Анхедони

 

 


Annie Hall (1977) . Америкийн нэрт кино найруулагч Woody Allen-ын егөөдөлт, романтик - комеди. Allen кино зохиолоо Marshall Brickman-тай хамтран бичсэн ба гол дүрд Diane Keaton-той хоршин тоглосон. Кино зураглаачаар алдарт Gordon Willis ажилласан агаад хожим Willis-тэй хамтран ажилласан явдлаа Allen "замналын минь эргэлтийн цэг байсан" хэмээжээ. Тухайн үед Allen бүдүүлэгдүү комеди жанрын кинонууд голдуу хийдэг байсан бол энэ киногоороо нухацтай хэв маягийн өөр түвшинд хүрсэн гэдэг. Хүйсийн секст хандах ялгаатай байдал, Еврейчүүдийн онцлог шинж, модернизм болон психоаналитк элементүүд эл бүтээлийн голлох сэдэв болдог гэж судлаачид дүгнэдэг. Тухайн жилийнхээ Оскарын наадмаас шилдэг кино, шилдэг кино найруулагч, шилдэг кино зохиол болон шилдэг эмэгтэй гол дүр (Diane Keaton) гэсэн 5 шагнал хүртсэн ба Roger Ebert "Энэ бол хүн бүрийн дуртай Woody Allen-ын кино" гэсэн байдаг. Америкийн кино хүрээлэн хамгийн шилдэг комеди жанрын киноны 4-р байрт, Bravo сэтгүүл хамгийн инээдтэй 100 киноны 28-р байрт тус тус жагсаасан бол Америкийн зохиолчдын эвлэлээс гаргасан хамгийн шилдэг инээдмийн кино зохиол жагсаалтад мөн багтдаг ба TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 86-р байрт эрэмбэлээд байна. Киноны үйл явдлыг товчхон өгүүлсү: Комедиан Alvy Singer хэдэн жилийн өмнө Annie Hall-тай бүтээгүй харилцааныхаа талаар эргэцүүлэн бодно. Alvy багаасаа л оршихуйн тухай асуултуудаар ээжийгээ зовоож, сексийн сониуч зангаасаа болж ангийнхаа охиныг ичээж явсан нөхөр буюу нэг үгээр яршигтай "эргэлзэгч" юм. Alvy, Annie хоёр "The Sorrow and the Pity" киног үзэхээр оочерлэж байхад ард нь зогсох эр найруулагч Federico Fellini болон Философич Marshall McLuhan нарыг шоолж байхыг сонсоно; үүнд эгдүүцсэн Alvy философичийг дуудан гаргаж ирээд шоологчийн буруу ойлголтыг засаж байна гэж төсөөлнө. Тэр шөнө Annie түүнтэй секс хийх сонирхолгүй байгаагаа хэлж, оронд нь тэд Alvy ын салсан эхнэрүүдийн талаар ярилцдаг. 

Харин Annie-ын хувьд энэ талаар ялгаатай буюу түүний хуучин амрагуудыг Alvy гаж хэмээн шоолдог. Тэд анх теннис тоглож байгаад найзуудаараа танилцсан ба анхны болзоо нь Annie шөнийн клубт дуулах шалгалт өгөх үед тохиосон. Удалгүй Annie түүнд хайртай болсноо хэлж, хосууд хамтран амьдарч эхэлнэ, гэвч нөхцөл байдал чухам хамт амьдарч эхэлснээр эхэлдэг. Alvy хүүхнийг хардаж эхэлснээр тэд салдаг. Alvy хосын харилцааны тухай үнэнийг хайж гудмаар явах хүмүүсээс асууна. Alvy өөр хүүхнүүдтэй болзох гэж оролдсон ч мэдрэлийн эмгэг, амжилтгүй сексээс болж бүтэлгүйтэнэ. Alvy, Annie хоёр эвлэрэх боловч нэг л урагштай болохгүй байсан учир сэтгэлзүйч дээр очицгоох ба эмч тэдэнд ямар ч "найдвар" алга гэж хэлдэг. Alvy телевизийн ажлаар Лос Анжелес явчихаад ирээд Annie-гаа продюсер залууд алдсанаа олж мэддэг. Alvy харилцаанаасаа сэдэвлэн жүжиг бичиж, тайзнаа тоглуулахдаа төгсгөлийг жаргалтайгаар өөрчилжээ. Техникийн хувьд энэ кино нь найруулагчийн хувьд ахиц дэвшил болсон. Allen "Би энэ киног хийснээрээ кино хийх тал дээрээ илүү төлөвшсөн" гэж хэлсэн байдаг ба зураглаач Willis энэ тал дээр чухал багш байжээ. Тухайн үед Allen, Willis хоёрын хамтрал нь алмайрам явдал байв; Allen илүүтэй хошин инээдмийн кинонуудаараа танигдаад байсан бол Willis нь "The Godfather" зэрэг драматик киногоороо "Харанхуйн хунтайж" гэгдэж алдаршсан байлаа. Гэсэн хэдий ч зураг авалтын үеэр тэд найзууд болж хожим олон бүтээлд хамтран ажилласны дотор "Zelig" кино багтана. Willis киноны продакшныг харьцангуй хялбар байсан гэж тодорхойлсон; тэрээр Калифорнийг алтан шаргалаар, Манхэттенийг саарал, бүрхэг, дөчөөд оны байдлаар буюу олон янзын маягаар зураглажээ. Сэтгэл заслын хэсгийг ердийн дэлгэц хуваах биш ханаар дамжуулан нэг багцад авсан нь харин Allen-ын санаа байж. Willis урт, товчлолгүй, бүхэл бүтэн үргэлжилсэн хэсгийг авахыг оролдсон нь Ebert-ын үзэж буйгаар киноны драматик шинжийг нэмдэг ажээ. Ebert "Киноны ихэнх хэсэгт хүмүүс ярьж бас алхаж, сууж, бас ярьж, хоолонд орж, секс хийж, мөн камер руу хараад ярих байдлаас бүрддэгийг цөөхөн хүн анзаарах байх. Ялангуяа Diane Keaton-ын ярьдаг хэсэг бараг л төгс төгөлдөр" гэжээ. Киноны дундаж кадрын хугацаа 14.4 сек бол 1977 онд хийгдсэн бусад киноны кадрын дундаж хугацаа 4-7 сек байсныг Roger Ebert онцлон тэмдэглэсэн. 

Peter Cowie "Allen уртасгасан кадруудаа илүү уламжлалт байдлаар тайрч, харилцан ярианы хэсгүүдийг нааш цааш хэсэгчилсэнээр киноны эрчмийг хадгалж чадсан" гэжээ. Еврей ба еврей биш гэр бүлүүдийн ялгааг хэтрүүлэн харуулахын тулд оройн хоолны хэсгийн дэлгэцийг хуваадаг нь мөн шинэлэг санаа байв. Хэдийгээр кино туршилтын шинжтэй биш ч зарим талаараа хүүрнэлийн бодит байдлыг алдагдуулдаг гэж үздэг. Үзэгчдийг тэр дороо л кинонд татан оруулдаг камерийн өмнөх Allen-ын кино эхлүүлэх аргыг онцлохгүй байж болохгүй ба кино үзэхээр оочерлэдэг хэсэгт кино нь дээр гарах алдааг засахын тулд Allen шууд дурдагдсан хүнийг татан кинондоо оруулж ирдэг билээ. Кинонд, гол хоёр дүрийн анхны  урт ярианаас бид "сэтгэцийн хадмал орчуулга" нь дүрүүдийн дотоод эргэлзээ болохыг харна. Allen энэ мэт аргыг (энд аниматад хэсэг багтана) зөвхөн ганц удаа ашигладаг боловч дүрүүд камер руу шууд хандсан "дөрөв дэх хана" хэд хэдэн удаа нурдаг. Жишээлбэл, Alvy гудамжинд яваа хүмүүсээс хайрын тухай асуудаг хэсэг болон Annie-тай холбоотой харилцаанаас сэдэвлэсэн жүжгийг хүслээрээ буюу "хүсэл биелэх" маягаар бичсэн байдаг. Allen дөрөв дэх хана нурах аргыг ашигласан тухайгаа "Би үзэгчдийн олонх ижил мэдрэмж, адилхан асуудалтай байгааг мэдэрсэн. Би тэдэнтэй шууд ярилцаж, нүүр тулахыг хүссэн" хэмээжээ. Киноны санааг Allen, Brickman нар Нью-Йоркоор алхаж явахдаа боловсруулсан ба тэд төслийн талаар үргэлж маргалдаж, заримдаа болих дээрээ ч тулж байсан гэдэг. Allen анхны нооргийг 4 өдөрт бичсэн бөгөөд 1975 онд 40 нас хүрсэн Allen философи, үхлийн талаар илүүтэй эргэцүүлэх болсон нь кинонд нь нөлөөлсөн гэдэг.

 Allen хэдийнээ олонд танигдаад байсан комедиан төрхөө, мөн арилжааны "талаа" золиослон жинхэнэ кино хийхээр шийдсэн буюу мөнгөө,  үзэгчидээ бодсон бол илүү гүн гүнзгий иймэрхүү кино руу орохгүй байв. Түүнд мөн Federico Fellini-ын "Найм хагас" кино үлэмж нөлөөлсөн, энэ нь хувь хүний эргэлтийн цэгээс бүтээгдсэн. Анхны нооргоос олон элемент одоо байхгүй болсон ба анх нууц аллага дээр төвлөрсөн, инээдмийн, романтик дэд зохиомжтой байсан аж. Allen ба түүний нөхөд аллагын сэдвийг хойш тавьсан ч хожим "Manhattan Murde4 Mystery 1993" кино дээр нь гардаг агаад уг кинонд Diane Keaton мөн тоглодог. Кинонд Allen-ын амьдралтай холбоотой зүйл багагүй байдгаас болж уг киног намтарчилсан кино гэж үзэгсэд бий. Тухайлбал, Allen ба Alvy хоёр хоёулаа комедиан, мөн Allen-ын багийн хочуудын нэгийг Alvy гэдэг байж. Тэгвэл Diane Keaton-ын овог нь Hall агаад хоч нь Annie байсан гэдэг. Тэд амьдрал дээр хэсэг хугацаанд болзож байсан байдаг. Гэвч Allen энэ бүхнийг үгүйсгэдэг; "Хүмүүс энэ киног намтарчилсан кино гээд толгойндоо оруулчихсан болохоор би тийм биш гэж итгүүлж чадахгүй" гэсэн буй. Мөн тэрээр Alvy бол өөртөө нь адилхан дүр биш гэдэг байдаг бол Diane кино дээрх хосын харилцаа зарим талаараа Allen бид хоёрын харилцаанаас улбаатай гэсэн байдаг. Annie-ын дүрийг тусгайлан Diane Keaton-д зориулан бичсэн, үүнээс өмнө тэрээр Allen-ын 3 нь ч кинонд тоглоод байсан. Diane "Дуучин болохыг мөрөөддөг, өөртөө итгэлгүйдээ шаналдаг энэ дүр ыол миний нөхөрсөг хувилбар" гэсэн байдаг. Кино нээлтээ хийсний дараа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан ба зарим шүүмжлэгчид Allen-ын одоог хүртэлх хамгийн их анхаарсан бас зоригтой кино гэсэн байдгаас гадна Ingmar Bergman-ын "Scenes from a Marriage" кинотой харьцуулдаг. Variety "Allen-ын хамгийн гурван хэмжээст кино" гэжээ. Японы кино найруулагч Akira Kurosawa уг киног өөрийн хамгийн дээдэлдэг киноны нэгээр нэрлсэн байдаг. Социологичид Alvy, Annie хоёрын харилцааг секс дэх хүйсийн ялгааны хэвшмэл ойлголт гэж тодорхойлсон. Кинонд хайрын мөн чанарыг хайрлаад, дараа нь хаягддаг ч цааш амьдарсаар байдаг хүмүүсийн түүх гэж харуулдаг. Alvy хаягдаж сэтгэл гутралд орсны улмаас хайрын зорилгыг эрэлхийлдэг бөгөөд тэр дурсамжаа шүүх юмуу бусдаас хариултыг хайдаг. 

Үнэндээ хүмүүс ийм л байдаг, мөн хайр үргэлж бүдгэрдэг, энэ нь хэний ч буруу биш, харин зайлшгүй ирэх төгсгөл юм. Киноны төгсгөлд Alvy үүнийг хүлээн зөвшөөрч, хайр бол эцсийн эцэст "ухаангүй, абсурд, галзуурал" боловч амьдралд зайлшгүй шаардлагатай болохыг ойлгодог билээ. The New Yorker "кино нь Евротөвт артхаус өөрийгөө ухамсарлахуй ба Alvy-ын сексийн хүсэл, цөхрөл, романтик сүйрэл хийгээд мэдрэлийн дарамтыг илчлэх психоаналитк авталт" гэжээ. Уг киног хошин нөлөөгөөр эмчилгээ болон анализ хийдэг бүтээл гэдэг. Биеэ барьсан, манарсан хүмүүст байдаг эргэж буцаж хүүрнэлийн психоаналитктай төстэй байдлаар зохиомжлогдсон дурсамж ба эргэн харах тухай түүх гэж уг киног дүгнэх нь бий. Кино мөн хүмүүсээс харилцан үйлчлэл ба хоорондын харилцааны үйл явцыг буюу модернизмыг авч үзсэн байдаг ба үзэгчийг ямар нэгэн трансцендент үнэн рүү хөтөлсөн дараалсан хөгжил гэж ойлгохоос илүү өөртэйгөө харьцуулсан байр суурины эхлэл гэж үзвээс зохино. Alvy дэндсэн тодорхойлогч  буюу модернист хэллэгээр хэт утга эрэлхийлэгчийн золиос ажээ. Кино олон шагнал хүртэж, шедевр гэгдэх болсон ч найруулагч маань өөрөө үүнд сэтгэл дундуур байдаг ба нэгэн ярилцлагадаа "Энэ миний Кино байх ёсгүй байсан юм. Энэ залуугийн оюун ухаанд юу ч тохиолдож болох тухай кино байх ёстой байсан. Үнэндээ хэн ч юу ч ойлгосонгүй шүүдээ. Энэ киног Diane бид хоёрын тухай л гэж хараад байдагт би сэтгэл дундуур байдаг" гэжээ. Allen киноны үргэлжлэлийн талаар үргэлж хатуу эсэргүүцсэн хандлагатай байсан ба мөнгөөр цангасан үед л үргэлжлэл байдаг гэсэн буй.

Comments