Мангас

 


The Spirit of the Beehive (1973) . Кастилийн өндөрлөг дэх Испанийн тусгаарлагдсан тосгонд зургаан настай Ana охин өөрөөсөө ганц хоёр насаар эгч Isabel болон эцэг Fernando, эх Teresa нарын хамтаар аж төрнө. Энэ бол Бүгд найрамдахчууд Франкогийн дэглэмд ялагдаад байсан 1940 оны үе. Ana-ын аав зөгий арчлах, энэ талаараа судалж бичихдээ ихэнх цагаа зарцуулдаг; харин ааваас нь хамаагүй залуухан ээж Teresa нь хол байх нууц амрагаа бодож, түүндээ захидал бичнэ. Ana-ын хамгийн дотно хүн нь мэдээж эгч Isabel ба эгч нь түүгээрээ байнга тоглоом хийнэ. Нэгэн өдөр явуулын кино театр ирж эгч дүүс алдарт "Frankenstein" киног үзнэ. Кино Ana-д гүн сэтгэгдэл төрүүлэх буюу мангас бяцхан охинтой тоглож байгаад гэнэт алчихсанд гайхан цочирдож; "яагаад мангас охиныг алчихав? яагаад тоглосныхоо дараа алчихав?" гэж эгчээсээ асуухад эгч нь; үнэндээ мангас охиныг алаагүй, энэ бүхэн кино, хуурамч зүйл гэж хариулдаг. Мөн Isabel мангас бол сүнс ба нүдээ аниад мангастай ярьж болно гэж дүүдээ хэлдэг. Isabel дүүдээ мангасын байшин гэж хэлээд орхигдсон хонины хашаанд аваачсанаар Ana дараа нь мангасыг хайж хэд хэдэн удаа ганцаараа тэнд очно. Ингэж яваад нэг удаа Бүгд найрамдахчуудын шархдсан цэрэг нуугдаж байгааг олох ба охин айж зугтаахын оронд хоол хувцас авчирсны дотор аавынхаа цагийг авчирч өгнө. Франкоистууд удалгүй цэргийг олоод буудаж ална. Цагдаа нар үхсэн цэргээс олсон цагаар Fernando-г хам хэрэгтэн гэж сэжиглэдэг ч энэ бүхэнд үзүүлсэн охины хариу үйлдлээс охин оргодолд тусалсан гэдгийг олж мэднэ. Энэ явдлын дараа Ana гэрээсээ зугтаачихна. Тосгоноороо охиныг хайна. Охин нуурын эргээр шөнө явж байтал үнэхээр ч мангас буюу Frankenstein гараад ирнэ. Маргааш нь Fernando охиноо бүрэн бүтэн олох бөгөөд эмч; охин зүгээр, "тодорхойгүй" гэмтлээсээ бага багаар эдгэнэ гэж хэлнэ. Гэвч энэ явдлаас хойш Ana гэр бүлээсээ мэдэгдэхүйц хөндийрөх бөгөөд цонхны дэргэд ганцаараа суугаад сүнсийг чимээгүйхэн дууддаг. Испаний найруулагч Victor Erice энэхүү дебют ажлаараа Испаний кино урлагийг нэг түвшин ахиулсан гэж үздэг. Erice-ын цензураас зайлсхийх арга, уран сайхны сонголт киноны туршид симболизмоор илэрдэг ба кино хийгдэж, нээлтээ хийх үед Испани Франкогийн дэглэмд байсан ч энэхүү бүтээл Франкогийн дэглэмийн Испанийн амьдралыг зоригтой дүрсэлсэн гэж үздэг. Цензурын алба киноны дарангуйлагч дэглэмийн талаарх агуулгад санаа зовж байсан ч кино гадаадад амжилт олсон учир аргагүй эрхэнд зөвшөөрсөн байдгаас гадна киноны удаан хэмнэл, нарийн зохион байгуулалт хийгээд дэндүү "арт" шинжтэй учир үзэгчдийн сонирхлыг татахгүй гэж үзсэн нь гаргах эрх олгосны нэг гол шалтгаан байжээ. 

Уг киног "хүүхдийн түгшсэн дотоод сэтгэлийн амьдралыг шидтэйгээр хөрөглөсөн" бүтээл гэдэг. Уг кино найруулагч Guillermo Del Toro-д ихээхэн нөлөөлсөн байдаг. Шүүмжлэгчид уг киног 70-аад оны Европын хамгийн шилдэг бөгөөд үзэсгэлэнтэй, зураглалын хувьд нууулаг бас бодитой киноны нэг гэж үздэг. Энэ бол тансаг, хүчтэй яруу найргаас гадна урлагийн бодит байдлыг нарийн нягт тусгасан кино урлагийн чадамжийг харуулсан гайхалтай судалгаа ба TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 105-р байрт жагсаагаад байна. Франциско Франко 1939 онд зүүнтний засгийн газрыг түлхэн унагаж Испаний засгийн эрхийг авсан. Иргэний дайн гэр бүлүүдийг салгаж, нийгмийг олон хэсэгт хуваасан. Эл бүтээл 1973 онд Франкоистуудын эхэн үеийнх шиг ширүүн байгаагүй үед хийгдсэн; гэвч Франкогийн дэглэмийг ил тодоор шүүмжлэх боломжгүй байсан ба урлагийнхны шүүмжлэлт бүтээлүүдийг үргэлж хааж боох бараг боломжгүй болж ирсэн. Хамгийн алдартай шүүмжлэгч нь Luis Bunuel байсан агаад түүний кинонууд симболизм маш их агуулдаг байсан. Кино симболоор дүүрэн; гэр бүлийн сэтгэл санааны амьдралын сүйрэл Иргэний дайнаар Испани үндэстний сэтгэл санааны сүйрлийн симбол болдог. Кинонд гарах зөгийн үүр зөвхөн үзэгчдэд төдийгүй аав Fernando-ын хувьд симбол болдог буюу энэ нь фашист Испаний хүнлэг бус байдлыг илтгэдэг. Тэгвэл эзгүйрсэн хонины хашааны эргэн тойрон дахь үржил шимгүй ландшафт нь Франкоист дарангуйллын жилүүд дэх Испаний тусгаарлагдсан байдлыг илэрхийлдэг. Кинонд Fernando зөгийн ухамсаргүй идэвхгүй үйлдлийг зэвүүцсэн маягаар дүрслэн бичдэг бөгөөд энэ нь Франкоизмын нийгэм дор журамлагдсан, дэглэгдсэн, төөрөлдсөн хүмүүсийг харуулсан байж магадгүй. Fernando-ын байшингийн цонх яг л зөгийн үүр шиг өнгөтэй, дүрстэй байдгийг санах хэрэгтэй. Энэ киноны симболизм зөвхөн улс төрийн сэдвүүдийг хамрахаас гадна хүүхэд насны айдас, түгшүүр, төсөөллийг багтаадаг. Кинонд гардаг гол дөрвөн дүр бүгд өөрсдийнхөө жинхэнэ нэрээрээ тоглосон байдаг. Киноныхоо нэрийг Бельгийн яруу найрагч, жүжгийн зохиолч Maurice Maeterlinck-ын зөгийний талаарх бичвэрээс санаа авч өгсөн гэж найруулагч маань хэлсэн байдаг. Киноны минут бүр ид шидийн буюу нууцаар дүүрэн. Кинонд эротик шинж байдаг; тухайлбал, охидын секс мэдрэмж, тэр дундаа Isabel-ын цусаараа уруулаа буддаг сцэнийг дурдаж болно. Харин Ana-ын ноцтой, үзэсгэлэнтэй бяцхан царай киноны таагүй тайван шинжийн төв болдог. Хүүхдийн өдөр тутмын нууцлаг амьдралыг хүүхдийн өнцгөөс үзүүлсэн хүүхдийн төсөөллийн төгс цуглуулга болсон кино.

Comments