Бурхан чимээгүй байсан нь дээр

 


Winter Light (1963) . Пастор Tomas Ericsson үдшийн мөргөлөө дуусгаж байх үед сүмд загасчин Jonas жирэмсэн эхнэр Karina-ын хамтаар орж ирэх бөгөөд мөргөлд Tomas-ын нууц амраг асан шашингүй үзэлт Marta зэрэг гарын таван хуруунд багтахуйц цөөн хүн байна. Мөргөлийн дараа Tomas ханиадтай байсан ч дараагийн хотод ном айлдахдаа бэлтгэх бөгөөд түүнийг явахаас өмнө Jonas хүрч ирээд ярилцахыг хүсээд саяхан сонссон, Хятадын атомын бөмбөг бүтээж буй тухайд туйлын их сэтгэл түгшиж байгаагаа хэлнэ. Tomas загасчинтай олигтой ярихгүй ба эхнэрээ гэрт нь хүргээд эргээд ирвэл ярилцаж сэтгэлийн тайтгаруулахаа амална. Хүмүүсийг тарсны дараа Marta пастор дээр хүрч очоод Tomas-г халамжлахыг оролдохын дээр бичиж үлдээсэн захидлыг нь уншсан эсэх талаар асууна. Tomas уншаагүй гээд хүйтэн байдлаар хүүхний халамж бүрээс эвтэйхэн зайлсхийх ба Marta түүнд хайртай бас өөртэй нь гэрлээч гэж гуйхад Tomas бүхий л хандлагаараа татгалзаж, үүнийг нь ч Marta ойлгоод явж одно. Ингээд пастор захидлыг уншина. Захидалдаа; Marta өөрийг нь үл тоомсорлож, өвдсөн үед нь өөрөөс сэжиглэж хөндийрсөн, мөн түүний залбирал, итгэл үнэмшил хэнд ч хэрэггүй талаар шулуухан шударга бичсэн байна. Мөн Marta болон түүний гэр бүлийнхэн шашин шүтлэггүй ч бие биенээ хайрлаад болоод л байдаг, ер нь заавал бие биенээ хайрлахад бурхан шашны хэрэг байхгүй гэх мэт зүйлс бичсэн байна. Захидлаа дуусгаад байтал түүн дээр загасчин ирэх бөгөөд Tomas түүнд зөвлөгөө өгч чадахгүй, учир пастор маань итгэл үнэмшлээ алдсан гэж хэлдэг. Үнэндээ Tomas-ын сүсэг бишрэл түүний хувиа хичээсэн чанарт оршиж байсан буюу бурхан хүн төрөлхтнийг хайрладаг байсан бол Tomas юу юунаас илүү өөрийгөө бодогч байжээ. Испанийн иргэний дайнд оролцож байсан пастор бурхны үйлдсэн дайн хэмээх харгислалтай эвлэрч чадахгүй явсаар бурханд итгэх итгэлээ алджээ. Бид бурхны оршихуйг үгүйсгэснээр бүх зүйл илүү учир утгатай болж, ингэснээр хүмүүний харгислалыг тайлбарлах шаардлагагүй болно гэж пастор загасчинд хэлдэг. Загасчин явж, харин Tomas эцсийн эцэст өөрийгөө бурхнаас чөлөөлнө. Эл яриаг нуугдаж байгаад сонсчихсон Marta маш их баярлаж, гүйж очин Tomas-г тэврэхэд Tomas хүүхний энхрийлэлд огт хариу өгдөггүй. Энэ үед загасчин Jonas өөрийгөө буудаж хороосон тухай мэдээ ирнэ. Tomas, Marta хоёр хамт явж энэ эмгэнэлт мэдээг Karina-д дуулгахаар болох ба замаараа Marta-ын гэрээр орж Tomas-д эм уулгахаар болно. Marta-ын гэр болсон сургуульд (тэрээр багш) пастор шулуухан түүнээс татгалзаж буюу элдэв хов живээс залхаж буйгаа, хүүхний байнга тоочдог зовлонгоос бас хүүхнүүд бүхий л хандлага, халамжаас залхаж байгаагаа хэлээд одоо ч нас барсан эхнэртэй хайртай тул түүнтэй хэзээ ч гэрлэхгүй гэж хэлдэг. Хөөрхий Marta уйлан хайлан сонсдог ч маш их тэвчээр гарган биеэ барьдаг.

 Маш их цочирдсон ч Marta түүнтэй хамт Karina руу явна. Нөхөр нь амиа хорлосныг сонсоод том гэдэстэй Karina шатан дээрээ зөөлөн суухад хажуугийн өрөөнд бяцхан хүүхдүүд нь хооллож байдаг. Дараагийн мөргөл хийх сүмд тэд ирнэ. Тэднийг хөгжлийн бэрхшээлтэй дуганч Algot болон орган хөгжимчин Fredrik хоёр хоосон сүмдээ угтана. Algot пастороос сүсэг бишрэлийн тухай асуух ба дуганч Есүсийн  захиас, зарлигуудаас татгалзсаж, түүнээс урвасан шавь нараас хийгээд загалмайд цовдлуулсан байхад түүнд хариу өгөөгүй бурхантай харьцуулахад богинохон байсан Есүсийн бие махбодийн зовлонг яагаад ингэтлээ онцолдог юм бол гэж гайхаж бас асууна. Algot бурхан чимээгүй байсан нь дээр юм бишүү гэж асуухад пастор тийм гэж хариулдаг. Энэ зуурт хөгжимчин Fredrik Marta-д хандаж; энэ жижиг хотоос, энэ пастороос холдож яв, энд байвал хүсэл мөрөөдөл чинь унтарна гэж хэлж ятгах бөгөөд хүүхэн хариу хэлэхийн оронд бурханд залбирахыг сонгодог. Сүмд өөр хэн ч байсангүй, дуганч мөргөл хийх хэрэгтэй юмуу гэж асуухад пастор хийнэ гээд мөргөлийг ёслол төгөлдөр эхлүүлдэг. Бурхан минь, та яагаад намайг орхисон юм бэ? 

Шведийн аугаа кино урлаач Ingmar Bergman уг киногоороо учир утгагүй байхын наманчлалын эрэл хайгуулыг судалдаг. Сүсэг бишрэлийн хямралын талаарх энэхүү хурц дүрслэлд жижиг хотын пастор улам бүр хүнгүй болж буй сүмдээ үүргээ механикаар гүйцэтгэх ба энэ бол итгэл үнэмшлээ алдсандаа үхтлээ айж буй санваартны түүх. Бурхны хаясан ертөнцөд Хүмүүний өөрийгөө бататгах гэсэн хүслийг сэтгэл түгшээм зовиуртай байдлаар зурагласан аугаа Sven Nykvist-ын ажил бишрэм үзэсгэлэнтэй бөгөөд Sven Nykvist нэг сарын турш сүм доторх гэрэлтүүлгийг өдөр, шөнийн янз бүр цаг, өөр өөр нөхцөлд судалж, туршиж байсан гэдэг. Киноны зураглал маш энгийн. Nykvisr эффектийн төлөө камераа огт хөдөлгөдөггүй; тэр үзэгчээ анхааралтай байж хараасай гэж хүсдэг. Nykvist-ын найруулга заримдаа драматик шинжтэй байдаг ч голдуу хөдөлгөөнгүй байдаг. Тэр чухал харилцан яриаг онцлохын тулд удаан татах, түлхэх аргыг ашигладаг. Түүний хараа анивчдаггүй туд ямар ч уйтгартай сцэн сэтгэл татам шинжтэй болчихдог. Nykvist царай төрх, дунд хэмийн кадрыг чухалчилдаг ба энэ нь урт кадрын жинхэнэ субъект болохын дээр хүний царай бол кино урлагийн хамгийн сэтгэл татам судалгаа гэдэгт итгэдэг Bergman-ын итгэл үнэмшлийг сануулж байна. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 508-р байрт жагсааж байгаа бол найруулагчийн маань уг киногоо өөрийнхөө хамгийн дуртай киноны тоонд оруулсан байдаг (дашрамд, маш олон сайт уг киног шинэ жилээр үзэх ёстой киноны тоонд оруулдаг).

 Кино нээлтээ хийсний дараа Америкийн шүүмжлэгчид хоёрдмол байдлаар хүлээж авсан байдаг. Шашин шүтлэгтэй хүмүүсийн хувьд туйлын сэтгэл хөдөлгөм кино, харин шашин шүтлэггүй хүмүүсийн хувьд уйтгартай кино гэж бичиж байв. Мөн зарим нь хүмүүний тунгалаг шинж байдлыг баргар харцаар харуулсан гэж байсан. Хүйтэн бөгөөд абстракт санаатай уг киног "их найруулагчийн сул бүтээл" гэгчид ч байдаг боловч тэд ч мөн заавал үзэх ёстой кино гэж дүгнэдэг. Дүрслэлийн гоо зүйтэй, харааны нарийн нягт шинжтэй уг киноны гол дүрүүдэд; Gunnar Bjornstrand, Ingrid Thulin, Max von Sydow, Allan Edwall нар тоглосон ба ерөнхийдөө Bergman өөрөө жүжигчдээ сонгож авчээ. Tomas-ын дүрд тоглосон Gunnar Bjornstrand ихэвчлэн инээдмийн кинонд тоглодог байсан учир энэ нь өөрт нь сорилт болсон гэдэг. Тэрээр үгээ мартах явдал багагүй байсан агаад хожим бүтээсэн дүр нь ихэд таалагдсан гэсэн байдаг. Ingmar Bergman уг киноныхоо сэдвийг өмнөх "The Virgin Spring", "Through a Glass Darkly" бүтээлүүдтэй адилтгасан байдаг ба "Through a Glass Darkly", "The Silence" кинонуудын хамтаар Bergman-ын итгэл үнэмшлийн трилогийг бүрдүүлдэг буюу трилогийн хоёрдахь кино болдог. Эдгээр кино бүгд сүсэг бишрэлийн асуудлыг авч үздэг. Bergman "Энэ гурван кино сүсэг бишрэлт алсарч буйг өгүүлдэг. Through a Glass Darkly - итгэлийг ялсан тухай, Winter Light - итгэлийг ухаарах тухай, The Silence - бурхны чимээгүйн тухай. Тиймээс энэ нь трилоги болдог" гэж хэлж байсан ч хожим энэ кинонуудаа трилоги гэж үзэхээсээ татгалзсан байдаг. "Through a Glass Darkly"  киноны төгсгөлд бурхны хайр ямар байдаг талаар ярилцдаг бол уг кинонд бурхныг ойлгох хялбархан уу гэдгийг шалгадаг. Bergman цөмийн дайнаас айж амиа хорлосон дүрийг тайлбарах нь хангалтгүй байсан учир хайр бол бурхны баталгаа гэсэн санаагаа орхисон ажээ. Хөгжимчиний дүр бурхныг хайр гэсэн санааг шоолж, иймэрхүү үгсийг пастортой холбодог ба энэ үгс нь "Through a Glass Darkly" кинонд мөн гардаг аж. Tomas эхнэрээ алдаж, хайрлах чадвараа алдсан нь бурхны чимээгүй болсны бас нэгэн баталгаа болно. 

Харин үүний эсрэгээр гэгээрсэн дуганч Tomas-ын сүсэг бишрэлийн хямралыг бурхны "чимээгүй байдалтай" адилтгаж байна. "Through a Glass Darkly" киноны нэгэн адилаар уг кинонд бурхныг "аалз - бурхан" гэж дүрсэлдэг ба уг кинонд Tomas аалз - бурхныг зовлонтой холбон зүйрлэж байгаа нь түүний өмнөх тайтгаралыг өгдөг хайр - бурхан гэсэн санаанаас ялгаатай. Киноны төгсгөлд Tomas бурхан оршдоггүй гэж шийдсэн эсхүл пастор маань бүхий л Христэд итгэгчдийн адилаар бурхны чимээгүйг хүлээн зөвшөөрч, итгэж найдсаар үлдэж байна. Bergman-ын хэлснээр энэ кино нь бурхан байдаг эсэх талаарх түүний судалгааны төгсгөл болсон ба дараагийн бүтээлүүддээ хүмүүний хайрыг гол сэдвээ болгожээ. Bergman киноныхоо санааг нэгэн санваартны өөрт нь ярьсан түүхээс авсан буюу санваартан дээр нэгэн загасчин ирээд сүсэг бишрэлийн талаарх зөвлөгөө авчихаад дараа нь амиа хорлосон эмгэнэлт явдал болжээ. Bergman үүн дээр гэрлэлтээс гадуурх харилцаа болон өөрийнхөө итгэл үнэмшлийн тэмцлийг нэмж өгчээ. Хятад атомын бөмбөгтэй хэсгийг Bergman өөрөө сонин дээрээс уншсан буюу энэ хэсэгт өөрийнх нь айдас орсныг хүлээн зөвшөөрдөг. Мөн тэрээр кино зохиолоо танхимын хөгжим шиг гурван бүлэг бүтэцтэй байлгахыг оролдсон буюу үүгээрээ Шведийн сүмийн засаглалыг шүүмжлэхийг боджээ.

Comments