөн байдаг. Романд, ядуучуудын амссан бүх шударга бус явдал, гачигдал зовлон хотуудад л тохиолддог ба Их Лондонд ч, Оливерын төрсөн мужийн хотод ч ингэж дүрслэгдсэн. Мэйли тэргүүтэй хүмүүс Оливерыг авч явдаг, хөдөө Оливер "шинэ оршихуйг" мэдэрдэг. Бүхий л амьдралаа давчуу, шуугиантай газар өнгөрөөсөн хүмүүс амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд цэлмэг тэнгэр, хээр тал, толгод гэсэн төсөөллийн дурсамжаас тайтгаралыг олно гэж Диккенс үзэж байна. Түүгээр ч зогсохгүй хөдөө нутгийн зураглал нь бидний бодлыг ариусгаж, хотоос үүдэлтэй зарим муу муухайг үлдэн хөөх чадвартай аж. Иймд, хөдөө нутгийн ядуучууд "цэвэр ариун" бөгөөд хотынхон шиг бие биенээ тарчлаасан амьдралаас ангид байдаг аж. Романы төгсгөлд Оливер болон түүний шинэ гэр бүл хөдөөний нэгэн тосгонд амьдрахаар болж байгаа нь хотод ийм жаргалтай төгсгөл боломжтой мэт харагдаж байна. "Оливер Твист" романдаа Диккенс хөдөөний амьдралыг хотынхоос илүү сайшаан дүрсэлсэн нь үнэндээ бодит байдлаас хол юм. Гэхдээ энэ нь Диккенсийг хотын амьдралыг гайхалтай бичдэг үнэлэмжтэй нь зөрчилддөггүй бөгөөд харин ч дэмжиж өгдөг. Чухамдаа Диккенсийн хөдөө нутгаас алслагдсан байдал нь түүнийг төгс болгодог юм.
МОТИФ. "Оливер Твист" романы үйл явдалд, зарим дүрүүд өөрсдийн ашиг сонирхлын зорилгоор Оливерыг мэхэлсэн янз бүрийн хуурамч төрхтэйгөөр гардаг. Ноён Бамбл болон Ядуусын байрны албан тушаалтнууд Оливерыг талархаж мэддэггүй, ёс суртахуунгүй гуйлгачин гэж харуулахыг хүсдэг. Монк Оливерыг үнэндээ хэн болохыг нуухын тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд ингэж чадвал тэрээр Оливерын өвийг залгамжлах болно. Дүрүүд нь мөн хэрэгтэй гэж үзсэн үедээ хэн болохоо далдалдаг; Нэнси Оливерыг Фежин руу буцаахын тулд дундаж давхаргын сайн эгчийн дүрд тоглодог, харин Монк нэрээ сольж, өв залгамжлагч гэхээсээ илүүтэй энгийн гэмт хэрэгтэн болж хувирдаг. Хувцасыг олон төрлийн дүр төрхийг бий болоход хэр чухал үүрэгтэй болохыг харуулсан дүрслэлүүд байдаг. Нэнси дундаж давхаргын бүсгүй болох гэж шинэ хувцас өмсөж байхад Фежин Браунлоугийн Оливерт худалдаж авсан бүх хувцасыг булааж авахдаа итгэл найдварыг нь бас хуу татан авч байна. Романы шийдвэр бол Роз, Оливер, Монк нарын жинхэнэ дүр төрхийг илчлэх талаар өрнөдөг бөгөөд дүр бүрийн хэн болохыг тодорхой мэдэж байж л энэ түүх нь жинхэнэ дүгнэлтэд хүрдэг. Оливерын гэр бүлийн хэлхээ холбооны илчлэлт нь романы хамгийн үнэмшил багатай үйл явдал юм; Оливер эцгийнх нь эгчтэй гэрлэсэн Браунлоутай холбоотой; мөн Роз Оливерын нагац эгч болдог бол Монк түүнтэй эцэг нэгт ах нь юм. Эдгээр баримттай холбогдох тохиолдлууд нь тун итгэмээргүй бөгөөд уг роман реализмаас татгалзаж фантаазыг илүүд үзэж буй нь харагдана. Оливер эхэндээ эцэг эхгүй, хамаатан садангүй өнчин гэдэгтээ итгэж байсан агаад тухайн үеийн нөхцөлд түүнд үхлээс өөр ямар ч аврал байхгүй харагдана.
Гэвч романы төгсгөлд тэрээр романы ямар ч дүрээс илүү олон хамаатан садантай болох нь илрэх ба түүний хувь тавилан ингэж эргэсэн нь цайлган хүсэл биелэхтэй төстэй юм. Энэ нь мөн гэр бүлийн харилцааны нууцлаг хүчийг илтгэдэг. Браунлоу болон Роз нар Оливерыг Розын гэрийг тонохоор завдсаныг мэдсэн хэрнээ түүнийг өөрсөд дээрээ халамжлан авдаг бол Монк Оливерыг гудамжинд харсан даруйдаа таньдаг; цусан холбоо гэдэг тухайн хүнийг оршин байдаг гэдгийг мэдэхээс ч өмнө мэдрэгддэг зүйл бололтой. Оливер жинхэнэ гэр бүлээ олохоос өмнө хэд хэдэн хүмүүс түүний эцэг эхийг орлох гэж оролддог ч ихэнх нь бүтэлгүйтдэг. Хатагтай Манн, ноён Бамбл нар тун өнчин хүүхдүүдийг үл тоомсорлох хандлагатай ч тэдний асран хамгаалагчид юм. Ноён Сауэрберри болон түүний эхнэр хэдийгээр тийм ч идеал биш я Оливерт гайгүй сайн хандаж байсны сацуу Оливер тэдний асрамжид үр бүтээлтэй иргэн болж өсөх байсан гэж төсөөлж болно. Романы хуурамч гэр бүлийн бүтцийн хамгийн бухимдуулсан зүйл бол Фежин болон түүний хулгайч цэргүүдийн байгуулсан бие бүрэлдэхүүн юм. Фежин тэднийг эцгийн адилаар сургаж, хүмүүжүүлснээр тэд том болсон ч өөрт нь үнэнч, холдохооргүй болгосон байдаг ч эдгээр хуурамч гэр бүлийн харилцаа нь үндсэндээ мөлжлөгө дээр суурилсан болохоос жинхэнэ сэтгэл, бие биенээ гэсэн сонирхол биш байдаг. Хачирхалтай нь, Оливерын олсон цорын ганц сэтгэл ханамжтай асран хамгаалагчид нь Браунлоу, Роз хоёр буюу тэд хүүгийн хамаатан болж хувирдаг.
СИМБОЛ. Дүрүүдийн нэрс нь хувь
хүнийх нь зан чанарыг илэрхийлдэг. Оливер Твист өөрөө хамгийн тодоо жишээ юм.
Хэдийгээр тохиодлоор өгсөн "Твист" буюу эргэлт гэдэг нэр нь түүнд
тохиох хувь тавилангийн эргэлтийг илтгэнэ. Роз Мэйлийн нэр бол цэцэг, хавар,
залуу нас хийгээд гоо үзэсгэлэнтэй холбоотой бол Тоби Крекитийн нэр өөрийнх нь
сонгосон мэргэжил болох айл ухах гэсэн санааг хэлдэг. Ноён Бамблын нэр түүний
бардам, бүдүүлэг зан чанарыг илэрхийлдэг, харин хатагтай Манных эх хүний зөн
совингүйг харуулдаг. Нэнсигийн Браунлоу, Роз нартай Лондонгийн гүүрэн дээр
уулзахаар шийддэг нь романы гүүрний талын бэлгэдлийг илчилнэ. Гүүр гаталж
болшгүй тусгаарлагдсан хоёр газрыг холбоход оршдог ба Лондонгийн гүүрэн дээрх
уулзалт нь Браунлоу, Роз хоёрын төгс ертөнц, Нэнсигийн амьдардаг дампуурсан
ертөнц гэсэн хоёр өөр ертөнцийн мөргөлдөөнийг илтгэнэ. Гүүрэн дээр Нэнси-д
сайхан ертөнцөд амьдрах боломжийг олгодог ч тэрээр татгалзаж, тэр гурав гүүрийг
орхих үед боломж үүрд алга болдог билээ.
Comments
Post a Comment