Сэрээд кофе үнэрлэ

 

 


Ferris Bueller's Day Off (1986) . Хамгийн шилдэг өсвөр насныханд зориулсан комеди киноны нэгтэй танилцая. Америкийн кино найруулагч John Hughes Чикаго хотод хотод зориулсан хайрын захидал гэж тодорхойлдог "Би аль чадахаараа л Чикагогийн бүх зүйлсийг энэ кинондоо буулгахыг хичээсэн. Хотын зөвхөн байшин барилга, ландшафтыг ч биш мөн чанарыг нь дэлгэцнээ буулгахыг хүссэн" гэж хэлсэн буй. John Hughes киноныхоо зохиолыг бичсэнээс гадна мөн продюсерлэсэн бөгөөд кино тухайн оныхоо хамгийн их ашиг олсон 10 киноны нэг болсон. Киноны гол дүрүүдэд: Matthew Broderick, Mia Sara, Alan Ruck, Jeffrey Jones болон Jennifer Grey нар тоглосон. Өсвөр насныхны тухай өөр нэгэн гайхалтай "The Breakfast Club" кинондоо Hughes өсвөр насны уур хилэнг төвийг сахисан реализмаар хөрөглөдөг бол уг бүтээлд гол дүр Ferris үзэгчид руу хандах мөчид бид реализм үгүй болж байгааг мэднэ. Ferris болон түүний адал явдлууд өсвөр насныхны мөрөөдлийн тунхаг ба энэ кинонд хэн бүхний эчнээн танил өсвөр насныхны мөрөөдөл байгаагаас гадна кинонд сайхан сэтгэлийг чухалчилж буйг мартаж болохгүй. Киноны үйл явдал товчхондоо; ахлах сургуулийн сурагч, сэргэлэн нь дэндсэн Ferris өвчтэй дүр эсгэн хичээлээ таслаад хамгийн сайн найз болон найз охины хамтаар бүтэн өдрийг Чикагогаар зугаалан өнгөрүүлнэ. Ferris өөрийн дотоод бодлыг "дөрөв дэх ханыг" нураах аргачлалаар хүүрнэнэ. 

Дөрөв дэх хана гэдэг бол жүжигчдийг үзэгчдээс тусгаарласан төсөөллийн үл үзэгдэгч хана ба жүжигчид шууд үзэгчид руу хандаж тоглож эхлэхийг хана нураах арга буюу жүжиглэх арга барил гэдэг. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 751-р байрт эрэмбэлээд байгаа бол Bravo сэтгүүл хамгийн инээдтэй 100 кино жагсаалтынхаа 54-р байрт, Entertainment Weekly харин их сургуулийн тухай шилдэг 50 кино жагсаалтадаа тус тус багтаажээ. Hughes кино зохиолоо бичихийн хажуугаар уг үйл явцаа тэмдэглэлийн дэвтэртээ давхар тэмдэглэдэг байж.Hughes ерөнхий төслөө Paramount кино компанид танилцуулахад тэд таатай хүлээж авсанаар кино төсөл амжилттай батлагджээ. Hughes бараг л транс байдалтайгаар кино зохиолоо долоо хоног хүрэхгүй хугацаанд бичсэн гэдэг бөгөөд киноны анхны цомхтгосон хувилбар 2 цаг 45 минутын хугацаатай болсон. Киноны үйл явдлыг хэсэгчилсэн бөгөөд нэг өдрийн дотор болж байгаагаар эцсийн байдлаар засварлажээ. Hughes үйл явдлын өрнөлд гэхээсээ илүүтэй дүрд анхааран төвлөрөхийг зорьсон; тэрээр "кино хэрхэн эхэлж, хэрхэн төгсдөгийг би мэднэ. 

Харин үлдсэнийг нь би огт мэдэхгүй, энэ тийм ч чухал биш. Гол нь үйл явдал чухал биш, тухайн үйл явдлыг туулж буй дүр чухал. Тиймээс би үүнийг аль болох дүүрэн, бодитоор хийсэн. Энэ удаад, эргэн тойрныхоо бүх хүнийг, бүх зүйлсийг зохицуулж чадах дүр бүтээхийг хүссэн" гэжээ. Ferris Bueller-ын дүрийг бүтээхэд улс төрч Edward McNally-аас санаа авсан гэдэг цуурхал байдаг ба McNally Hughes нар нэг гудманд өссөн, тэд "Buehler" хэмээх сайн найзтай байсан бөгөөд киноны Ferris Bueller-ээс ялгаатай нь тэрээр сургуулиа 9 биш 27 өдөр тасалж байжээ. Hughes зохиолоо бичихдээ л гол дүрдээ Broderick-г төсөөлж байсан гэдэг, түүнийхээр Broderick л хүссэн дүрийг нь гаргаж чадна гэж итгэж байв. "Хэрвээ Broderick биш бол 15 настай Jimmy Stewart чадах байсан" гэж хэлж байв. Jim Carrey, Johnny Depp, Tom Cruise нарын нэрс мөн Ferris-ын дүрд яригджээ. Sara сонгоэ шалгаруулалтын үеэр Hughes-ын гайхшруулсан байдаг; Hughes түүнийг хөгжилтэй байсан гээд 17 настай охины дүрд арай ахимаг насны бүсгүй тоглуулахыг хүсч байтал Sara тэр үед 18 настай байсан ч ур чадварынхаа ачаар Sloane-ын дүрийг авчээ. Жүжигчин Molly Ringwald мөн Sloane-ын дүрийг хүсч байсан ч Hughes энэ дүр чамд жижигдэнэ гэж хэлээд зөвшөөрөөгүй байдаг аж. Ferris-ын найз Cameron-ын дүрд тоглосон Ruck өмнө нь Hughes-ын алдарт "The Breakfast Club" тоглох гээд чадаагүй агаад Hughes Ruck-ын дүрийг их сургуулийнхаа найзаас сэдэвлэсэн: "тэр үнэхээр төөрөлдсөн хүн байсан. 

Гэр бүлийнхэн нь түүнийг тоодоггүй байсан учраас тэр өөрийгөө эрхлүүлэхийг өөртөө зөвшөөрсөн" гэж найруулагч хэлж байна. Анхандаа Cameron-ын дүрийг Emilio Estevez-д санал болгоход тэр татгалзсанаар энэ дүр Ruck-д ирсэн багөөд үүнийх нь төлөө Emilio-г би харах болгондоо үнсмээр санагддаг гэж Ruck хэлсэн байдаг. Ruck тухайн үед 29 настай байсан тул 10 насны ялгааг хэрхэн гаргана даа гэж зовж байснаа нуудаггүй. Гэсэн ч хичээл зүтгэл нь түүний бүтээсэн дүрийг магадгүй киноны хамгийн чухал дүр болгожээ. Захирал дүрд тоглосон Jones-г өмнө нь "Amadeus" кинонд эзэн хааны дүрд тоглож байсан тэр дүрээс нь ерөнхийд нь үндэслэн бүтээсэн буюу Hughes-ын хүслээр илүү орчин үежүүлжээ. "Миний дүр үнэндээ жижигхэн дүр байсан, гэхдээ кино дээр Ferris-ыг сөрөн зогсох ганц дүр гэдгээрээ бас чухалд тооцогдож байсан" гэж Jones хожим эргэн дурссан байдаг ба Jones найруулагчтайгаа ярилцаж, зөвлөлдөж байсны үр дүнд захирлын дүрийг илүү том бас чухал болгож чадсан байдаг. 

Киног үзэгчид болон шүүмжлэгчид өндрөөр хүлээж авсан. Roger Ebert уг киног удаан хугацаанд гэм зэмгүй байгаа кинонуудын нэг гээд зөөлөн, халуун сэтгэлтэй комеди гэж магтсан байдаг. Харин Richard Roeper өөрийнхөө хамгийн дуртай киноны нэгээр нэрлээд дахин дахин үзэх хүчин зүйлийг агуулсан цөөн киноны нэг гэж бичсэн бөгөөд мөн цааш нь, энэ кино бол амиа хорлохоос сэргийлэх тухай кино юмуу ядахдаа л нэг залуу найздаа өөрийгөө үнэлж сурахад тусалж буй тухай өгөөжтэй кино гэжээ.. Ferris Cameron-д бүх ертөнцийг харуулахыг эрхэм зорилгоо болгосон, Cameron-ын амьдрал зүгээр л түүний хажужгаар өнгөрч байгаа агаад сэрээд үүнийг ертөнцийг тэврэн авах аваас амьдрал үнэхээр сайхан болно гэж Ferris сургамжилдаг билээ.

 Консерватив улс төрч George Will эл бүтээлийг кинонуудын кино, киноны ерөнхий мөн чанарт хамгийн үнэнч кино гэж хэлсэн бол эссэ бичигч Steve Almond миний өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй ухаалаг өсвөр насныхны тухай кино гээд нэмж Hughes олон сайн кино хийж байсан ч энэ бол түүний хийсэн цорын ганц жинхэнэ урлагийн бүтээл буюу өсвөр насныхны эрх чөлөөг хүчтэй илэрхийлэхийн сацуу энэ насан дэарх зовлонг бодитоор харуулсан гэж онцолжээ. Мөн тэрээр Ruck-ын дүр киног өргөж, орчин үеийн ёгт үлгэр гэдэг санааг мэдрэх боломжийг олгодог учир жүжгийн Ruck Оскараас шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртэх эрхтэй гэж бичиж байжээ. New York Times тэгвэл Sloane-ын дүрийг Hughes-ын бусад кино шиг өсвөр насныхныг нарийвчилан дүрсэлэлт байхгүй гээд кинонд өсөж том болж байгаа хоёр дүр нь Ruck нөгөө нь Ferris-ын эгч Jeannie ба өөрийгөө өрөвдөгч Grey-ын тоглолт хамгийн бодитой нь юм гэжээ. National Review сэтгүүл энэ киноноос илүү Америкийн энгийн эрх чөлөөг илэрхийлсэн кино байхгүй гэж киноны эрх чөлөөг магтсан дуулсныг онцлон сайшаажээ.

 Гэхдээ киног дандаа магтагсад байсангүй, мөн сөргөөр шүүмжлэгчид бас байсан ба муулагчдын ихэнх нь киног "шалтгаангүй босогчдын" хедонизмтой холбож байв. New York Magazine кионог Рейганизмын шунахай, сул дорой талыг харуулсан ой гутам гэж дүгнэсэн байх жишээтэй. Хоромхон зуурын таашаалдаа хөтлөгдсөн, хоромхон зуурын агшины төлөө амьдрагсдыг өөгшүүлсэн кино гэж зарим шүүмжлэгчид хатуу зэмлэсэн нь бас бий. Эрдэмтэд киноны академиг болон залуусын соёлын дүрслэлийн талаар маш их маргаан өрнүүлсэн байдаг. Тухайлбал, багш нар өсвөр насныхны зугаа цэнгэлд саад болж буй цорын ганц функц болж байна. Ер нь бол багш нар ч биш насанд хүрэгчдийг кинонд чадамжгүй бөгөөд холбоогүй байдлаар тодорхойлдог. Ferris-ын дайсан, сургуулийн захирал Rooney сурагч Feriis-г барих гэсэн хүсэлдээ автсан, түүний энэ солиорол атаархлаас үүдэлтэй. Ferris түүнд байхгүй эрх мэдэл, төсөөллийг эзэмшсэн нь Rooney-д бараг үлгэр дуурайл болж байна. Захирал сурагчаа барьж авбал сурагчийнхаа бусдад үзүүлэх нөлөөг сулруулна гэж найддаг буюу ингэснээр Rooney уламжлалт захирах ёсыг сэргээнэ гэж боддог.

 Шүүмжлэгчид захирлын дүрийг комедийн чухал дүр бөгөөд түүний Ferris-г хүмүүжүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого киног инээдмийн болгох гол эх үндэс гэж үздэг. Үнэндээ уг кино нь хэтрүүлсэн хошигнол, бодитой ямар ч аюул занал байдаггүй билээ. Насанд хүрэгчид юмуу одууд киноны гол дүр биш бөгөөд энэ киноны нэг онцлох зүйл бол сүпер баатар юмуу баян байгаад алдартай байхгүйгээр хэрхэн алдартнууд байж болохыг ххаруулсан кино юм. Ferris шал тэнэг юмуу сод ухаантан биш, харин асуудлаасаа суралцсан авъяастан юмаа. Кино продакшны дараа Hughes, Broderick нар холбоотой байж киноны үргэлжлэлийг хийх талаар бодож байжээ. Үргэлжлэлд, Ferris коллежид орох юмуу ажилд орж байгаа талаар яригдаж байсан ч аль нь ч хэрэгжээгүй. Үнэндээ тэд аль нь ч шинэ бас сэтгэл хөдөлгөм санаа олж чадаагүй гэдэг бөгөөд Ferris-ын амьдрал бол амьдралд ганцхан удаа, тэгэхдээ агшин зуур, яг аянга шиг цахилах мөч буюу үүнд үргэлжлэл байхгүй ч хүн бүхэнд урдуураа өнгөрөх амьдралыг зогсоогоод ганц хором кофены үнэр үнэрлэх мөч юм.

Comments