"Доктор Жекилл болон ноён Хайдын жигтэй түүх". Шотландын зохиолч Роберт Луис Стивенсоны готик роман бөгөөд анх 1886 онд хэвлэгдсэн. Уг романд, Лондоны хуульч Габриэл Жон Уттерсоны хуучны найз болох доктор Хэнри Жекилл болон хүн амины гэмт хэрэгтэн Эдвард Хайд нарын дунд болсон хачирхаж үйл явдлуудыг судалж буй тухай өгүүлдэг. Романы төгсгөлд, Жекилл, Хайд хоёр нь нэг хүн болох нь илчлэгддэг. Уг романыг Английн уран зохиолын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг гэж үздэгийн сацуу готик аймшиг төрлийг тодорхойлогч ном гэж тооцдог. Роман олон нийтийн соёлд ихээхэн нөлөө үзүүлсэн буюу "Жекилл ба Хайд" гэдэг хэллэгээр гаднаасаа сайн сайхан гэж харагддаг ч заримдаа гайхмаар муу муухай болдог мөн чанартай хүмүүсийг хэлдэг ажээ.
ҮНДСЭН САНАА. Роман хүн төрөлхтөн мөн чанараараа хоёрдмол шинж чанартай гэдэг дээр төвлөрдөг боловч энэ сэдэв нь Жекилл, Хайд хоёрын харилцааны түүхийг бүрэн илчлэх хүртэл буюу төгсгөлийн бүлэг хүртэл бүрэн илэрдэггүй. Тиймээс уншигчид Хайдын гэмт хэрэг, Жекиллийн үргэлжилсэн ухаан алдалт зэрэг романы бүх үйл явдлын гэрч болсныхоо дараа л хүн төрөлхтний хоёрдмол шинж чанарын тухай онолтой учирна. Уг текст нь хүний хоёрын мөн чанарыг гол сэдэв болгоод зогсохгүй энэхүү хоёрдмол шинжийг тунгаан эрэгцүүлж, янз бүрийн онолыг дэнслэн үзэж, романы үзэгдэл бүрийг гярхай уншихыг шаардана. Жекилл "хүн үнэндээ ганц биш, хоёр юм" гэж нотлоод, хүний сүнсийг "сахиусан тэнгэр" ба "чөтгөрийн" тулааны талбар гэж төсөөлдөг бөгөөд аль аль нь эзэн болохын төлөө тэмцэлддэг. Гэвч түүний элемент бүрийг салгаж, ариусгана гэж найдаж байсан ханд нь зөвхөн бараан талыг нь бий болгосноор Хайд гарч ирдэг буюу үүнд ямар ч сахиусан тэнгэр байхгүй юм. Нэгэнт гарч ирсэн хойноо Хайд Жекиллийг оршин байхаа болих хүртэл нь аажмаар удирдлагыг авдаг. Хэрвээ хүн хагас сахиусан тэнгэр, хагас чөтгөр юм бол романы төгсгөлд "сахиусан тэнгэр" яах бол?. Магадгүй сахиусан тэнгэр Жекиллийн чөтгөрт үргэлж зам тавьж өгөх байх; эсхүл Жекилл зүгээр л андуурч байж болох агаад хүн "үнэндээ хоёр" биш, харин юуны өмнө соёл иргэншил, хууль ёс болон ухамсарын эрхшээлд орсон Хайдаар илэрсэн анхдагч амьтан ажээ. Энэ онолын дагуу бол сайхь ханд нь соёл иргэншлийн гадаргууг арилгаад хүний мөн чанарыг илчилж байна. Романд Хайдыг амьтанлаг байдлаар дүрсэлдэг; тэр үсэрхэг, үзлийн муухай ба ухамсараас илүүтэйгээр зөн совингийн дагуу биеэ авч явдаг; Уттерсон түүнийг "агуйн хүн" гэж тодорхойлдог. Хэрвээ Хайд амьтан байсан бол уншигчид түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ "баярладаг" гэж бодохгүй байлаа.
Хайд үнэхээр ямар ч амьтан хийхээргүй ердөө баяр баясгалангаас өөр шалтгаангүйгээр гэмгүй хүмүүсийн эсрэг хүчирхийлэл үйлддэг мэт байдаг. Тэр ёс суртахуунгүй гэхээсээ илүү санаатайгаар, жаргалтайгаар ёс суртахуунгүй байгаа харагддаг бөгөөд тэр ёс суртахууны хуулийг мэддэг ч үүнийг таатайгаар зөрчдөг. Түүгээр ч барахгүй, зэрлэгдүү амьтны хувьд Хайд хотын ландшафт дотор амьдраад байгаа нь жигтэй санагддаг ба эдгээрээс соёл иргэншилд ч бас хар бараан тал бий гэдгийг харуулна. Эцэст нь, Стивенсон хүний мөн чанарыг хоёр талтай гэж нотолж байгаа ч эдгээр талууд юунаас бүрддэг вэ гэсэн асуултыг нээлттэй үлдээдэг. Магадгүй тэдгээр нь муу ба сайнаас бүрддэг; магадгүй тэдгээр нь хүний дотоод амьтанлаг шинж ба соёл иргэншлээс тулгасан гадаргууг төлөөлдөг байх. Стивенсон хариултыг уншигчид өөрсдөөсөө олох ёстой гэж үлдээсэн нь романыг улам баялаг болгож байна. Романы дүрүүдийн хувьд нэр төрөө хадгалах нь хамгийн чухал гэж гардаг. Уттерсон, Энфилд зэрэг шударга хүмүүс ямар ч үнээр хамаагүй хов живээс зайлсхийж байгаагаас энэхүү үнэлэмжийн системийн тархалт илт харагдах ба тэд хов жив бол нэр төрийг сүйтгэгч гэж үздэг. Үүний нэгэн адилаар, Уттерсон Жекиллийг эхлээд шантаажлуулсан гэж хардаж, дараа нь Хайдыг цагдаа нараас нуусан гэж сэжиглэх үедээ тэрээр ийнхүү сэжиглэж байгаагаа мэдэгдүүлдэггүй; Жекиллийн сайн найзын хувьд түүний нууцыг хадгалж, нэр төрийг нь алдагдуулахгүй байхад бэлэн байна. Роман дахь нэр төрийн ач холбогдол нь гаднах, гадаргуугийн чухлыг илэрхийлдэг бөгөөд энэ нь голдуу булай муухайгийн дотор талыг халхалж байдаг. Романы ихэнх тохиолдолд Викториан нийгэмдээ үнэнч Уттерсон Жекиллийн нэр төрийг хадгалахаас гадна дэг журам, зөв зохистой байдлыг хадгалахыг тууштай хүсдэг билээ.
МОТИФ. Романд Хайдыг тун бузар муухай, байж болохгүй хамгийн адгийн амьтан гэж ахин дахин дүрсэлдэг. Уншигч Хайдын үйлдсэн хоёр л гэмт хэргийн нарийн ширийнийг олж мэддэг ч сайхь гэмт хэргүүд түүний адгийн шинж чанарыг онцолж өгдөг. Мөн аль аль нь гэм зэмгүй хүмүүсийн эсрэг чиглэгдсэн харгислал байдаг. Эхний тохиолдолд, Хайдын хүчирхийллийн хохирогч бол түүний гишгэсэн охин хүүхэд байдаг; хоёр дахь тохиолдолд, эелдэг, хүндлэгдсэн өвгөн хохирогч болдог билээ. Хайд охиныг гэмтээж, өвгөнийг хэрцгийгээр хөнөөсөн нь уур хилэнг нь өдөөж, Жекиллийн хар бараан тал нь илэрсэн туйлын ёс суртахуунгүй байдлыг онцолж байна. Романд дүрүүд нь өөрсдийгөө илэрхийлэхээс татгалздаг. Тэд Хайдын биё махбодийн онцлог гэх мэт аймшигтай ойлголтыг дүрслэх чадваргүй мэт юмуу зориудаар ийм ярианаас зайлсхийж байгаа мэт байдаг. Энфилд, Уттерсон хоёр хов живд дургүйцсэний улмаас эхний бүлэгт Хайдын тухай яриагаа тасалдаг; Уттерсон үйлчлүүлэгчийнхээ ярвигтай нөхцөл байдлын талаарх мөрдөн байцаалтын явцад Жекиллийг сэжиглэж байгаа сэтгэгдлээ хуваалцахаас татгалздаг. Түүгээр ч зогсохгүй Жекилл эцсийн наманчлалдаа ч, романы үлдсэн хэсэгт гуравдагч биеэс хүүрнэгч нь Хайдын жигшүүртэй авир ба нууц бузар явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүй билээ. Эл хүүрнэлийн чимээгүй байдал нь хэл ярианы алдаа эсхүл зүгээр л үүнийг ашиглахаас татгалзсантай холбоотой эсэх нь тодорхой бус байна.
Эцэст нь, роман дахь хоёр төрлийн чимээгүй байдал нь рационал ба иррационал хоорондын харилцан үйлчлэлийн талаарх хоёр өөр ойлголтыг харуулна. Дүрүүд булай явдлын талаар ярихаас татгалзаж байгаа нь өөрсдийн амьдарч буй Викториан нийгмийн шинж чанарыг илтгэж байна. Энэ нийгэмд нэр төр, зохист байдлыг юу юунаас илүү эрхэмлэдэг бөгөөд энэ үнэн нь уламжлалт эмх цэгцтэй ертөнцийг үзэх үзлийг алдагдуулах аюултай байвал үнэнийг дарах эсхүл үгүйсгэхийг илүүд үздэг. Иррационал зүйлтэй тулгарсан Викториан нийгэм болон ард иргэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ба үүнд албан ёсны нэр өгөхөөс ч татгалзана. Харин өөрийн мэдэлгүй чимээгүй байх нь хэл ярианы өөрийнх нь тухай ямар нэгэн зүйлийг илэрхийлдэг ба хэл бол байгалиасаа рационал бас логиктой тул бидний ертөнцийг дүрслэх, зураглах арга зам юм. Магадгүй иррационал бөгөөд нууцлаг зүйлтэй тулгарах үед хэл өөрөө бүтэлгүйтдэг байх. Амаар илэрхийлэгдэх зүйл ер бусын зүйлтэй зөрчилд орж болно. Сонирхолтой нь, романы зарим хэсэгт хэл яриа ба ер бусын зүйлсийн хооронд мөргөлдөөн болоход ер бусын нь үргэлж ялаад байхгүй гэж үздэг бөгөөд Стивенсоны Жекилл, Хайд нарын гэмт хэргийн сэдэвт хойрго хандсан нь тэдний сэтгэл татам аураг уйтгартай болгочих бий гэсэн ухамсартай сонголттой холбон тайлбарлаж болох ажээ.
СИМБОЛ Доктор Жекилл сайхан тохиууулсан гэртэй бөгөөд Стивенсон үүнийг "тухтай, тансаг орчин" гэж тодорхойлдог. Харин лабораторийг нь "бүх хэсэгт нь жигшүүрт, нүгэл гүн гүнзгий шингэсэн" гэж дүрсэлсэн. Ялзарсан гадаргуу, хайхрамжгүй орчинд автагдсан лаборатори нь гажуудсан, доройтсон Хайдыг тун цэвэрхээ бэлгэддэг бол хүндлэхүйц, гоёмсог гол байшин нь нэр төртэй, шударга Жекиллийг бэлгэддэнэ. Түүгээр ч зогсохгүй барилгуудын хоорондын холбоо төлөөлж буй хүмүүсийн хоорондын холбоотой ижил буюу барилгууд хоорондоо зэргэлдээ боловч хоёр өөр гудамжнаас харагддаг. Ажиглагчдын хэлснээр бол Хайд зэвүүцмээр муухай, гажиг, жижигхэн, бас үсэрхэг харагддаг ба түүний биеийн үзэмжгүй, гаж байдал нь ёс суртахууных нь эвдэрсэн, доройтсныг илтгэнэ. Стивенсоны цаг үеийн уншигчдад ийм муухай байдал болон Хайдын ёс бусын хоорондын холбоо нь бэлгэдлийн шинжтэй биш байж болох ба гэмт хэрэгтнийг гадаад төрхөөр нь таних боломжтой гэж үздэг физиогномийн шинжлэх ухаанд олон хүн итгэдэг байв. Хайдын жижиг бие нь Жекиллийн хар бараан тал болохын хувьд тэрээр олон жилийн турш дарагдаж, өсөж өндийхөөс сэргийлэгдэж байсныг илэрхийлж магадгүй.
Comments
Post a Comment