Хүргэн орсон нь

 

 




Holiday (1938) . Амьдралынхаа туршид хөдөлмөрлөж, өөрөө өөрийгөө бүтээж яваа Johnny Нью Йорк хотод амарч байхдаа Julia хэмээх хүүхэнтэй танилцаж, гал халуун дурлалд унах ба хосуудын сэтгэлийн хөөрөл танилцаад удаагүй ч гэр бүл болох хэмжээнд хүрч эрчимжинэ. Ингээд чөлөөт сэтгэлгээтэй, эрх дураараа байхыг юу юунаас илүүд үздэг Johnny хүргэн орохоор Julia-ын гэрт ирнэ. Сүйт бүсгүйн гэр нь гэж ордон харш байх агаад Julia нь хотын төдийгүй улс орны баячуудын нэг Seton гэгчийн бага охин байж таардаг нь Johnny түүний талаар тун бага мэддэгийг харуулах мэт. Дараа нь Johnny Julia-ын сэргэлэн цовоо эгч Linda-тай танилцаад өөрийнхөө амьдралын учир утгыг олохын тулд ажлаасаа удаан хугацаагаар амралт авч аялалд гарахаар төлөвлөж буйгаа хэлсэн нь Linda-ын сэтгэлд тун нийцэх ба Linda охин дүүдээ тун хайртай нь шууд л мэдрэгдэнэ. Johnny мөн энэ баян айлын бага нь болох үргэлж шахуу согтуу байвч ухаалаг, хөгжилтэй байж чаддаг Ned-тэй танилцана. Харин ноён Seton охиныхоо гэнэтийн хуримын мэдээнд балмагдаж бас дургүйцэх хэдий ч Johnny-той танилцаад түүний шударга, эгэл чанарт татагдахын сацуу гурван хүүхдийнхээ шаргуу ятгалгад эрхгүй автсанаар хуримыг зөвшөөрнө.

 Linda удахгүй болох шинэ жилийн өмнөх үдэш зөвхөн дотно хүмүүсийн хүрээнд үдэшлэг зохиож, үдэшлэгийн үеэр хосуудын хуримлах болсныг зарлая гэж төлөвлөж, уг төлөвлөгөөг ч Julia зөвшөөрдөг. Гэвч аав нь олныг хамарсан үдэшлэг зохионо гэж зүтгэх бөгөөд Julia эгчийнхээ талд ороогүй нь Linder-ын урмыг хугална. Ингээд үдэшлэг болно. Сүйт бүсгүй хэлсэндээ хүрээгүйд Linda гомдож үдэшлэгт нэгдэхийн оронд хүүхэд насныхаа тоглоомын өрөөндөө ганцаараа үлдэнэ. Элдэв тоглоом, хөгжмийн зэмсэгээр дүүрэн энэ өрөө Linder-ын хувьд энэхүү орд харш дахь хамгийн дулаахан, хүнлэг газар. Julia эгчийгээ дуудуулахаар Johnny-г явуултал Johnny тэр өрөөнд өөрийн хамгийн дотно найзууд болох профессор Potter болон түүний эхнэртэй таарах буюу эхнэр, нөхөр Potter мөн энэ үдэшлэгт уригдсан ч дэндүү том харшид төөрсний улмаас санаандгүй энэ өрөөнд орчихож л дээ. 

Тэд буюу Johnny, Linda, Ned болон эхнэр нөхөр Potter нар тоглоомын өрөөнд яг л хүүхэд шиг тоглож наадан хөгжилдөж байтал ноён Seton ороод ирнэ. Ноён Seton ирээдүйн хүргэндээ банкинд орох ажлын санал тавихад Johnny өөрийнхөө амралт, аяллын төлөвлөгөөг хэлнэ. Найз залуу нь аавынх нь саналаас татгалзаж буйд Julia гайхаж, дургүйцэж хүлээж авдаг ба шинэ он гарахын өмнөхөн тэдний гэрлэлтийг олонд зарласны дараа Johnny хэнд ч юу ч хэлэлгүй харшийг орхиод явчихна. Тэр явахаасаа өмнө Linda-г үнсэхийг оролдоход хүүхэн эелдэгээр татгалздаг ч дотроо үүнийг хүсч, түүнд дурласан нь илэрхий харагдана. Linda согтуу Ned-д Johnny-д хайртай болсон, гэхдээ Julia-г бодож сэтгэлээ дотроо хадгална гэдэг. Johnny, Julia хоёрын асуудлыг зохицуулахын тулд Linda профессорын гэрт очтол эхнэр нөхөр Potter-ууд Европ руу аялахаар бэлтгэж байгаатай таарах ба мөн Johnny тэдэнтэй хамтран явахаар төлөвлөсөн нь тодорхой болно, харин тэдний саналаас Julia татгалзсан нь Linda-г гайхшруулдаг. Linda дүүгийнхээ бодлыг өөрчлөхөөр гэртээ хүрч очоод дүүтэйгээ хэрэлдэх бөгөөд бардам Julia тэртэй тэргүй Johnny өөрт нь эргээд ирнэ гэдэгт итгэлтэй байна. Яг энэ үед Johnny хүрч ирээд буулт хийж, би банкинд ажиллая хэмээснээр өөрийнхөө хүслийг хойш тавьдаг. 

Ноён Seton баяртайгаар хүлээж аваад тэдний бал сарыг нарийн төлөвлөснөө хэлэхдээ бал сарыг нь бизнестэй хольсон байгаад зогсохгүй ирээд хаана амьдрах, хэнтэй хамт амьдрахыг хүртэл төлөвлөсөн байна. Ирээдүйн эхнэр болон хадмынх нь төлөвлөгөө өөрийг нь мөнхөд дөнгөлж, нэг орвол хэзээ ч дахиж хүссэнээрээ амьдарч чадахгүй юм байна гэдгээ ухаарсан Johnny тэдгээрээс, Julia-гаас татгалзаж, Julia-д хандаж; энэ өдөртөө багтаж хуримаа хийе, чи бид хоёрт тийм их мөнгө хэрэггүй, бүгдийг нь орхиод хамтдаа бүтээе гэж хэлэхэд хүүхэн гэснээр Johnny харшийг дахин орхидог. Linda Johnny-ын шийдвэрт дүүгийнхээ хэрхэн тайвширч буюу нуруун дээрээс нь том ачаа унасан мэт амарч буйг анзаараад дүүгээсээ шалгаасаар байгаад үнэндээ Johnny-д хайргүй болохыг нь олж мэдээд магнай хагартал баярлана. Linda аавынхаа дарамтын нөлөөллөөс татгалзаж, энэ гэрийг орхиж буйгаа зарлах ба дүү Ned-гээ хамт явъя гэхэд согтуу дүү нь зүрх нь хүрэхгүй ч Linda удахгүй буцаж ирээд чамайг авна гэсээр Johnny-ын араас явна. Эхнэр нөхөр Potter-ууд хөлөг онгоц дээр гараад удаагүй байтал Johnny тэдэнтэй нийлэх бөгөөд тэдний баярыг Linda-ын хүрч ирсэн нь улам гэрэлтүүлнэ. 

Америкийн кино найруулагч George Cukor-ын найруулсан энэхүү романтик комедийг Philip Barry-ын ижил нэрт жүжгээс хөрвүүлэн Donald Ogden Stewart, Sidney Buchman нар кино зохиол болгосон ба энэ бол 1930-д хийгдсэн киноны дахин хийсэн хувилбар юм. Киноны гол дүрүүдэд; Katharine Hepburn, Gary Grant, Doris Nolan, Edward Everett Horton нар тоглосон. Эрх чөлөөт, дураараа амьдралын үлгэр жишээ болсон уг гайхамшигтай ухаалаг комедид аугаа Gary Grant замналынхаа оргил тоглолтын нэгийг толилуулсан ба түүний дүр нэгэн баян айлыг урвуугаар нь эргүүлэхдээ өмч, материаллаг зүйлсийг үл тоомсорлох зангаараа сүйт бүсгүйнхээ дургүйцлийг төрүүлж, харин хадам эгчийнхээ хайрыг татдаг нь сэтгэл гэдэг чухал, сэтгэлээрээ таарч тохирох насаараа хамт амьдрахад хамгийн чухал зүйл болохыг илтгэнэ. Уг бүтээлийг "The Philadelphia Story" кинотой харьцуухдаа голдуу дутуу үнэлдэг боловч үнэндээ илүү бөгөөд гялалзсан өнгөлөг гадаргуу нь жинхэнэ мэдрэмжээр дамждаг тул маргаангүй George Cukor-ын шилдэг киноны нэг юм. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 943-р байрт эрэмбэлээд байна. 

1936 онд Columbus Pictures кино компани $80,000 доллараар RKO кино компаниас уг киноны зохиолыг багтаагаад бүлэг кино зохиол худалдан авчээ. Уг нь эл бүтээлд "The Awful Truth" кинонд хамтран тоглосон Gary Grant, Irene Dunne нарыг дахин нэгтэх зорилгыг агуулж байсан ч Cukor Hepburn-г тоглуулахаар шийдсэн ба Rita Hayworth, Ginger Rogers нар Hepburn-ын оронд бас яригдаж байжээ. Hepburn-ын бүтээсэн Linda Seton гэгчийг дээд зиндааны Gertrude Sanford Legendre гэгчээс санаа авч бүтээжээ. Кино тухайн үед санхүү хувьд амжилт олоогүй ч шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан. Кино Их хямралын үед гарсан учир кинон дээрх Johnny-ын цамаан зан олонд таалагдаагүй болов уу гэсэн таамаг байдаг аж. Уг кино холливуудын домгууд болох Gary Grant, Katharine Hepburn нарын хамтран тоглосон дөрөв дэхь кино буюу нөгөөдүүл нь; "Sylvia Scarlett", "Bringing Up Baby", "The Philadelphia Story" бүтээлүүд юм.

Comments