Knife in the Water (1962). Дөч орчим насны эхнэр нөхөр хоёр амралтаа нууран дээр дарвуулт завиар зугаалж өнгөрүүлэхээр машинаар явж буйгаар кино маань эхэлнэ. Нөхрийг нь Andrzej гэдэг бол эхнэрийг нь Krystyna гэнэ. Тэдний замд нэгэн шар үстэй, залуухан эр дайгдахаар гар өргөн суух ба замдаа тэд дажгүй дотносно. Ингээд нууран дээр ирцгээхэд Andrzej үл таних эрийг хамт явахыг урихад үл таних эр зөвшөөрсөнөөр гурвуулаа болж авсан баатрууд маань завьт аяллаа эхлүүлнэ. Завин дээр үл таних эр завь жолоодох талаар огт мэдлэггүй нь тодорхой болох агаад Andrzej түүнд сургахаар болдог. Энэ хооронд Andrzej болон үл таних эр хоёрын хооронд Krystyna-ын анхаарлыг татах гэсэн далд өрсөлдөөн аажмаар хурцадмал болж ирнэ. Үл таних эр нэгэн хутга биедээ авч явах буюу хутгаа тун нандигнаж үзэх бөгөөд Andrzej үүнийг нь мэдээд хутгаар нь далимдуулж түүнийг шоглосноор киноны эргэлтийн цэг болдог.
Польшийн их кино найруулагч Roman Polanski-ын анхны бүрэн хэмжээний энэ кино сэтгэлзүйн триллер жанрынх ба Polanski кино зохиолоо хоёр ч хүнтэй хамтран бичжээ. Гол дүрүүдэд: Leon Niemczyk, Jolanta Umecka, Zygmunt Malanowicz нар тоглосон. Энэ бол Оскарын наадмын шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшсэн анхны Польш киноноос гадна нэрт найруулагчийн цор ганц Польш хэл дээрх кино юм. Polanski-ын анхны киног шүүмжлэгчид түүний шилдэг туурвилын нэгээр нэрлэдэг. Үйл явдал энгийн ч дүрүүдийн сэтгэл хөдлөл, үйлдлээс үүдэлтэй үр дагавар нь гүн гүнзгий байдаг. Polanski ёжтой харилцан яриа, хайр найргүй тэмтчих камерийн тусламжтайгаар айдас, доромжлол, сексийн түрэмгийллийн талаар сэтгэл түгшээсэн судалгаа хийсэн TSPDT сайтаас бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 903-р байрт жагсаж байгаа бол Польшийн бүх цаг үеийн хамгийн шилдэг кино жагсаалтын 4-р байрт эрэмбэлэгджээ. Кино судлаач Charles Derry: энэ кино триллер жанрын амладаг ердийн хүчирхийллийг дарж, мөн хүүрнэлийн хувьд эсрэгээр төгсдөг буюу гол дүр болох нөхөр ямар үйлдэлгүй зогсонги төлөвтэй байгаа нь триллер жанрын кинонуудаас ондоо юм гэжээ. Анх кино зохиолыг Польшийн Соёлын яам "нийгмийн үүрэг хариуцлагагүй" гэсэн шалтгаанаар дэмжээгүй. Polanski эх орондоо санхүүжилт авч чадаагүй тул үйл явдлыг Францад байхаар тохируулж дахин зассан ч тусыг эс олов. Ингээд хэд хэдэн засвар, соёлын яамны нийгмийн үүрэн хариуцлагатай байхад тааруулсан засвар хийсний эцэст кино болгохоор зөвшөөрөгджээ.
Кинонд ердөө гуравхан жүжигчин тоглосон; үл таних эрд болон Krystyna-д тоглосон жүжигчдийн хувьд өмнө нь огт кинонд тоглож байгаагүй хүмүүс байв. Усан дээрх хэсгийг Польшийн Масуриа нуурт авсан ба дарвуулт завин дээр зураг авахад хангалттай зай байгаагүй учир кино багийнханд хүндрэлтэй байсан гэдэг. Хожим Polanski холливуудад очиход киноны Америк хувилбар хийгдэх талаар яригдаж, гол дүрд нь Henry Fonda тоглоно гэж байсан ч Polanski татгалзсан буюу угаасаа сайн болсон бүтээлийг дахин хийх хэрэггүй гэж үзсэн байдаг. Кинонд ашигласан завь бол нацист намын гишүүн, Гитлерийн найз Херман Герингийн хуучны өмч гэсэн цуу яриа байдаг аж. Мөн энэ бүтээл найруулагчийн "Cul-de-sac" болон "Death and the Maiden" кинонуудыг хамтаар трилоги гэж явдаг. Бүх гурван кинонд, хосуудын амьдралд үл таних хүн орж ирснээр амьдрал нь орвонгоороо эргэдэг. Ташуу мөртлөө тасралтгүй сэтгэлзүйн хүчирхийллийн энэхүү бүтээл улс төрийн агуулгатай нихилизм ба хурц хэлбэртэй дүрслэлүүдээрээ нэр шигээ хэрвээ та их ойртол зүсч мэднэ. Andrzej яагаад үл таних эрийг хамт явахыг хүссэн бол түүний эхнэрийнхээ өмнө өөрийгөө бататгах гэсэн, өөр эртэй өөрийг нь жишиж хараасай гэсэн хүсэл юм. Эрчүүд өдөр шөнөгүй усан дээр хамт байхдаа хэн хэнийхээ дээр гарах гэж тэмцэж, аль алиныхаа эршүүд чанарыг үгүйсгэх замаар өөрийгөө батлахыг оролддог.
Жишээлбэл, Andrzej завины
талаарх мэдлэгээ гайхуулж, өөрийгөө ахмадаар өргөмжилдөг. Харин үл таних эр
хутгатайгаа хэр харьцдагаа гайхуулдаг. Үүний зэрэгцээ Krystyna тестостероны
хөөснөөс уйдаж эхэлдэг буюу эхлээд эрчүүдийн тэмцээний үзэж баясаж байгаад
сүүлдээ тэдний шагнал болоод зогсохгүй тоглоомд нь оролцож эхэлдэг. Хааяа
тохиох сэтгэл хөдлөлийн болон өнгөрсний түүхийг илтгэх гайхалтай харилцан яриа
байдаг ба киноны хөгжим, дүрслэл нь сэдэвчилсэн болон сэтгэл хөдлөлийн агуулгын
ихэнх хэсгийг илэрхийлэх үүрэгтэй байдаг. Завь нь эрх мэдэл, эрх ямба, эд
баялгийг бэлгэдэхийн сацуу тусгаарлагдсан, клаустрофоби мэдрэмжийг төрүүлэх
хэрэгсэл болдог. Дарвуулт завь, онгоц нь кино урлагт хэзээний л тодорхой үүрэг
гүйцэтгэж ирсэн. Байнга хөвөх завь нь өөрийн гэсэн утгатай, гүн гүнзгий нууцлаг
зүйлсээр дүүрэн байдаг тул бусад орчны адилаар бэлгэдлийн хувиар ашиглагдсаар
ирсэн. Энэ утгаараа кинонд завь нь дайсагнасан юмуу харь орчинд тусгаарлагдсан,
эсхүл клаустрофоби юмуу экзистенциал сэтгэлийн түгшүүрийг илэрхийлэх
хандлагатай байдаг.
Comments
Post a Comment