Ганцаардаж болдоггүй нас

 


An Autumn Afternoon (1962) . 1962 он. Токио хот. Тэтгэвэрт гарах дөхсөн Hirayama 21 настай хүү Kazuo болон 24 настай охин Michiko хоёрын хамтаар амьдрах агаад том хүү Koichi нь эхнэртэй болоод тусдаа гарсан. Хүүхдүүдийн ээж, Hirayama-ын эхнэр хэзээ нас барсан нь тодорхой гардаггүй ч дайны төгсгөл хэрд нас барсан болов уу гэмээр таамгийг кино өгнө. Том хүү Koichi гэрлэсэн даруй эхнэрийн хамт орон сууцанд амьдрах болсон бөгөөд Michiko дүү, аавыгаа харж хандан гэр орны бүхий л ажлыг хийж, Hirayama ч охиноо ингэж л байх ёстой гэсэн байдлаар амьдарна. Hirayama дунд сургуулийн таван найзын хамтаар "Залуу нарс" хэмээх ресторанд тогтмол цуглаж ууж идэнгээ яриа хөөрөө дэлгэнэ. Тэд хуучин цагаа дурсаж, бие биенээ цаашлуулахын сацуу хэн хэндээ санаа тавина. Нэгэн удаагийн цугларалт дээр тэдний хөгшин багш хүрэлцэн ирж нэлээн балгана. Энэ үед бид Hirayama-г Японы эзэн хааны тэнгисийн академид суралцсан, 1945 он хүртэл тэнгисийн цэргийн офицер байсныг олж мэднэ. Багш тасарч унаснаар Hirayama нэгэн найзын хамтаар гэрт нь хүргэж өгөх бөгөөд багш нь охинтойгоо хямдхан гоймонгийн мухлаг ажиллуулан ядруухан аж төрж буйг хараад өрөвдөнө. Багшийн охин нь гэртээ өтөлсөн хүүхэн харваас нөхөрт гарах ганц боломжоо эгнэгт алдаад эцэгтэйгээ тэнд хадагдсан нь илэрхий байна. Шавь нар багшийгаа өрөвдөн мөнгө цуглуулан өгөхөөр болж, мөнгийг Hirayama хүргэж өгөх бөгөөд багшийнхаа гоймонгийн мухлагт дайны үед түүний дор ажиллаж байсан бага офицер, одоо машины засварын газар ажиллуулагч Sakamoto гэгчтэй таарна. Бага офицер хуучны ахмадаа архиар дайлъя хэмээн нэгэн бааранд орж хуучны цагаа баахан дурсацгаана. Энэ үед Hirayama баарны эзэн хүүхэн нас барсан эхнэртэй нь тун төстэй болохыг анзаарна. Koichi хөргөгч авмаар байна гэж хэлээд мөнгө зээлнэ, гэхдээ үнэндээ мөнгөний тал нь шахуу түүний хобби болоод байгаа гольфын цохиурт зориулагдахаар төлөвлөгдсөн буюу түүний найз Miura хуучны сайн цохиур олж өгье гэж. Kōichi-ын эхнэр нөхрийнхөө тансаглалд дургүйцэж, хэрэв чи гольфын цохиур авбал би үнэтэй цүнх авна гэж барьцдаг ч эцэстээ хүүхэн нөхөртөө бууж өгдөг. Багш шавь нартайгаа дахин уулзахдаа мөн л ихээхэн согтох бөгөөд эхнэр нь нас барсны дараа охиноо хүнтэй суулгах боломж гартал өөрийгөө бодож, өөрийгөө асран халамжлуулахын тулд гэрлэлтийг зөвшөөрөөгүйгээс болж одоо охин нь хөгшин хүүхэн болж гэртээ үлдсэнд өөрийгөө уучлахгүйгээр үргэлж буруутгаж явдаг гэж ярина. 

Энэ яриа Hirayama-ын сэтгэл хүчтэй буух агаад гэртээ харьсан хойноо охиноо бушуухан нөхөрт гаргая хэмээн бодно. Hirayama энэ талаар том хүүтэйгээ ярихад Koichi охин дүү нь найз Miura-д нь талтай гэдгийг хэлнэ. Гэвч харамсалтай нь, Miura аль хэдийнээ сүй тавьчихсан байв. Аав хүү хоёр энэ мэдээг Michiko-д хэлэхэд хүүхэн тайван мэт хүлээж авсан ч өрөөндөө ороод чимээгүйхэн уйлдаг. Hirayama-ын ангийн найз охиныг нь аятай залуутай танилцуулъя гэж хэлэх бөгөөд Hirayama үүнийг охиндоо дуулгахад Michiko ч хүлээн авдаг. Дараагийн сцэнд Michiko хуримын уламжлалт ёслолын кимоно өмссөн сууж байнэ. Тэр гэрлэхийг зөвшөөрсөн боловч бид дэлгэцнээс түүний нөхөр болох хүнийг огт олж хардаггүй. Хуримын дараа Hirayama найзуудтайгаа бааранд орж нэлээн ууж согтоод гэртээ ирэхэд түүнийг Kazuo хүлээж байна. Төгсгөлийн сцэнд Hirayama "ганцаархнаа?" гэж хэлдэг. Японы аугаа кино найруулагч Yasujiro Ozu-ын энэхүү драм түүний сүүлчийн кино бөгөөд кино нээлтээ хийснээс жилийн дараа 60 нас хүрдэг жилдээ нас барсан байдаг. "Цурхайн амт" хэмээх уг киног Ozu-ын шилдэг ажлын нэг гэж үздэг. Кино зохиол дээр Ozu-тай олон жил хамтран ажилласан Kogo Noda мөн ажилласан. Хэдийгээр киноны үйл явдлын төв Hirayama-г тойрон эргэлддэг ч киноны ихэнх хэсэг бусад дүрүүдийг хамаардаг агаад тэдний өдөр тутмын амьдралын өсөлт, бууралтыг бараг л товчилсон цуврал хэлбэрээр үзүүлдэг. Төвлөрөлт хийгээд тодорхой зорилгогүй шахуу уг кино анхандаа таатай бус санагдах ч гэр бүлийн өдөр тутмын амьдралыг уламжлалт драматик байдлаар хүүрнэхээс зайлсхийсэн нь найруулагч кино хэлний хязгаарлагдмал мэдрэмжээс хол давсан мэт ертөнцийг бидэнд төрүүлнэ. 

Киноны турш камер огт хөдөлдөггүйгээрээ Ozu-ын ихэнх кинотой адилхан. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 288-р байрт жагсаагаад байна. Найруулагч Ozu-ын талаар та хэдий чинээ ихийг мэдэх тусам түүний намуухан гадаргууны дор хичнээн гүн гүнзгий өгүүлэмж байдгийг ухаарах ба энэ кино бол түүнийг таних гол бүтээлийн нэг билээ. Ozu хэзээ ч гэрлэж байсангүй, тэр 60 хүртлээ ээжтэйгээ хамт амьдарсан агаад ээжийгээ нас барсны дараа удалгүй нас барсан. Түүний бараг бүх кино ганцаардал, гэр бүл, хараат байдал, гэрлэлт болон эцэг эх, хүүхдүүдийн тухай сэдвийг хөнддөг. Ozu эдгээр сэдвүүдийг гэрэл гэгээтэй байлгаж чаддагаас гадна тэдгээрийн призм нь кино болохдоо өөр өөр хэлбэртэй байдаг. Түүний кинонууд бүгд өөрийнх нь амьдралын сэтгэл хөдлөлийн хүрээнд бүтээгдсэн байдаг бөгөөд ингэхдээ мелодраматик баясгалан юмуу эмгэнэлт явдлыг бус харин гашуун амтлаг трансцендент шинжийг шингээж өгдөг. Ozu бол хүний мөн чанарын талаар гүн гүнзгий ойлголттой хүн бөгөөд энэ талаараа ямар ч сүржин мэдэгдэл хийдэггүй. Би энд байна, би сайн сайхны хүсч байна, би аз жаргалтай байх болно гэж найдаж байна, бид ганцаардалдаа түгжигдсэн ба амьдрал үргэлжилсээр л байх болно. 

Тэр энэхүү философио кино урлагт тун өвөрмөцөөр тусгаж өгсөн болохоор Ozu-ын киног ганцхан кадраас нь л таньж болдог. Түүний камер татами дэсвэр дээр сууж буй хүний харааны түвшинд байдаг ба камер хэзээ ч хөдөлдөггүй (мөн ихэнх кино нь байшин дотор өрнөдөг). Түүний кадр голдуу хэн нэгэн хүн хүрээнд (камерийн) орохоос өмнө эхэлж, хүрээ дахин хоосон болсны дараа дуусдаг. Ингэхдээ кадр дотор байгаа эд зүйлсэд маш ихээр анхаарал хандуулдаг. Уг кино бол 1958-1962 оны хооронд түүний бүтээсэн 6 өнгөт киноны нэг бөгөөд кинондоо үзэгчийн харааг илүү гүн рүү татахын тулд улаан өнгийг онцгойлон ашигладаг. Мөн бараг бүх кадрын урд, ард болон дундын зайд улаан юмуу улбар шар өнгийн эд зүйлс байдаг. Хэрвээ та Ozu-д хайртай бол энэ киноны гол дүрд жүжигчин Chishu Ryu тоглосныг түвэггүй таана. Ryu бол бараг Ozu-ын бүх кинонд тоглосон нэгэн билээ. Ozu-ын кинонд Ryu биеэ барьсан, чимээгүй, цэвэрч дүрийг бүтээдэг нь Ozu шиг архичин, батлахаас илүүтэй бясалгалдаг шинжтэй нь төстэй буюу Ryu-ын дүрүүдийг ерөнхийдөө Ozu-ын төрх байдал гэж судлаачид үздэг. Ozu харилцан яриагаар дотоод мэдрэмжээ илэрхийлэхийн оронд үзэгчдийнхээ мэдрэмжинд үлдээхийг хүсдэг нь киноны том хүүгийн ярихаас илүү инээмсэглэн толгой дохихоос харж болно.

Comments