Ashes of Time (1994) . Хонг Конгийн нэрт кино найруулагч Wong Kar-wai-ын энэхүү адал явдалд, драм, вушиа (wuxia - Хятадын тулааны урлагийг харуулсан жанр) төрлийн бүтээл хором бүрт үзэсгэлэнтэй байж, огтхон ч уйдаахгүй ба өнгөний тавилт, камерийн урссан мэт хөдөлгөөнөөрөө хараа булаам. Jin Yong-ын "The Legend of the Condor Heroes" романаас сэдэвлэсэн уг киноны гол дүрүүдэд; Leslie Cheung, Tony Leung, Maggie Cheung, Brigitte Lin, Carina Lau, Jacky Yeung нар тоглосон бол кино зураглаачаар мэдээж Christopher Doyle ажилласан. Уг киноны үйл явдал эх романы үйл явдлын өмнөх хэсэгт төвлөрдөгөөс гадна гол антагонист (Фэн) дээр төвлөрч, түүнийг хорон муу шинж чанартайгаар нь үлдээгээд гол протагонист болгон харуулдаг. Барууны хор гэгддэг Фэний зам бусад хүчирхэг вушиагийн мастеруудтай огтлолцсоноор киноны үйл явдал өрнөнө. Дүрүүдийн өнгөрсөн түүхийг чөлөөтэйгөөр дүрсэлсэн нь зарим үед романы үндсэн утгаас хазайдаг. Киноны продакшн удаан хойшлогдсон тул энэ үеэр Wong тус романаараа, мөн энэ кинонд хамтран ажилласан жүжигчдийн хамтаар The Eagle Shooting Heroes нэртэй пароди бүтээгээд амжсан байна. 1960-аад оны үед King Hu-ын Come Drink with me киногоороо вушиа жанрын киног урлагийг өндөр түвшинд бүтээж болохыг харуулсан ба Wong вушиагийн соёлыг шимтэн үзэж өссөн аж. 1970 онд Bruce Lee-ын найруулсан The Way of the Dragon кино вушиа жанрыг дэлхийн тавцанд гаргаж ирэв. 1990-ээд оны дунд үеэс уг жанр шинэ шатанд гарч ирсэн. Wong вушиагийн "шинэ сургуулийн" төлөөлөгч вушиа жанрын зохиолч Jin Yong-ын "Legend of the Condor" романы баатруудыг сонгоод өмнө нь хэзээ ч байгаагүй вушиагийн түүх бүтээжээ. "Ashes of Time" бол вушиа жанр дээр дистопиан орчин үеийн санаануудыг суулгаж өгсөн өөр өнгө төрхтэй вушиа байсан болохоор ашиг орлого олигтой олоогүй, мөн найруулагчийн хамгийн дутуу үнэлэгдсэн бүтээлийн нэг гэгдэх болжээ. Анхны хэвлэл алдагдсан тул Wong 2008 онд кинондоо дахин эвлүүлгэ хийсэн бөгөөд киноны DVD, Blu-ray-д зориулж "Ashes of Time Redux" нэртэйгээр дахин гаргасан. Киноны үргэлжлэх хугацааг 100 минутаас 93 минут болгон багасгасан. Оригинал болон Redux хувилбарыг Азийн зах зээлээс олж болох бол барууны зах зээлд зөвхөн Redux хувилбар л байдаг ажээ.
Зургийн чанар муу, англи хэлний орчуулга тааруу, гэх мэтээр Redux хувилбарын талаар хэд хэдэн шүүмжлэл гарсан байдаг. Кино Хонг Конг-д нээлтээ хийхэд шүүмжлэгчид янз бүрээр хүлээж авсан; шүүмжлэгчид киног хураангуй бүтэцтэй тул үйл явдалд өрнөл гэхээр зүйл бараг байхгүй ба Wong найруулагч тулааны урлагийн үзүүлбэрээс үзүүлбэрээс илүүтэйгээр гол дүрүүдийн дотоодын амьдралыг голчлон харуулахыг зорьсон гэж үзэж байв. Энэ чанар бол вушиа жанрын кинонд ховор зүйл ажээ. Та энэ киноноос зүйрлэлийг хайж байвал зүйрлэл энэ кинонд бий; кинонд гарах сохор сэлэмчин хийгээд нүднүүд нь хуурмаг байдлыг илтгэх бол Ин, Ян хоёр үнэндээ нэг хүн байдгаараа ижил чанарыг илэрхийлнэ. Та энэ киноноос тулаан харахыг хүсч байвал уг кинонд гялалзах сэлэм, агаарт тулалдах тулаанчид болоод зургийн бийрээр татсан мэт час улаан өнгөний цацралтыг ч харах болно. Ингээд киноны үйл явдлыг дэлгэрэнгүй өгүүллсү. Баруун нутгаас гаралтай, өршөөлгүй зан авираараа барууны хор гэгддэг Фэн хэсэг дээрэмчидтэй тоглож байгаад эцэст нь бүгдийн алж буйгаар энэ түүх эхэлдэг. Тэрээр уур хилэн болон атаа жөтөөнөөсөө болоод хор гэгдэх болсноо өгүүлдэг. Энэ түүх Фэн арай залуухан, алслагдсан цөл нутагт алуурчны зуучлагчаар ажиллаж байсан цаг үе рүү буцаж очдог ба Фэн жилдээ нэг удаа зочлон ирдэг найз Хуанаа тэсэн ядан хүлээдэг.
НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ. Хуан (Зүүний тэрслүү) морь нь үхчихсэн болохоор дээрэмчдийн нэгийг хөнөөж морийг нь булаана. Тэрээр Фэн-д очоод дотно найз нь түүнд өгсөн шидэт дарсны талаар ярих буюу энэ дарс бол хүний ой санамжийг арчиж, шинэ амьдралаар амьдрах боломж олгодог аж. Фэн дарснаас уухаас татгалзахад Хуан өөрөө ууж эхэлнэ. Тухайн шөнөдөө, Хуан ой санамжаа алдах бөгөөд нойронд нь сэрээсэн эмэгтэйн араас яаран хөөж эхэлнэ. Эмэгтэй түүний зүүдний нэг хэсэг байсан байж магадгүй. Хуан гол дээр ирнэ. Нэгэн эмэгтэй (интоорын цэцэг) голын эрэг дээр зогсоод морио энхрийлж байна. Хуан эмэгтэйн тухай дурсамжаа хадгалсаар байгаа бололтой, тэд бие бие рүүгээ ширтэх ч огт ярилцдаггүй. Дараагийн сцэнд, Хуан архины мухлагт сохор сэлэмчинтэй архидаж байна. Хуан түүнээс бид бие биенээ яаж мэддэг билээ гэж асуухад сохор сэлэмчин түүнд бид хамгийн сайн найзууд байсан боловч Хуан хуучин эхнэрийг нь хулгайлсан гэж хэлдэг. Сохор сэлэмчин мөн хэрэв хараагаа алдаагүй, шөнө ч гэсэн харж чаддаг байсан бол Хуаныг алах байсан гэж хэлдэг. Хуан хэсэг этгээдүүд Ян-г заналхийлж байхыг хараад дундуур нь орж болиулах гэж байгаад өөрөө Ян-ын сэлэмд зүсэгдчихнэ. Үүнд Ян галзуу мэт хөхөрдөг. Хуан Залуу байхдаа дур булаам, тэрслүү чанараараа олон эмэгтэйн зүрх сэтгэлийг шархлуулж байсан гэж Фэн өгүүлдэг.
ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ. Ян Хуан-г алуулах алуурчин хөлслөхөөр Фэн-д ирнэ. Хуан Ян-ын дүү Ин-ын сэтгэлээр тоглосонд Ян өш санажээ. Хожим нь Ян-ын дүү Ин Фэн дээр ирээд аллагыг зогсоохыг оролдож, Хуан түүнд ухаангүй хайртай гэж мэдэгдэнэ. Ингэснээр Ян, Ин хоёр бол нэг хүн гэдэг нь илчлэгдэх буюу хүүхэн Ин эрэгтэй Ян болж тоглож байжээ. Өнгөрсөнд, архины ширээний ард Хуан Ян-д дүүтэй гэрлэнэ гэж хэлж байжээ. Хуанд аль хэдийнээ дурлачихсан Ян түүнд дүүгээ өгнө гэж хэлдэг. Ин төрөлх эмэгтэй байдлаараа болзоон дээрээ иртэл Хуан харин ирдэггүй бөгөөд үүнд үхтлээ уурласан хүүхэн Хуан-г хөнөөхийн хүсэлдээ автахын хажуугаар гал шиг дурлалдаа давхар шатан байлаа. Фэнтэй шөнөжин ярилцсаны дараа Ян, Ин гэсэн хоёр зан чанар үгүй болж, Хуан-г алах санаагаа ч тэрээр орхино. Тэр шөнө Фэн-ын өрөөнд Ин сэмээрхэн орж ирээд түүнийг энхрийлдэг бөгөөд хүүхэн Хуан-тай байна гэж төсөөлөх бол Фэн хуучин хайртыгаа гэж бодно. Тэр шөнөөс хойш Ин-г Фэн дахиж хараагүй билээ. Хайр дурлалд маш их гомдсон хүмүүс заримдаа шархласан зүрхээ хамгаалахын тулд хачирхалтай түүх зохиодог гэж Фэн өгүүлдэг.
ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ. Сохор сэлэмчин интоорын цэцэгтэй уулзах аялалдаа мөнгө олохын тулд Фэнээс туслалцаа хүсч очно. Фэн түүнд Хуан-ын алсан дээрэмчдийг өшөөгөө авахаар ирэхэд нь тосгоныг хамгаалах санал тавина. Дүүгээ эзэн хааны хамгаалагчдын гарт алдсан Луус дагуулсан охин тусламж гуйн Фэн дээр ирнэ. Охин төлбөрт нь луусаа, мөн сагс өндөг санал болгох ба Фэн энэ саналаас хүйтнээр татгалзаж оронд нь биеэ эзэмдүүл гэхэд охин эрс татгалздаг. Охин шантарсангүй, Фэн-ын үүдэн дээр суугаад Фэнтэй хамтрахаар ирсэн алуурчдыг гуйсан нүдээр харна. Тагтан дээрээ охиныг ажиглах Фэн-д охин хуучин амрагийн санагалзуулна. Сохор сэлэмчин өдрийн нартайд маш сайн тулалддаг бол шөнө хамгийн сул дорой нэгэн болдогийг Фэн анзаарна. Сохор сэлэмчин дээрэмчидтэй тулалдаж байхад тэнгэрт үүл хурсанаар харанхуйлж, улмаар сохор сэлэмчин амь үрэгддэг.
ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ. Фэн нэгэн хоол хүнс, мөнгөгүй болсон халтайж ядарсан залуутай уулзах ба Фэн түүнд хоол хүнс, орон байр өгье оронд нь алуурчины ажил болгоход Хон саналыг дурамжхан хүлээж авна. Хон-ын эхний ажил бол сохор сэлэмчинг алсан дээрэмчдийг устгах агаад Хон ч дээрэмчдийг устгаж, Фэнээс нөхөн төлбөр авдаг. Хон бол шударга бөгөөд энэ ажлаар удаан ажиллахгүйг Фэн ойлгодог. Хон-ын эхнэр нөхрөө хайж Фэн дээр ирнэ. Хон эхнэрээ харь хэмээх хөөх хэдий ч эхнэр нь зөрүүдлэн үлдэнэ. Хон Фэн-д хандаж ийм бохир ажилд эхнэрээ дагуулах зохисгүй, бүх вушиа мастерууд ганцаараа аялдаг гэж хэлнэ, харин Фэн түүнд гэнэтийн зүйлс үргэлж тохиодог, нэгэнтээ хүлээж байсан хүүхэн нь хүртэл өөрийнх нь ахтай суусан талаар ярьдаг. Хон луустай охины саналыг хүлээж аваад дүүгийнх нь өшөөг авч өгдөг. Хон тулалдааны үед хүнд гэмтэх ч эхнэр нь түүнийг сувилдаг ба Хон-ын бие муу байхад луустай охин эмч дуудаач хэмээн Фэнээс гуйхад Фэн эмч дуудах үнэтэй, төлбөрийнх нь оронд чи биеэ өгчих гэж дахин шална. Харин Хон сагстай өндөгийг нь төлбөрт авсан болохоор одоо чи ямар ч хариуцлага хүлээх шаардлагагүй гэж луустай охинд хэлж луустай охины сэтгэлийг амраадаг. Фэн Хон-г нэг муу өндөгний төлөө амь өрссөн тулаан хийлээ гэж зэмлэхэд Хон хариуд нь, вушиаг шуналын төлөө биш сайн сайхны төлөө ашиглах нь түүнийг амьд байлгадаг гэж хэлдэг бөгөөд хүйтэн бас тооцоотой Фэн үүнийг хэзээ ч ойлгохгүй. Хон эрүүл саруул болсныхоо дараа эхнэртэйгээ хамт аялалдаа гарснаар Фэн ганцаараа үлдэх ба тэднийг алслан одохыг харах Фэн-д өөрийнхөө сүйрсэн хайрын амьдрал, гүн гүнзгий атаа жөтөөний мэдрэмжиндээ автдаг. Хон зориуд зүгээ өөрчлөн явж байгааг Фэн анзаарах ба энэ Хон, Фэн хоёр хоорондоо тулалдана гэсэн үг болой.
ТАВДУГААР ҮЗЭГДЭЛ. Фэн сохор сэлэмчиний төрөлх хотод интоорын
цэцгийг үзэхээр очдог боловч энэ газарт интоорын цэцэг байдаггүйг мэдээд
гайхдаг. Өнгөрсөнд, Фэн ахтай нь гэрлэхээс өмнө хайртай бүсгүйдээ хамт
зугтаахыг санал болгож байж, гэвч бүсгүй энэ бүхэн оройтсон гээд хүлээж аваагүй
байдаг ажээ. Фэн гэрлэх ёслолд оролцохыг хүсээгүй тул дахиж хэзээ ч эргэж
ирээгүй ажээ. Фэн гэр бүлээсээ түүний бэр эгч буюу амраг хоёр жилийн өмнө нас
барсан тухай захидал хүлээн авдаг. Хуан түүнд авчирсан ой санамж арилгадаг
дарсыг түүний бэлэг байсан гэж үздэг. Өнгөрсөнд, Хуан Фэн-ын сэтгэлтэй
хүүхэнтэй далайн эрэг дээр ярилцаж байна; тэр түүнд хайртай гэж хэлэх ч хүүхэн
Фэн-д хайртай гэж хэлжээ. Фэн-ын тухай мэдээ дуулахаар хүүхэн жил бүр түүнийг
Фэн рүү нууцаар илгээдэг бөгөөд тэр Фэн хаана байгааг илчлэн гэж хүүхэн найддаг
байжээ. Хүүхэн удалгүй үхсэн, үхэхдээ Хуан-д өнөөх дарсыг Фэн-д өгүүлжээ. Одоо
үе, Хуан ой санамжаа маш их алдсан байх ба түүний санаж буй цөөхөн зүйлсийн нэг
нь интоорын цэцэгт дуртай нь юм. Фэн Хуан-г ирэхгүй гэдгийг мэдсээр байж
хүлээсээр байдаг ч эцэст нь цөхрөөд өнөөх дарснаас уучихна, гэвч дарс түүний
өнгөрснийг мартуулахын оронд дурсамжийг нь улам хүчтэй болгодог. Хүн мартахыг
хүсэх тусмаа улам их санадаг агаад дарс уухыг ятгах нь хүүхэн өөрийгөө хэзээ ч
мартуулахгүй гэсэн арга байсныг Фэн ухаардаг. Фэн гэрээ шатаагаад төрөлх хотдоо
буцдаг. Тэр хожим овгийнхоо удирдагч болж, барууны хор хочтой болжээ.
Comments
Post a Comment