Army of Shadows (1969) . Францын Эсэргүүцлийн сүлжээний тэргүүн Gerbier-г Францын Вишигийн цагдаа нар эсэргүүцлийн үйл ажиллагаанд сэжиглэн баривчилна. Gerbier-г буруутгах хангалттай нотлох баримт байхгүй ч түүнийг хорих лагерьт хорих бөгөөд хорих лагерьт тэрээр нэгэн залуу коммунистын хамт зугтаах төлөвлөгөө боловсруулж эхэлтэл хэрэгжүүлэхээс өмнө байцаахаар Парисын гестапо руу хүргэнэ. Тэнд тэрээр харуулыг хөнөөгөөд зугтааж, өөрийгөө хэр чанга эр болохоо харуулна. Gerbier Марсель дахь Эсэргүүцлийн сүлжээг удирддаг. Тэр өөрийн итгэлт гурван хүн болох Bison, Masque болон Felix нарын хамтаар ажиллах агаад тэд залуу агент Paul-г урвасан хэмээн алахаар болно. Урвагчийг алах амаргүй байлаа, учир нь аллага үйлдэх байшингийн хажуу айл эзэнтэй байсан учир буу ашиглах боломжгүй учраас залуу эрийг боож алахаар болж, тэр ч ёсоор болно. Felix бааранд хуучны анд, хүүхэмсэг, нисгэгч асан Jean-Francois- той таарч, улмаар Jean-Francois тэднийг нэг болно. Энэ үеэр бид Grebier-ын хамгийн шилдэг ажилтан Mathilde-тай танилцах ба Mathilde гаднаасаа гэрийн эзэгтэй ч чадварлаг ажилтан, тэрээр өсвөр насны охиныхоо хамт амьдарна. Jean-Francois Парист анхны даалгавараараа явж байгаад өөрийн ах, алдартай философич Luc-тэй уулзах агаад Luc бусдаас хөндий судалгааны ажлаа хийн гэртээ сууна. Хэсэг хугацааны дараа. Gerbier Британий шумбагч онгоцоор Лондон дахь Чөлөөт Францын төв рүү аялах бөгөөд шумбагч онгоц дээр Gerbier бүх Эсэргүүцлийн сүлжээний дарга бол Luc гэдгийг олж мэднэ, Luc-ын хэн болох нь маш нууц зүйл юм. Лондонд, Gerbier Эсэргүүцлийн нэмэлт дэмжлэгийг зохион байгуулж, харин Luc Charles de Gaulle-ээс шагнал хүртдэг.
Энэ хооронд Felix гестапод баригдах ба Gerbier энэ мэдээг сонсоод аяллаа богиносгож Франц руугаа яардаг. Felix-г баригдсаны дараа үйл ажиллагааг удирдаж байсан Mathilde Лион дахь хатуу чанга хамгаалалттай гестапогийн шоронгоос тамлуулж үхэх гэж буй Felix-г оргуулах төлөвлөгөө зохионо. Jean-Francois өөрийгөө барьж өгсөн захидал гестапод бичээд Felix найзтайгаа нэг камерт хоригдохоор болно. Jean-Francois нэвширтлээ зодуулах бол Felix дөнгөж амьсгаатай байлаа. Удсангүй Германы нацист дүрэмт хувцас өмссөн Mathilde, Masque, Bison нар эмч нарын дүрд хувиран шоронд ирээд хуурамч бичиг баримтаар Felix-г гаргахаар оролддог ч шоронгийн эмч хоригдол угаасаа үхэж байна гээд бүх ажиллагааг нураачихна. Аврах ажиллагаа бүтэлгүйтсэний дараа Jean-Francois өөрт байсан нэг цианидаа Felix-д өгдөг. Гестапод Gerbier-ын зураг байхыг харсан Mathilde Gerbier-г Лондон руу зугтаахыг ятгах боловч Gerbier өсөн нэмэгдэж буй Эсэргүүцлийн хөдөлгөөнд түүний байр суурийг орлох хүн байхгүй гэсээр үлдэнэ. Төд удалгүй Вишигийн цагдаа нар Gerbier-г баривчилна. Цаазлах цаг болох нацистууд хоригдлуудын дунд садист тоглоом явуулах ба энэ үед Mathilde тэргүүтэй нөхөд нь амжиж Gerbier-г аварна. Gerbier хөдөөний гүнд хаягдсан фермийн байшинд нэг сар хэвтэнэ.
Mathilde баривчлагдсан хэмээн Jean-Francois түүн дээр ирнэ. Тэд өсвөр насны охиноор нь сүрдүүлээд Mathilde-г ам алдуулчих бий гэж айцгаах ба Mathilde-г алахаас өөр аргагүй боллоо гэж Gerbier шийднэ. Шийдвэр амар гарсангүй, ихэнх гишүүд Mathilde-д итгэдэг бас хайртай байлаа. Гэвч ингэхээс өөр аргагүйг Gerbier учирлана. Mathilde-г Парисын гудамжинд явж байхад нь Bison буудаж алдаг. Францын нэрт кино урлаач Jean-Pierre Melville-ын кино зохиолын бичиж, мөн найруулсан Дэлхийн хоёрдугаар дайны сэдэвт триллер-драм. Melville кино зохиолоо Joseph Kessel-ын 1943 ижил нэрт романаас хөрвүүлсэн бөгөөд Kessel өөрөө Эсэргүүцлийн гишүүн байсан туршлагаасаа романдаа оруулж өгсөн байдаг. Киноны гол дүрүүдэд: Lino Ventura, Simone Signoret, Paul Meurisse, Jean-Pierre Cassel нар тогложээ. Францын Эсэргүүцлийг романтик бус, жихүүцэм хүйтэн ч гол дүрүүдээ баатарлагаар хөрөглөж үзүүлсэн уг кино өөрийн гэсэн өвөрмөц уур амьсгалтай, сэтгэл татам ба Melvville-ын хамгийн хувийн шинжтэй гэддэг уг бүтээлийг TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 350-р байрт эрэмбэлээд байна. 1969 онд Францад анх нээлтээ хийхдээ 1968 оны 5-р сарын үйл явдлын дараахан гарсанаас ч болсон уу энэхүү кино маань шүүмжлэгчдээс маш муу үнэлгээ авчээ. Алжирын дайнаас болж Эсэргүүцлийг алдаршуулахыг улс даяар хориглоод байсны дээр. Charles de Gaulle-г улсын төрийн хүрээнд хүлээн зөвшөөрөхгүй байсан үе нь киног өргөн хүрээнд гарахад саад болж байсан буюу шууд утгаараа эдгээр явдлууд киноны нэр хүндэд шавар болсон байдаг.
1970-аад сүүлчээр Их Британид нээлтээ
хийснээр олны анхааралд өртөж эхэлсэн ба бүр 2006 онд л сая Америкийн үзэгчдийн
хүртээл болжээ. 2006 онд Америкийн бараг ихэнх шүүмжлэгчид уг киног тухайн оны
хамгийн шилдэг гадаад киногоор нэрлэсэн байдаг нь сонирхолтой хэрэг юм. Энэ кино
бол цөхрөлийн өмнөх хүний оршихуйн тухай кино юм. Итгэл найдвар ба фатализм нь
нэг зүрхэнд оршино. Энэ кинонд сүртэй дайралт довтолгоо юмуу галт тэрэгний
дэлбэрэлт гарахгүй, тэр тухай ч биш харин нацистуудад эзлэгдсэн Францчуудын
цөхрөл, зовлонгийн тухай кино юм. Кинонд гарах арми үнэхээр сүүдрээс бүрддэг
буюу тэдэнд хаяг, нэр байхгүй, тэд хэзээ ч урваж бас үхэж магадгүй. Энэ бол
дайны тухай кино биш, харин оюун ухааны төлөвийн тухай кино. Дайны сэдэвтэй
кинонууд голдуу сүртэй үйл явдлыг үзүүлдэг бол өөрөө Эсэргүүцлийн хөдөлгөөний
гишүүн явсан Melville харин ийм төрлийн үйл явдлыг сонирхохгүй байна. Хурц үйл
явдал түгшүүрийг унтрааж, хурцадмал чанарыг гадны хөндий болгож харагдуулдаг
билээ. Melville-ын дайны баатрууд буюу Эсэргүүцлийн гишүүд байнгын айдастай
амьдарч, нөхдийнхөө үхлийг хүлээн зөвшөөрч, зөв зүйл хийж байгаа гэж ойлгохоос
өөр шагналгүй хүмүүсийн ухааны төлөвийн тухай кино юмаа. Кино дээр хуурамч олон
хүн хуурамч нэртэйгээрээ үхэж, юуны төлөө гэдгээ ч мэдэж амжилгүй нас барагсад
олон гардагийн дотор Эсэргүүцлийн гишүүд гэдгээ мэддэггүй төрсөн ах дүү хоёр ч
байдаг билээ. Melville амьд ахуйдаа хүртэх ёстой хүндлэлээ хүртээгүй найруулагч
гэдэг. Түүний бүтээлүүдийг дахин үзэж судлан нээх тусам нэр алдар нь улам
батжиж байсан ба тэр бол үнэндээ Truffaut, Godard, Malle нараас өмнөх Шинэ
давалгааны чухал хүн байсан гэдэг. Энэ бол нэрт зураглаач Roger Deakins-ын
дээдэлдэг кино ажээ.
Comments
Post a Comment