Сахиул

 


 Manchester by the Sea (2016) . Lee Chandler хэмээх дөч дөхөж яваа эр Массачусетс мужийн нэгэн жижигхэн хотод подвалын цэцэрлэгч хийн ганцаараа амьдардаг ба сэтгэлээр унасан, зожиг нэгэн болохыг онцлох нь зүйтэй. Нэг өдөр Манчестер хотод амьдардаг ах Joe-ынх нь зүрх зогсонги байдалд орлоо гэсэн дуудлага ирнэ, Lee эмнэлэгт очтол нь ах нь нас барчихсан байв. Lee ахынхаа өсвөр насны хүү Patrick-д өөрийн биеэр эцгийнх нь үхлийн талаар дуулгахыг хүснэ. Ингээд оршуулгын ажлыг зохион байгуулахаар болоход хөрс хөлдсөн байгаа учир хавар хүртэл хүлээхээс өөр аргагүйд хүрнэ. Lee ахыгаа оршуулах хүртэл түрдээ Манчестерд үлдэхээр болно. Энэ үеэр тэрээр ах нь аль хэдийнээ өөрийгөө хүүгийнхээ хууль ёсны асран хамгаалагчаар нэрлэсэн болохыг мэдээд цочирддог. Хэдэн жилийн өмнө Lee Манчестерт эхнэр Randi болоод бага насны хөөрхөн 3 хүүхдүүдийн хамт амьдардаг байсан агаад нэг шөнө найзуудтайгаа гэртээ ууж байгаад пийшингийнхээ хаалтыг хаахыг мартсанаар хүүхдүүд нь галд амиа алдсан аймшигтай явдал болжээ. Цагдаагийнхан эл явдлыг санамсаргүй осол гэж үзсэн ч Lee амиа хорлохыг завдаж, эдгэшгүй гүн гүнзгий уй гашууд унажээ. 

Randi түүнээс салснаар тэрээр хотыг орхисон ба асран хамгаалагч болж Манчестерт ирнэ гэдэг түүнд хамгийн хүсэшгүй зүйл байв. Lee зээ дүүгээ аваад Бостон руу нүүе гэтэл Patrick Манчестертаа дэндүү дассан буюу эндээ рок хамтлагтай, хоёр ч найз охинтой, товчхондоо бяцхан од байлаа Lee хичээлийн жил дуустал үлдэхээр болно. Харин Patrick хамт амьдрахаа больсон ээжтэйгээ дахин хамт байхыг хүсэх бөгөөд Lee үүнийг нь эсэргүүцэнэ, учир нь бэр эгч нь архичин явсан нэгэн юм. Ямартай ч Patrick ээжийнхээ гэрт очно; ээж нь одоо уухаа больж Христийн шашинтан болоод зогсохгүй найз залуутай болсон байх агаад харамсалтай нь Patrick яаж ч хичээгээд ээжтэйгээ дахиж хамт амьдарч чадахгүйгээ ухаардаг. Гэтэл Lee түүнийг ээж дээрээ очих ёстой талаар ярьж эхэлнэ, үүнийг нь харин Patrick авга ах нь өөрөөс нь залхаж буйн шинж гэж үзнэ. Тэдний харилцаа хурцадмал болж эхлэхэд Lee Манчестерт байх хугацаагаа сунгаж, илүү их цагийг дүүтэйгээ хамт өнгөрүүлэхийг зорьдог ба цаг хугацаа өнгөрөх тусам тэд асуудлуудыг шийдэж, харилцаагаа бат бөх болгодог. 

Манчестер өнгөрсөний хар бараан дурсамжийг нь үргэлж сануулах учир Lee зовлондоо шанална. Нэг өдөр тэрээр гудманд Randi-тай таарах агаад Randi саяхан төрсөн хүүхэдтэйгээ явж байна. Randi уйлан байж, өнгөрсөнд муухай өөдгүй харьцсандаа уучлалт гуйж, холбоотой байхыг гуйхад Lee тэгэх шаардлагагүй гээд сэтгэл нь маш их хөдөлсөн учир бушуухан яваад өгнө. Согтуу Lee бааранд зодоон үүсгэж, хэмх балбуулна. Зодуулсан Lee ахынхаа найз George-ын зочны өрөөнд уйлж сууна. Lee Бостонд ажилд орохоор болж, Patrick-г George-ынхон үрчилж авахаар болно. Ингээд Joe-ын оршуулах ёслолын үйл ажиллагаа болж, дараа нь Lee, Patrick хоёр гудмаар алхаж явахдаа Lee Patrick-д, Бостонд нэмэлт өрөөтэй байр авсан, хааяа ирж байгаарай гэж хэлдэг. Америкийн жүжгийн зохиолч, кино зохиолч, кино найруулагч Kenneth Lonergan-ын найруулсан сэтгэлзүйн драм ба сэтгэлийн гэмтлийн дараах үе, гутрал, гэмшил, уй гашуу, хариуцлага болон гэр бүлийн хөндийрлийн тухай судалдаг. Киноны гол дүрүүдэд: Casey Affleck, Michelle Williams, Lucas Hedges нар тоглосон. Шүүмжлэгчид кинонд ихэнхдээ эерэг үнэлгээ өгч, 2016 оны хамгийн шилдэг киноны тоонд багтаасан ба кино тухайн жилийнхээ Оскарын наадамд 6 төрөлд нэр дэвшиж; Casey Affleck шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн бол мөн шилдэг эх кино зохиол шагнал хүртсэн. Судлаачид уг киног эдгэхэд хэцүү юмуу боломжгүй уй гашууг эмчлэх эмчилгээ гэсэн. Lonergan-ын бидний өөрөөсөө асуугаасай гэж хүсэж буй асуулт бол гэмшил хийгээд хагацлаар дүүрэн үйл явдлын дараа энэ ертөнцийг бид хэрхэн давж туулах вэ гэдэг юм. Найруулагч Lee-ын дүрээр бидэнд уй гашууг даван туулах юмуу тээгээд явах боломжгүй буюу өнгөрсөн амьдрал хаа ч хүнийг дагадаг ажээ. 

Киноны дундуур гэнэт Lee-ын өнгөрсөн амьдрал гарч ирдэг, энэ бол маш хүнд, нөхөж баршгүй төсөөллийг кинонд авч үлдэх арга бололтой. Эмгэнэлт явдал нь харилцан ярианы ихэнхийг тодотгодог ширүүн хошигнолтой зэрэгцдэг. Зарим судлаачид "уй гашуу, уйтгар гунигийн судалгаанаас хошигнол эх сурвалжаа авдаг" гэжээ. Lee болон Patrick нарын харилцаа киноны ширүүн хошигнол, эмзэг эмгэнэлийн тэнцвэрийг бий болгодог. Найруулагч Lonergan "Зарим хүмүүс олон жил сэтгэлийн шархтай амьдардаг. Би хүмүүсийг нүүрэн дээр нь зовоох хүсэлгүй. Гэвч хүн болгон зовлонг амархан давж гардаг гэсэн худад үгэнд дургүй. Зарим хүмүүс өөрт тохиолдсон том зүйлийг даван туулж чаддаггүй; тэгвэл яагаад тийм хүмүүс кинотой байж болохгүй гэж?". Киноны үйл явдал ажилчин ангийн соёлын нүдээр өрнөдөг бөгөөд киноны продюсерээр ажилласан Matt Damon болон John Krasinski нар зохиолыг хөгжүүлээд өгөөч гэж Lonergan-д хандсан. Тэд Массачусетс мужийн Манчестер хотын ойр хавийг судлаад оршуулах ажлыг хойшлуулдаг хөрсний хөлдөлт, загасчлалын бодит амьдрал гээд хотын уур амьсгалыг кинондоо ашиглахаар болжээ. Зарим шүүмжлэгчид энэ байдал нь гол дүрүүдийг "сэтгэл хөдлөлгүй" болгодог гэсэн байхад зарим нь эдгээр орчин тойрны хатуу ширүүн байдлын цаанаас зүрх шимшрэм шинж гарч ирдэг гэжээ. Matt Damon анх сэтгэл хөдлөлтэй тахир дутуу гарын дүйтэй хүний тухай кино хийхээр бодож, өөрөө найруулахаар төлөвлөж байжээ. 

Lonergan кино зохиол дээр 3 жил орчим ажилласан ба Damon зохиолыг уншаад Lonergan-г найруулагчаар томилж, өөрөө гол дүрд тоглохоор болжээ. Гэвч Damon хуваариас болж продюсерээр л ажилласаар болж, Damon гол дүрийг Casey-д л биш бол өөр хэнд ч өгөхгүй гэж хэлж байв. Шүүмжлэгчид Lonergan-ын кино зохиол болон найруулгыг, мөн жүжигчдийн тоглолтыг өндрөөр үнэлсэн бөгөөд жүжигчдийн маш нямбай тоглолттой, найруулагч Lonergan-ын нэг түвшин ахисан кино болж гэж магтсан. Empire сэтгүүл "гарамгай өгүүлэмжтэй, сайхан тоглолттой" кино гээд Casey Affleck-ын тоглолтыг "On the Waterfront" киноны Marlon Brando-ын тоглолттой харьцуулжээ. Peter Travers "энэ кино таны нэг хэсгийг авч одно" гэжээ. Киноны хамгийн магтаал хүртсэн бас онцлох сцэн бол Lee, Randi хоёрын уулздаг хэсэг ба жижигхэн газарт болж буй эл зүрх шимшрүүлэм хэсэгт тоглосон жүжигчид амьдрал дээр байсангүй бол яг л ийм байх байсан болов уу. Casey Affleck энэ сцэний талаар "тэр бүх мэдрэмжийг уйлахгүйгээр, гаслахгүйгээр өөртөө шингээж, өөрийн болгох нь сорилт байсан. Тэнд байхын тулд, тэнд байх ёсгүй" гэжээ.

Comments