The Cabinet of Dr. Caligari (1920) . Бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий, Германы экспрессионист кино урлагийн хамгийн чухал бүтээл гэгддэг энэхүү бүтээлийн талаарх шинжилгээ, судалгаа тоймгүй их байдаг, уншигчдынхаа залхууг хүргэхгүй нь тулд товч бөгөөд тоймлон энэхүү классик дуугүй хоррор кинотой танилцая. Киног Германы кино найруулагч Robert Wiene найруулж, кино зохиолыг Hans Janowitz, Carl Mayer нар бичсэн бол гол дүрүүдэд Conrad Veidt, Werner Krauss зэрэг жүжигчид тоглосон. Киноны үндсэн сэдвийг засаг баригчдын харгис, иррационал байдлыг шүүмжилсэн гэж үздэг бөгөөд нэрт кино шүүмжлэгч. Roger Ebert уг кино "анхны жинхэнэ хоррор кино" гэсэн байдаг ба артхаус кинонуудын анхдагч, кино урлаг дахь анхны култ классик кино гэсэн өргөмжлөлийг өнөөдөр хүртээд байна. Тэгвэл TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 210-р байрт жагсааснаас гадна Германы кино урлагийг дэлхийн анхааралд өртүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Америкийн кино урлагт, ялангуяа хоррор болон нуар жанрт үлэмж нөлөө үзүүлсэн кино бөлгөө. Киноны зохиолыг хамтран бичсэн Hans Janowitz. Carl Mayer нар дэлхийн нэгдүгээр дайны дараахан танилцсан бөгөөд тэд адилхан пасифист (дайны эсрэг) үзэлтнүүд байв. Janowitz дайны үед офицер цолтой байсан боловч дайнаар үзэж харсан зүйлдээ гутраад цэрэг армийг үзэн ядах болсон нь зохиолд нь нөлөөлжээ. Mayer дайны үеэр алба хаахаас зайлсхийхийн тулд галзуу мэт дүр эсгэж, улмаар цэргийн сэтгэлзүйч дээр хүргэгдэж байсан агаад үүнээс болж тэрээр эрх баригчдыг үзэн ядах сэтгэлтэй болсон, мөн түүнчлэн өөрийг нь үзэж байсан эмчийг Caligari-ын дүрийн загвар болгожээ.
Janowitz Mayer хоёр нэгэн жүжигчин найзаараа дамжуулан танилцсан, тухайн тэд хоёулах мөнгөгүй хүнд үеийг туулж байсан ба Janowitz-ын дурлалт хүүхэн Gilda Langer гэх жүжигчин тэднийг кино зохиол бичихийг зөвлөжээ. Энэ хүүхнээс үндэслэн киноны Jane гэх дүрийг бүтээжээ. Бас нэг сонирхолтой зүйл байдаг нь, Janowitz-ыг дайнд явсан хойгуур Gilda нэгэн зөнч дээр очиж, зөнч түүнд Janowitz дайнаас эсэн мэнд ирнэ, харин чи өөрөө үхэх юм байна гэж хэлжээ. Зөн биеллээ олж дөнгөж 23 настай Gilda учир битүүлгээр амиа алдсан. Janowitz энэ явдлыг кинондоо оруулсан буюу яармаг дээр Alan-ын үхлийг Cesare зөгнөж хэлдэг билээ. Хэдийгээр тэд урлагтай холбоогүй хүмүүс байсан ч, 1918-1919 оны өвөл 6 долоо хоногийн турш кино зохиол дээрээ ажилласан бөгөөд өөрсдийнхөө үүргийг тодорхойлохдоо, Janowitz өөрийгөө "үр тарьсан эцэг" харин Mayer түүнийг тээж, боловсронгуй болгосон эх" гэж нэрлэж байж. Мөн тэдэнд экспрессионист кино урлаач Paul Wegener нөлөөлсөн зүйлсийн нэг байв. Зохиолын зарим санааг Берлиний нэгэн циркийн үзүүлбэрийг үзэж байхдаа олсон ба үзүүлбэрт нэгэн хүн ховсдуулсаны улмаас асар их бяр тэнхээтэй болж байжээ. Мөн киноны дүрслэлийн зарим санааг Janowitz өөрийн төрөлх Прага хотын дурсамжаасаа авсны дотор эрх мэдэлтнүүдийн хүнлэг бус эрх мэдэл хүнийг солиоруулдаг гэсэн эрх баригчдад үл итгэх үзлээ зохиолдоо багтаахаа мартсангүй аж. Janowitz 1913 онд Гамбург хотын цэцэгт хүрээлэнгийн ойролцоо явж байгаад хүн амины хэргийн гэрч болж байсан нь зохиолд нь бас тусгалаа олжээ.
Киноны түүх нь үлгэр шиг абстрактаар хүүрнэж, дүрүүдийн сэтгэлзүйн сэдлийн талаар бага тайлбарлаж, харин илүүтэй киноны дүрслэлийн хэв маягийг чухалчлан онцолдог. Эх зохиол нь киноны тайз болон хувцаслалтад дэлгэрээд байсан экспрессионист нөлөөг багахан агуулсан байв. Кино найруулагч Fritz Lang-аар дамжуулан Janowitz Mayer хоёр Decla-Bioscop кино компанийн захирал Erich Pommer-тэй уулзаж кино зохиолоо худалдах талаар ярилцсан байдаг. Pommer-ын хэлснээр, тэрээр тэднээс салах гэж оролдсон боловч тэд тохиролцох хүртлээ уйгагүй зүтгэсэн бөгөөд Pommer зохиолоо үлдээгээд явчих гэтэл Mayer зохиолоо чанга уншиж эхэлсэн ба тэрхэн дороо Pommer тэдэнтэй шууд гэрээлжээ. Pommer тухайн үед зохиолоор хямдхан кино хийх боломжтой гэж үзээд авсан гэдэг: Pommer "би зохиолоос туршилтыг олж харсан, би харьцангуй хямд кино хийж болох нь гэж харсан" хэмээжээ.
Тус кино нь хүүрнэлийн хүрээлсэн түүхийг ашигладаг; оршил болон төгсгөл киноны үндсэн төөрөгдүүдсэн дурсамж байдаг ба энэ бол романд ашигладаг техник юм. Fritz Lang кинонд оролцож магадгүй байсан үедээ "хэвийн" хэв маягтай нээлтийн хэсгийг нэмж оруулахыг санал болгосон байдаг, энэ нь үзэгчид киноны үлдсэн хэсэгт төөрөгдөлгүйгээр хөтлөх болно гэж үзжээ. Lang хүрээлсэн түүхийн бүтцийг санал болгосон уу, эсхүл аль хэдийн бэлэн болчихсон байхад нь зөвлөгөө өгсөн үү гэдэг тодорхойгүй хэвээр байгаа ба зарим судлаачид Lang-ын дурсаж хэлсэнд эргэлзээтэй ханддаг. Харин найруулагч Robert Wiene өөрчлөлтийг дэмжиж байжээ. Janowitz, Mayer нар кинонд хүрээлсэн түүх нэмвэл киноны улс төрийн, хувьсгалт ач холбогдлыг сулруулна гэж үзээд дургүй байсан, өөрсдийнх нь бүтээлийг хүчиндсэнээр бидний киноны симболик шинж алдагдаж, улиг болсон кино болно гэж эсэргүүцэж байсан агаад киноны зохиол нэгэнт студид очсон тул яаж ч чадахгүй өнгөрсөн гэх яриа бий. Судлаач Siegfried Kracauer бичсэн номондоо; Janowitz-ын бичсэн хэвлэгдээгүй скрипт дээр үндэслэсэн бөгөөд кино уг нь ямар хүрээлсэн түүхгүй, хотод яармаг болж байгаагаар кино эхлээд Caligari "засан хүмүүжиж" байгаагаар төгсдөг гэжээ. Хүрээлсэн түүх нь эрх баригчдыг алдаршуулсан ба мөн хувьсгалт киног "уламжлалыг дагагч" болгон хувиргасан гэж Kracauer маргаж байна.
Тайз засал нь тод, хар өнгөөр тодорхойлогддог бөгөөд Холстенволлын ландшафтыг барьж босгоогүй зотон дээр зурсан, мөн гэрэл, сүүдрийн зураасыг шууд тайз засал дээр шууд зурсанаар харах өнцөг, гурван хэмжээст байдлыг улам бүр гажуудуулдаг. Барилгууд нь бөөгнөрсөн, хоорондоо холбогдсон кубист маягийн архитектуртай ба харанхуй, мушгирсан арын гудамжаар хүрээлэгдсэн байдаг. Зохиолч Lotte Eisner "киноны объектууд амьд юм шиг харагддаг бөгөөд ер бусын сүнслэг байдлаар чичирхийлж байгаа мэт" гэж бичжээ. Мөн зохиолч Rudolf Kurtz "объектуудын динамик хүч бүтээгдэх хүслээр ульдаг" гэжээ. Өрөөнүүдийн цонх нь тэнцвэргүй, хаалга нь дөрвөлжин биш, сандал нь хэт өндөр зэргээр маш радикал дүрслэлтэйгээс гаднэ коридор, өрөөний хананд жигтэй загвар, дүрс зурсан байдаг бол гадаах моднууд нь мушгирсан тэмтрүүлтэй төстэй байдаг. Германы киноны профессор Anton Kaes "Германы экспрессионизмын хэв маяг нь кино бүтээгчдэд кино туршилт хийх, тусгай эффэкт ашиглах хийгээд дарагдсан хүсэл, ухамсаргүй айдас, төөрөлдсөн ухааныг судлах боломж олгосон" гэж бичсэн байдаг. Киноны дүрслэлийн хэв маяг нь гадна талдаа түгшүүр, аюултай харагдаж, хар дарсан юмуу галзуурсан мэт сэтгэл төрүүлэх буюу ийм мэдрэмжийг реалистик газар нутаг юмуу уламжлалт загвар хэлбэр төрүүлэхгүй билээ. Kracauer "ийм бүтэц нь материал объектийг сэтгэл хөдлөлийн төгс гоёл чимэглэл болгон хувиргадаг" гэж бичсэн буй. Киноны үйл явдал, сцэнүүдийн ихэнх нь галзуурсан хүүрнэгчийн дурсамжууд агаад үүний үр дүнд гажуудсан дүрслэлийн хэв маяг нь түүний оюун ухааны хямралын чанарыг авсанаар үзэгчдэд галзуу хүний ухаанд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Орчин үеийн экспрессионист уран зургийн нэгэн адилаар уг киноны дүрслэх хэв маяг нь гадна ертөнцөд үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийн тусгал ажээ.
Тэр Caligari-аас маш их хамааралтай тул яг л түлшин дууссан машин шиг амьдралынхаа эх үүсвэрээс холдвол үхдэг. Киноны бас нэг чухал сэдэв бол галзуурал ба эрүүл ухаан хоёрын тогтворгүй ялгаа, улмаар эрүүл ухаан гэдэг ойлголт өөрөө тогтворгүй болдог гэж шүүмжлэгч Stephen Brockmann бичсэн. Түүний хэлснээр киноны төгсгөлд үзэгчид үзэж байсан түүхээ галзуу хүний хүүрнэгчийн яриа байсныг ойлгодог тул үзсэн зүйлээ найдвартай гэж үзэх боломжгүй аж. Киноны эгэл бус абстракт дүрслэл болон бусад загварчилсан элементүүд галзуу хүний ертөнцийг харах мэдрэмжийг өгдөг. Үүний адилаар, киноны түүх нь хар дарсан зүүд шиг, харин хүрээлсэн түүх нь бодит ертөнцийн түүхийг өгүүлнэ. Barlow "эрүүл, практик оюун ухаанд бодит байдлын эцсийн мэдрэмж гажуудсан, галзуурсан мэт харагдах болно гэсэн ерөнхий экспрессионист сэдвийг харуулсан" гэжээ. Кинонд дурсамжаар дамжуулан хүүрнэсэн аливаа түүх нь хүүрнэгчийн өнцгөөс байдаг учир түүхийг субъектив болгодогийг санах хэрэгтэй. Киноны төгсгөлд, галзуугийн эмнэлэгийн дарга Francis-г өвчтэй гэсэн санааг илэрхийлдэггүй ч өвчтнүүддээ үнэхээр анхаарал тавьж байгаа мэт санагддаг. Гэвч Francis өөрийгөө мөшгигдөж байна гэж итгэдэг тул түүний өнцгөөс өгүүлсэн түүхээр Caligari мөшгөгч болж байна. Киноны өөр нэг чухал сэдэв бол хоёрдмол байдал юм. Үндсэн хүүрнэлд Caligari-г галзуу дарангуйлагч, харин хүрээлсэн түүхэнд нэр хүндтэй, эрх мэдэлтэй галзуугийн эмнэлэгийн дарга гэж дүрслэгддэг. Энэхүү хоёрдмол байдлын үр дүнд үзэгчид түүнийг эелдэг, халамжтай хүн болохыг нотлох баримтаар харах боловч киноны төгсгөлд түүнийг хорон санаатан гэж сэжиглэх боломжтой байдаг.
Харин Америкийн шүүмжлэгчдийн хариу эерэг, урам зоригтой байв. Харин Kaes-ын хэлснээр; дэлхийн нэгдүгээр дайнаас болж Германд итгэх итгэл суларч, улмаар Германы урлаг болон бусад зүйлсийг үнэлэх үлэмж буурснаар уг кинонд хандах хандлага хуваагдмал байсан гэдэг. Холливуудын зарим кино компани үүнийг болзошгүй өрсөлдөөн гэж үзээд эл бүтээлийг гаргахыг эсрэгүүцэж "энэ бол гадны түрэмгийлэл" гэж хүртэл нэрлэж байжээ. Зарим Америкийн шүүмжлэгчид киноны хэмнэлийг төгс гээд ерөнхийд нь Эдгар Аллан Погийн бүтээлтэй харьцуулсан байдаг. New York Times сэтгүүл киног орчин үеийн уран зурагтай харьцуулж, тайз заслыг нь Marcel Duchamp-ын " Nude Descending a Staircase, no. 2" зурагтай зүйрлэжээ. Шүүмжлэгч, кино найруулагч Albert Lewin "өнөөдрийг хүртэл Америкт үзүүлсэн цорын ганц чухал кино" гэж байжээ.
Comments
Post a Comment