Америкийн шөнө

 




Day for Night (1973). Францын домогт кино урлаач Francois Truffaut-ын энэхүү сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй бүтээл нь кино хэрхэн бүтдэг талаар тун оновчтой зураглахдаа үхэл, осол, маргаан хийгээд янаг амраглал зэрэг кинонд үзүүлж болох бүгдийг үзүүлнэ. Амьдрал хийгээд кино урлагийн уялдаа холбоог тунгаах эрэгцүүлэл болсон уг кинондоо Truffaut өөрөө найруулагчийн дүрд тоглохдоо найруулагч хүний зовлон, мэргэжилдээ үнэнч шинжийг тодотгожээ. 
1973 оны Канны кино наадмаар нээлтээ хийсэн тус бүтээл дараа жилд нь Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртсэн бөгөөд TSPDT бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 449-р байрт жагсаагаад буй киноны талаар товчхон хүргэж байна. Бид "Je Vous Presente Pamela" нэртэй киноны продакшны үйл явцыг үзэж эхэлнэ.

Энэ кинонд хуучны дива Severine болон мөн хөгшин домог Alexandre хоёр гол дүрд тоглох бол туслах дүрүүдэд хүүхэмсэг Alphonso, өөрөөсөө олон ах эмчтэй гэрлээд саяхнаас сэтгэл гутралаас гараад буй Julie нар тоглох ба дашрамд, энэ кино нь мелодрам жанрынх болно. Харин киноны найруулагчаар Ferrand гэгч ажиллах ба бид түүний багийнхантайгаа болоод найруулгын ажилдаа олон арван асуудалтай тулгарч буй хэд хэдэн үзэгдлүүдийн гэрч болно. Хөшигний ард жүжигчид болоод кино багийнхан цөөнгүй романс, секс, салалт хийгээд уй гашууг туулдаг. Ялангуяа туслах эмэгтэй жүжигчдийн нэг хүүхэн жирэмсэн болсоноор продакшны ажил ихээхэн донсолно.

 Үүн дээр Alphonso-ын амраг хүүхэн англиас ирсэн орлон тоглогчийг дагаад зугтаачихдаг агаад энэ явдал түүнийг өрөвч Julie-тэй нэг шөнийн янаглал үйлдэхэд хүргэнэ. Alphonso хүүхний өрөвч сэтгэлийг хайр гэж эндүүрсэнээр байдал улам дордоно. Эцэст нь, Alexandre осолд орж эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барна. "Фаренхайтын 451" роман хэрхэн номын төлөө хийгдсэн билээ, түүн шиг кинонд зориулсан кино хийх санаа Truffaut төрснөөр уг бүтээлийн үндэс тавигдсан буюу Truffaut "Two English Girls" киногоо эвлүүлж байхад нь төржээ. Киноны зураг өвалт Ницца хотод Америкийн компанийн барьсан гудамжинд авагдсан. Киноны гол дүрүүдэд: Jacqueline Bisset, Jean-Pierre Aumont, Valentina Cortese, Jean-Pierre Leaud, мөн François Truffaut зэрэг Англи, Итали, Францын жүжигчид тоглосон. Truffaut Францын кино урлагаас өөрийнхөө хүссэн домоглог чанар олж харахгүй байсан тул олон улсын жүжигчидтэй хамтарчээ. 

Түүний хэлснээс, "The Golden Coach", "Singing in the Rain" гэсэн хоёр кино их нөлөөлсөн бөгөөд энэ хоёр кинонд зөвхөн найруулагч, жүжигчдийг онцолдоггүй тэр кинонд оролцсон хүн бүхнийг тодотгодог ба кино бүтээх явцыг харуулсан хамгийн дуртай кинонууд нь гэсэн байдаг. Jacqueline Bisset зарим талаараа Францаар жаахан ярьдаг байсан нь кинонд сонгогдох шалтгаан болсон; "Truffaut надруу залгахад би үнэхээр догдолсон, эмэгтэйчүүдтэй ажиллах дуртай хүнтэй хамтран ажиллах гайхалтай байсан" гэж Bisset хэлсэн байдаг. Уг киногоо Truffaut кино урлагийн анхны эмэгтэй хоёр жүжигчин болох Gish-ын эгч дүүст зориулсан агаад мөн энэ бүтээлээ кино бизнестэй холбоотой бүх хүмүүсийн нөхөрсөг сэтгэлээр хийсэн гэж хэлж байжээ. Truffaut уг киноныхоо дараа хэсэг амралтаа авсан. Киноны нэг чухал сэдэв бол амьдралаас илүү кино урлаг чухал гэдэг бөгөөд кино бүтээх арга болон бусад кинонуудаас олонтоо ишилдэг нь Truffaut-ын замнал кино шүүмжлэгчээр эхэлсэнийг илтгэнэ. 

Түрүүн хэлсэнчлэн кино эгч дүү Gish-ын зургаар эхэлж, дараачийн нэг сцэнд Ferrand Luis Bunuel, Carl Theodor Dreyer, Ingmar Bergman, Alfred Hitchcock, Jean-Luc Godard, Ernst Lubitsch, Robert o Rossellini болон Robert Bresson нарын аваргуудын тухай захиалсан номнуудаа үзэж байгаа харагддаг. Энэ бүтээлийг Truffaut-ын шилдэг ажлын нэг гэж үздэг. Time сэтгүүлээс гаргасан зууны шилдэг 100 кино жагсаалтад уг кино Truffaut-ын "The 400 Blows" киноны хамтаар орсон байдгаас гадна кино бүтээх тухай хийгдсэн хамгийн шилдэг кино гэж нэрлэдэг. The New York Times "инээдтэй, ухаалаг бөгөөд бишрэм тоглолттой" гэсэн байхад The Chicago Tribune "кино бүтээх тухай кино; энэ бол кино бизнесийг бүрдүүлдэг эмзэг, хөгжилтэй, ширүүн хүмүүсийн тухай хайр татам түүх" гэжээ. Харин Los Angeles Times "ямар ч цаг үед, ямар ч үзэгчдэд зориулсан тааламжтай кино" гэсэн байхад төв байхгүй, зүрх сэтгэл байхгүй, Truffaut ердөө хэлбэрийн хувьд л эргэж ирлээ хэмээн шүүмжлэгчид бас байсан. 

Jean-Luc Godard үзвэрийн үеэр киног орхин гарсан байдаг ба Truffaut-ын үзүүлсэн болгон худлаа, новш гэсэн байдаг. Truffaut үүнд нь уурлаж урт захидал бичсэн ч хоёр найз дахиж хэзээ ч уулзаагүй гэдэг. Кинон дээр продюсер "бид нэг том гэр бүл шиг биш гэж үү?" Гэхэд жүжигчин "тиймээс Грекийн эмгэнэлт жүжигт гарах хүмүүс шиг" гэж хариулдаг. Зураг авалт эхлэхэд кино баг нэг гэр болдог, энэ үед хувийн амьдрал алдагдаж, бүгд ядарсан, сэтгэл хөдлөлийн хувьд цөхөрдөг ч зураг авалт дуусахад энэ бүхэн задран салдаг, яг энэ тухай л кино юм. Энэ бол кино бүтээхийг магтсан яруу найргаас гадна ихэнх судлаачдын үздгээр хамгийн шиллэг киноны талаарх кино. Камерийн цаадах нууцаас бид энэ киноны ачаар олон зүйлийг мэдэж авна. Францын шинэ давалгааг үндэслэгчдийн нэг Truffaut 25 жилийн дотор 23 кино хийсэн байдаг.

Comments