Design For Living (1933) . Зар сурталчилгааны зураач хөөрхөн Gilda Парис орохоор галт тэргээр явж байхдаа уран зураач George болон жүжгийн зохиолч Thomas гэсэн хэн нь хэнээсээ илүү аятайхан хоёр залуутай танилцана. Жүжгийн зохиолч, уран зураач хоёр Францын нийслэлд хамтран өрөө хөлслөн уран бүтээлээ туурвин амьдрах найзууд бол Gilda захирал Max-ынхаа удаа дараагийн сээтэгнэлийг няцаасан эрч хүчээр дүүрэн бүсгүйн болно. Хэсэг хугацааны дараа George, Thomas хоёр бие биенээ Gilda-д дурласныг ухаарцгааж, 11 жилийн үерхэл нөхөрлөлөө нэг хүүхнээс болж нураахгүй гэж шийдэцгээж, хоёулаа Gilda-гаас татгалзахаар тохирно. Гэвч Gilda тэдний байранд ирэхээр болоход залуус сэтгэл доторх хайрын төлөө тэмцэлдээ тарчилж, хэн хэнээсээ урьтаж хүүхний зүрхийг булаахыг битүүхэн хүснэ. Gilda өнгөрсөн хугацаанд тэр хоёртой тэнцүүхэн болзож явснаа илчлээд цаашид хэн нэгнийг нь сонгож чадахгүй, харин найзууд болж хамтран амьдрах санал тавих агаад нэг үгээр Gilda тэдний охин тэнгэр, урлагийн шүүмжлэгч нь байхаас тэдэнтэй сексийн харилцаанд орохгүй гэдгээ хэлж, залуус ч дуртай дургүй зөвшөөрөхөөс яахав.
Герман гаралтай Америкийн нэрт кино найруулагч Ernst Lubitsch-ын "pre-code" цаг үед хийсэн комеди бүтээл ба "pre-code" эрин 1929-1934 оны хооронд холливуудад даган мөрдөж байсан дүрэм; эл ахархан хугацаанд холливуудын кинонуудад хүчирхийлэл, мансуурал, секс, секстэй холбоотой дүрслэл, зураглалыг битүү утгаар юмуу тодорхой хэмжээгээр илэрхий үзүүлдэг байв. Ernst Lubitsch хотын комеди кинонуудаараа алдартай нэгэн байсан ба нарийн нягт, ухаалаг хошигнолоороо өөрийн гэсэн кино хэлтэй найруулагч байсан (Lubitsch-ын мэдрэмж гэсэн хэллэг байдаг). Кино зохиолчоор алдарт Ben Hecht ажилласан ба кино зохиолыг Noel Coward-ын ижил нэрт жүжгээс сэдэвлэсэн бол гол дүрүүдэд; Fredric March, Gary Cooper, Miriam Hopkins нар тоглосон. Кино тухайн оныхоо хамгийн их ашиг олсон 10 киноны нэг болсны шалтгааны нэгийг гол дүрийн 3 жүжигчин замналынхаа оргил үедээ байсантай холбодог.
Киноны хувьд шүүмжлэгчдээс магтаал хүртсэн ч Coward-ын жүжгээс тун өөр болсон гэсэн маргаан сүүдэр шиг дагаж байв. Миний оригинал мөрүүдээс гуравхан л кинонд үлдсэн гэж Coward хэлж байсан удаатай. Өөрт нь хайртай хоёр залуугаас сонгож чадахгүй байгаа бүсгүй, мөн хамтдаа амьдрах гурван хүний Платоник харилцааны тухай өгүүлэх эл комеди тухайн үедээ ч , өнөөдөр ч тун илэн далангуй шинжтэй бөгөөд энэ бол найруулагчийн хамгийн сексий, зугаатай, хотын кино ба TSPDT уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 953-р байрт жагсаагаад байна. 1920-оод оны сүүл, 1930-аад оны эхээр Coward алдартай жүжгүүд бичжээ. Эх жүжиг анхлан Broadway-д тавигдахад Lynn Fontanne, Alfred Lunt болон Coward өөрөө гол дүрүүдэд тоглосон ба гуравласан харилцааны тухай сэдэв нь маргааны бай болсон.
Энэ кино бол Coward-ын кино болсон олон жүжгийн нэг юм. Ernst Lubitsch анх Samson Raphaelson гэгчээр киноны зохиолыг бичүүлэхийг хүссэн ч Samson нь Coward-ын ажил дээр ажиллахыг хүсээгүй аж. Ингээд найруулагч Ben Hecht-д хандсан ба тэд Coward-ын бүтээлээс чөлөөтэй санаа авч, жүжгийг бараг бүхэлд нь дахин бичиж кино зохиол болгожээ. Эх зохиолд, 3 эрэгтэй дүр хотын, увайгүй, боловсронгуй байдаг бол Hecht эрчүүдийн нэрийг өөрчилж, мөн гол дүрийн гурвалыг гэнэн, оргилсон, Ир хямралын дунд үеийн богемийн амьдралаар амьдрагчид болгож хувиргажээ. Найруулагч маань эрэгтэй гол дүрүүддээ Ronald Colman, Leslie Howard хоёрыг тоглуулна гэж найдаж байсан ч Colman дэндүү их мөнгө нэхэж, Howard жүжгийн анхны жүжигчидтэй харьцуулагдахаас айгаад татгалзсан байдаг. Мөн анхлан George-ын дүрд Douglas Fairbanks сонгогдоод байсан ч хатгаа тусч, зураг авалт эхлэхийн өмнөхөн төслийг орхиж, оронд нь Gary Cooper тоглосон.
Fredric March угаасаа Paramount компанийн жүжигчин байсан бол Miriam Hopkins-г Gilda-ын дүрд хамгийн тохирох чадвартай жүжигчин гэж үзэж сонгожээ. 1934 онд холливууд хатуу цензурын дүрэмтэй болохоос өмнө Paramount болон бусад кино студиуд сексийн ил тод агуулгатай олон кино хийсэн байдаг дотор Lubitsch өөрийн ухаалаг бөгөөд хотын комеди гадаргатай, гүндээ сексийн агуулгатай бүтээлүүд толгой цохино. Энэ кино зөвхөн эцэг эхчүүдийн хүрээний л бүтээл байж магадгүй гэж шүүмжлэгчид үзэж байв. Coward-ын жүжгийн зохиолыг ихээхэн өөрчилсөн хэдий ч Lubitsch юу хийхээ сайн мэдэж байсан учир кино сайн болсон гэж үзэгсэд байдаг ба найруулагчдын мэдрэмж хийгээд Ben Hecht-ын зохиол маш зугаатай, тун боловсронгуй бүтээлийг бий болгохдоо найруулагч Lubitsch өөрийн уран хошигнолоо байнга илэрхийлж байдаг билээ. Эх бүтээл нь хурц хийгээд хурдтай байсан бол кино нь ухаалаг хошигнол, түүхээр дүүрнээс гадна Парисын маягаар түргэн, итгэлтэйгээр явдаг. Нэгэн шүүмжлэгчийн хэлснээр; жүжиг нь аяга цай шиг бол кино нь шил пиво шиг ажээ.
Comments
Post a Comment