Johnny Guitar (1954) . Салхинд цохигдсон Аризонагийн малчдын хотын захад Vienna хэмээх түрэмгий бөгөөд зоригтой хүүхэн уушийн газар ажиллуулаад таван жил болохдоо хотынхонтой таагүй харилцаатай байсаар иржээ. Vienna-г үзэхгүй байх шалтгаан хэд хэд бийгээс тэр малчдын эсэргүүцдэг хотоор дамжсан төмөр зам тавихыг дэмждэгээс гадна Kid гэгчээр толгойлуулсан дээрмийн бүлэгтэй дотно нөхөрлөгтэй холбоотой. Хотын шериф McLvers болон Vienna-д хувийн болоод хувьсгалын журмаар дургүй хэсэг бүлэг хүмүүс Vienna-г хотоос хөөхөөр шийдэж тохиролцохдоо банкны мөнгө ачиж явсан хөсөг тэргийг Kid тэргүүтэй танхайчууд дээрэмдэн тоноод ажилчдыг алсан хэрэгт хүүхнийг хамтарсан гэж буруутгахаар шийдсэн буюу угаасаа Vienna Kid хоёр нэгэн цагт амрагууд явсан учир ийнхүү хэрэг тохоход төвөггүй байв. Ялангуяа Emma хэмээх хүүхэн Vienna-г энэ хэрэгт унагаж, хотоос зайлуулах хоёр шалтгаантай; нэгд, Emma-ын ах хүйс тэмтэрүүлдэг тэргэнд явсан, хоёрт тэрээр Kid-д хайртай ч Kid өөрийг нь үл тооно. Шериф, Emma нар уушийн газарт ирээд байхад өөрийгөө Johnny гитар гэж нэрлэсэн нууцлаг залуу гэнэт гарч ирээд Vienna-д тусална. Гэвч шериф тэргүүтэнгүүд Vienna болон Kid нарт 24 цагийн дотор хотыг орхихыг шаардана. Johnny бол 5 жилийн өмнө шоронд орсон зартай буудагч, мөн Vienna-ын экс хайрт нь ажээ.
Америкийн домогт кино найруулагч Nicholas Ray Вестерн жанрын бүтээл ба Roy Chanslor-ын ижил нэрт романыг кино зохиол болгожээ. Киноны гол дүрүүдэд: Joan Crawford, Sterling Hayden болон Mercedes McCambridge нар тоглосон. Өмчлөлийн төлөөх, хайртай эрийнхээ төлөөх хоёр эрслэнгийн хатуу ширүүн тэмцлээрээ Ray Вестерн жанрыг өөрчилсөн. Хайр ба үзэн ядалт, биеэ үнэлэлт ба цөхрөл, дарангуйлал ба доромжлолыг найруулагч өнгөөр нарийн бөгөөд бэлгэдэлтээр гэрэлтүүлэхдээ Фройды маягийн ховсдолтоор холбож өгдөг. Киноны бүх зүйл этгээд, түгшүүртэй ба энэ бол ковбой жанрт хэзээч үзэгдэж байгаагүй бүтээл юм. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 246-р байрт эрэмбэлээд байна. Joan, Ray хоёр "Lisbon" гэдэг кино хийхээр болоод байсан ч Paramount зөвшөөрөөгүй улмаас төсөл цуцлагдаж, оронд Joan эрхийг нь аваад байсан Roy-ын романаар кино хийхээр болж, Ray ч найруулагчийн суудалд суухыг зөвшөөрчээ. Joan анх Emma-ын дүрд Bette Davis юмуу Barbara Stanwyck-ын аль нэгнийг тоглуулахыг хүссэн ч хэт өндөр цалинтай жүжигчид гэж үзээд больсон ба Ray жүжигчин Mercedes-г олж авчирчээ. Тухайн үед ихэнх хүмүүс Joan-тай хамтран ажиллахад амар буюу Joan үргэлж мэргэжлийн, эелдэг, хүлээцтэй байдаг гэж ярьдаг байсан бол уг киноны зураг авалтын эхнээс л Joan Mercedes хоёрын дунд асуудал үүссэн.
Найруулагч Ray анхандаа үүнийг кинонд нь хэрэгтэй гэж үзээд тоогоогүй ч байдал нэлээд хурцадмал болсон гэдэг. Шалтгаан нь гэвэл Joan Mercedes-ын нөхөртэй өмнө нь болздог байсан гэх, мөн Mercedes зураг авалтын үеэр Ray Joan хоёрын амрагийн харилцаанд дургүй байсанд гэж ярьдаг. Харин нөгөө талдаа Ray Mercedes-д "онцгой анхаарч" буй нь Joan-ын уурыг хүргэсэн гэж үздэг. Ямартай ч тухайн үед архинд автаад байсан Mercedes-ын байдал нөхцлийг улам муутгаж байсан гэдэг хожим тэрээр Joan-тай хамтран ажиллахад үнэхээр хэцүү байсныг хүлээн зөвшөөрдөг. Кино дууссаны дараа Mercedes болон Sterling Hayden нар олны өмнө Joan-д дургүйгээ ил тод зарлаж байсан ба Mercedes Joan-д хандан "Тэр бол харгис, архичин, муудсан өндөг" гэж хэлжээ. Харин Sterling "Намайг дахиад Joan-тай хамт кино хийлгэх тийм их мөнгө холливуудад байхгүй" гэж байв". Тэгвэл Joan Mercedes-д хандан "Би 4 хүүхэдтэй, 5 дахь хэрэггүй" хэмээжээ. Ray энэ талаар хожим яирхдаа; согтуу Joan Mercedes-ын хувцасуудыг гудмаар шидэлж байсан гэсэн буй. Joan үүнийг хожим хүлээн зөвшөөрөхдөө инээж байсан гэдэг.
Ray хэлж байна "Joan маш их ууж байсан, тэр хэрэлдэх дуртай байлаа. Гэвч тэр бол сэтгэл татам, төрөлхийн сайн хүн" гэж байв. Киноны талаарх анхны шүүмжүүд тийм ч эерэг байсангүй; хотыг бараг дүрсэлж гаргаагүйг буруутгаж, ердөө зугаатай кино гэж үзэгсэд байв. Мөн кино зохиолч дүрүүдийн харилцан яриа болон сэтгэл хөдлөлд хэт их оролцож, ерөнхийдөө бүгдийг харилцан яриагаар шийдвэрлэх гэж оролдсон гэж хатуу шүүмжилсэн. Дүрүүдэд гүн гүнзгий шинж байдаггүй, тиймээс анализ хийхэд бэрхшээлтэй гэж дүгнэгсэд ч байлаа. Харин New York Times жүжигчин Joan-ын гадаад төрхийг онцлоод, түүний шинжийг хурц хутга шиг бөгөөд романтик байхаар хориглогдсог эрслэн шиг гээд, цааш нь; Аризонагийн сцэн л үнэн, бусдаар бүтэлгүйтэл гэсэн байдаг аж. Сүүл үеийн буюу орчин үеийн шүүмжүүд уг киног магтаж, Вестерн шедевр гэж үзэхдээ Вестерн жанрын шилдэг киноны нэг, романс, үзэн ядалт, хүчирхийллийн холимог шинжээрээ хэний ч анхаарлыг татна гэжээ. Martin Scorsese эл бүтээлийн тухай "Америкийн орчин үеийн үзэгчид энэ киног ойлгоогүй болохоор шоолж юмуу үл тоомсорлож байсан" гэжээ.
Эсрэгээрээ Европын үзэгчид эл бүтээлийг; загварлаг, уламжлалт бус, хурц кино гэж хүлээж авсан байдаг. Францын аваргууд болох Jean-Luc Godard, Francois Truffaut нар эл бүтээлийн талаар шүүмж бичиж байсан ба Truffaut "Энэ бол Вестернүүдийн гоо үзэсгэлэн ба араатан юм" гээд мөн "энэ бол өнгөлөг, тодорхой сцэнүүдийн харилцан яриа нь яруу найраглага, театртичилсан хэтрүүлгээрээ сэтгэл хөдөлгөм юм" хэмээжээ. Испанийн кино мастер Pedro Almodovar "Women on the Edge of a Nervous Breakdown" киногоороо уг бүтээлд хүндэтгэл үзүүлсэн байдаг. Японы кино найруулагч Shinji Aoyama уг киног өөрийнхөө хамгийн дуртай киноны нэгээр нэрлээд; энэ бол миний хэзээ нэгэн цагт дахин шинэчлэн хийхийг хүсдэг цор ганц кино. Энэ бол миний хар дарсан зүүдтэй хамгийн ойр кино юм" гэжээ. Кино дээр Johnny "Би энд гадны хүн" гэж хэлдэг, энэ бол Ray-ын уриа байсан бөгөөд кинонуудад нь байнга давтагддаг сэдэв ажээ. Морьтой хүмүүс хүрхрээг нэвтрэн ордог хэсэгт морьдын нүдийг боохгүй бол морьд усны доогуур гарахгүй байсан тул морьдын нүдийг боож байжээ. Ray-ын уг Вестерн бол хамгийн өргөн төрлөөр халхлагдсан хамгийн илэрхий психосексуал мелодрамуудын нэг юм. Энэ кинонд бараг мөнгө зараагүй; киноны үйл явдал хотын гадна болоод уушийн газарт өрнөх ч үзэгчид хэзээ ч хотыг хардаггүй.
Гол дүр
Vienna уушийн газрын эзэн гэж гардаг ч түүний өрөө огт гардаггүй, тэр дээд
давхарын тагтан дээр байгаагаар ихэнхдээ хардаг ба яг л дотоод ариун сүмээсээ
гарч ирсэн мэт байдаг. Энэхүү бүтээлд тодорхойлсон байгаа нэг сэдэв бол
бисексуализм юм. Joan гитар хочит Johnny-д хайртай гэж байгаа ч түүнтэй 5 жил
уулзаагүй байдаг. Vienna чанга эрчүүдийг "охид" шиг болгодог буюу нэг
сцэн дээр уушийн газрын бармен Johnny-д хандан "Би хэзээ ч эрэгтэй хүнээс
илүү эмэгтэй хүнтэй учирч байгаагүй" гэж хэлдэг. Vienna-ын гол дайсан бол
мэдээж Emma бөгөөд Emma-ын хайртай эр Kid өөрийг нь үл тоож Vienna-д татагдаж
байгаа ч Emma нүдээ Vienna-гаас салгаад Kid-д руу шилжүүлж байгаа мөч бараг
байхгүй. Эрчүүдийн талаар юу хэлэх нь хамаагүй, энэ киноны бүхий л сексийн эрч
хүч дээрх хоёр хүүхний дунд л өрнөдөг. Emma бол энэ кинонд "малчдын
хаан" юм. Тэр ковбойчууд төдийгүй шерифийг даргалдаг ба үргэлж тэдний өмнө
байж сорилттой нүүр тулдаг. Тэр намхан, сул дорой ч үргэлж фронтын урд байдаг
ба Mercedes-ын жүжиглэлт бол кино урлаг дахь хамгийн зэвүүн, хорон эмэгтэй
дүрийн нэг юм. Харин Vienna голдуу тагтан дээрээс буюу бусдын дээрээс
зураглагдсан нь түүний эзэрхэг шинжийг илтгэнэ. Энэ киноноос өмнөх ямар ч
Вестерн кинонд эрэгтэй дүр ийм сул дорой байгаагүй болов уу?. Тиймээ, энэ бол
гоо үзэсгэлэн ба араатны түүх, гэхдээ хүүхнүүд нь араатан, харин эрчүүд нь гоо
үзэсгэлэнгүүд юм.
Comments
Post a Comment