Эмиль Золя бол Францын зохиолч, сэтгүүлч, жүжгийн зохиолч бөгөөд уран зохиолын натурализмын сургуулийн хамгийн алдартай төлөөлөгч, театрын натурализмын хагжилд үнэтэй хувь нэмэр оруулагч байв. Тэрээр өөрийн дэмждэг онол сургаалийг 1871-1893 оны хооронд "Les Rougon-Macquart" гэсэн ерөнхий нэрийн дор хэвлүүлсэн 20 цуврал романдаа тусгаж өгсөн байдаг. Золя 1901 онд Нобелийн уран зохиолын шагналд нэр дэвшсэн анхны хүн ажээ. Золяг 1840 оны 4-р сарын 2нд төрсөний дараахан нь авъяаслаг инженер аав нь гэр бүлийн хамтаар Францын өмнөд хэсэгт орших Aix хэмээх хот руу нүүжээ. Марселийн ойролцоо орших уг хотод Золягийн аав цэвэр усны хангамжийн томоохон төсөл эхлүүлсэн боловч төсөл дуусахаас өмнө нас барж, ээжтэйгээ үлдсэн Золя санхүүгийн хүнд нөхцөлд оржээ. Гэсэн хэдий ч түүний хүүхэд нас, Aix хотод сурч байсан үе бол амьдралынх нь хамгийн жаргалтай үе байсан гэдэг. Золя Францын энэхүү нар шарсан жижиг хотыг үргэлж хайрлаж ирсэн бөгөөд хожим нэртэй зураач болсон Пол Сезанна түүний хамгийн дотно найз байсан агаад тэд олон сайхан зуныг хамт өнгөрүүлсэн байдаг.
ПАРИС ДАХЬ ЭХНИЙ ЖИЛҮҮД. 1858 онд Золя ээжийнхээ хамт Парис руу нүүж, тэнд маруухан боловсрол эзэмшсэн бөгөөд бакалаврын шалгалтаа хэзээ ч амжилттай өгч байгаагүй. Сургуулиа төгсөөд тэрээр ядуу тарчиг амьдралаар хэдэн жил амьдарсан. 1862 онд Хашеттийн хэвлэлийн фирм-д ажилд орж, тэндээ дөрвөн жил ажилласан. Тэнд Золя зар сурталчилгаа болон бизнесийн талаар их зүйлс мэдэж авснаас гадна нэр хүндтэй зохиолчид, философичидтой танилцсаны дотор түүний бодол санаанд ихэхээн нөлөөлсөн уран зохиолын түүхч Ипполит Тэйнтэй танилцжээ. Золягийн "There`se Raquin" бүтээлийн эпиграфт байдаг "Хорт үйл ба сайн үйл нь хүхэр болон сахар шиг химийн бүтээгдэхүүн юм" гэдэг үг бол үнэндээ Ипполит Тэйний хэлсэн үг ажээ. Энэхүү томьёо нь садар самуун, аллага хийгээд амиа хорлолт гэх мэт аймшигтай түүхээр дүүрэн эвлэршгүй материалзимд тун сайн тохирч байв. Ойролцоогоор 1868-1869 оны хавьцаа Золя-д чөлөөт сэтгүүлчээр ажиллаж байхдаа Хоёрдахь Эзэнт гүрний (1852-1870) уналт хийгээд мандалтын үед орших нэгэн гэр бүлийн янз бүрийн гишүүдийн өөр өөр амьдралыг харуулсан цуврал зохиол бичих санаа төржээ. Тэрээр өвөг дээдсээс өвлөгдөж ирэх эрх мэдэл хойч үеийнхний зан чанар, хөгжилд хэрхэн нөлөөлж болохыг уг бүтээлээрээ харуулахыг зорьсон. Энэхүү схем түүнд сайд дарга юмуу баян эрх мэдэлтэй нийгмийн дээд давхаргаас эхлээд ядуусын хороололд амьдрах өлсгөлөн нэгэн эсхүү уурхайд хүнд хөдөлмөр эрхлэх зовсон олон түмэн хүртэлх нийгмийн тодорхой хэсгийг шинжлэн судалсан роман бичих боломжийг олгосон.
"Les Rougon-Macquart"-ыг анх арван боть байхаар төлөвлөж байсан ба уг загвар нь Золя-д тун ирээдүйтэй санагдсан учир тоог нь хоёр дахин нэмэгдүүдсэн байна. Тус ботиуд нь цэвэр уран зохиолын бүтээл гэхээсээ илүү нийгмийн баримт бичиг хэлбэрээр бичигдсэн хэдий ч түүний хүчтэй сэтгэл хөдлөлийн төсөөлөл, мөн анхдагч симбол нь юуны түрүүнд онцгой байсан ч экспрессионист яруу найраглаг олон шинж чанарыг агуулсан байдаг. Гэвч эхний зургаан ботийг шүүмжлэгчид үл тоомсорлосон байдаг ч эдгээр бүтээлүүдэд нийгмийг ёжилсон шинж нэлээд байв. Жишээлбэл, "La Curee" романд үл хөдлөх хөрөнгийн наймааны тухай өгүүлдэг бол "Le Ventre de Paris" романд хулчгар жижиг дэлгүүр эрхлэгчдийн консерватизм руу довтолдог. Харин "Son Excellence Euge"ne Rougon" бүтээлд улс төрийг наймаалцаж буйг илчилдэг. Долоо дахь боть буюу L'Assommoir" роман нь Золяг шилдэг борлуулалттай номын зохиолч болгосны сацуу тухайн үедээ Францын хамгийн их шүүмжлүүлж, ярианы сэдэв болгосон зохиолч болгосон. Уг романд Парисын хойд хэсэгт амьдрах угаагчаар ажилладаг сайхан сэтгэлтэй хүүхний тухай өгүүлдэг ба хүүхэн хөлс хөдөлмөрийнхөө үр шимийг даруухнаар хүртэн амьдрал ахуйгаа сэргээж байтал нөхөр нь улам бүр архинд орж, аажмаар уруудан доройтсноор энэ гэр бүл ядуурлын ангалд унана. Золя романыхаа нэрэнд архины дэлгүүр гэсэн утгатай орчин үеийн хар ярианы үг ашигласан байна. Ядуу хүмүүсийн архидалт, орон сууцны хүрэлцээгүй байдал, биеэ үнэлэлт хийгээд ажилгүйдлийн улмаас өлсгөлөнд нэрвэгдэх гэсэн сэдвүүд уг бүтээлд голлон тусгагджээ. Ямар ч утгаар L'Assommoir нь суртал ухуулгын бүтээл биш ч гэсэн 19-р зууны туршид пролетариудын хүнд нөхцөлд амьдарч байсныг зураглажээ.
"Rougon-Macquart"-ын дараагийн ботиудыг консерватив шүүмжлэгчид ширүүнээр шүүмжилж байсан ч дэлхий даяар олон сая уншигчидтай болсон. "Nana" хэмээх романд биеэ үнэлэгчид болон тэднийг баян үйлчлүүлэгчдийн ёс суртахууны доройтлыг харуулдаг ба Золя эмэгтэй баатруудаа Хоёрдахь Эзэнт гүрний үед амьдарч байсан янхануудаас загварлан бичжээ. Золягийн шедевр болох "Germinal" романд Францын зүүн хойд хэсэгт орших нүүрс олборлогчдын ажил хаялтын бэлтгэлжилт, бослого, уг явдлын үр дагаврыг өгүүлдэг бөгөөд энэ бол дундаж ангийн эсрэг пролетариудын эхлүүлсэн нийгмийн хувьсгалыг ноцтойгоор хөндсөн анхны роман байлаа. Нүхэн дэх өдөр тутмын аюултай хөдөлмөр, бухимдсан босогчдын үймээн самууныг дүрслэхдээ Золя уран зохиолд урьд хожид байгаагүй зовлон шаналал болон аймшгийг шингээж өгсөн байна. "La Terre" бүтээлд уурхайчдыг яаж дүрсэлсэн шигээ фермерчдийг адилхан харуулахыг оролдсон ба түүний санал болгож буйгаар хөдөөгийн тариачдын амьдрал дэндүү явцуу, мөн удамшиж ирэх газар нутгийн өлсгөлөнгөөс болж аллага, хүчирхийлэл зайлшгүй тохиох ажээ. Эцэст нь, "La Debacle" романд 1870 онд Пруссчуудад аймшгтай ялагдсан Францын ялагдлыг баатарлаг, нэр төртэйгөөр харуулан бичжээ.
НАТУРАЛИЗМ ОНОЛ БА ПРАКТИКТ. Түүний бүтээлүүд маш ихээр борлогдсоноор 1878 он гэхэд Золя Парисаас холгүй орших Медан гэдэг тосгонд үл хөдлөх хөрөнгө худалдаж боломжтой болсон бөгөөд жилийн ихэнх хугацааг нам гүм амьдарч, богино настай натуралист сургуулийн тэргүүний хувиар олон залуу зохиолчидтой уулздаг байв. Тэдний тавтай нь хамтран 1880 онд "Soirees de Medan" нэртэй богино өгүүллэгийн боть гаргасан. Эдгээр таван зохиолчоос хамгийн авъяаслаг хоёр нь болох Ги де Мопассан, Жорис, Карл Хьюсманс нар үнэнч байхаа тангараглажээ. Золягийн шавь нар зөвхөн Францаар тогтсонгүй; Италид Жованни Верга, Португальд Эча дё Кейрос, Англид Жорж Мур, АНУ-д Фрэнк Норрис, Стивен Крейн нар дэлхий даяар Золягийн үзлийг дагаж байлаа. Золя өөрийн онолын итгэл үнэмшлээ "Le Roman Experimental" номондоо тодорхой дурдсан боловч онолоо практикт дээр ч чөлөөтэй баримталдаг байсан. Натурализм нь дунджаас дээгүүрх гэхээсээ илүү дундаж төрлийн бие хүнийг сонирхдог ба гутранги, урам хугаралтыг боловсруулж, гэнэтийн үйл явдлаас хичээнгүйлэн зайлсхийж, үр дагаврын логикийг чанд дагах зэргээр эхэн үеийн реалист хөдөлгөөний олон зарчмыг өөртөө агуулдаг. Натурализмын онцгой шинэчлэл бол шинжлэх ухааныг уран зохиолтой нэгтгэх оролдлого юм. Энэ нь практик дээрх хүний зан авирыг хатуу материалист юмуу физиологийн шугамын дагуу (сүнс байхгүй гэж Золягийн хэлсэнчлэн) тайлбарладаг ба мөн хувь хүн хүрээлэн буй орчин хийгээд удамшиж ирэх зүйлсийн хүчинд бүрэн дүүрэн автагддаг ажээ. Золя натуралист уран зохиол бол хүний сэтгэл судлалын туршилтын анализ гэж хатуу мэдэгддэг байсан. Түүний хувьд ямар ч дүр буюу баатар амьдралаас том харагдах ёсгүй агаад тэр ийм аргаас татгалздаг байсан.
АМЬДРАЛЫН СҮҮЛЧИЙН ЖИЛҮҮД. Золягийн хувийн амьдрал
зовлонгоос ангид байсангүй. Тэрээр 1870 онд гэрлэсэн ч хосууд хүүхэд олсонгүй.
Дараа нь 1888 онд тэрээр залуухан оёдолчинтой хоёрдахь удаагаа гэрлэж, хоёр ч
хүүхдийн эцэг болжээ. Гэр бүлийн гэнэтийн аз жаргал түүний бүтээлүүдэд нөлөөлж,
номууд нь өмнөхөөсөө илүү өнгө аястай болж ирсэн байдаг. Шинжлэх ухаан ба шашны
зөрчилдөөнийг харуулсан трилоги болох "Lourdes, Rome, Paris" бүтээл
хийгээд "Les Quatre Evangiles" хэмээх утопи романы тетралоги бүтээл
бичигдэх ёстой байснаас эхний гурван л бүрэн дуусчээ. Золя офицер Альфред
Дрейфусийн шуугиантай хэрэгт түүнийг өмгөөлөн оролцсон нь Золя-д уран зохиолд
олсон нэр хүндээс нь ч илүү олны танил болгосон. Францын офицер Дрейфус 1894
онд тагнуул хийсэн хэргээр буруутгагдан шийтгэгдсэн бөгөөд Золя Бүгд Найрамдах
улсын ерөнхийлөгчид илгээсэн нээлттэй захидалдаа цэргийн шүүхийн дүгнэлтийг зоригтой,
болгоомжгүй байдлаар эсэргүүцсэн байна. Золя улмаар шүүхдсэн ч ялагдаж бүр
үүнээсээ болж Англид нэг жил нуугдаж байгаад 1899 оны зун Францдаа буцаж ирсэн
бөгөөд 1902 оны 9-р сарын 29нд Парист нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын
улмаас гэнэт нас барсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Энэ
явдал нэрт зохиолчийн үхэл санамсаргүй явдал биш байх гэсэн хардлагыг олон
нийтэд төрүүлсэн бөгөад түүнийг улс төрийн дайснууд нь хөнөөсөн гэж үзэгсэд маш
их байдаг билээ.
Comments
Post a Comment