Альфредо, Олмо хоёр

 


1900 (1976) . Өгүүлэх нь, 1945 оны 4-р сарын 25нд Итали улс фашистуудаас чөлөөлөгдсөн өдрөөр эхэлнэ. Эмилиа-Романья мужийн тариачид партизануудтай нэгдэн газрын эзэн Alfredo Berlinghier-г баривчлахаар оролдож байх агаад дунд эргэм насны Attila гэх эрийг болон Regina гэх мөн хүүхнийг тариачин хүүхнүүд зугтаж байхад нь довтлон дайрч барьж авна. Киноны хүүрнэл эндээс зууны эхэн үе руу ухарна; 1901 оны 1-р сарын 27нд суут хөгжмийн зохиолч Giuseppe Verdi нас бардаг өдөр хөрөнгөтөн газрын эзний ач болон Alfredo мэндлэх бөгөөд түүнтэй яг зэрэгцэн хэд хэдэн хүний хүүхдийг төрүүлсэн гэрлээгүй хүүхнээс Olmo төрнө. Хөвгүүд нэг өдөр нэг цагт төрсөн ч нэг нь эзэн, нөгөөх нь тариачин буюу хамжлага нь болох нийгмийн эрс тэрс ялгаатай хувь заяатай байв. Бяцхан Alfredo үеэл эгч Regina-тай хамт өснө, харин Olmo-ын өвөө Leo бол тариачдын ахлах, олонд хүндлэгдсэн, нэн ялангуяа Alfredo-ын өвөөтэй ач тач үзэлцдэг шударга нэгэн байв. Alfredo тэрслүү, гэр бүлийнхээ худал хуурмагт жигшдэг нэгэн болсоор байдаг ба хүчирхийлэгч, увайгүй эцэг Giovanni-ын санал, хүслийн эсрэг байж өдрөөс өдөрт социалист болсоор буй Olmo-той нөхөрлөн, насны найзууд болж хамтдаа тоглон өсч байлаа. Энэ үед Leo ферм дэх шударга бус байдлыг эсэргүүцсэн ажил хаялтыг удирддаг. Хөвгүүд нийгмийн, гэр бүлийн ялгааг үл харгалзаж, гэр бүлээсээ ч илүү хамтдаа ихэнх цагийг өнгөрүүлнэ. 1917 онд Olmo дэлхийн нэгдүгээр дайнд явах бол Alfredo эцгийнхээ удирдлага дор гэр бүлийнхээ эдлэн газрыг хэрхэн удирдахад суралцаж гэртээ үлдэнэ. Olmo дайн дууссаны дараа эргэн ирэх бөгөөд залуусын нөхөрлөл бат бөх хэвээр үргэлжилнэ. Olmo эзгүйд Alfredo-ын өвөө амиа хорлосноор Giovanni гэр бүл хийгээд эдлэнгийн эзэн буюу падрон болж, ахлагчаар Attila хэмээх залууг томилсон байв. 

Giovanni-ын адилаар фашизмд автсан Attila тариачдтай харгис, хүнлэг бусаар харьцаж, эдлэнд фашист дэглэм тогтоож, Regina-г өөртөө эгнэгт уясан байв. Дайнаас хойш хэдэн жил өнгөрч, Olmo-ын социалист үзэл улам бэхжсэн байх ба тэрээр өөртэйгөө адилхан хүсэл тэмүүлэлтэй багш хүүхэн Anita-тай дотносно. Тэд хамтдаа газрын эздийн эсрэг хэд хэдэн тэмцлийг удирдана. Giovanni нас барж, Alfredo шинэ падрон болж, ичимхий, дэгжин Ada гэх Франц хүүхэнтэй гэрлэнэ. Шинэ падрон маань сул дорой удирдагч гэдгээ харуулж фашистуудын өмнө хүслээ дарж, толгой бөхийн явах болов. Ada үүнийг харж гутрахын сацуу ер нь ямар ч утгагүй гэрлэлт болсныг ойлгоод аажмаар архинд автаж эхэлнэ. Энэ зуур Olmo-ын эхнэр төрөхийн хүндрэлээр нас барах агаад үхэхдээ өөр шигээ социалист охин үлдээгээд явна, аав нь охиноо ээжийнх нь нэрээр нэрийдэх бөлгөө. Залуу Anita охин аавынхаа итгэл үнэмшлийг дэмждэг авхаалжтай нэгэн болж өснө. Olmo одоо талийгаач өвөөгийнхөө орыг залгасан ажилчин, тариачдын эрх ашгийн төлөө тэмцэгч болж, Attila-тай олонтаа тулалдаж, жинхэнэ хонь чоно болцгооно. Attila-ын фашист хандлага хэрээс хэтэрч, сүүлдээ сэтгэцийн өвчтэй болсныг Alfredo Ada хоёрын хуримын үеэр бяцхан хүүг хөнөөж, дараа нь нэгэн хатагтайн аминд хүрч байгаагаас харагдана. Olmo-оор удирдуулсан тариачид Attila-тай ан мана үзэлцдэг ч тариачид ялагдсанаар Attila Olmo-г боол шиг худалдахыг оролддог. Хэдийгээр Olmo үхлээс зугтаж чаддаг боловч Attila түүний гэр орныг сүйтгэж, тариачдыг хорихын хорьж, алахын ална. Alfredo түүнийг халдаг ч Ada аль хэдийнээ нөхрөө орхисон байна. 1945 онд дэлхийн хоёрдугаар дайн дуусан эрх мэдэл солигдон тариачид энх тайвантай золгосноор энэхүү кино маань өндөрлөж байна. Attila, Regina хоёр баригдаж, Attila тоо томшгүй гэмт хэргийнхээ төлөө үхлийн ял сонсдог. 

Olmo буцаж ирэхэд тариачид Alfredo-г шүүхээр завдаж байлаа. Олон ажилчин тариачид Alfredo-г фашизмыг дэмжээгүй боловч  өөрсдийнх нь хүнд хүчир хөдөлмөрөөс ашиг хүртэж байсан хэмээн буруутган цаазын ял онооно. Olmo хуучин падрон үхсэн, хуучин систем нурсан, Alfredo энэ бүхэнд буруугүй гэж найзыгаа амьд үлдээж чаддаг. Энэ үед коммунист намынхныг багтаасан шинэ засгийн газрын төлөөлөгчид ирж тариачдын зэвсэгийг хураалга гэхэд Alfredo "падрон амьд" гэж хэлдэг буюу энэ нь анги хоорондын тэмцэл үргэлжлэхийг харуулж байна. Италийн нэрт кино найруулагч Bernardo Bertolucci-ын найруулсан туульсын, түүхэн драм. Гол дүрүүдэд; Robert De Niro, Gérard Depardieu, Dominique Sanda, Alida Valli, Sterling Hayden, Burt Lancaster болон Donald Sutherland зэрэг алдартнууд тоглосон. Киноны эх хувилбар 317 минут үргэлжилдэг буюу энэ бол хамгийн урт хугацаатай арилжааны киноны нэг юм. Киноны хэмжээнээс болж улс орнуудад хоёр бүлэг болгон гаргаж байсан ба Америк зэрэг зарим оронд нэлээд богиносгосон хувилбараар гарч байжээ. Уг аугаа туульсын бүтээл олны хэмжээнээсээ хамаарч олны анхааралд төдийлөн хүрч чадаагүй бол өнөөдөр култ классик хэмээгдэж, TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 389-р байрт жагсаагаад байна. Bertolucci-ын бүдүүлэг ч энгийн хэлэмжтэй уг киноны түүхэн зохиомж тун сайн уран сайхны үзэгдлүүдтэй бөгөөд түүний өмнөх кинонуудтай харьцуулвал илүү уламжлалт хэлбэртэй хэдий ч 20-р зууныг тоймлосон эл зурагт самбар нь найруулагчийн урт замналын яг төвд оршино. Federica Fellini-ээс хойших хамгийн шилдэг Итали найруулагч гэгдэж байсан Bertolucci уг туульсын киноноосоо өмнө "The Conformist" болон "Last Tango in Paris" гэсэн замналынхаа шилдэг кинонуудыг хийчихээд байсан учраас шүүмжлэгчид тухайн үед энэ бүтээлийг асар хүлээлтэн дунд хүлээж авсан ч тэр болгон сэтгэлд нь хүрээгүй байдаг. Харин зарим нь уг киног Stravinsky-ын "Rite of Spring" бүтээлтэй харьцуулсан буюу хамгийн чухал уран сайхны үйл явдал гэж дүгнэж байсан ба Bertolucci бол кинондоо чөлөөтэй ханддаг шигээ сонгосон жүжигчдэдээ ч эрх чөлөөтэй ажиллах боломж олгодог. Кино Verdi-ын үхлээр эхэлдэг тодорхойгүй боловч баян, ядуу хөвгүүдийн хамтдаа мэлхий барьж буй, галт тэрэгний зам дээр тоглож буй хэсгүүд өөрийн эрхгүй "Хаклберри Финн" романыг санагдуулна. Кино ерөнхийдөө гэрлэлт ба төрөлт, үхэл ба аллага, өрсөлдөгч ба хууралт, хулгай болон хүслээр дүүрэн байдаг. Bertolucci-ын камер үргэлж хөдөлж, эргэлдэх ба гоёмсог найруулгаас өөр нэг гоёмсог тавилт руу гулсаж байдаг агаад уг бүтээл агуулгаасаа гадна үнэхээр гоо сайхантай; Bertolucci замбараагүй хүүрнэлээр үзэгчдийн нүдийг хужирлана. Мөн Bertolucci гайхалтай мизасцэнч гэдгээ уг киногоороо батлах ба киноны гаднах орчинд авсан сцэнүүд маш гоё. Туульсын киноны давуу тал хугацаандаа байдаг; туульсын кино мэдээж урт, гэхдээ урт үргэлжлэх хугацааг ухаалгаар, зөв тохируулах гэдэг өөр асуудал, жишээлбэл "Загалмайлсан эцэг" кино урт ч өө сэвгүй байдаг бол уг киноны ганц алдаа нь дэндүү урт хэмжээтэйнх болов уу. Жүжигчин Donald Sutherland өөрийнхөө садист фашистын дүрийг хожим хараад тун их бухимдсан гэдэг ба олон жил энэ киног үзэж чадахгүй явжээ. Киногоо анх зургаан ангиас бүрдэх телевизийн цуврал байхаар Bertolucci төлөвлөж байсан ч кино нь улс төр, нийгмийн асуудлыг өргөнөөр хөндөж байсан болохоор бүрэн хэмжээний кино болгохоор шийджээ. Анзаарвал, кино дөрвөн улирлаас үндэслэсэн байдаг; хөвгүүд зун танилцдаг, харин насанд хүрсэн хойноо уулзахад намар болж байдаг бол фашистууд засгийн эрхэнд гарахад өвөл болж байдаг ба дэлхийн хоёрдугаар дайн дуусахад хавар болсон байдаг билээ.

Comments