It Happened One Night (1934) . Эрх танхи Ellie аав Andews-тэйгээ ширүүн маргасны эцэст гэрээсээ оргож байгаагаар кино маань эхэлнэ. Ellie саяхан King гэдэг залуутай гэрлэсэн бөгөөд энэ залуу нь өөрөөс нь дамжиж охинд нь ирэх их хэмжээний мөнгөнөөс болж охинтой нь гэрлэсэн болохыг олж мэдсэн Andews гэрлэлтийг нь цуцлуулахаар охинтойгоо хэрэлдэж байсан нь тэр юм. Үнэхээр ч тэр King гэгч нь олиггүй этгээд ажгуу. Ellie нөхөртэйгөө нэгдэхээр Нью Йорк руу Greyhound автобусаар гарна. Автобусанд тэрэар саяхан ажлаасаа халагдсан сонины сурвалжлагч Peter-тэй танилцах ба энэ Peter бол царайлаг, жаахан балгах дуртай, бузгай сэргэлэн залуу юм. Удсан ч үгүй Peter хүүхний нэр сонин дээр гарсан байхыг, бүр олж өгсөн хүнд арван мянган доллар өгнө гэсэн байхыг хараад ийм сонголт өгнө; хэрэв Ellie түүнд сонинд бичих шуугиантай түүхийг ярьж өгвөл тэр түүнийг нөхөртэйгөө эргэн уулзахад нь тусалъя гэнэ. Учир нь Ellie зугтахдаа бараг хоосон гарсан бас баян айлын эрх охин учир газар мэдэхгүй байлаа. Ellie мэдээж зөвшөөрнө, хэрэв үгүй гэвэл Peter түүнийг аавд нь хүргэж өгөх нь тодорхой байлаа. Ингээд тэдний адал явдал эхэлнэ, жишээлбэл, мөнгөгүй болчихоод замын машинд дайгдахын тулд Ellie банзалынхаа хормойг сөхөж машин зогсоож чаддаг, энэ бол киноны хамгийн алдартай сцэн билээ. Олон бүтэлгүйтэл, өлсгөлөн шөнө тэднийг бие биедээ хайртай болоход хангалттай байлаа.
Аяллын төгсгөлд Ellie Peter-д хайртай гэдгээ хүлээн зөвшөарөх ч Peter тухайн мөчид эргэлзээд хүүхэнд татгалздаг. Бодол нь өөрчлөгдсөн Peter шөнө мөнгө олж хүүхэнтэй гэрлэхээр түүнийг буудалд орхиод явчихна, энэ үеэр буудлын эзэд Ellie-г сэрээгээд хамт байсан залуу чинь явчихлха, одоо чи мөнгөө төл гэхэд Ellie-ын хувьд аянга ниргэх лугаа адил болно. Гомдож бас уурласан Ellie аав руугаа залгахад цөхөрч гүйцээд байсан аав нь дуун дээр нь хүссэн хүнтэйгээ суу гэж бууж өгдөг. Энэ хооронд Peter үзэж туулсан түүхээ редактортоо ярьж мөнгө олж байлаа. Үнэндээ Ellie King-д хайргүйгээ ухаарч, Peter-тэй байхыг хүссэн ч нөгөө Peter нь өөрийнх нь шагналын мөнгөнд явчихлаа гэж байж ядсандаа нөхөртөө эргэж очих ба King-тэйгээ албан ёсны хоёрдахь хуримаа хийхээ зарлана. Хуримын өдөр Ellie бүх түүхээ аавдаа ярина. Мөн Peter шагналын мөнгөө авахаар Andews-тэй уулзах бөгөөд Peter шагналын мөнгийг бус харин зөвхөн машины шатахуунаас бусад зардал болсон 39 долларыг л шаардаж авна. Andrews үүнд гайхаж бас түүнийг үнэлэх бөгөөд чи миний охинд хайртай юу гэж асуухад эхэндээ үгүй гэж байсан Peter эцэстээ хайртайгаа хүлээн зөвшөөрдөг. Andrews сонссон бүхнээ охиндоо хэлээд хэрэв чи хуримаасаа зугтаахыг хүсвэл зугтаарай, машин арын хаалган дээр байгаа шүү гэж хэлдэг. Хуримын эцсийн мөчид Ellie зугтдаг ба киноны төгсгөлийг ухаалаг уншигч бодоод олчихно гэж итгэж байна.
Итали гаралтай Америкийн домогт кино найруулагч Frank Capra-ын энэхүү романтик комедийг хамгийн анхны ойворгон комеди гэж үздэг. Киноны зохиолыг Robert Riskin 1933 онд бичигдсэн Samuel Hopkins Adams-ын "Night Bus" богино өгүүллэгээс сэдэвлэн бичжээ. Гол дүрүүдэд домогт Clark Gable, Claudette Colbert нар тоглосон. Харилцан ярианы мөр болгон нь нарийн тооцоотой, гол дүрүүдийн хоорондох сүнслэг шинж нь бишрэм бөгөөд Америкийн их хямралыг суурь дэвсгэр болгосон уг кино нь шедевр гэхээсээ илүү түүхэн ач холбогдол ихтэй байж магадгүй ба ямар ч хүн уг кинонд амархан дурлана. Мөн уг кино Оскарын кино наадмаас гол 5 шагнал буюу шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол болон шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрийн шагнал авсан 3 киноны анхных нь ба Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг романтик инээдмийн кино жагсаалтынхаа 3-р байрт эрэмбэлсэн бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 329-р байрт жагсаагаад байна. Gable, Colbert хоёрын аль аль нь анхны сонголт байгаагүй гэдэг, Miriam Hopkins Ellie-ын дүрээс татгалзсан бол Robert Montgomery, Myrna Loy нар гол дүрүүдийг санал болгосон ч мөн татгалзжээ.
Энэ жагсаалт Margaret Sullavan, Bette Davis, Carole Lombard нарын оддоор үргэлжлэх бөгөөд янз бүрийн шалтгаанаар эдгээр жүжигчид Ellie-д тоглохоос нүүр буруулжээ. Продюсер Harry Cohn анх Colbert-г санал болгоход Colbert татгалзсан байдаг, учир нь тэрээр 1927 онд Capra-ын кинонд тоглосон ч кино нь дампуурсан гашуун туршлага хатгаад байж. Эцэст нь, авах мөнгөө хоёр дахин нэмүүлж байж тоглохоор болсон байдаг. Colbert ер нь зураг авалтын турш ууртай, ааштай байсан гэдэг бөгөөд машинд дайгдахын тулд банзалаа сөхдөг хэсгийг эмэгтэй хүнд зохихгүй гээд тоглохгүй гэж байж. Ингээд энэ хэсгийг орлон тоглогчоор авах болтол гэнэт Colbert уурлаж; наад орлон тоглогчоо зайлуул, би өөрөө хийнэ, наадах чинь миний хөл биш гэснээр энэ хэсэг авагдсан ба Capra хожим энэ хэсэг тун сайн болсон гэж үнэлдэг. Кино зохиолд болон ер нь кинонд Colbert ганцаараа дургүй байсангүй Gable мөн дургүй байсан гэдэг (тиймээс ч Robert Riskin кино зохиолыг дахин бичсэн). Цуу яриагаар бол Gable-г өөрийнхөө студид тоглохоос татгалзсаны шийтгэл болгож тухайн үед жижиг студид байсан Columbia Pictures-д зээлсэн гэдэг ч уг цуу яриаг хожим олон талаар няцаасан байдаг.
MGM студид Gable-д зориулсан төсөл байгаагүй учир өндөр цалингийн хоосон өгөхгүй нь тул өөр студид зээлсэн гэдэг. Capra ч түүнийг маш дурамжхан энэ кинонд тоглосон гэж хэлсэн бий. Зураг авалт дууссаны дараа Colbert найздаа; би дөнгөж сая дэлхийн хамгийн муу кинонд тоглочихлоо гэж хэлж байж. Мөн Columbia Pictures студид уг кинондоо хүлээлт өгөөгүй нь зар сурталчилгаандаа хойрго хандсанаас харж болох ч хожим уг кино нь студийн хамгийн их ашиг орлого олсон киноны нэг болсон байдаг. The New York Times "хурц харилцан яриа, харьцангуй хязгаарлагдмал үзэгдлийн хэсгээр адислагдсан маш сайн уран зохиол" гээд цааш нь Colbert-ын тоглолтыг амьд, сонирхолтой гэсэн бол Gable-г маш сайн гэжээ. Variety сэтгүүд "хүчтэй өрнөл үгүй ч жүжиглэлт, диалоги, найруулга, нөхцөл байдлыг тун сайн зохицуулж гаргаж ирсэн" гэжээ. Харин Film Daily. "Амьд, хурдтай, хангалттай хөгжилтэй бас дэгжин байдал нь төгс" хэмээжээ. 1935 онд тоглосон киногоороо Оскарт нэр дэвшсэнийхээ дараа Colbert ялахгүй гэж бодоод наадамд ч оролцохгүй аялалд явахаар төлөвлөж байсан бөгөөд түүнийг ялагчаар тодруулахад Harry Cohn хүчээр ч хамаагүй түүнийг зогсоо гэж хүн явуулж байж.
Уг киноны романтик комеди жанрт үзүүлсэн нөлөө үлэмж их байдаг;
1945 болон 1956 онуудад уг киног өөр нэртэйгээр дахин хийсэн байдаг байхад
Энэтхэгт доод тал нь 5 дуураймал бий. Киноны нийгэмд үзүүлсэн нөлөө бас их;
жишээлбэл, кино дээр Gable унтахын өмнө цээж нүцгэн гардаг, үүнээс болж улс
даяар эрчүүдийн дотуур цамцны борлуулалт багассан гэдэг яриа бий. Мөн кино дээр
гарах Greyhound автобус нь хүмүүсийн аялах хүслийг өдөөсөн гэдэг. Хүүхэлдэйн
киноны зураач Friz Freleng уг кинонд дуртай байсан ба Bugs Bunny хүүхэлдэйн
дүрээ энэ киноноос санаа авсан гэж үздэг бөгөөд кинон дээр Gable-г
"Doc" гэж дууддагаас гадна Gable түүхий лууван иддэг хэсэг байдаг
билээ. Gable Оскарын шилдэг гол дүрийн шагналаа өөрийг нь шүтдэг хүүхдэд
бэлэглэсэн байдаг, энэ талаараа "баримлыг хадгалах нь биш ялах нь
чухал" гэж хэлжээ. Gable-г нас барсны дараа тэр хүүхэд шагналыг Gable-ын
гэр бүлд буцааж өгчээ.
Comments
Post a Comment