Amour (2012) . Парисын хаа нэгтээ орших нэгэн байрны суугчид орон сууцных нь нэгнээс өмхий үнэр үнэртээд байна гэсэн гомдоллын дагуу гал сөнөөгчид болон цагдаа нар ирээд хачин муухай үнэр ханхлах байрны хаалгыг эвдэн ортол цэцгээр чимэглэсэн хөгшин эмэгтэйн муудаж ялзарсан цогцос угтана. Энэ бол киноны нээлтийн үзэгдэл бөгөөд хэдэн сарын өмнө тус байранд чухам юу болсныг өгүүлье. Энэ байр бол наян орчим настай эхнэр, нөхөр болох Georges, Anne хоёрын гэр бөгөөд төгөлдөр хуурын багш, сэхээтэн тэд хоёулахнаа аз жаргалтайгаар амьдран суух агаад хааяа охин нь, мөн сурагч нь байсан, одоо алдартай хөгжимчин болсон Alexandre гэсэн зочид тэдэн дээр зочлон ирнэ. Нэг орой хөгшин хосыг гэртээ ирэхэд гэрт нь хулгай орохыг завдсан бололтой хаалгыг нь эвдчихсэн байна. Маргааш өглөө нь тэд өглөөний цайгаа уух үеэр Anne гэнэт кататоник байдалд орчих буюу цус харвалт болно. Айж, сандарсан хөөрхий Georges-г төсөөлөх юм бишээ. Anne хагалгаанд орсон ч хагалгаа буруудаж хөөрхий эмгэний баруун бие нь тэр чигтээ саажилттай болж, улмаар тэргэнцэртэй асрамжийн хүн болж хувирна. Anne нөхрөөсөө дахиж эмнэлэгт явуулахгүй байхыг гуйж, ман амлалтыг нь авна. Georges эхэндээ үүнд дурамжхан байсан ч эхнэрийнхээ үнэнч асрагч болно. Нэг өдөр, Georges гадагшаа яваад иртэл эхнэр нь цонхоо онгойлгочихсон өөрөө газар сууж байх агаад эхнэр нь амиа хорлохыг оролдсон нь илэрхий бөгөөд үүнийгээ ч нөхөртөө шулуухан хэлнэ. Дараагийн өдөр нь, Alexandre тэднийд зочлон ирнэ, үүнд Anne аль болох сайхан хувцаслаж, хөгжилтэй хөөртэй байна, нөхөр нь харин ашгүй эхнэр нь буцаад амьдрах хүсэлтэй боллоо гэж найдна. Гэтэл Anne хоёрдахь удаагаа цус харваж, энэ удаа ухаангүй болж, ярьж ч чадахгүй болох буюу бие нь маш дорддог. Гэсэн хэдий ч Georges үргэлжлүүлэн хайрт эхнэрээ асарч халамжилсаар байна. Georges ганцаараа эхнэрээ асрахад насны хувьд ядарч эхэлсэн тул долоо хоногийн гурван өдөрт асрагч хөлслөж эхэлнэ. Харин охин Eva нь ээжийгээ асрамжийн газарт өгөхийг хүсэх боловч Georges эхнэртээ өгсөн амлалтаасаа буцахгүй. Удсангүй хөлсний сувилагчийг эхнэртэй нь зүй бус харилцаж байна хэмээн ажлаас нь халчихна. Anne улам дордож, үүндээ ч өөрөө маш их зовж буй нь илт байх агаад нэг өдөр өвчиндөө дэмийрч байхад нь Georges эхнэрээ дэрээр боомилж хөнөөнө.
Австрийн нэрт кино урлаач Michael Haneke-ын зохиолын бичиж, найруулсан энэхүү романтик драм тухайн жилийнхээ Канны наадмын дээд шагнал, Оскарын наадмын шилдэг гадаад хэл дээрх кино гээд хүртэж болох бүхнийг хүртсэн. 2016 онд шүүмжлэгчдийн дунд явуулсан санал асуулгаар 21-р зууны хамгийн шилдэг киноны 42-р байрт жагссан бол 2018 онд BBC бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 гадаад хэл дээрх киноны 69-р байрт эрэмбэлсэн. Харин TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 458-р байрт жагсаагаад байна. Киноны гол дүрүүдэд: Jean-Louis Trintignant, Emmanuelle Riva болон Isabelle Huppert нар тоглосон. Кино урлаг хайр ба үхлийн түүхээр хооллодог, гэвч кино бүтээгчид аль ч сэдвээр нь шинэ юмуу сорилт бүхий мэдрэмжийг ховор үзүүлдэг, тэгвэл найруулагч Haneke уг бүтээлээрээ хайр ба үхлийн нөлөөллийг оригналаар, туйлбартайгаар үзүүлсэн. Хөгшрөлт ба үхлийн талаарх гайхалтай сэтгэл хөдөлгөм түүхийг Францын ахмад жүжигчид болох Jean-Louis Trintignant, Emmanuelle Riva хоёрын ухаалаг, чадварлаг тоглолт төгс болгожээ. Жүжигчин Trintignant 14 жилийн дараа найруулагч Haneke-тэй хамтран ажиллахаар кино урлагтаа эргэн ирсэн ба Haneke тусгайлан түүнд зориулж бичсэн кино зохиолоо түүн рүү илгээснээр энэ төсөл бүтсэн аж. Trintignant найруулагчийн харж байж тухайн кинонд тоглохоо шийддэг жүжигчин бөгөөд Haneke-ын талаар "Тэр хөгжим, гэрэл гэх мэт техник талаасаа ч жүжигчидтэй харилцах арга барилаараа ч кино урлагийг бүрэн дүүрэн эзэмшсэн найруулагч" гэж хэлж байжээ.
Эл бүтээлээ Haneke өөрийнхөө гэр бүлд тохиолдсон явдлаас ерөнхийдөө сэдэвлэн бүтээсэн бөгөөд түүний хамгийн их сонирхосон асуудал бол хайртай хүнийхээ зовлон шаналлыг хэрхэн даван туулах тухай асуудал байв. Haneke-ын бодолд киноны санаа анх яаж орж ирсэн бэ гэвэл өөрийг нь өсгөсөн 90 настай нагац эгчийнх нь амиа хорлосон явдал байжээ. Haneke-ын хэлснээр эгч нь хэрх өвчиндөө зовж байсан ч асрамжийн газарт хэвтүүлэхийг хүсээгүй тул амьдралынхаа сүүлийн жилүүдэд гэртээ ганцаараа амьдарч байжээ. Эгч нь бүр түүнээс амиа хорлоход нь туслахыг гуйж байсан гэдэг. Haneke-ын хэлснээр киноных нь үндсэн сэдэв нь хөгшрөлт юмуу үхэл биш, харин хайртай хүнийхээ өвчин зовлонг хэрхэн хамт давж гарах талаар ажээ. Haneke киноныхоо санааг 1992 оноос бодож эхэлсэн. Тэрээр зохиолчийн блокт орсноор энэ төсөл хэсэг саатжээ. Haneke голдуу бичих үйл явцаас өмнө ерөнхий зохиолоо дотроо төсөөлчихдөг байсан ч энэ удаад киноных нь төгсгөл огт түүнд буухгүй байв. Ажлаа эхлүүлчихвэл аяндаа болох биз гэж бодсон ч тийм зүйл болсонгүй; "Би кино зохиолынхор төлөө өөрийгөө маш их зовоосон, ерөөсөө энэ сэдвийг олж чадашгүй юм шиг санагдсан" гэж тэрээр хэлж байв. Найруулагч маань өөрийнх нь санаатай ижилхэн сэдэвтэй, тэгэхдээ эхнэр нь нөхрөө халамжилдаг Швейцар-Канадын хамтарсан кино байдгийг олж мэдсэн байна.
Түрүүн хэлсэнчлэн
Haneke энэ киногоо Trintignant-д зориулж бичсэн бөгөөд Haneke ийм аргаар
ажиллахыг илүүд үздэг ба "Жүжигчин бүрийн давуу талд тусгайлан нийцүүлэн
бичих нь онцгой чанарыг нь үзүүлэхэд тустай" гэж хэлжээ. Энэ бол оюун
ухаан, мэдрэмжийн дээд түвшинд бүтээгдсэн кино ба судлаачид Haneke-г энэ удаа
дулаахан, шинжлэх ухаанч, гол нь мэдрэмтгий хүнлэг кино бүтээлээ гэж магтан
шагшсан бий. Сонирхуулахад, продакшны үеэр кино зохиолыг огтхон ч оролдоогүй ба
кино яаж кино зохиол нь бичигдсэн тэрүүгээрээ л явжээ. Киноны нэрийг Jean-Louis
Trintignant-аас болж өөрчилсөн буюу жүжигчин маань киноны үйл явдлыг хараад
илүү романтик нэр өг гэж санал болгох хүртэл Haneke өөр нэрсүүд бодож олоод
байжээ. Жүжигчин Emmanuelle Riva олон хөгшин жүжигчний хамтаар Anne-ын дүрийн
сонгон шалгаруулалтад орсон ба тэрээр Anne-ын эхний цус харвадаг хэсэгт үнэхээр
үнэмшилтэй тоглосоноор энэ кинонд тоглохоор болсон агаад Haneke түүний
тоглолтыг хамгийн бодитой гэж үзжээ. Emmanuelle Riva нүцгэн сцэнд тун дургүй
байсан ч энэ сцэн киноны түүхэнд чухал байсан учир зөвшөөрчээ. Нөхөр нь эхнэрээ
дэрээр боомилж алдаг хэсэг уг киноны хамгийн хэцүү сцэн байсан гэдэг бөгөөд Emmanuelle
Riva үнэхээр айгаад байсан бол Haneke түүнийг тайвшруулахын тулд өөрөө биечлэн
үзүүлж байжээ.
Comments
Post a Comment