Сэрэхэсээ өмнө үхсэн хүн

 

 


The Lady from Shanghai (1947) . Далайчин Michael шөнийн цагаар цэцэрлэгээр "тэнэж" яваад санамсаргүй байдлаар Elsa хэмээх үзэсгэлэнтэй шаргал үстэй хүүхэнтэй танилцана. Хүүхэн баян болох нь илт, харин Michael зориг зүрхтэй, чанга эр болох нь мөн л илэрхий. Тэднийг салаад удаагүй байхад Elsa хашгирах сонсогдож, Michael гүйн очвол 3 танхай этгээд хүүхнийг бүжин байх агаад Michael хүүхнийг буруу номтнуудаас түвэггүй салгах нь мэдээж. Michael Elsa-г гэрт нь хүргэж өгөхдөө түүнийг нөхөртэй, нөхөр нь эрүүгийн хэргийн алдартай өмгөөлөгч Bannister гэгч болохыг, мөн Elsa саяхан Шанхайгаас Нью-Йорк хотод ирснийг олж мэднэ. Michael дайнд явж байсан, дайнаар хүн алж байсан гэдгээ илчилнэ. Түүнийг далайчин гэдгийг дуулсан Elsa; бид Панамын сувгаар дамжин Сан Франциско руу аялж байгаа, манай онгоцны хүрдийг жолоодооч гэхэд Michael эхэндээ эргэлзэж байсан ч эцэстээ хүлээн зөвшөөрдөг. Тэдний дунд романтик хийгээд эротик татагдал үүссэн нь мэдээж боловч Michael эхэндээ бууж өгөхгүй гэж хэрэндээ тэмцэж байсан ч сүүлдээ гоо үзэсгэлэнд бууж өгдөг. Хөлөг онгоцон дээр Michael баян өмгөөлөгч Bannister болон түүний хамтрагч Grisby нартай танилцах ба Bannister хөл муутай эхнэрээсээ дор хаяж 10 насаар ах хүн байх бол Grisby нь мөн төдий насны үзэмжгүй, харваас өөдгүй хүн байна, тэд дотно найзуудаас гадна дундаа компанитай. Аяллын үеэр Grisby Michael-д; чи намайг ал, хариуд нь би чамд их хэмжээний мөнгө өгнө, үнэндээ энэ бол аллага биш, хуурамч хуйвалдаан буюу олон нийтэд чи намайг алсан гэж хэлэх ч миний цогцос олдохгүй болохоор чамайг яллах боломжүй (тухайн үеийн эрүүгийн хуулиар) гэж хэлнэ. Michael-д зөвшөөрөхөөс өөр арга байсангүй, учир нь тэрээр Elsa-тай улам бүр дотно болж, аваад зугтаахын тулд мөнгө зайлшгүй шаардлагатай байлаа. Ингээд Grisby Michael-аар хэргээ хүлээн зөвшөөрсөн бичиг үйлдүүлж дөнгөнө. Хүн амины хэрэг гарах шөнө боллоо. Энэ үед Broome гэгч этгээд хамаг төлөвлөгөөг нурааж орхих буюу энэ Broome бол хартай Bannister-ын эхнэрийгээ мөрдүүлэхээр хөлсөлсөн хувийн мөрдөгч бөгөөд мөрдөгч тэр нэгэн өдөр Michael Grisby хоёрын нууц төлөвлөгөөг сэмхэн чагнасан болох нь тодорхой болно. Broome Grisby-г зогсоох гэж оролдохдоо буудуулах ба үхэхээсээ өмнө Michael-д; Grisby Bannister-г хөнөөгөөд үүндээ чамайг буруутан болгох төлөвлөгөөтэй байж гэж утсаар хэлж амжина. Эдгээр явдлаас өмнө Michael шөнийн төлөвлөгөөний дагуу Grisby-г завинд суулгачихаад түүнийг алсан мэт болгож агаарт хий буудаж олны анхаарлыг татна. Хийх юмаа хийсэн Michael Elsa руу залгахад Broome харилцуурыг аваад дээр дурдсан бүхнийг хэлснээр Michael яаран Bannister-ын гэрт ирэхэд Bannister амьд, мэдээж Grisby үхсэн байх агаад тэрээр үйлдээгүй хэргийн эзэн болоход өнөөх хэргээ хүлээсэн бичиг хангалттай байв. 

Аугаа кино урлаач Orson Welles-ын энэхүү нуар жанрын кино ингээд л төгсчихгүй, үлдсэн 30 минут хамгийн амттай учир зориуд бичилгүй үлдээлээ. Киноны гол дүрүүдэд; Orson Welles өөрөө, мөн тухайн үед эхнэр нь байсан Rita Hayworth, Everett Sloane нар тоглосон ба кино анхандаа сайнаар үнэлэгдээгүй ч яван чангарснаар өнөөдөр шедевр гэгдэх болсны дээр мизасцэн, камерийн ажиллагааг нь өндрөөр үнэлдэг. Welles хүүрнэлийг хангалттай байхад тэгтлээ анхаардаггүй тул энэ киноны үйл явдлын өрнөлийг дагах гээд хэрэггүй болов уу. Уг бүтээлээс авч болох гол таашаал бол түүхийг хуурмачаар хүүрнэж буйд л оршино. Түвэгтэй, зоримог, сэтгэл татам кино бөгөөд тольтой танхимтай сцэн бол кино урлагийн шилдэг сцэнүүдийн нэгээс гадна сексийн цөхрөл, үүнийг дагасан мөн чанараа алдаж буйг экспрессионистоор гайхалтай зүйрлэжээ. Эрч хүчтэй бөгөөд бүтээлч, кино зохиолынхоо дутууг мизасцэнээрээ гайхалтай нөхсөн уг киногTSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 499-р байрт жагсаагаад байгаа бол Sight & Sound сэтгүүлийн 6 шүүмжлэгч уг бүтээлийг хамгийн шилдэг 10 киноны нэг гэж санал өгч байжээ. 1946 оны зун Welles Жюль Вернийн "Наян хоногт дэлхийг тойрсон нь" романаас сэдэвлэсэн театрын мюзикл дээр ажиллаж байхад зарим хамтрагчид нь төслөөс гарсанаар тэрээр санхүүгийн бэрхшээлтэй тулгарчээ. Аргагүй эрхэнд тэрээр Columbia Pictures-ын захирал Harry Cohn-оос мөнгө зээлэхдээ түүний дор үнэ хөлсгүй кино хийх тохироо хийсэн байдаг. Welles-ын хэлснээр, тухайн үед утсаар ярьж байхдаа Cohn-ыг үнэмшүүлэхийн тулд ширээн дээр байгаа номоороо кино хийнэ гэж хэлсэн байдаг ба тэр ном бол үнэндээ түүний огт уншаагүй байсан ном буюу Sherwood King-ын "If I Die Before I Wake" роман байв. 

Welles үнэндээ тус номын талаар театрт байсан охиноос л дуулсан байжээ. Сайхь охин William Castle гэдэг найруулагчийн хүүхэд байсан ба Castle номын бүх эрхийг худалдаад авчихсан байлаа. Охиных нь хэлснээр, Castle ерөнхий найруулагчаар ажиллана гэж горьдож байсан гэдэг, мөн залуухан хүүд (Welles) эрх мэдлийг өгөөд туслахаар нь ажиллана гэдэгтээ тун сэтгэл дундуур байсан гэдэг ч түүний нэр киноны кредитэд байдаг байлаа. Кино товлосон хугацаандаа нээлтээ хийгээгүй байдаг, шалтгаан нь зарим хэсгийг дахин зураглах хэрэгтэй гэж Cohn үзсэн бөгөөд тэрээр  Welles-ын ноорог цомхтгол болон жижиг план багатай, төөрөгдүүлсэн үйл явдалтай байдалд нь дургүй байсан ба Welles зориуд эдгээрээс татгалзаж, өөрийнхөөрөө ажилласан гэж үздэг. Мөн түүнчлэн Cohn түүний Брехтийн маягийн ёжлолт, бараан хошигнолыг, нэн ялангуяа шүүх танихмын сцэнийг ихээхэн эсэргүүцэж байжээ. Welles зураг авалтаа бодит газарт нь удаан тогтсон планаар авбал жинхэнэ юм шиг болно гэж зорьж байхад кино компани аль болох хяналт тавихын тулд студид авахыг эрмэлзэж байсан боловч киноны зарим зураг авалт Acapulco, Sausalito, Cuesta зэрэг нутаг оронд авагджээ. Cohn-ын эл маягаас болж продакшны ажил сунжирснаар киноны өртөг үлэмж нэмэгдсэн бөгөөд төсвөө хэтрүүлсэн найруулагч хэмээн Welles-ын нэр хүнд муудаж байжээ. Ингээд дахин зураг авалт хийгээд ихээхэн эвлүүлгийн үр дүнд кино нэг жилийн дараа бэлэн болсон ба Welles-ын анхны цомхтгол 150 минут орчим байсан гэдэг. Welles киноны хөгжимд маш дургүй байсны дээр киноны оргил хэсэг болох төгсгөлийн парк доторх алаантай хэсгийг дэндүү тайрсанд нь тун сэтгэл дундуур байв. Энэ хэсэг уг нь 20 минут үргэлжлэх ёстой байтал кинон дээр 3 минут болгон багасгасан. Энэ кино бол Welles-ын эцсийн эвлүүлгийг хийгээгүй олон киноны нэгэн адилаар эх бичлэг нь оргүй алга болсон байдаг. Welles эмэгтэй гол дүрдээ эхнэр Rita Hayworth-г тоглуулахдаа зориуд урт улаан үсийг нь тайруулж, шараар будсан нь хэрүүлийн алим болсон гэдэг. Rita Hayworth "Welles надтай хамт шинэ зүйл хийхээр оролдож байсан боловч Cohn намайг хуучин маягаар гаргахыг хүсч байсан" гэж хэлж байжээ. Кино нээлтээ хийгээд Америкт огт амжилт олоогүй бол өнөөдөр тольтой танхимын хэсгийг нуар жанрын үндэс гэж үзэж байна. Variety киноны зохиолыг "яриа ихтэй, нүхээр дүүрэн" гээд Welles-ын ашиглаж өайсан холбоосгүй хэв маяг үе үе төсөөллөөр анивчдаг гэжээ. The New York Times "маш их төөрөгдүүлсэн, будлиантай кино" гээд Welles найруулагчаараа ажиллаад кино зохиол бичих ажлаа өөр хүнд өгсөн бол илүү байх байж гэсэн утгатай зүйлс бичсэн байдаг аж. Ихэнх шүүмжлэгчид киноны гэрэл, сүүдрийн тавилтыг киноныхоо үйл явдал, драматикийг сайжруулах гол үүрэгтэй байсан гэж магтжээ. Энэ бол хамгийн шилдэг хачирхалтай кино юм ~ David Kehr

Comments