Dial M for Murder (1954) . Английн теннисчин
асан Tony үзэсгэлэнт эхнэр Margot нь Америкийн гэмт хэрэгт жанрын зохиолч
Mark-тай нууцаар явалддагийг олж мэдээд нууц амрагуудад мэдэгдэлгүй байж
байгаад эхнэрээ хөнөөчихөөд бүх өв хөрөнгөө ганцаараа эзэмших аймшигтай төлөвлөгөө
зохионо. Их сургуулийн найз Swann жижиг гарын гэмт хэрэгтэн болсныг мэдсэн Tony
төлөвлөгөөний дагуу гэртээ авчраад үнэнч бус эхнэрийнхээ бүх түүхийг ярьж өгнө.
Зургаан сарын өмнө Mark болон Margot хоёрын харилцсан захидал агуулагдаж байсан
гар цүнхийг Tony хулгайлж, энэ бүх хугацаанд нэрээ нууцлан эхнэрээ шантаажилж
байснаа мөн өгүүлдэг.
Tony заль гарган өнөөх захидал дээр Swann-ын хурууны
хэрээг үлдээж дөнгөх бөгөөд үүгээрээ миний өгөх мөнгийг аваад эхнэрийг минь ал,
эс бөгөөс эхнэрийг нь минь сүрдүүлэгч болж шоронд ор гэсэн сонголтыг Swann-д
тулгана. Swann угийн өөдгүй хүн учир мөнгийг аваад аллага үйлдэхээр шийднэ.
Ингээд Tony төлөвлөгөөгөө танилцуулна; маргааш орой Tony Mark-тай хамт үдэшлэгт
явж эхнэр нь гэртээ үлдэх бөгөөд Tony Margot-ын түлхүүрийг хулгайлаад, дараа нь
түлхүүрийг үүдний өрөөний ширдэг доогуур нууж, түүгээр нь Swann гэрт нь сэмхэн
орж ирэх аж. Дараа нь Tony үдэшлэг дээрээс гэр рүүгээ залгаж, Margot утсаа авах
мөчид Swann Margot-ыг алах ёстой буюу утасны дуудлага бол Tony-ын Swann-д өгөх
үхлийн дохио юм.
Эцэст нь Swann хулгайн сэдлээр байрт нэвтэрсэн гэж
харагдуулахын тулд гэрээс гарахдаа түлхүүрийг ширдэг доогуур буцааж хийх явдал
ба тэр цонхоор орж ирсэн байвал Tony огт сэжиглэгдэхгүй өнгөрнө гэж
тайлбарладаг. Маргааш орой боллоо. Margot унтаж байх хойгуур Swann
төлөвлөгөөний дагуу гэрт орж ирээд нуугдана. Tony залгахад Margot ч сэрж утсаа
автал Swann араас нь шилэн оймсоор боомилно, тэд ноцолдож байтал азаар
Margot-ын гарт хайч дайралдсанаар амь гарах буюу хайчаараа Swann-ыг бүлж
хөнөөнө. Утас тасраагүй, Tony харилцуурын ард сонссоор байсан ба гэнэт эхнэр нь
тусламж гуйхад гайхаж, маш их балмагддаг ч юунд ч битгий хүр, хэнтэй ч битгий
ярь гэж эхнэртээ хэлнэ. Tony гэртээ хүрч ирээд эхнэрээ өрөөнд нь оруулчихаад
Swann-ын халаасанд байсан түлхүүрийг авч эхнэрийнхээ гар цүнхэнд хийчихээд
цагдаа дуудах ба цагдаа ирэхээс өмнө хайрын захидлыг Swann-ын халаасанд хийж,
мөн Swann-ын аллагын шилэн оймсыг шатааж, ингэснээр Margot-ыг буруутан
болгохоор зохион байгуулна. Маргааш өглөө нь Tony эхнэртээ өөрийг нь очтол цагдаа дуудаж болохгүй гэснээ аргалан тайлбарлана.
Ахлах мөрдөгч Hubbard хүрэлцэн ирж эхнэр нөхрөөс асуултууд асуух ба хэд хэдэн зөрчил байгааг анзаарна. Hubbard Swann цонхоор биш хаалгаар орж ирснийг баримттайгаар нотлоход Tony зургаан сарын өмнө эхнэрийн цүнх алга болсон, энэ хулгайч аваад түлхүүрийг хуулбарлаад авсан байна гэж хэлнэ. Энэ бүх баримтаас Margot өөрийг нь шантаажилсны улмаас Swann-ыг алсан болж таарч баривчлагдаад зогсохгүй шүүхээс цаазын ял сонсоно. Хэдэн сарын дараа буюу Margot-ыг цаазлахын өмнөх өдөр Mark Tony дээр очиж, Margot-ыг аврахын тулд худлаа ч хамаагүй хэлдэг юмуу өөрийгөө золиослоод ч хамаагүй Margot-ын авраач гэж гуйна, Tony яаж, одоо ямар ч боломжгүй гэхэд Tony яг өөрийнх нь Swann-д ярьж байсантай адил төгс аллагын төлөвлөгөөг түүнд ярьж өгнө. Энэ үед Hubbard гэнэт хүрч ирэх бөгөөд Mark унтлагын өрөөнд амжиж нуугдана. Мөрдөгч Tony-д хандаж; дансыг чинь шалгахад ойрын үед та их хэмжээний мөнгө үрэх болсон нь тогтоогдсон агаад энэ их хэмжээний мөнгө хаанаас гарч ирснийг асууна. Энэ нь үнэндээ Tony-ын түлхүүр цувандаа байгаа эсэхийг шалгах гэж зориуд төөрөгдүүлсэн асуулт байв. Tony энэ талаар тайлбарлаж байхад унтлагын өрөөнд Mark бүх яриаг чагнах ба орон дээр дүүрэн мөнгөтэй цүнх байхыг олж хараад бүхнийг ойлгоно. Mark энэ үеэр гэнэт гарч ирээд мөнгөтэй цүнхийг үзүүлээд Tony алуурчин буюу энэ мөнгө бол Swann-д өгөх гэж байсан мөнгө гээд өөрийн онолоо мөрдөгчид тайлбарлана. Харин Tony энэ мөнгө бол Margot-ын Swann-д өгсөн шантаажны төлбөр байснаас гадна эхнэрээ хамгаалахын тулд мөнгийг нуун дарагдуулсан гэж мэдэгдэнэ. Hubbard түүний тайлбарыг хүлээн зөвшөөрөх байдалтайг харсан Mark ууртайгаар гарч одно. Харин мөрдөгч өөрийнхөө цувыг Tony-ынхтой сольчихно. Tony-ыг гэрээсээ гаруут мөрдөгч түлхүүрээр нь гэрт нь буцаж орох ба араас нь мөн Mark дагаж ордог.
Мөрдөгч Margot-ын цүнхэнд байсан түлхүүр бол Swann-ын өөрийнх нь гэрийн түлхүүр байсныг аль хэдийнээ олж мэдсэн бөгөөд Swann ширдэг доороос түлхүүрийг авч гэрт орсон ч Tony-ын хэлснээр тэр дороо түлхүүрийг ширдэг доогуур буцааж хийсэн гэж дүгнэжээ. Нэг үгээр мөрдөгч Tony Swann хоёрын дунд хуйвалдаан байгааг зөв сэжиглэж, Tony-г урхинд оруулахын тулд нарийн арга боловсруулжээ. Энгийн хувцастай цагдаа нар Margot-ыг шоронгоос гэрт нь авчирна. Тэрээр гар цүнх доторх түлхүүрээрээ гэрийнхэн хаалгыг онгойлгох гэж удаа дараа оролдож байхад Мөрдөгч болон Mark нар гэрт байж байх агаад Margot-ыг цэцэрлэгээр дамжин гэртээ орж ирэхэд мөрдөгч түүний гэм буруугүй болох нь нотлогдоно. Мөрдөгч цүнхтэй түлхүүрийг цагдаагийн газар руу яаралтай буцаалгах ба Tony эхнэрээ гэртээ ирснийг мэдээгүй байлаа. Tony эхнэрийнхээ түлхүүр хаалга онгойлгож чадахгүй байгаад гайхаж байснаа гэнэт Swann түлхүүрийг үүдний өрөөний ширдэг доогуур түлхүүрийг буцааж хийснийг ухаарч ойлгоод түлхүүрийг тэндээс аваад хаалгаа онгойлгоод ортол өөдөөс нь эхнэр нь, мөрдөгч бас Mark харж байдаг. Tony ингэж орж ирснээр өөрийгөө барьж өгч байгаа буюу хэрэв ширдэг доор байгаа түлхүүрийг санаагүй бол гэм зэмгүй үлдэх байлаа. Баригдсан Tony мөрдөгчид баяр хүргээд архи тайвнаар уудаг.
Аугаа Alfred Hitchcock-ын гэмт хэрэгт, триллер жанрын бүтээл
бөгөөд гол дүрүүдэд; Ray Milland, Grace Kelly, Robert Cummings, Anthony Dawson
болон John Williams нар тоглосон. Энэ бол Английн жүжгийн зохиолч Frederick
Knott-ын ижил нэрт жүжгийн зохиолоос сэдэвлэсэн, тайзны болоод дэлгэцийн аль
аль бүтээл нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээл. "I Confess"
киноныхоо дараа Hitchcock "The Bramble Bush" романыг кино болгохоор ажиллаж эхэлсэн ч
төсөв болоод кино зохиолд асуудал үүссэнээр төсөл хаагдсан ба Warner Bros түүнд
уг кино төслийг эхлүүлэх зөвшөөрлийг олгожээ. Swann болон мөрдөгчид тоглосон
Anthony Dawson, John Williams хоёр хоёулаа тайзны жүжигт мөн тоглосон байдаг.
Мэдээжээр Hitchcock-ын алдарт cameo энэ кинон дээр ч байдаг буюу киноны 13 дахь
минутад багш оюутнуудын хүлээн авалтын хар-цагаан гэрэл зурагт түүнийг ширээний
ард сууж буйг олж харна. Уг киног Hitchcock-ын техникийн ялалт гэж үздэг, мөн
олон сайн жүжигчид тоглосон ч хамгийн шилдэг нь бузар муухай төлөвлөгөөг
илрүүлдэг John Williams-ын тоглолтыг онцгойлон магтсан байдаг. Шүүмжлэгчдийн
дүгнэснээр киноны бүтцэд багагүй алдаа байдаг боловч Hitchcock жүжигчдийнхээ
ачаар болоод өөрийнхөө түгшүүрийн арга барилаар энэ бүхнийг нөхсөн аж. Хэрэв
кинод сул тал байвал тэр нь магадгүй үйл явдлын удаан, бараг бүхэлдээ харилцан
яриагаар үйл явдлаа хүүрнэж буй арга л ажээ.
Нягт, нарны хөгжилтэй уг
триллерийг Америкийн кино хүрээлэн хамгийн шилдэг 100 триллер киноныхоо 48-р
байрт, харин шилдэг 10 нууцлаг киноны 9--р байрт тус тус жагсаажээ. Hitchcock
утасны дуудлага авдаг хэсэгт Grace Kelly-д маш үнэтэй даашинз сонгоод байсан ч
Kelly ямар ч эмэгтэй хүн шөнө унтахдаа тийм үнэтэй юм өмсөхгүй гэж татгалзсан
байдаг ба дараагийн хамтарсан кинонуудад Kelly өөрөө хувцсаа сонгохоор
шийдвэрлэсэн байдаг. Гэхдээ Kelly-ын өмссөн хувцас кино эхлэхэд тод байдаг бол
үргэлжлэх тусам хар бараан өнгөтэй болдог билээ. Hitchcock анх Deborah Kerr,
William Holden, Gary Grant нартай хамтран ажиллахыг хүсч байсан ч Kerr, Holden
нарын хуваарь таараагүй бол Gary Grant-ыг эсрэг дүрд тоглоход зохимжгүй гэж
үзээд больжээ.
Comments
Post a Comment