Саран дор зовогсод

 


In a Year with 13 Moons (1978) . Германы цуутай кино урлаач Rainer Werner Fassbinder-ын найруулж, гол дүрд нь Volker Spengler тоглож тухайн үеийн Баруун Германд бүтээгдсэн драм. Тухайн үед Fassbinder-ын амраг байсан жүжигчин Armin Meier-ын амиа хорлосонтой холбоотойгоор уг киног бүтээсэн ба найруулагч өөрийнхөө хамгийн сайн 10 киноныхоо 2-р байрт эрэмбэлсэн байдаг бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 451-р байрт жагсаажээ. Энэ бол хүмүүсийн хайрын төлөө хийдэг галзуу зүйлсийн тухай өгүүлсэн сонгодог жишээ болсон түүхийн нэг юм. Бүтцийн хувьд радикал, сэтгэл хөдөлгөм зохиомжтой энэ кино нь нядалгааны газар дээрх өөрийгөө эрэмдэглэх тухай монологи болон Spengler-ын асрамжийн газар дахь нажидтай бага насны дурсамж бүхий гэлэнмаагийн удаан үргэлжилсэн кадр зэрэг хэд хэдэн бахдам тавилттай ба нэгэн зэрэг уянгалаг, хүйтэн, бас клиник шинж чанартай эл Fassbinder-ын дүрийн судалгаа нь үзэгчдэд дараа нь ойлгох, бодох олон зүйлийг үлдээдэг болохоос тэрхэн даруйдаа хариулчих боломжгүй юм. 

Киноны үйл явдлын тухай товчхон: Хариу нэхээгүй хайрандаа зовогч, нядалгааны газрын ажилтан Erwin бол аав, хань нөхөр боловч хүйсээ солиулан Elvira болохоор зориг шулуудна. Үүнээсээ болж найз нөхөд, гэр бүлийнхэндээ гологдож, улмаар цөхрөнгөө барсан Elvira бүхий л газраас тайтгарлыг эрэлхийлж, өөрийгөө жигшин гутаж, доромжлолд тавьж өгдөг. Биеэ үнэлэгч Zora хэмээх хүүхний хамтаар тэрээр харгислал, ганцаардал, цөхрөлөөр тодорхойлогдсон Франкфуртын баргар замаар тэсч үлдэх гэж алхаж явахдаа өнгөрсний хэцүү үеэ сэргээнэ. Тэр хадгалахуйц үнэ цэнэтэй зүйлийг олж чадах болов уу?. Meier 2 жилийн турш найруулагч Fassbinder-ын амраг байсан бөгөөд найруулагч харилцаагаа таслах гэж байгааг мэдээд хамт амьдарч байсан байрандаа амиа хорложээ. 

1978 онд буюу Meier-ыг үхснээс хойш 3 сарын дараа бүтээгдсэн уг кинонд транссексуал Elvira-ын амиа хорлохоос өмнөх 4 өдрийн зовлон шаналлыг өгүүлдэг. Meier-ын амьдралын намтраас багахан хэсгийг л Elvira-ын дүрд шингээж өгсөн гэдэг. Энэ кинонд Fellini, Godard, Jerry Lewis нарын киноноос ишлэж, хөгжмийн зохиолч Gustav Mahler-ын амьдрал хийгээд Fassbinder өөрийнхөө бусад киноноос тусгаж өгдөг. Fassbinder-ын кино урлах арга нь харилцан ярианаас авхуулаад тайз засал хүртэл шууд бас гүн гүнзгий байдаг. Кино "Франкфурт, 1978. 7. 24." гэсэн гарчигтайгаар эхлэх ба 13 бүтэн сартай жилийн ач холбогдлыг тайлбарласан текстүүд гарч ирнэ; ийм үед амиа хорлолт их, сэтгэлийн хямралтай хүмүүс илүү хүчтэйгээр мэдэрдэг гэнэ. Текст алга болмогц эмэгтэй хүний хувцас өмссөн Elvira хэдэн залууст нэвширтэл зодуулах агаад гэртээ ирэхэд удаан хугацаанд амраг нь байсан Christoph түүнээс салж одохоор зэхэж байхдаа Elvira-г хоосон толгойтой, архи уусаар байгаад таргалсан гэж зэмлэж буруутгаж байхад Elvira хувцсаа тайчиж байхдаа маш их ганцаардаж байгаагаа тайлбарладаг. Christoph түүнийг тарган, муухай гэж хэлж байгаа энэ кинон дээрх цор ганц дүр биш юм. Elvira нийгмийн дүрмээр амрагтаа гологдож байгаа ба уг үзэн ядалтыг тэрээр өөрийн болгосон байдаг; Elvira эмэгтэй хүн болж чадахгүй юм, тэр өндөр өсгийт өмсөх дуртай боловч том биеэсээ болж хэзээ ч эмэгтэй хүн болж чадахгүй юм шиг харагддаг. Гэхдээ түүний дохио зангаа, зөөлөн шинж, яриа нь эмэгтэйлэг шинжтэй байдаг. 

Хэрэв Elvira хүйсийнхээ хохирогч болвол эмэгтэй хүн болж чадахгүй, эмэгтэй хүн болж чадахгүй бол хайрын золиос болж, бие даан оршиж чадахгүй юм. Түүний янзан найз Zora бол (Fassbinder-ын салсан эхнэр бас хамтран ажиллагч жүжигчин Ingrid Cavan) Fellini-ын Cabiria шиг гадаад төрхтэй, мөн адилхан гудамжны янхан агаад Elvira-г унтаж байх хойгуур Zora-ын зурагт үздэг сцэнийг Godard-ын "Vivre sa vie" киноны Nana-тай адилтгадаг боловч Zora уйлдаггүй. Zora бол Elvira-ын итгэлт хүн, түүний өнгөрсөнтэйгөө холбогдох дамжуулагч болдог. Elvira өмнө нь Erwin байхдаа гэлэнмаа нарын сүмд өссөн хүсээгүй жирэмслэлтийн хохирогч юм. Насанд хүрээд махны худалдагч болсон ба дараа нь гэр бүл зохиосон ч еврей гэмт хэрэгтэн Saitz гэгчид дурласнаар эмэгтэй хүн болохоор шийдсэн байдгийг бид Zora-ын хичээнгүй хөдөлмөрөөр олж мэднэ. Мэдээж Saitz түүнийг тоосонгүй, харин ч бүр доромжилж элэглэнэ, үүнээс болж Elvira амиа хорлох гэж оролдсон байдаг ба завхайрч, адгийн амьдралаар амьдрах болсон Elvira Christoph-той нийлж гэр бүлээсээ хөндийрчээ. Киноны гол цөм биелэгдэх боломжгүй цуврал "боломжгүй" хүсэл дээр тулгуурладаг; эсрэг хүйстнээ хайрлагч нэгэн ижил хүйстэнээ хайрлах, хэн нэгний хайрын объект болох, еврей хүнийг хайрлах Ари хүн байх боломжгүй ба эцэст нь, бие махбодийн хувиршгүй байдал бол үгүйсгэлтэй ижилхэн юм. Холливуудын романтик "диалектик" шиг биш энэ бол заваан, ухаалаг романтик ба Fassbinder хайрын боломжийн тухай хамгийн гутранги мэдэгдлүүдийн нэгийг хийсэн. Кинонд "гадуурхагдагсдын" янз бүрийн бүлгүүд байдаг; цэцэрлэгт хүрээлэнд Elvira-г зоддог ижил хүйстнүүд, тоглоомын газар дахь Туркууд, мөн Хойд Африкийн өөрийгөө дүүжлэгч эр гээд эв нэгдлийг олж чадахгүй дайсагнагчид байдаг. Хайрлагдах боломжгүй нь өөрийгөө хайрлахаар илэрхийлэгддэг; Erwin/Elvira бол эртний Ромын баатар шиг цэвэр ариун төрөөд ертөнц түүнийг өөрчилжээ, гэвч гаднах төрхөөрөө. 

Мэдрэмтгий тэнэг болоод бусдын хайрын боол хоёрын хооронд ээлжлэн солигдсон Elvira яаж ч хичээсэн үргэлж гадаад төрхөөрөө гажигтай харагддаг. Түүний бусдаас тайтгарал олох гэсэн удаа дараагийн оролдлого няцаагдсны дараах шат уруудан буух харанхуй зураглал сэтгэл өвтгөсөн, үхлийг нь бэлгэдэм бөгөөд эндээс Fassbinder амиа хорлосон амрагийнхаа үхэлд өөрийгөө буруутгаж үзэн ядаж буй гэж харж болохгүй. Erwin/Elvira бол Fassbinder-ын өөрийн юмуу Meier-ын хэн байсан бэ гэдгийг хэлэхгүй, харин муу өвдсөн сэтгэл, муу мэдрэмжийн ерөнхий нэгдэл юм. Германы шинэ кино урлаг давалгааг бараг үндэслэгч Fassbinder-ыг тойрсон домог их, гэвч тэр бол маргаангүй жинхэнэ өөрийн гэсэн кино хэлтэй манай гаригийн цөөхөн найруулагчдын нэг байлаа. Түүний хүнлэг бус бүтээлч чанар, хатуу харилцаа, найруулагчийн авторитар хандлага хийгээд өөрийгөө сүйтгэдэг зан авир өнөөдөр ч кино сонирхогчдын сонирхлыг татдаг. Тэрээр кино урлагийг сэтгэлзүйн эмчилгээ болж чадна гэж ярьдаг байсан: түүний кино бол түүний амьдрал байсан юм. Fassbinder уг кинондоо найруулагч, зохиолч, кино зураглаач, эвлүүлэгчээр ажилласан байдаг нь түүний хамгийн хувийн шинжтэй бүтээл гэж үзэхэд хүрдэг.

Comments