"Живаго эмч". Оросын зохиолч Борис Пастернакийн 1957 онд анх Италид хэвлэгдсэн бэсрэг роман. Роман гол баатар болох эмч, яруу найрагч Юрий Живагогийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд романы үйл явдал Оросын хувьсгалаас дэлхийн хоёрдугаар дайны хооронд өрнөнө. Пастернак Октябрийн хувьсгалын талаар бие даасан байр суурьтай байсан тул "Живаго эмч" романыг ЗХУ-д хэвлэхээс татгалзсан ба Жианьякомо Фелтринеллигийн санаачилгаар гар бичмэлийг Милан руу хууль бусаар авчирч ном болгон хэвлэжээ.
Дараа жил нь Пастернак уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн нь ЗХУ-ын коммунист намыг эвгүй байдалд оруулж, хилэгнүүлсэн байдаг. Уг романаар 1965 онд Английн кино найруулагч Дэвид Лин кино хийсэн нь асар их амжилт олсон ба сүүлд 2006 онд Оросууд мини цуврал кино хийжээ. "Живаго эмч" 2003 оноос Оросын сургуулийн сургалтын хөтөлбөрт багтаж, 11-р ангид уншдаг ажээ. Хэдийгээр 1910-1920-оод онд бичсэн хэсгүүдийг багтаасан ч роман 1955 он гэхэд бүрэн дуусаагүй байв. Романыг "Новый Мир" уран зохиолын сэтгүүлд нийтлэхийг хүлээн зөвшөөрсөн боловч редакторууд нь Пастернакийн бүтээлд социалист реализмыг далдуур үгүйсгэсэн гэж үзээд нийтлэхээс татгалзсан байдаг. Пастернак зохиолынхоо баатар шигээ нийтийн сайн сайхны төлөө гэхээсээ илүү хувь хүний сайн сайхныг илүүд үзэгч байсан учир ЗХУ-ын цензурын хорооноос зарим хэсэг нь илт Зөвлөлтийн эсрэг байна гэж тайлбарласан ба мөн нэгдэлжилт, их цэвэрлэгээ, Сталинизм болон ГУЛАГ-ын талаарх Пастернакийн шүүмжлэлийг эсэргүүцэж байжээ.
Түүний үхлийн тухай уран зохиолын сэтгүүлд багахан мэдээлэл гарсан ч оршуулах өдөр, цагийн хуваарийг бичсэн гар бичмэл зарыг Москвагийн метроны систем даяар байрлуулсан байлаа. Үүний ачаар олон мянган шүтэн бишрэгчид нь Москвагаас Переделкино дахь Пастернакийн оршуулгад оролцоор очжээ. Сайн дураараа хүмүүс түүний авсыг өргөж явж байсан гэдэг бөгөөд хориглосон "Гамлет" шүлгийг дурсамж болгон уншицгааж байжээ. Оршуулах ёслол дээр нь нэгэн тэрс үзэлтэн: "Бурхан сонгогдсон хүмүүсийн замыг дөнгөлж тэмдэглэдэг. Пастернакийг Бурхан сонгож, тэмдэглэсэн. Бид Толстойг зайлуулсан, бид Достоевскийг үгүйсгэсэн бол одоо Пастернакийг үгүйсгэж байна. Бидэнд алдар нэрийг авчирдаг бүхнийг бид Баруун руу хөөх гэж оролддог. Гэвч бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид Пастернакийг хайрладаг, түүнийг яруу найрагчийннх нь хувьд хүндэлдэг. Пастернакийг алдаршуулагтун!" Гэж хэлж байжээ. 1980-аад оныг хүртэл Пастернакийн шүлэг, яруу найраг хатуу цензурын дор хэвлэгддэг байсан ба Михаил Горбачев перестройкийг тунхаглах хүртэл түүний нэр хүндийг төрийн суртал ухуулгаар хатуу цензурдсаар байжээ.
Олон арван жил гараас гар дамжин "хууль бусаар" олны хүртээл болж явсан "Живаго эмч" роман 1988 онд "Новый Мир" сэтгүүлд цувралаар нийтлэгдсэн нь Пастернакийн амьд сэрүүн байснаас илүү анти-коммунист шинжтэй болж өөрчлөгдсөн байдаг аж. Дараа жил нь Евгений Борисович Пастернак эцгийнхээ Нобелийн одонг авахаар Стокгольм руу явахыг зөвшөөрсөн. Уг ёслолын үеэр хийлч Мстислав Ростропович ЗХУ-ын тэрс үзэлтэн нөхрийнхөө дурсгалыг хүндэтгэн Бахын хөгжмийг эгшиглүүлж байлаа. Америкийн уран зохиол шүүмжлэгч Эдмунд Вилсон уг романы талаар "Живаго эмч хүн төрөлхтний уран зохиол, ёс суртахууны түүхэн дэх аугаа үйл явдлуудын нэг болж үлдэнэ гэдэгт би итгэдэг" гэж бичжээ. Английн зохиолч, шүүмжлэгч В. С. Причетт "энэ бол хувьсгалын дараа Оросоос гарч ирсэн анхны суут бүтээл" гэсэн байхад зарим шүүмжлэгчид романд бодит өрнөл үгүй, он цагийн дараалал нь будлиантай бөгөөд гол дүрүүд нь хачирхалтай байдлаар арилчихдаг нь зохиолч санамсаргүй тохиолдолд хэт их найдаж байсан нь харагдана гэжээ. Пастернакийн яруу найргийн бүтээлүүдийг шижир, номхоршгүй ухаалаг гэж үздэг байсан Владимир Набоков харин уг романыг "улиг болсон давхцалуудтай, романтик дээрэмчидтэй, итгэмээргүй бүсгүйчүүд болон дур татам хуульчдыг суурь нөхцөл байдалтай болхи бөгөөд мелодраматик хөөрхий юм" гэж шүүмжилсэн байдаг.
ҮНДСЭН СЭДЭВ. Энэхүү бүхий л улс төрийн томоохон өөрчлөлтийн сүүдэр дор бүх зүйл хүмүүний үндсэн хүсэл тэмүүллээр зохицуулагдаж байгааг уншигчид харж байна. Нэг эмэгтэйд дурласан Живаго, Паша хоёр тун тогтворгүй цаг үед тогтвортой байдлыг эрэлхийлэн Оросыг хөндлөн туулж байна. Тэд хоёулаа 20-р зууны эхний хагаст Орост тулгарч байсан бүхий л үймээн самуунд хутгалдаж байсан боловч тэдний бүх үйлдэл болон санаа сэдэл нь тогтвортой гэр бүлийг хүсэх хүсэл юм. Уншигчид Живаготой анх танилцахад тэр мэддэг бүхнээсээ хагацаж байдаг ба ээжийнхээ булшин дээр уйлаад зогсож байдаг билээ. Түүний амьдралын тогтвортой бүхэн сүйрч, романы үлдсэн хэсэг бол түүний залуу насандаа өөрөөс нь хулгайлсан аюулгүй найдвартай байдлыг дахин бүтээх гэсэн оролдлого байсныг бид харж байна. Живаго ээжийгээ алдсаныхаа дараа эмэгтэй хүнтэй харилцах харилцаанаасаа Фройдын "эхийн объект" (эмэгтэйн хайр ба дур) гэж нэрлэсэн зүйлийг хүсэн хүлээдэг болсон. Түүний Тонятай хийсэн анхны гэрлэлт бол хайраар бус нөхөрлөлөөс бий болсон, өөрөөр хэлбэл Тоня Живагогийн үргэлж эрэлхийлж байсан эхийн дүр агаад энэ бол романтик холбоо биш. Живаго түүнд насан туршдаа үнэнч байна гэдгээ мэдэрдэг байсан ч тэр түүнтэй хэзээ ч жинхэнэ аз жаргалыг олж чадаагүй, учир нь тэдний харилцаанд Живаго Ларатай байхдаа мэдэрдэг халуун сэтгэл дутдаг.
Романы эхэнд буюу 1905 оны Оросын хувьсгалаас дэлхийн нэгдүгээр
дайны хооронд романы дүрүүд янз бүрийн философи ба улс төрийн үзэл санаатай,
үүний дотор Марксизмын талаар чөлөөтэй мэтгэлцдэг байсан бол хувьсгал болон
коммунизмын дайны дараа Живаго, мөн бусад дүрүүд улс төр ярихаа больдог. Живаго
бол зөрүүд, уламжлалыг үл дагагч ба хувьсгалт суртал ухуулгын
"харалганд" дотроо бухимдахын сацуу түгээн дэлгэрсэн догмаг баримтлах
нөхдийнхөө "ил тод хоёр нүүрт" байдалд зэвүүцэн хорсоно. Живагогийн
сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэнд байнгын, системтэй дарамтын дор
сүйрдэг бөгөөд иргэд өөрсдөө бодохоос илүүтэйгээр өөрсдийн мэдэрсэн зүйлийнхээ
эсрэг өдрөөс өдөрт өөрсдийгөө харуулах хүлээлттэй байдаг. Романы төгсгөлд Орос
улс дэлхийн хоёрдугаар дайнд хамрагдан орж байхад Дудоров, Гордон нарын дүрүүд
дайн Оросыг жинхэнэ дайсных нь эсрэг хэрхэн нэгтгэсэн тухай ярилцдаг билээ.
ЗХУ-ын албан ёсны уран сайхны хэв маяг гэж үздэг социалист реалзимаас ялгаатай
нь Пастернакийн роман итгэмээргүй санамсаргүй тохиолдлууд ихээхэн тулгуурладаг.
Пастернак романыхаа олон арван жил үргэлжлэх үйл явцад янз бүрийн хүмүүсийн
түүхийг өгүүлэхийн тулд дүрүүдийнх нь зам байнга огтлолцох аргыг ашигладаг
бөгөөд романы үйл явдал өрнөж буй цаг хугацааны эмх замбараагүй, урьдчилан
тааварлашгүй шинж чанарыг тодотгож, бодит байдлыг илүүтэй ерөнхийлдөг ажээ.
Төгсгөлд нь, Живаго нас барахынхаа өмнөхөн "хэд хэдэн оршихуй зэрэгцэн
хөгжиж, өөр өөр хурдтайгаар зэрэгцэн хөдөлж, амьдралд нэг хүний хувь заяа
нөгөөгөөсөө түрүүлж, нэг нь нөгөөгөөсөө удаан амьдардаг тухай" илчлэлтийг
олж авдаг. Энэ нь дүрүүдийн олон арван жилийн аяллыг тусгахаас гадна тэдний
амьдралыг чиглүүлэх хувирамтгай өөрчлөлтийг илэрхийлдэг.
Comments
Post a Comment