Reds (1981) . 1915 он, Америкийн нэгдсэн улс, гэрлэсэн, либерал үзэлтэй сэтгүүлч Louise Bryant Портланд хотод радикал сэтгүүлч John Reed гэгчтэй анх танилцаад Reed-ын идеализмыг шөнөжин сонсоод сэтгэл алдрахтай зэрэгцэн кино маань эхэлнэ. Reed-ын улс төрийн бодол, идеалист хандлага Louise-д аажмаар нэвчиж, бухимдуулсан амьдралаасаа зугтаах ганц арга зам бол бичих гэдгийг ухаарна. Ингээд, Louise нөхрөө хаяад Reed-г дагаж зохиолчдын хот Нью-Йорк руу нүүдэг бөгөөд тэд тэнд янз бүрийн зохиолч, уран бүтээлчидтэй танилцсаны дотор жүжгийн зохиолч Eugene O'Neill болон Emma Goldman зэрэг улс төрийн идэвхтэнгүүд хийгээд социалистуудтай нэгдэнэ. Зохиолч хосууд дараа нь Массачусетс муж руу нүүж, орон нутгийн театрт ажилладаг. Энэ үед Louise феминист, радикал үзэлтэн болсноо зохиолоороо нотлох бол Reed Америкийн коммунист хөдөлмөрийн намын үйл хэрэгт улам ихээр оролцох болно. Дэлхийг өөрчлөх хүсэлдээ автсан тэрээр тайван сууж чадахаа больж, 1916 оны Ардчилсан намын үндэсний чуулганыг сурвалжлахаар Сент-Луис руу явдаг. Reed-ын эзгүйд Louise Eugene-тэй явалдаж эхэлдэг бөгөөд Reed эргэж ирээд тэдний явдлыг мэдсэн ч Louise-г хайрласаар байхын сацуу гэрлэх санал тавьж, тэд нууцаар хуримлаж, Нью-Йорк руу буцаж очдог. Гэсэн хэдий ч тэдний хүсэл эрмэлзлэл зөрчилдөхөөс гадна өнгөрсөний амрагийн асуудлууд хамт байхад нь чөдөр болж ирнэ.
Киноны гол дүрүүдэд; Warren Beatty өөрөө болон Jack Nicholson, Diane Keaton нар тоглосон ба John Reed гэгч бол сэтгүүлч, яруу найрагч, Америкийн коммунист байсан ба Кремлийн хананд оршуулагдсан цор ганц Америк хүн юм. Тэгвэл Louise Bryant гэдэг нь Америкийн феминист, Оросын хувьсгалыг сурвалжилсан алдартай сэтгүүлч бүсгүй байжээ. Кино Оскарын наадмаас 3 шагнал авсан ба Beatty шилдэг найруулагч болсон бол киноны зураглаачаар ажилласан Vittorio Storaro шилдэг зураглаачийн шагнал хүртсэн байдаг. Америкийн кино хүрээлэнгээс уг киног туульсын жанрын хамгийн шилдэг 10 киноны 9-р байрт шалгаруулсан байхад TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 980-р байрт эрэмбэлжээ. Энэ кино бол 3 цаг орчмын уртад санаа, сэдэв хийгээд дүрүүдээ сайтар боловсруулсан гүн гүнзгий, ухаалаг кино ба Оросын хувьсгал, Америкийн ажилчдын хөдөлгөөн, дэлхийн дайн зэргийг зөвхөн харуулаад зогсохгүй хувь хүний сонголт, сэтгэл хөдлөлийг түүхэн үйл явдалтай холбосон жинхэнэ туульсын бүтээл юм. Beatty 1960-аад оны дунд үеэс John Reed-ын түүхийг олж уншсанаасаа хойш энэ түүхээр кино хийхийг бодсоор явсан гэдэг. Ингээд тэрээр 1969 онд кино зохиол бичсэн ч процесс зогссон; 1973 онд ЗХУ-ын нэрт найруулагч Сергей Бондарчук "Red Bell" киноныхоо Reed-ын дүрд Beatty-г тоглооч хэмээн урьсан ч Beatty татгалзаад ЗХУ-ын киноноос илүү гарахуйц кино хийхээр хатуу шийдсэн гэдэг. 1976 онд Beatty Trevor Griffiths-тэй кино зохиол дээрээ хамтран ажиллаж эхэлсэн ч Trevor-ын эхнэр ослоор нас барснаар кино зохиол 1978 он гэхэд л бүрэн бэлэн болжээ. Тэгсэн ч гэсэн Beatty кино зохиолдоо сэтгэл ханахгүй байсан болохоор Robert Towne зэрэг алдартай кино зохиолчдоос тусламж хүссэн байдаг. "Heaven Can Wait" ба "Bonnie and Clyde" гэсэн кинонуудад жүжиглэнгээ найруулах юмуу продюсерлэх нь маш хэцүү болохыг мэдэрсэн Beatty энэ кинондоо давхар ажил хийхгүй гэж зорьж байсан ч эцэстээ өөрөө гол дүрд тоглож, мөн найруулагчаар ажиллахаар шийдсэн.
Jack Nicholson Eugene O'Neill-ын дүрд тоглоход хөгшдөж бас
саяхан Stanley Kubrick-ын "The Shining" кинонд тоглоод бие махбодийн
хувьд "муу" байсан боловч тэрээр энэ дүрийг үнэхээр хүсч байсан тул 4
сарын дотор өөрийгөө бэлэн болгожээ. Кино нээлтээ хийгээд улс төрийн сэдэв
хийгээд Beatty-ын хязгаарлагдмал сурталчилгааны улмаас ашиг тааруу олсон ч яван
чангарч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээг мөн сонссон билээ. Beatty хожим киногоо
жаахан л мөнгө олсон гэж хэлсэн байдаг. Гэхдээ уг киног Ерөнхийлөгч Ronald
Reagan цагийн ордонд үзүүлсэн байдаг. Зарим шүүмжлэгчид киног уйдаахгүй ч
үргэлжийн бухимдуулж, эцэст нь урам хугалдаг гэсэн байхад мөн зарим нь
Louise-ын чадвар болон амжилтыг хэт дөвийлгөсөн, гол баатрын коммунист улс
төрийг зориуд бүрхэгдүүлсэн гэж дүгнэж байжээ. Jacobin сэтгүүл "хувьсгалын
улс төрийн хамгийн аугаа бөгөөд итгэл үнэмшилтэй киноны нэг" гээд цааш нь
Beatty, Keaton хоёрын тоглолтыг магтжээ. Энэ бол нэг талдаа John Reed хэмээх
хувьсгалын дунд байхдаа өөрийгөө бүтээсэн сэтгүүлчийн түүх юм. Нөгөө талд улс
төр, нэн ялангуяа Америкийн коммунистуудын түүх буюу Америкт социалист ажилчид
хэрхэн хуралдаж, үзэл бодлынхоо төлөө тэмцэж байсныг харуулсан цөөхөн киноны
нэг юм. Мэдээж мөн холливуудын уламжлалт романтик туульсын шинж болох хайрын
түүхийг мартаж болохгүй ба эл бүтээл тогтвортой оюун ухаан, бадрангуй
романтизмаар дүүрэн байдаг. Кино дээр Jack Nicholson-ын Diane Keaton-д өгдөг
шүлэг үнэхээр жинхэнээсээ бичсэн шүлэг байжээ. Beatty уг киногоороо Оскарын
наадмын түүхэнд шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч, шилдэг эх зохиол
төрөлд нэр дэвшсэн ердөө 3 хүний нэг болсон ба нөгөө хоёр нь бол Woody Allen,
Orson Welles нар ажээ.
Comments
Post a Comment