Нямбай алдаа

 

 


The Killing (1956) . Архаг, хуучны гэмт хэрэгтэн Johnny сэтгэлт бүсгүйтэйгээ хуримлахаасаа өмнө сүүлчийнхээ том дээрмийг хийхээр төлөвлөж байна. Тэрээр жилийн хамгийн том морины уралдааны бооцооны 2 сая долларыг мөнгө хадгалдаг өрөөнөөс хулгайлахаар төлөвлөсөн бөгөөд авилгачин цагдаа, бооцооны цонхны кассчин, дайнд яваад ирсэн мэргэн буудагч, мөн уралдааны үеэр олны анхаарлыг татах бөхчин гээд өөртэйгөө нийлээд 5 хүнээс бүрдсэн багийг бүрдүүлнэ. Чалчаа бас эхнэртээ базуулсан кассчин George энэ бүхнийг эхнэртэй ам алдан ярьчих буюу тэрээр үргэлж мөнгө нэхэх эхнэртээ мундаг баян хүн болох гэж энэ бүгдийг ярихдаа дотроо эхнэр нь орхиод явчих бий гэсэн айдасдаа дийлдсэн болно. Эхнэр нь эхэндээ түүнд итгэхгүй ч дээрэм үнэхээр болно гэдгийг ойлгосныхоо дараа нөхрийнхөө ярьсан болшоныг нууц амраг Val гэгчид очоод хэлчихнэ, хэлэхдээ дээрмийн багийнхныг мөнгө хулгайлсаны дараа нь тэднийг өөрсдийн дээрэмд гэж ятгаж дөнгөнө. Ингээд дээрмийн өдөр ирж, дээрэм ч амжилттай болох агаад харин мэргэн буудагч золгүйгээр харуулд буудуулчихна. Хуйвалдагчид тохирсон байрандаа цуглаад мөнгө авчрах Johnny-г хүлээж байтал Val түрүүлэн хүрч ирсэнээр үхлийн буудалцаан болно. Үхлийн шархтай George ганцаараа амьд үлдэх бөгөөд Val-г хүлээж буй эхнэртээ очоод эхнэрээ алчихаад өөрөө шархаа дийлэхгүй үхчихнэ. Johnny нөхөд рүүгээ явж байхдаа шархтай явж байгаа George-г хараад байдал бишдсэнийг ухаарч, мөнгөө аваад зугтаана. Тэрээр том чемодан худалдаж аваад бүх мөнгөө чихэж авна. Дараа нь сүйт бүсгүйгээ дагуулан онгоцны буудалд очоод өөр хот руу зугтаахыг оролдоно. Чемодан дэндүү том байсан тул ачаа тээшний хэсэгт авч явна гэдэг ба Johnny ч дурамжхан зөвшөөрдөг. Хосууд онгоцондоо суухаар хүлээж байтал дэргэдүүр нь чемоданыг нь ачсан тэрэг онгоцны талбайгаар явж байтал замаар нь нохой гүйж, тэрэгний жолооч жолоо мушгиснаар чемодан тэргэнээс унаж, чемодан дотор байсан бүх мөнгө салхинд хийсэж, энэ бүхнийг Johnny харж зогсоно. Алмайрчихсан Johnny-г сүйт бүсгүйн цагдаа нар ирэхээс өмнө авч зугтаах гэтэл Johnny амандаа "ямар ялгаатай юм бэ?" гэж бувтнадаг.

 Америкийн домогт кино урлаач Stanley Kubrick-ын найруулж, James B. Harris-ын продюсерлэсэн нуар жанрын кино. Зохиолч Lionel White-ын "Clean Break" романаас сэдэвлэн Kubrick, Jim Thompson нар кино зохиол болгосон. Kubrick-ын энэхүү амбицтай дээрмийн түүх холливуудын хамгийн чанга, мушгирсан нуар жанрын киноны нэг бөгөөд замбараагүй хүүрнэл, хурц харилцан яриа, гайхалтай жүжигчдийн бүрэлдэхүүн; нэн ялангуяа Sterling Hayden-ын ер бусын тоглолт нь киног сэтгэл хөдөлгөм, мөн цэв хүйтэн болгоно. Тун нарийн авсан замтай кадрууд болон мэдрэмж өндөр ёжлолттой уг киног TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 603-р байрт жагсаагаад байна. Продюсер James B. Harris болон Stanley Kubrick хоёр шатар тоглож байгаад танилцсан агаад Harris тухайн үед шинэ авъяаслаг найруулагч хайж байжээ. Harris Kubrick-г өөрийнхөө уулзаж байсан хамаагүй оюунлаг, бүтээлч хүн байсан гэж дурдсан байдаг ба тэд хамтдаа "Harris-Kubrick" гэсэн кино компани байгуулжээ. Harris тухайн үед багагүй мөнгөөр "Clean Break" романы эрхийг худалдаж аваад байсан бөгөөд уг төслийг Frank Sinatra сонирхож байсан ч Harris түүнийг ялсан байдаг. Kubrick-ын санал болгосоноор Jim Thompson-г кино зохиолчоор хөлслөсөн. United Artists кино компани хэрвээ Harris, Kubrick хоёрыг од жүжигчинийг төсөлдөө олж чадвал санхүүгээр дэмжинэ гэснээр тэд Sterling Hayden-г сонгосон ч United Artists компанид Sterling Hayden хангалттай том жүжигчин биш байв. Ингээд Harris үлдсэн мөнгөө өөрөөсөө бас ааваа зээлж гаргажээ. 

Уг кино Harris, Kubrick хоёрын 10 жилийн дотор хийсэн 3 киноны анхных байсан бол нэгдсэн улсад бүх зургийг нь авсан Kubrick-ын сүүлчийн кино байлаа. Дашрамд хэлэхэд, "Spartacus" киноны доторх зураг авалтыг холливуудад авсан бол гадаах тулаантай хэсгийг Испанид авсан. Kubrick зураг авалтаас болж Нью-Йоркоос Лос Анжелес руу нүүж, тэндээ Harris-ын зээлсэн мөнгөөр амьдарч байв. Мөн киноны зургийн даргаар ажилласан Ruth Sobotka гэдэг нь тухайн үед Kubrick-ын эхнэр байж. Кинонд гарах бөх бас шатарчин Kola Kwariani гэгч нь Kubrick-ын шатар тоглодог найз нь байв. Киноны зураглаачаар Lucien Ballard ажилласан агаад зураг авалтын үеэр Kubrick зураглаачтайгаа байнга зөрчилддөг байсан; Kubrick удаан үргэлжилсэн замтай кадрыг олонтаа ашиглахыг илүүд үздэг байв. Harris "Би Stanley-д уран бүтээлийн эрх чөлөө олгосон, харин тэр надад санхүүгийн асуудлыг даатгасан" гэжээ. Kubrick "Бид сайн киног хямд төсвөөр хийхийг хүссэн. Энэ хоёр даанч хоорондоо таардаггүй юмаа" хэмээжээ. Кино зохих ёсоор нээлтээ хийж чадаагүй учраас Америкт ашиг орлого муу олсон. Гэхдээ судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч хэд хэдэн шүүмжлэгчдийн оны шилдэг 10 кино жагсаалтад багтсан байдаг. Зарим шүүмжлэгч киноны зоригтой харилцан яриа хийгээд камерийн ажиллагааг аугаа Orson Welles-ээс хойших хамгийн сайн нь гэж магтсан. Киноны орц, найруулга хэдий танил ч илүү бүрэн бүтэн тайлбар шаардаж, илүү мелодрам чиглэл рүү хөгждөг. Киноны хүүрнэх хэлбэр үе үе баримтад кино шиг хэв маягтай байдаг ба эхэндээ төөрөгдүүлж, удалгүй хурцадмал болж, эцэст нь түгшүүртэй ёжлол болдог. Kubrick шүүмжлэгчдээс алга ташилт сонсоод байсан ч United Artists компани түүнийг тоохгүй байсан, харин MGM түүнтэй гэрээлснээр алдарт "Paths of Glory" кино бүтсэн гэж хэлж болно. Kubrick уг киногоороо кино урлаач байхын алсын хараа, найруулагчийн удирдах чадвараа харуулсан ба өнөөдөр уг киног култ классик гэж үнэлж байна. Шүүмжлэгч Eddie Muller уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг 25 нуар киноны нэг гээд "Хэрвээ та сайн кино зохиол амжилттай кино болдог гэдэгт итгэдэг бол үүнээс сайн кино хийж чадахгүй" гэсэн буй. Chicago Reader сэтгүүл 1998 онд уг киног Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг 100 кино жагсаалтад багтаагүй хамгийн шилдэг киноны нэгээр нэрлэсэн. Уг киноны зураг авалтаас дараа дараагийн Kubrick-ын бүтээлүүдийн хэв маяг харагддаг ба киноны түүх, найруулга сайн шиг дүрүүд, дүр бүтээлтүүд үнэхээр сайн. Алдарт найруулагч Peter Bogdanovich-ын хэлснээр кино мөнгө олоогүй ч "Path of Glory" киноны хамтаар кино студиуд болоод шүүмжлэгчдэд Kubrick хэмээх кино суутан төрж буйг тунхаглажээ. Kubrick эл бүтээлээ туурвихдаа дөнгөж 28 настай, улаан шатарчин, сэтгүүлийн гэрэл зурагчин байсан бөгөөд зарим шүүмжлэгчид замналынхаа туршид эрсэн сэдэв нь энэ киноноос эхэлдэг гэж үздэг байхад зарим нь "Dr. Strangelove" кино "Barry Lyndon" кинотой яаж, юугаараа холбогдох юм бэ гэж мэтгэдэг.

Comments