Obsession (1943) . Хэрэн тэнүүчлэгч Gino замын дэргэдэх уушийн газрын эзэн Bragana гэгчийн автомашиныг засангаа толгой хорогдон хэд хонохоор болно. Bragana Giovanna хэмээх аятайхан эхнэртэй бөгөөд Gino сайхь эхнэртэй удаж төдсөнгүй янаглан амраглав. Хөгшин, бүдүүн нөхрийнх нь дэргэд Gino залуухан бас хүчирхэг байсан тул сэтгэл татагдахад ядах юмгүй байлаа. Giovanna мөнгөнөөс болж буюу ядуу амьдрахгүй гэж гахайтай суусан гэдгээ Gino-д хүлээнэ. Тэнэг Bragana юу ч мэдсэнгүй, харин ч бүр Gino-г сайн ажиллаж байна гээд хэсэг үлдэж ойр зуурын ажилд нь тусалъя гэхэд нь зөвшөөрнө. Gino хамт зугтаая гэж хүүхнийг байнга ятгах ба эцэст нь хамт зугтдаг ч Giovanna ингээд явчихвал тэнүүлчний амьдралаар амьдарна, амьдрал найдваргүй болно, муухай ч амин зуулгатай байя хэмээн сэтгэж уушийн газартаа буцсанаар Gino ганцаараа явахаар болдог. Gino галт тэргэнд нэгэн Испани залуутай танилцаж, нөхөрлөх буюу Испани залуу Gino-г тасалбаргүй баларч байхад нь аминд нь орно.
Гэмтэнгүүд Bragana үхчихвэл амьдрал цэцэглэнэ гэж бодсон нь эмрэгээрээ эргэх бөгөөд тэдний харилцаа эрс муудаж, Gino уушийн газарт амьдрах арга алга, хаашаа ч харсан Bragana харагдаад юмуу санагдаад байна гээд энэ газраа зараад зугтаая гэнэ. Харин Giovanna үлдэнэ гээд, хэрэв зугтвал хүмүүс жинхэнэ сэжиглэнэ гэж тас зөрнө. Энэ байдал тэднийг цаг минутаар холдуулна. Giovanna бизнесээ нэмэгдүүлэхийн төлөө том үдэшлэг зохион байгуулах ба үдэшлэг дээр Gino хуучны найз Испани эртэйгээ таарна. Найзууд эхлээд сүрхий уулздаг ч Испани залуу өөрийнх нь хүн амины хэргийг мэдсэн юм шиг санагдахад Gino найзтайгаа хэрэллэж, бүр гар зөрүүлдэг бөгөөд тэднийг нэгэн мөрдөгч салгадаг. Испани эр ямар ч үг хэлэлгүй Gino-г орхин явдаг. Giovanna-тай хамт байх нь ховордсон Gino Anita гэх Giovanna-аас илүү залуж бас хөөрхөн хүүхэнтэй өдрийг өнгөрүүлэх болно. Нэгэн өдөр Giovanna түүнд; Bragana амь насаы даатгалтай байсан байна, юу гэхээр хэрэв Bragana ослоор нас барвал эхнэр нь ихээхэн хэмжээний мөнгө авна гэсэн даатгалын компанийн гэрээ байгааг сая мэдлээ гэж хэлэхэд Gino аймшигтай уурлах бөгөөд өөрийг нь ашигласан, анхнаасаа мөнгөний төлөө нөхрөө алсан, одоо ингээд зам замаа хөөцгөөе гэнэ. Төд удалгүй Giovanna түүнийг шинэ амрагтайгаа хамт байхыг олж мэдээд; чи надтай хамт байхгүй бол би чамайг Bragana-г алсан гэж цагдаад мэдүүлнэ гэж сүрдүүлнэ. Gino хамаг үнэнээ Anita-д хэлж, Anita ч түүнийг ойлгон хүлээж авнэ. Гэтэл Bragana-ын үхлийг харсан хоёр гэрч ирснээр бүх хэрэг тодорхой болж, өнөөх мөрдөгч ажилдаа орно. Gino Anita-ын байрны гадаа цагдаа нар байхыг хараад Giovanna өөрийг нь барьж өгч гэж бодоод зугтаахад Anita түүнд чухал тус хүргэнэ. Gino уушийн газарт ууртай очиход Giovanna огт цагдаад очоогүй, би чамд одоо ч хайртай, бас жирэмсэн болсон гэж хэлэхэд Gino үнэнэд итгэхийн сацуу Giovanna-д хайртай гэдгээ ухаарна. Тэд амьдралаас шинээр босгохоор болж, цагдаа нараас зугтааж замд гарах агаад дэндүү хурдтай бас сандруу явж байсан тул осолд орж, тэр дороо Giovanna үхэж, Gino цагдаад баригдана.
Италийн домогт кино найруулагч Luchino Visconti-ын энэхүү дебют ажлыг Италийн неореализм хөдөлгөөний түүчээ болсон бүтээл гэж үзэгсэд олон байдаг кино зохиолыг James M. Cain-ын "The Postman Always Rings Twice" романаас сэдэвлэжээ. Тачаал, шунал, гэмшлийн тухай эл бүтээлийг неореалзимыг тодорхойлогч кино гэж үздэг ба Visconti баргар сексийн хүсэл тачаалыг жинхэнэ нуар жанрын талбар дээр тоглуулдаг бөгөөд TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 799-р байрт жагсаажээ. Фашист Италийн засгийн газрын цензур дор ажиллаж байсан Visconti зураг авалт эхлэхээс өмнө шахалт дарамттай учирсан байдаг. Тэрээр анх Италийн нөлөө бүхий реалист зохиолч Giovanna Vera-ын бүтээлийг кино болгохоор ажиллаж эхэлтэл тэр даруй фашист эрх баригчид хориглосон. Тэр үеэр Францын суут кино найруулагч Jean Renoir түүнд "The Postman Always Rings Twice" романыг сонирхож үзэхийг санал болгожээ. Visconti Миланы сэтгүүлээс шилж авсан хэдэн нөхдийн хамт киноныхоо дасан зохицлыг хийсэн бөгөөд тэдгээр хүмүүс нь хожмын неореалист хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. 1943 онд кино бүрэн бэлэн болж, нээлтээ хийсэн ч Германд эзлэгдээд байсан Италийн хэсэгт уг киног хориглосон ба фашистууд киног устгасан боловч найруулагч одоо үлдсэн бүх принтийг хадгалж авч үлдэж чаджээ. Дайны дараа уг кино олон нийтэд түгээхтэй холбоотойгоор илүү их асуудалтай тулгарсан. Дайны үед Visconti зохиогчийн эрх авч чадаагүй ба романы Америк хувилбартай холбоотойгоор 1976 он хүртэл Америкт зөвхөн кинонд дурлагчдын хүрээнд л алдартай байв.
Visconti бараг шахуу романы үйл явдлыг кинондоо хадгалсан. Тэрээр үйл явдлыг Италид болж буйгаар зохиож, бас Испани эр гэх мэт өөрчлөлтүүдийг хийсэн ч киног тодорхойлох онцлох болох амьдралын бодитой нүүр тулах сэдвийг хадгалж үлдсэн. Неореалист кино урлагийг хэрхэн тодорхойлох талаар маргаантай байдаг ч уг киноны хамгийн чухал аспект бол хурц тод реализм бөгөөд мөн киноны гол дүрүүдэд тоглосон Massimo Girotti, Clara Calamai нарын бишрэм тоглолт билээ. Неореализмын үндсэн сэдвийг зөгнөсөн нэг онцгой сцэн бол Giovanna гал тогооны өрөөндөө орж ирээд аяга шөл өөртөө аягалчихаад сонин уншиж байхдаа ядарсанаа дийлэхгүй гараа дэрлэн төөрөгдөл дундаа унтдаг хэсэг юм. Үүнтэй адил хэд хэдэн агшинд найруулагч үзэгчдэд дүрийнхээ амьдралын дадлыг илүү харуулахын тулд хурдыг удаашруулж, үүгээрээ дүрийнхээ гарлыг өгүүлдэг. Өөр нэг сцэн дээр уушийн газрын гурав хооллож байхад Bragana эхнэрийнхээ нууц амрагийн гарт үхсэн газрын эзний тухай ярьдаг; Visconti ийм аргаар үхлийг зөгнөж, киноны хурцадмал байдлын судалгааг дүрсэлдэг. Киноны ландшафт өөрөө реалист бөгөөд Visconti дүрүүдээ Италийн хөдөө нутагт байгаагаар бүтээхдээ ихээхэн анхаардаг ч энэ нь тийм ч романтик бус байдаг.
Бараг ихэнх кадр дунд
болон холоос авдаг бол зөвхөн сэтгэл хөдлөл ихтэй үед л ойрын кадр байдаг.
Дүрүүд хүрээлэн буй орчин болон эргэн тойрныхонтойгоо харьцаж буйгаар
дүрслэгддэг. Visconti зөвхөн нэг дүрийг ялгэварлахыг оронд бүгдийг нь бие
даасан байдалтайгаар харуулахдаа нэг хүрээнд бүх жүжигчин болоод тайз засал
бүхий ерөнхий санаагаа багтаахыг хүсдэг байв. Испани эрийн дүр бол номонд
байдаггүй ч кинонд байгаа чухал дүр юм. Испани эр бол Giovanna-ын уламжлалт
болон материаллаг амьдралын хэв маягаас ангижрах чадваргүй нь бэлгэдэл. Бодит,
боловсруулсан бусад дүрүүдийг бодвол Испани эр ерөнхийдөө бэлгэдлийн түвшинд
ажилладаг ба тэр Gino-ын хувьд нийгмийн дарамтаас чөлөөт амжилттай байгаа хүн болдог.
Gino, Giovanna нар өөрсдөдөө таарахгүй байгаа орон зайг эрэлхийлсээр байгаа
эмгэнэлт дүрүүд юм. Нийгмээс авсан хязгаарлагдмал үүрэг нь тэднийг аз жаргалд
ойртуулахгүй байна.
Comments
Post a Comment