Gilda (1946) . Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод анх удаагаа ирсэн Америк эр Johnny Farrel жижиг мөрийтэй тоглоомын газруудыг гаршсан заль мэхээрээ "хуурайлж" явж байгаад танхайчуудад баригдан балрахын даваан дээр аз нь гийж нэгэн үл танигдах хүний ачаар хохиролгүй аврагдана. Аврагч өөрийгөө Ballin Mundson хэмээгээд Johnny-д илүү дээд зэрэглэлийн казиног зааж өгөхдөө тэнд тоглохдоо заль хэрэглэж болохгүйг анхаарулна. Johnny тэр заасан газарт очиход үнэхээр тансаг сайхан казино байж байх агаад харин мань эр булхайцахгүйгээр тоглож чадсангүй.
Johnny менежерт баригдаад казингийн эзэнд хүргэгдэж очно, тэгсэн казиногийн эзэн өнөөх аврагч Mundson байлаа. Mundson түүний сэргэлэн, овжин байдлыг ажиглаж үнэлээд казиногийнхоо менежерээр ажиллах санал тавихад Johnny ч дуртайгаар хүлээж авна. Их удсангүй Johnny Mundson-ын итгэлийг олно. Энэ үед Mundson саяхан танилцаад бараг тэр өдөртөө хуримласан эхнэр болох Gilda хэмээх сайхан хүүхнийг Johnny-д танилцуулдаг ба Johnny Gilda хоёр бие биенээ эртнээс мэддэг болох нь тэнэг хүнд ч илэрхий мэдрэгдэх хэдий ч хэн хэн нь Mundson-ын асуултаас татгалзана. Ажил гээд үргэлж завгүй байдаг Mundson эхнэрээ харж хандаж байхыг Johnny-д даатгах агаад Gilda Johnny хоёрын бие биенээ үзэн ядах сэтгэл улам бүр ихсэж, Gilda зориуд Johnny-г уур цухлыг барахыг төрүүлэхийн тулд таарсан эрчүүдтэйгээ сээтэгнэж маяглаж эхэлсэн нь Johnny-ын жигшлийг улам төрүүлнэ.
Mundson онгоцонд суугаад нисэн одохыг Johnny болон бусад хүмүүс харах ба онгоц нисээд удсангүй далай дээр дэлбэрэхийг мөн л бүгд харна. Гэхдээ тэд Mundson шүхрээр амжиж буухыг олж харахад арай хол байжээ. Ингээд Gilda өв хөрөнгөө өвлөв. Мөн Gilda Johnny-той гэрлэнэ. Gilda үнэхээр сэтгэлээсээ гэрлэх бол Johnny анхнаасаа бүсгүйг өөрөөс нь урвасанд, мөн аврагч Mundson-оос урвасанд нь шийтгэж түүнтэй гэрлэнэ. Johnny шинэ эхнэрээ үл тоож, хайхрахгүй мэт хандах ч эхнэрээ бусдаар үргэлж дагуулж, цагдуулж, өөр ямар ч хүнтэй уулзуулахгүй зовоож шийтгэнэ. Obregon казиног хааж, мөн Johnny-д хандаж эхнэр чинь хэзээ ч Mundson-д хайртай байгаагүйг хэлснээр Johnny Gilda-тай эвлэрэхийг оролдоно. Энэ үед Mundson гэнэт гарч ирээд үхэж тоглосон гэдгээ илчилж, Gilda Johnny хоёрыг хамтад нь алахаар завдахад казиногийн бармен, Mundson-ын итгэлд найз Pio гэгч амжиж Mundson-г хөнөөнө. Унгарын кино найруулагч Charles Vidor болон жүжигчин Rita Hayworth нарын "гарын үсэг" болсон нуар жанрын бүтээл. Кино Rudolph Mate-ын тансаг зураглал, "Amado Mio", "Put the Blame Mame" дуунууд болоод Jean Louis-ын хувцас загвараараа алдартай бөгөөд өнөөдөр култ классик гэгддэг болсон бүтээл юм.
Энэ кино бол ерөөсөө л Rita Hayworth-ын кино буюу түүний замналын хөшөө болсон дүр бол Gilda юм. Rita-ын шөнийн клуб дахь нэгэн зэрэг ариун ба янхан, нэгэн зэрэг гэмгүй ба уруу татагчийн тоглолт ямар эрэгтэй хүний төгс төсөөлөл бөгөөд түүний тайчилт бүхий л эротик сцэний оргил нь болно. Charles Vidor-ын энэхүү триллерийн хайрын гурвалжингийн талаарх классик нуарыг TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 950-р байрт жагсаагаад байна. Уг кино хамгийн анхны Канны кино наадамд оролцож байв. Кино анх олны хүртээл болсны дараа судлаач, шүүмжлэгчид Rita хамгийн үзэсгэлэнтэйгээр дэлгэцнээ харагдлаа. Кино багийнхан зориуд түүний гоо сайхныг илэн далангуй зураглаж өгсөн нь чухам оносон гэж магтсан боловч найруулга хөдөлгөөнгүй, гэвч энэ бол зохиолчдын алдаа гэж дүгнэж бичиж байв. Сүүлийн үеийн шүүмжлэгчид ч мөн уг кино дээр Rita өөрийнхөө шилдэг тоглолтоо толилуулсан бөгөөд кино дөнгөж дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа гарсан болохоор олон жанрыг агуулж, дүрүүдийн харилцаа нь өвөрмөц онцлогтой гэжээ.
Энэхүү бүтээл бол 1940-өөд оны үеийн ширүүн адал явдалтай нуар жанрыг эмэгтэйчүүд кинонд голлох байр суурь эзэлж эхлэх үеийн огтлолцол болсон үеийн киноны нэг гэдгээс гадна орчин үеийн мэдрэмжийг агуулж, сексийн асуудлыг хөндөж гаргасанаараа алдартай кино юм. Rita-ын бүтээсэн Gilda дүр бол фемме фатал идеалийг улам түвэгтэй болгож байгаагаараа сэтгэл татам ба Gilda бол айдсаа олон давхар худал зоригоор халхласан дүр юм. Киноны ганц сул тал бол нуар жанрт төдийлөн харагддаггүй аз жаргалтай төгсгөл гэж судлаачид үздэг. Rita олон болзоонд явахад нь энэ кино тусалсаныг дурдсан байдаг ба "тэд Gilda-д дурлачихаад өглөө нь надтай хамт сэрдэг байсан" гэж хэлсэн байдаг. Алдарт Humphrey Bogart кинонд тоглохоос татгалзсан шалтгаанаа үзэгчид үзэсгэлэнтэй Rita-г хараад бусдыг нь огт харахгүй шүүдээ гэжээ. Jessica Rabbit гэдэг дүрийг Gilda-аас санаа авч бүтээжээ. Кино дээр Rita-ын дуулдаг хэсгийг үнэндээ Anita Ellis гэгч ам барьж дуулжээ.
Comments
Post a Comment