Шонхор

 

 


Kes (1969). 1960-аад оны сүүл үе, уул уурхайн үйлдвэрлэл давамгайлсан Өмнөд Йоркширийн ядуу нутагт 15 настай Gasper-ын амьдралд өөдтэй, ирээдүйтэй зүйлс хомс. Gasper өрх толгойлсон 40 гаран насны ээж хийгээд үргэлж өөрийг нь үг хэлээр, бие махбодоор зодон доромжлох ах Jud-ын хамтаар амьдарна. Мөн түүнийг сургуулийнх нь хүүхдүүд, багш нар дээрэлхэн зовоох нь даанч хэцүү. Өөрийнхөө сахилгагүй зан авирыг орхисон гэж хүсэх ч Gasper үе үе өндөг, сүү зардаг машиныг "тононо". Тэрээр хичээл дээрээ байхдаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй ба ангийнхантайгаа байнга маргалдана.

Gasper-ын аав хэдэн жилийн өмнө гэр бүлээ орхин явсан бөгөөд ээж нь хааяа найзуудтайгаа гарахдаа хөвгүүддээ "найдваргүй амьтад" гэж муучлах буюу том хүү Jud-тэйгээ цаг үргэлж ам муруйдаг билээ. Gasper удсангүй ямар ч шалгалт өгөлгүйгээр сургуулиа орхино. Jud нутгийнхаа уурхайд ажиллана, бас их ууна, тэрээр дүүгээ хамт ажиллаарай гэхэд Gasper эрс татгалздаг. Нэгэн өдөр Gasper фермээс шонхорын дэгдээхэй олно. Gasper дэгдээхэйг сургаж, өөртөө хадгалан үлдээх бөгөөд шонхор шувуутай холбоотой номыг номын дэлгүүрээс хулгайлдаг. Gasper шонхороо Kes хэмээн нэрлэж, сургалтын явцад тэдний харилцаа сайжрах агаад кинонд анх удаа Gasper багшдаа шонхорын талаар ярьсныхаа төлөө магтуулдаг. Jud дүүдээ мөнгө болон морины бооцоо нь дээр тавих заавар үлдээнэ, гэвч бооцооны газарт Gasper нэгэн хүнээс ерөөсөө бооцоо тавих хэрэггүй гэсэн зөвлөгөөг дагаад улмаар ахынхаа мөнгөөр хоол авч идээд үлдсэнээр нь шонхортоо мах авчихна. Jud-ын заавраар явсан бол хөөрхөн мөнгө олчих байсан нь илэрсний дараа үүнийг мэдсэн Jud дүүгийнхээ шонхорыг алж өшөөгөө авна. Уй гашууд автсан Gasper шонхорынхоо цогцсыг хогийн савнаас гаргаад ээждээ үзүүлснийхээ дараа нисдэг байсан толгодод нь оршуулдаг. 

Их Британий кино найруулагч Ken Loach -ын энэхүү "гал тогооны угаалтууры драм" нь (энэ жанр нь 1950аад оны сүүлч, 1960аад оны эхээр Их Британий театр, кино, уран зохиолд гарч ирсэн урлагийн нэгэн төрөл бөгөөд гол баатар нь ихэвчлэн орчин үеийн нийгэмд урам хугарсан ууртай залуухан хүмүүс байдаг) хойд Английн ажилчин ангийг гайхалтай дүрсэлсэн хөрөг болой. Gasper-ын дүрд тоглосон David Bradley-ын натуралистик тоглолт гайхалтай ба түүний анхны дэлгэцийн бүтээл байжээ. Loach хоёрдахь театрын киногоороо нийгэм-улс төрийн асуудлыг өргөн дэлгэцнээ буулгахдаа 1960-аад оны Их Британий "ууртай залуухан хүний" жанрыг бодит байршил, мэргэжлийн бус жүжигчид ашиглан жинхэнэ том талбар руу гаргасан ба энэхүү насанд хүрэх явцыг харуулсан драм нь Loach-ын хамгийн хайрлагдсан, нөлөө бүхий кино хэвээрээ байна. Loach тухайн үеийн Их Британий боловсролын систем, нийгмийн доод ангийнхны ахиж дэвших боломжгүйг шүүмжилсэн шүүмж одоо ч хэвээрээ байгаа ба уг киног Их Британий кино хүрээлэнгээс гаргасан шилдэг 10 Британий киноны жагсаалтын 7-р байрт жагссан бол TSPDT бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 183-р байрт эрэмбэлээд байна. 

Киног зохиолч Barry Hines-ын A Kestrel for a Knave гэх 1968 оны романаас сэдэвлэсэн бөгөөд энэ бол хагас намтарчилсан роман ажээ. Кино хийгдэж байх үед Hines сургуульд багшилж байсан, мөн тухайн үеийнхээ боловсролын системийг шүүмжлэхийг хүсэж байжээ. Бодит амьдрал дээр Hines-ын дүү үнэхээр Kes нэртэй шувууг сургасан нь амьдралыг нь өөрчилсөн байдаг ба Hines-ын дүү киноны зураг авалтын үед шувуутай харьцахад биечлэн тусалж дэмжиж байсан гэдэг. Hines дүүгийн хамт киноны зураг авсан газар нутагт өссөн байдаг бол киноноос нь ялгаатай нь аав нь гэр бүлээ орхиогүй, харин ч сайн аав байсан гэдэг аж. Ном болон кино тухайн цаг үеийн Йоркширийн уул уурхайг дагасан амьдралыг хөрөглөсөн, тэр үеийн уурхайчид улс орны хамгийн бага цалинтай ажилчид байсан агаад кино нэнлтээ хийхээс өмнөхөн Йоркширийн уурхайчид албан бусаар ажил хаялт хаяж байжээ. 

Киноны хамгийн том сэдэв бол тухайн цагийн Их Британий боловсролын системийг шүүмжлэхэд төвлөрсөн. Гурван талт систем гэж нэрлэгддэг уг систем бол хүүхдийн суралцах чадвар, бүтээлч өнцгөөс хамааран хүүхдүүдийг ангилдаг ба энэ систем хүүхдэд болон цаашдаа нийгэмд асар хөнөөлтэй гэж үздэг. Ерөнхийдөө бол системийн хүрээнд, шалгалтад тэнцвэд "цагаан-захтан' болж сайхан амьдрах бол унагчид нь хөгжиж дэвших боломжгүй нь улмаас насаараа хүнд хөдөлмөр хийж амьдарна гэсэн үг юм. Уг кино нь хувь хүний ур чадварыг харгалздаггүй боловсролын эсэргүүцэж, мэргэжилгүй ажиллах хүчийг тогтмол нийлүүлэхийг шаарддаг капиталист нийгмийн үр дагавар гэж үздэг ажээ. Loach энэ киногоо "цагаан-захтан" болж чадаагүй бүх хүмүүс зориулсан гэжээ. Хүүхдийн боловсролын хэтийн төлөвийг бүдүүлгээр дүрсэлсэн хэмээн продюсерүүд эсэргүүцэж киноны зарим хэсгийг, ялангуяа төгсгөлийн хэсэгт Gasper багшийнхаа тусламжтайгаар амьтны хүрээлэнд ажилд орж байгаа гэх мэт эерэг үзэгдлүүд байлгахыг хүссэн ч кино багийнхан ингэвэл киноны үзлээс урвах болно, энэ бол хувь хүн биш системийн талаарх асуудлыг чухалчилсан кино гэж зүтгэсээр ерөнхий концептоо авч үлджээ. Мөн энэ кино маань хүүхэд насан дахь гэр бүлийн хайр болоод гэр бүлийн хайр байхгүй бол гэсэн сэдвийг хөнддөг. 

Киноны театрын хувилбар байдаг ба Gasper-ын дүрд Andrew Garfield тоглодог, ингээд түүний энэ киноны талаарх сэтгэгдлийг товчхон хүргэе. "Gasper-д ээж, ах хоёрынх нь хайр хэрэгтэй, ямар ч хүүхдийн адилаар тэр тэднийг зөн совингоороо хайрладаг. Тэр ээждээ өөрийг нь харж хандахгүй байна гэж гомдоллож магадгүй ч ээжийгээ хайрлахгүй байж чадахгүй. Ээж нь түүнээс татгалзахад тэр сэтгэлээр маш их шаналдаг нь ийм шалтгаантай. Jud дүүгээ тооддоггүй нь илэрхий, учир нь тэр дүүгээ бие болон сэтгэлийн хувьд шархлуулахыг бүх чадлаараа чармайдаг. Gasper гэр бүлээсээ хүлээн зөвшөөрөл, дэмжлэг, хайр, зөвлөгөө хүсдэг ч даанч юу ч хүлээж авдаггүй. Ээжийнх нь тэврэлт л түүний өдрийг сайхан болгоно. Kee буюу шонхор бол Gasper эргэн тойрныхоо хүмүүстэй харилцахад бэрхшээлтэй байгааг хамгийн тохиромжтой илэрхийлсэн санаа гэдэгт би итгэж байна. Тэр өдөржингөө Kes-г бодож, түүний тухай мөрөөдөж өнгөрүүлдэг бөгөөд Gasper шонхорыг найзаа гэж мэдэрдэг. Kes-д Gasper-ын хүсдэг бүх зүйл бий; эрх чөлөө, бахархал болон тусгаар тогтнол" гэж хэлжээ.

 Уг кино Их Британид амаас ам дамжсаар хит болж, улмаар сайн орлого олсон бол Америкт бүтэлгүйтжээ. Киноны Йоркшир аялга анхнаасаа хүмүүсийн толгойг эргүүлж байсны дотор Америкчуудын уурыг барж дууссан учир Америкт амжилт олоогүй гэж ойлгож болмоор. Харин Roger Ebert энэхүү киног ойрын жилүүдийн хамгийн дулаахан, сэтгэл хөдөлгөм шилдэг киноны нэг гэж тодорхойлжээ. Насанд хүрэх явцыг үнэн бөгөөд энгийнээр өгүүлэх уг кино дарангуйлагч ертөнцөд олдох жижигхэн хүмүүнлэг, гоо сайхны хүндэтгэл бөгөөд домогт найруулагч Krysztof Kieslowski-ын дээдэлдэг киноны нэг билээ. Кино дээр сургуулийн багш хүүхдүүдийн гарыг савааддаг хэсэг бий, энэ хэсэгт багшийн дүрд тоглосон хүн үнэхээр багш байсны дээр энэ хэсэгт хүүхдүүдийн гарыг жинхэнэээсээ савааджээ. Хүүхдүүд үүнийхээ төлөө нэмэлт мөнгө авчээ. Харин хөлбөмбөг тоглодог хэсгийн зураг авалтыг хоёр өдөрт авч дуусгажээ.

Comments