Ноён Хулот буюу Жак Тати

 

 


Jacques Tati бол Францын кино найруулагч, жүжигчин, кино зохиолч юм. Хэдий тэрээр ердөө 6 бүрэн хэмжээний кино найруулсан ч Entertainment Weekly сэтгүүлийн шилдэг кино найруулагчдын санал асуулгаар шилдэг 50 кино найруулагч жагсаалтын 46-р байрт эрэмбэлэгдсэн бөгөөд намтар судлаач David Bellos түүний тухай "Tati бүх кинонуудаараа кино онолч хүн ямар байх ёстойг буюу кино дээрх ертөнцийн төсөөллийг удирдаж буй оюун ухааныг төгс илэрхийлдэг" гэжээ. Tati Орос, Итали, Нидерланд гаралтай байв. Аав нь Оросын эзэн хааны армийн генерал, Парис дахь Оросын элчин сайдын яамны цэргийн атташе хүний хүү болон Парист төржээ. Өвөө нь Оросын язгууртан гэр бүлээс гаралтай байсан ба Парист байхдаа Франц бүсгүйтэй гэрлэжээ. Орос эх сурвалжид эмээ нь жүжигчин байсан, өвөөтэй нь огт гэрлэж байгаагүй гэсэн байдаг. Tati-ын аав төрөөд удаагаа байхад өвөө нь мориноос унаж нас барсан байдаг. Аавынх нь бага нас үймээн дунд өнгөрч, 1903 онд Нидерланд-Итали гаралтай бүсгүйтэй гэрлэж, хосууд хүү, охинтой болсны хүү нь Tati байлаа. Ээжийнх нь аав Ван Гогийн найз байсны сацуу зургийн жаазны компаний эзэн байв. 

Уг бизнест Tati-ын аав татагдан орсноор тэдний амьдрал эрс дээшилжээ. Tati хайхрамжгүй оюутан байсан ч теннис тоглох, морь унахдаа гаргууд байв. 16 настайдаа сургуулиа орхиж, гэр бүлийн бизнестээ ажиллаж, өвөөгөөрөө зурахыг заалгажээ. 1927-1928 оны хооронд тэрээр морин цэргийн албыг хаав. Цэргээс халагдахдаа Лондонд дагалдангаар ажиллаж байхдаа Регби сонирхох болсон ба Парист буцаж очоод мэргэжлийн Регбигийн багт элсчээ. Тэнд Tati өөрийнхөө хошигнох авъяасыг олж нээсэн бөгөөд баг хамт олноо зугаацуулдаг байжээ. Тэрээр мөн насан туршийн найз Jacques Broido-той танилцсан. 1931 онд дэлхийн эдийн засгийн хямрал Францыг тойрсонгүй; гэвч Tati хямралын энэ үед тав тухтай дундаж давхаргын амьдралаас татгалзаж жүжигчиний мэргэжлийг сонгосон ба өөрийн хөгжүүлсэн спортын сэтгэгдэл (Sportive Empressions) буюу бие бялдарын дуураймал элэглэлийн цуглуулгыг зохиосон. 

1931-1934 оны үед Alfred Sauvy-ын хамтаар сонирхогчдын шоунд оролцдог байв. Тэрээр өмнө нь танхимын тоглолтод оролцдог байсан ч 1935 онд Франц улс Нормандаас Атлантын далайг гаталсан амжилтыг тэмдэглэх баярын цэнгүүний үеэр Францын томоохон сонинуудын анхааралд өртсөн бөгөөд хүндтэй зочдын дунд нөлөө бүхий зохиолч Collette байв. Ингээд Tati асар богино хугацаанд алдартай болж хэсэг хугацаанд Лондонд хүртэл тоглоод амжсан. Удалгүй Парист буцаж ирээд ABC театртай гэрээ байгуулсан ба дэлхийн 2-р дайн эхлэх хүртэл зогсолтгүй хөдөлмөрлөжээ. 1939 онд Tati морин цэргийн албандаа татагдаж 1940 онд Седаны тулалдаанд оролцжээ. Гэвч тухайн ондоо түүний дивизийг татан буулгав. Парист буцаж ирээд 1940-1942 оны хооронд "спортын сэтгэгдэл" тоглолтоо хийсээр байсан бол 1946 онд "Sylvie and the Ghost" кинонд хий үзэгдлийн жижигхэн дүрд тоглосноор кино урлагт хөл тавьжээ. 1946 оны эхээр Tati Fred Orain-тай хамтран Cady-Films гэх кино продакшны компани байгуулсанаар түүний 3 кино бий болох үндэс болсон. Анхны болоод сүүлчийнх нь киног эс тооцвол Tati-ын бүтээсэн гол дүр болох ноён Hulot бол кино урлагийн түүхэнд мартагдашгүй комик дүр болж үлджээ. 

Hulot-ын гаднах төрх борооны цув, шүхэр, гаанстай ба эв дүйгүй, нийгэмших чадваргүй өвөрмөц дүр юм. Tati-ын кинонд байнга давтагддаг сэдэв бол Барууны ертөнцийнхний материаллаг зүйлд автсан, Америк маягийн хэрэглээний донтолтыг егөөддөг агаад мөн орчин үеийн нийгэм хүрээлэн буй орчныг хэрхэн сүйтгэж буйг өвөрмөц маягаар шоглон шүүмжилдэг. Мөн мэдээж Францын нийгмийн олон янзын давхарга хоорондын харилцааны өнгөц байдал, сансрын эрин үеийн технологийг хүйтэн хөндий бөгөөд хэрэгцээгүй зүйл гэсэн байдлаар зурагладаг. Францын кино найруулагч Rene Clement анх "L'Ecole des Facteurs" (1947) киног найруулахаар болоод байсан ч өөр кино төсөл сонирхож байсан тул Tati-д найруулагчийн үүрэг азаар оногджээ. Уг богино хэмжээний киног шүүмжлэгчид тун эерэгээр хүлээж аваад зогсохгүй 1947 онд Max Linder-ын шагналыг хүртэв. Tati-ын анхны бүрэн хэмжээний том кино бол "Jour de Fete" юм. 

Кинонд бүтэлгүй хөдөөний шууданчын тухай өгүүлнэ. Хэт их дарс ууснаас, мөн Америкийн шуудангийн хурдтай үйлчилгээнд автсан унадаг дугуйтай шууданч хүргэлтээ хурдасгахын тулд хөгтэй зүйлс хийнэ. Tati дайны үед хүмүүс орогнож байсан жижигхэн тосгонд зураг авалтаа хийсэн бөгөөд уг кино Францын анхны өнгөт болох зорилготой байсан ч Tati юмыг яаж мэдэхэв гээд өнгөтөөр бас хар-цагаанаар зэрэг хийжээ. Хаширласан нь оносон буюу киног өнгөтөөр хэвлэх боломжгүй болсон. Тиймээс тус кино зөвхөн хар-цагаанаар гарсан. Энэхүү кино нь түүний дараа дараагийн кинонуудыг бодвол харьцангуй харилцан яриа бүхий олон үзэгдэлтэйгээс гадна Францын хөдөөгийн амьдралыг сэтгэл татам байдлаар үзүүлсэн. Киноны өнгөт хувилбарыг түүний бага охин дахин сэргээж 1995 онд олонд хүргэсэн Венецийн кино наадмаас шилдэг эх кино зохиол шагнал хүртсэн түүхтэй. Tati-ын хоёр дахь кино "Monsieur Hulot's Holiday" 1953 онд нээлтээ хийсэн. 

Уг кинонд ноён Hulot-г танилцуулдаг ба үйл явдалд, Францын далайн эргээр амрахдаа Hulot Францын нийгмийн ангиуд болон улс төрийн далд элементүүдийг шоглодог. Киноны зураг авалт бүхэлдээ Сен-Марк сюр Мер хэмээх тосгонд хийгдсэн бөгөөд кино дээр гардаг зочид буудал одоо ч тэндээ хэвээрээ бол найруулагчийг хүндэтгэсэн хөшөө баримал далайн эрэгт сүндэрлэн байдаг ажээ. Дайны өмнө Tati найзуудын хамтаар дээрх сайхан далайн эргийн ойролцоо амарч байхдаа л хэзээ нэгэн цагт энд ирж кино хийнэ гэж бодож байсан нь ийнхүү биелжээ. Тус кино шүүмжлэгчдээс халуун алга ташилтыг хүртэж, Tati Оскарын наадмын шилдэг эх зохиол төрөлд нэр дэвшсэн. Продакшны үеэр тэрээр амьдралынхаа дотно найз болох Jacques Lagrange-г Tati-ын амьдралд дахин оруулж, хожим Lagrange түүний тайз засалч болсон. Уг бүтээл одоо ч Францчуудын хамгийн хайртай киноны нэг хэвээр байгаа ба киноны нөлөө Францаас хальсан байдаг. Жүжигчин Rowan Atkinson-ын "Mr. Bean" бол Tati буюу Hulot-оос санаа авч бүтсэн дүр юм. 

Францын алдарт кино шүүмжлэгч Andre Bazin "Tati хөдөөний бяцхан шууданчийн дүрээрээ цуврал кино хийж маш их мөнгө олох боломжтой байсан. Гэхдээ тэрээр эргэцүүлсний эцэст 4 жил хүлээхийг сонгож, өөрийн кино томьёогоо бүрэн шинэчилсэн. Үр дүн нь ер бусын байсан. Миний бодлоор энэ бол ах дүү Marx-аас хойших кино урлагийн комикт гарсан хамгийн эрс шинэчлэл байсан. Мэдээж би энд Monsieur Hulot's Holiday киног хэлж байна" гэжээ. Tati-ын дараагийн кино нь 1958 онд гарсан "Mon Oncle" байсан ба түүний анхны өнгөт кино байв. Кинонд хүүхэд шиг, хошин, кихотик ноён Hulot дайны дараах Францын орчин үеийн болоод Америкийн маягийн хэрэглээнд донтсон нийгэмтэй учраа олох гэж тэмцэж буйг үзүүлдэг. Кино олон улсад хит болж, Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино шагнал болон Канны наадмаас тусгай шагнал хүртсэн. 2010 онд домогт найруулагч David Lynch өөрийн дээлдэг кинонуудын жагсаалтдаа уг киног багтаасан байдгаас гадна: Ingmar Bergman-ын "Hour of the Wolf", Stanley Kubrick-ын "Lolita", Alfred Hitchcock-ын "Rear Window", "Billy Wilder-ын "Sunset Boulevard" гэсэн шедеврүүдийг нэрлэжээ. David Lynch "Надад хамгийн их урам зориг өгсөн кинонуудыг би сонгосон. Би бүгдийг нь шедевр гэж үздэг" гэжээ.

 Tati 1967 онд хамгийн амбицтай, хамгийн өндөр өртөгөөр бүтсэн "Playtime" киногоо олонд хүргэсэн ба олон шүүмжлэгчдийн үздэгээр энэ бол маргаангүй кино урлагийн шедевр юм. Kent Jonas "Mon Oncle амжилт олсны дараа Tati өөрийнхөө бүтээсэн ноён Hulot-ын дүрээс залхах болсон. Нэг үгээр дүр олон улсад алдаршиж, хүмүүст хайрлагдах тусам Tati-ын сэтгэл гонсойсон. Тиймээс тэрээр "бүгдийн" тухай өгүүлэх дээд зэргийн ардчилсан кино болох шинэ төсөл рүүгээ орсон". "Playtime" киногоо бүтээхэд Tati 9 жилийг зарцуулсан ба зураг авалтаа дуусгахын тулд өөрийнхөө хамаг мөнгийг шавхаад зогсохгүй маш их өр зээл тавьсан. Тухайн үедээ кино Францын түүхэн дэх хамгийн өндөр өртөгөөр бүтсэн кино болсон; Tati киноныхоо тухай "энэ бол том кино, том үсрэлт. Би бүх зүйлээ дэнчин тавьж байна. Энэ бүтнэ, үгүй бол сүйрнэ, энд аврах тор байхгүй" гэж байжээ. Tati кинондоо зориулж Парисын захад бүхэл бүтэн шил, гангаар бүтсэн жижиг хот (Тативиль нэртэй) байгуулсан нь олон жилийн турш баригдаж, өрөнд оруулах гол шалтгаан болжээ. 

Киноны үйл явдалд, ноён Hulot Парисын захын орчин орчин үежсэн, даяарчлагдсан, футурист хотод төөрч буй тухай харуулдаг. Энэ кино нь Tati-ын өмнөх кинонуудыг бодвол үйл явдал багатай агаад Hulot дүрийг роботжсон, орчин үежсэн байдлаар харуулахыг зорьжээ. Киноны хугацаа анх 155 минут байсан ч хожим Tati 126 минутын засварласан хувилбарыг гаргасан нь театруудаар гарсан. Найруулагч Francois Truffaut уг киног "өөр аргаар кино хийдэг, өөр гаригаас ирсэн кино" гэсэн буй. Кино зарлагаа нөхөж чадалгүй бүтэлгүйтэж, Tati дампуурсан. Tati киногоо дуусгахын тулд нэрт продюсер Darryl F. Zanuck-аас Францын ерөнхий сайд Georges Pompidou хүртэл байж болох бүгдээс мөнгө царайчилсан ба аргагүй эрхэнд гэр орноо ч зарахад хүрсэн. 1974 онд түүний компанийг татан буулгаж, компанийн эзэмшиж байсан бүх киног дуудлага худалдаанд оруулжээ. Tati эргэн хөл дээрээ боссон ч хэзээ ч өмнөх шигээ болоогүй, тэр телевизийн болон бүрэг хэмжээний цөөн хэдэн кино хийсэн ч олигтой амжилт олоогүй билээ. "Playtime" киног Их Британий хүрээлэнгээс бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 киноны тоонд багтаасан байдаг. Найруулагч Steven Spielberg "The Terminal" киногоо "Playtime"-д үзүүлсэн өчүүхэн хүндлэл гэдэг. Их найруулагч уушгины эмболи өвчнөөр 1982 оны 11-р сарын 5нд нас баржээ. Францын хэвлэлүүд түүний үхлийн талаар "баяртай, ноён Hulot. Бид түүний нас барсанд гашуудаж байна, гэхдээ бид түүнийг амьд байхад нь туслах ёстой байсан!" Гэжээ. Tati албан ёсоор гэрлэж байгаагүй ч хэд хэдэн бүсгүйчүүдтэй дотно харилцаа үүсгэж байсан бөгөөд 3 хүүхдийн эцэг юм.

Comments