Бурхны охин

 

 


The Passion of Joan of Arc (1928) . Данийн домогт кино найруулагч Carl Theodor Dreyer-ын Францад бүтээсэн түүхэн сэдэвт дуугүй кино. Жанна Д'Аркийн шүүх хурлын бодит бичлэгээс сэдэвлэсэн бөгөөд киног Жанна Д'Аркийн Англид олзлогдсон, дараа нь шүүхээр орж цаазлуулсан явдлыг хураангуйлан харуулжээ. Жанна Д'Аркийн дүрд Францын тайз, дэлгэцийн жүжигчин Renee Jeanne Falconetti тоглосон ба түүний дүр бүтээлтийг өнөөдөр шагшин магтдаг бол Dreyer-ын найруулга, кино продакшны ажлыг гайхамшигт тооцдог буюу энэ бол кино урлагийн түүхэн дэх хамгийн чухал киноны нэг юм. Гайхмаар хүчирхэг, ширүүн бөгөөд ноцтой эл дуугүй кино дэлгэцийн нүхэнд дүрэлзэх ба бараг ямар ч цаг үед хийгдэж болохуйц; техникийн хувьд сүржин зүйлгүй ч эсрэгээрээ кино урлагийн эхэн үеийн хязгаарыг давсан, энгийн хэлэмжтэй, арга барил нь хатуужлаар өдөөдгсөн шедевр. Кино Руэн шоронг бодитоор харуулахын тулд дундад зууны үеийн архитектурыг загварчилсан нэг асар том тайз засчээ. Эл бүтээл зураглаачийн ажил болон ойрын зураг авалтаараа алдартай. Найруулагч Dreyer жүжигчиддээ нүүр будалт хийхийг зөвшөөрдөггүй байсан бөгөөд гэрэлтүүлгийн аргаар жүжигчидээ илүү гаж харагдуулдаг байв. Кино нээлтээ хийхээс өмнө Францын үндсэрхэг үзэлтнүүд Францын хамгийн нэр хүндтэй түүхэн дүрийн нэгийг Дани хүн найруулж чадах эсэхэд эргэлзэж байсан тул багагүй маргаан дэгдээсэн. Мөн Парисын хамба лам болон засгийн газрын цензурын дарамтаас болж киноны эцсийн цомхтголын хувилбарыг хассан ба хэдэн арван жилийн турш Dreyer-ын эцсийн цомхтгосон хувилбарыг сэргээх оролдлого хийсэн янз бүрийн дахин завсарласан хувилбарууд гарсан. 1981 онд Норвегийн Осло хотын ойролцоо орших эмнэлэгээс Dreyer-ын эцсийн цомхтгосон хувилбарын принтийг олж дахин засварлажээ. "Master of the House" кино нь Данид амжилттай болсны дараа Франц улс Dreyer-г урьж, Мари Антуанетта, Кэтрин де Медичи, Жанна Д'Аркийн аль нэгний талаар кино хийгээч гэж санал болгосон агаад Dreyer-ын эцсийн шийдвэр нь Жанна Д'Арк байжээ. 1920 онд Ромын католик сүмээс гэгээнтэн гэж цоллуулж, Францын ивээн тэтгэгч гэгээнтнүүдийн нэг хэмээн нэрлэгдэж байсан Жанна Д'Аркийн түүхийг Dreyer жил хагасын хугацаанд судалсан бөгөөд түүний шүүх хурлын эх сурвалж дээр үндэслэн, 18 сарын турш хийсэн 29 удаагийн байцаалтыг ганц өдөр болгон хураангуйлан зохиол бичжээ. Joseph Delteil-ын 1925 онд бичсэн Жаннагийн тухай анти-конформист номыг продакшнд зориулж худалдаж авсан байдаг. Гэвч Delteil-ын номоос огт кинонд ашиглаагүй болов ч сайхь номыг эр сурвалж гэж үздэг. Dreyer нэгэн эссэндээ энэ киногоороо юунд хүрэхийг эрмэлзэж буйгаа ийнхүү илэрхийлсэн байдаг: "Би сүнс амьдралыг ялан дийлсэн дууллыг үзүүлэхийг хүссэн". 

Уг кино бол Renee Jeanne Falconetti-ын хоёрдахь бөгөөд сүүлчийн дэлгэцийн дүр бүтээлт байв. Falconetti үргэлж кино урлагаас илүү театрыг илүүд үздэг байсантай үүнийг холбож тайлбарлах нь бий. Гэвч тэрээр энэ кинонд тоглосон даруй кино урлагийн түүхэнд домоглог статустай болсон. Dreyer түүний тоглолтыг үзэхээр театрын тайзны ард очсон гэдэг, эхлээд бүсгүйн тоглолт найруулагчид сэтгэгдэл төрүүлээгүй ч хоёрдахь удаагаа үзсэнийхээ дараа Dreyer "Түүнээс ямар нэгэн зүйлийг гаргаж авч болохыг би мэдэрсэн; тэр өгч чадна, тиймээс би авч чадна гэж мэдэрсэн. Учир нь нүүр будалт, пооз, орчин үеийн гял цал төрхийн цаана ямар нэгэн онцгой юм байсан. Тэр гадаргууны цаана сүнс байсан" гэж хэлж байв. Dreyer Falconetti-гаас ямар ч нүүр будалтгүйгээр сонгон шалгаруултад орохыг хүссэн ба шалгаруулалтын үеэр Dreyer хүсэж байсан хөдөөний, тун үнэнчээс гадна зовж буй эмэгтэй төрхийг олж харжээ. Ингээд тэрээр Falconetti-д киноныхоо талаар нэгд нэгэнгүй ярьснаар тэр тоглохыг зөвшөөрсөн ба Falconetti битүүхэндээ үсээ тайруулахгүй юмсан гэж айж байсан гэдэг. Алдарт Jean Renoir түүний тоглолтыг өндрөөр үнэлээд "тэр халзан толгой Жанна Д'Аркийн бүхэл бүтэн туульсын хийсвэрлэл байсан, одоо ч хэвээр байна" гэжээ. Дарангуй найруулагч гэдгээрээ алдартай Dreyer Falconetti-д хатуу ширүүн ханддаг байсан гэдэг. Dreyer Falconetti-ын тоглох сэтгэд хөдөлгөм юмуу чухал сцэний үед киноны талбайг хүнгүй болгож, анхаарал сарниулах зүйлсийг холдуулж, төвлөрөх боломжийг олгодог байж. Dreyer Falconetti-д өөрийгөө тайлбарлах гэж зүдэрдэг байсан бөгөөд хурдан уурлаж, тэр дороо тайвширдаг байж. Dreyer "найруулагч хүн өөрийнхөө тайлбарыг жүжигчдэд тулгахаас болгоомжлох хэрэгтэй, учир нь жүжигчин хүн тушаалаар үнэн бөгөөд цэвэр сэтгэл хөдлөлийг бүтээж чадахгүй. Хүн мэдрэмжийг хүчээр гаргаж чадахгүй. Энэ нь цаанаасаа үүсэх ёстой, үүнийг л гаргах нь найруулагчийн ажил" гэж хэлжээ. Кино шүүмжлэгч Roger Ebert "Falconetti-ын хувьд энэ тоглолт маш хүнд сорилт байлаа. Домог болсон яриагаар Dreyer түүнийг чулуун шалан дээр хүчээр өвдөглүүлээд нүүрэн дээрх бүх илэрхийллийг нь арилгасан гэдэг ба ингэснээр үзэгчид дарлагдсан юмуу дотоод өвдөлтийг харах болно. Dreyer эвлүүлгийн өрөөнд түүний нүүрний хувиралд яг таг тохирох нюансыг олж чадна гэж найдсан учир нэг л кадрыг ахин дахин авч байсан" гэж бичжээ. 

Уг киноны зураг авалт нь жүжигчдийн нүүр царайг эрс байдлаар онцолж зурагласнаараа уламжлалт бус байв. Dreyer киноныхоо ихэнх хэсэгт ойрын зураг авалтыг ашигласан; "асуултууд байсан, хариулт ч байсан - энэ нь маш богино, тун тод... асуулт бүрийн хариулт нь, мэдээжээр ойрын зураг авалт байсан... нэмж хэлэхэд, ойрын зураг авалтын үр дүнд үзэгч Жанна шиг цочирдож, асуултуудыг хүлээн авч, тарчлалыг мэдэрч байсан" хэмээн Dreyer хожим ярьжээ. Тэрээр жүжигчиддээ нүүр будалт хийхийг зөвшөөрдөггүй байсан нь тэдний нүүрний илэрхийлэмжээр түүхийг өгүүлдэг арга барилтай холбоотой юм. Dreyer голдуу санваартнууд болон Жаннагийн бусад байцаагч нарыг их тодотгогчтой гэрэлд зурагласан бол Жаннаг зөөлөн, жигд гэрэлд авсан байдаг. Кинонд зураглаачаар ажилласан Rudolph Mate-ын их тодотгогчтой зураг авалт нь мөн дүрүүдийн нүүрэн дээрх хаван, мэнгэ зэрэг тааламжгүй зүйлсийг нарийвчлан харуулах боломжийг олгодог. Мөн Dreyer Жаннаг дарамтлагчдыг илүү аймшигтай, муухайгаар харуулахын тулд олон удаа нам өнцгөөс зурагласан ба ингэхийн тулд зураг авалтын талбайд нүх ухаж камераа байршуулж байжээ. Кино анх нээлтээ хийгээд шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг авч, тэр даруй шедевр гэж нэрлэгдсэн. Гэхдээ санхүүгийн хувьд бүрэн сүйрсэн агаад Societe Generale кино компани Dreyer-тэй хийсэн гэрээгээ цуцалсан. Dreyer католик шашинтай үзэгчдийг гомдоохгүйн тулд киног нь зэрэмдэглэсэн гэж Société Generale-г гэрээгээ зөрчсөн гэж буруутгаж шүүхэд өгчээ. Шүүх хурал 1931 он хүртэл үргэлжилж, энэ хугацаанд Dreyer өөр кино хийж чадаагүй байдаг. Ромын цэргүүдийн Христийг элэглэн, тарчлааж байсантай адилаар Английн цэргүүд Жаннаг доромжлон, зовоож буйг харуулсан гэж Их Британид уг киног хориглож байв. Мөн Парисын хамба шүүмжлэлттэй хандаж, өөрчлөлт хийхийг шаардаж байжээ. Кино шүүмжлэгч Pauline Kael "Falconetti-ын дүр бүтээлт кино урлагт тохиосон хамгийн шилдэг тоглолт байж магадгүй" гэж магтсан байхад Roger Ebert "Та Falconetti-ын нүүр царайг мэддэггүй бол дуугүй киноны түүхийг мэдэх боломжгүй" гэжээ. Paul Shrader Жаннагийн эсрэг хуйвалдааныг бий болгосон Жаннагийн ертөнцийн архитектурыг магтсан; "түүнийг тамлагчдын нүүр царай шиг хаалга, танхим, тавилга гээд бүгд түүн рүү довтолж байдаг" гэжээ. Энэ бол "хэцүү" гэгддэг бүх аугаа киноны нэгэн адилаар ертөнцийг шинээр босгосон бүтээл юм. Магтаал үргэлж байсангүй, зарим шүүмжлэгчид киноны алдаа дутагдлыг олж илрүүлсэн. Variety сэтгүүл киног "үхмээр уйтгартай" гэсэн байхад Paul Rotha "кино урлагийн хөгжлийн түүхэн дэх гайхалтай бүтээлүүдийн нэг боловч киноны жинхэнэ шинж чанарыг бүрэн харуулсангүй" гэж байв. 2002 онд Үндэсний кино шүүмжлэгчдийн нийгэмлэгээс гаргасан бүх цаг үеийн хамгийн чухал 100 кино жагсаалтын 69-р байрт эл кино маань нэрлэгдсэн бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 18-р байрт эрэмбэлээд буй. Харин Sight & Sound сэтгүүлийн шилдэг арван кино жагсаалтад таван удаа нэрлэгдсэн бөгөөд Premiere сэтгүүл Falconetti-ын тоглолтыг бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 дүр бүтээлтийн 26-р байрт нэрлэжээ.

Comments