"Иван Ильичийн үхэл". Аугаа Лев Толстойн сүүл үеийн шилдэг уран зохиолын нэг бөгөөд 1886 онд анх хэвлэгджээ. Толстой 1870-аад оны сүүлээр шашин шүтлэг руу шилжсэнийхээ дараахан бичсэн бэсрэг роман юм. Уг бүтээлийг бэсрэг романы оргил жишээ гэж үздэг. "Иван Ильичийн үхэл" романд 19-р зууны Оросын дээд шүүхийн шүүгч Иван Ильичийн эдгэрэшгүй өвчний улмаас зовж шаналж, эцэстээ үхэж байгаа тухай өгүүлдэг.
ҮНДСЭН САНАА. Толстой романы эхнээс л хоёр төрлийн амьдрал байдаг гэж үздэгээ тодорхой харуулдаг; хиймэл амьдрал буюу Иван, Прасковья, Петр болоод Иваны амьдардаг нийгэм, танилуудын ихэнхийг төлөөлсөн хиймэл амьдрал бол Герасим жинхэнэ амьдралыг төлөөлдөг. Хиймэл амьдрал нь гүехэн харилцаа, хувийн ашиг сонирхол, материализмаар тодорхойлогддог агаад энэ нь тусгаарлагдсан, биелэгдэхгүй, хамгийн гол нь амьдралын чухал асуултуудад хариулт өгөх чадваргүй юм. Хиймэл амьдрал бол амьдралын жинхэнэ утга учрыг нуун дарагдуулж, хүнийг үхэх мөчид нь айдас ба ганцаардал дунд үлдээдэг хууран мэхлэлт. Харин жинхэнэ амьдрал ойлгох, энэрэх сэтгэлээр тодорхойлогдоно; энэ нь бусдыг ашиглах бус өвөрмөц бодол, мэдрэмж, хүсэлтэй хувь хүн гэж үзэхэд оршино. Жинхэнэ амьдрал гэдэг бие биенээ хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн харилцааг хөгжүүлж, тусгааралтыг нурааж, хүмүүсийн хооронд жинхэнэ холбоо тогтоох боломжийг олгоно. Хиймэл амьдрал хүнийг ганцаардсан, хоосонд орхидог бол жинхэнэ амьдрал эв нэгдлээр дамжуулан хүч чадал, энэрэх сэтгэлээр дамжуулан тайтгарлыг бий болгодог ба энэ нь хэлхээ холбоог бүтээж, хүнийг үхэлд бэлтгэдэг. Герасим ганцаараа л үхлээс айдаггүй. Амьдралаа зөв гэдэгт итгэдэг, хувийн оролцооноос айдаггүй Герасим бусдын төлөө амиа золиослох хайраар дүүрэн байдаг нь түүний амьдралыг утга учиртай болгодог. Герасим Иваны зовлон зүдгүүртэй байдлыг ойлгож, тусгаарлагдмал байдлаас нь ангижруулахын тулд түүний үзүүлж буй оюунлаг дэмжлэг бол Герасим Иваны хөлийг өргөн барьж буй нь бие махбодийн дэмжлэгээс ч илүү чухал юм. Герасим түүний зовлонг хуваалцсанаар Иваны өвдөлтийг багасгаж чаддаг. Жинхэнэ амьдралын сайн сайхан бол Герасим Иванд тусалж байгаагийн зэрэгцээ харилцааны үр шимийг хүртэж байна. Энэрэх сэтгэл, хайр хоёр хамт явдаг ба жинхэнэ амьдрал бол зөв амьдрал ажээ.
Иван үхэл рүү тогтвортой хандсан түүх бол мөн Иван үхлийг хүлээн зөвшөөрч, үхлийн аймшигтай бөгөөд бүхнийг хүчгүй болгодог хүчинд бууж өгсөн эрэл хайгуулын түүх билээ. Хүн амьдралынхаа төгсгөл, харилцаа, төсөл, мөрөөдөл хийгээд оршин байхыгаа хэрхэн ойлгох вэ? Толстой романыхаа туршид үхэлд бэлтгэх нь амьдралд зөв хандахаас эхэлдэг гэдгийг тодорхой бичжээ. Өвдөлт ба үхлийг хүлээх хүлээлтээс үүдэлтэйгээр Иваны амьдралд хандах хандлага өөрчлөгдөхөд түүний сэтгэл хөдлөл айдсаас туйлын баяр баясгалан болж хувирдаг. Иваны амьдардаг нийгмийг тодорхойлдог үхлээс зайлсхийлт бол хүмүүсийн тааламжгүй бодит байдлаас хамгаалах зорилгоор загварчилсан төөрөгдөл дээр суурилдаг. Энэ нь ердөө хоосон, аймшигтай, сэтгэл ханамжгүй байдалд хүргэдэг бөгөөд үхлийг хүлээн зөвшөөрч, амьдралын урьдчилан тааварлашгүй мөн чанарыг хүлээн зөвшөөрөх нь үхэл ирэх мөчид өөртөө итгэлтэй, амар амгалан болоод бүр баяр хөөр өгнө. Уг романыг юу юунаас илүүтэйгээр зөв амьдрах замаар үхлийг ойлгох хичээл гэж үзэж болно. Хиймэл ба жинхэнэ гэсэн эрс тэсийн нэгэн адил Толстой хүний оршихуйг дотоод ба гадаад, оюун санааны болон бие махбодийн амьдралын зөрчил гэж дүрсэлсэн. Романы 9-р бүлэг хүртэл Иван цэвэр физикал амьдралтай байдаг агаад тэрээр ямар ч сүнслэг амьдралын шинж тэмдгийг харуулдаггүй. Тэр махан биеийн ашиг тусын тулд амьдардаг ба бусад хүмүүс зөвхөн өөрийнх нь хүслийг дэмжсэн үед л тэдэнтэй харилцдаг. Хамгийн аймшигтай нь Иван бие махбодийн амьдралаа жинхэнэ оюун санааны амьдрал гэж андуурдаг бөгөөд өөрийн оршихуйг "зөв" оршихуй гэж итгээд амьдралынхаа алдааг олж харахаас татгалздаг. Оюун санааны амьдралыг үгүйсгэсний үр дүнд Иван физикал трансцендент болох чадваргүй болдог. Тэрээр тэвчихийн аргагүй өвдөлт, асар их цөхрөл, аймшигтай айдсыг мэдэрдэг хэдий ч түүний үхлийг хүлээх хүлээлт өөрийг нь бусдаас тусгаарлах үед Иван аажмаар оюун санааны амьдралын ач холбогдлыг ойлгож эхэлдэг. Тэрээр ойлгох тусмаа, бие махбодийг оюун санаагаар орлуулахын хэрээр зовлонгоос ангижирч, үхлийг ялж, туйлын баяр баясгалан мэдэрдэг. Толстойн захиас тодорхой байна: хувь хүн бүрийн зорилго бол өөрийн хоёрдмол шинжийг хүлээн зөвшөөрч, физикал амьдралыг илүү чухал оюун санааны амьдралд нийцүүлэн амьдрах явдал ажээ.
МОТИФ. Толстой романыхаа бүтэцдээ урвуулсан хэд хэдэн хэв маягийг оруулсан. Үйл явдлын он цагийн дарааллын төгсгөл болох Иван Ильичийн бодит үхэл эхний бүлэгт гардаг. Романы үлдсэн хэсэг Иваны үхэлд бус харин түүний амьдралд зориулагдсан. Толстой амьдрал ба үхлийн тухай ойлголтыг урвуулдаг ба амьдралынхаа эхэн үед Иванд хүч чадал, байр суурь болон эрх чөлөө нь өсч байгаа мэт санагддаг ч үнэндээ баригдмал, тусгаарлагдсан, сул дорой байдал руу уруудаж байдаг. 7-р бүлгийн дараа Иван ажилдаа баригдаж, бие махбодын доройтол болон хөндийрсөн байдалд орсноор жинхэнэ оюун санааны хувьд дахин төрж байна. Толстой хэд хэдэн үг хэллэгээр энэ санааг бэхжүүлдэг бөгөөд Иван амьдралынхаа жинхэнэ мөн чанарыг олж мэдсэнээр аяллын жинхэнэ чиглэл таамаглаж байсных нь эсрэг болохыг ухаардаг. Хиймэл амьдралын болоод цэвэр бие махбодийн амьдралын шинж чанар ганцаардал руу чиглэдэг. Иван өөрийнхөө тааламжтай оршихуйг дэмжихгүй нөхцөл юмуу харилцаатай учрах бүртээ өөрийгөө үүнээс зайлуулдаг ба энэ хариу үйлдэл нь дотоод оршихуй ба гадаад оршихуй гэсэн том сэдэвтэй холбоотой юм. Иванд оюун санааны оршихуй байхгүй тул бусдыг хувь хүн гэж үзэж чаддаггүй. Тэр зөвхөн өөрийн сайн сайхны төлөө ажилладаг бөгөөд таашаалд нь сөргөөр нөлөөлөгчид түүнд огтхон ч үнэ цэнэгүй. Иймээс, Иван аз жаргалын аминчхан эрэл хайгуулын төлөө бусад хүмүүсийг өөрөөсөө хөндийрүүлж, бусдын өмнө хашаа босгохдоо өөрийгөө ч бас торонд оруулж байдаг. Толстой энэ санаагаа бататгахын тулд хаших, тусгаарлах хэд хэдэн зураглалыг дүрсэлдэг буюу хар хүрээтэй оршуулгын зарлалаас хана налсан авсны таг нь Иваны сайн дураараа бүтээсэн тусгаарлалт ажээ.
Толстой романыхаа туршид тааламжтай, зохистой, тансаг гэсэн үгсийг нийгмийн амьдралын хүлээн зөвшөөрөгдсөн норм болгон ашигладаг. Эдгээо норм нь дээр дурдсанчлан зөв амьдралын сэдэвт чухал хүчин зүйл болдог ба Иван хээнцэр, сайхан байдлын стандартад хэт их санаа зовдог нь түүний жинхэнэ бус хиймэл амьдралаар амьдарч байгаагийн илрэл юм. Тэрээр дотоод мөн чанараас илүү гаднах байдалдаа, бодит үнэнээс илүү үнэний харагдах байдалд санаа зовдог. Дээд нийгмийн үзэл бодолд санаа зовохгүй байхыг сонгосон; тааламжтай, гоё, тансаглалыг бодит, үнэн, жинхэнэ гэж үздэггүй хүн бол зөв замаар амьдрагч ажээ. Роман дахь цаг хугацаа, орон зайн агшилт нь мэдээжийн биш сонирхолтой сэдэв юм. Энэхүү агшилт нь оюун санааны ач холбогдлыг тодотгож, амьдрал бол төрөлт ба үхлийн хоорондох хугацаанд хязгаарлагдахгүй гэсэн ойлголтыг бататгадаг тул дотоод амьдрал ба гадаад амьдрал гэсэн сэдэвт чухал үүрэгтэй. Толстой энэ нөлөөг хэд хэдэн аргаар гүйцэтгэдэг; романы эхний дөрвөн бүлэг дөч гаруй жил, хоёрдахь бүлэг нь хэдэн сар, сүүлчийн дөрвөн бүлэг ердөө дөрвөн долоо хоног орчим хугацаанд үргэлжилдэг. Толстой агшсан цаг хугацааны хүрээнээс гадна орон зайн хэмжээсийг мөн ашигладаг; залуу насандаа Иван хотоос хот руу нүүдэг, дунд эргэм насандаа Иван хотод орон байртай болж, суурьшдаг, өвдөж эхлээд удалгүй тэрээр ажилдаа дарагдаж, романы төгсгөлд тэрээр буйдангаасаа ч хөдөлж чадахгүй болно. Романы бүлэг бүр өмнөхөөсөө аажмаар богиносож байна. Ийнхүү Иван нас барах мөчид, Иван цорын, мөнхийн, өөрчлөгдөшгүй агшинг мэдрэх мөчид цаг хугацаа ба орон зай нэг цэгт уулзах хүртэл эдгээр нь агшиж байдаг.
Иваны сүнс цаг хугацаа, орон зайн физикал хил хязгаарыг трансценд болох агшин нь үхлийн төгсгөлийг онцолж, оюун санааны амьдралын ач холбогдлыг бэхжүүлдэг. Толстой романыхаа туршид язгууртны нийгмийг хувийн ашиг сонирхолтой, материаллаг, гүехэн хүмүүсийн цуглуулга гэж дүрсэлдэг. Язгууртны нийгмийн гишүүд хүмүүний жинхэнэ харилцааг төдийлөн санаа тавьдаггүй. Тэд байр суурь, таашаалыг л хүсдэг бөгөөд найз нөхөд гэгддэг хүмүүсийнхээ төлөөсөөр зорилгодоо хүрэхийг л хичээдэг. Энэхүү дүрслэл зөв амьдрахын сэдэвт чухал үүрэг гүйцэтгэдэг. Иваны амьдардаг нийгмийн гишүүн бүр хиймэл оршихуйг зорьдог бөгөөд материализм ба нийгмийн шатлал нь зөв амьдрахад саад болдог гэж Толстой сануулжээ. Романы туршид гадаад хэлтэй хэд хэдэн ишлэлтэй бид таарна. Ишлэл болгон Иваны тухай нуугдмал үнэнийг дамжуулснаар уг бүтээлийн гол сэдвийг тодорхой болгоход тусална. Иваныг "le phenix de la famille" гэж дууддаг нь түүнийг гэр бүлийн гишүүдээс амжилтанд хүрэх хамгийн өндөр магадлалтай гэсэн утгатай ажээ. Гэсэн хэдий ч энэ шууд утгаараа Иваны оюун санааны дахин төрөлт, түүний хиймэл амьдралаас үүдэлтэй хурц үхлээс хойших үнс нурамнаасаа дахин амилахыг зөгнөж байна. Үнснээсээ дахин төрсөн домгийн галт шувууг санагдуулах нь оюун санааны ач холбогдлыг ухаарч, дотоод амьдрал ба гадаад амьдралын сэдвийг тодотгож өгдөг.
Comments
Post a Comment