Цэгцгүй охин

 


À Nos Amours (1983) . Францын нийслэлд Suzanne гэх 15 настай охин эцэг эх болон ахын хамт амьдарна. Suzanne-ын эцэг эх гэрээрээ оёдол хийж амьдрар бөгөөд ах Robert нь зохиолч ухаантай нэгэн. Энэ айлынхны араншин тогтворгүй, нэлээд харгис талдаа. Suzanne өөрийн үеийнхээ Luc гэдэг хөвгүүнтэй үерхэх боловч уулзах нь ховор, хөвгүүний хүссэн сексийг "өгөхгүй", үүнд Luc гомдож үглэнэ. Нэгэн үдэшлэг дээр Suzanne Америк залуутай танилцаж, хамт ууж наргиад зогсохгүй секс хийчихнэ. Мэдээж охин энэ болчимгүй явдалдаа гэмшиж зовох ба дотно найздаа Luc-г хуурсанаа хэлдэг ч тэрээр Luc-ээс салахын дээр таарсан залуу болгонтойгоо хурьцаж, нэг үгээр цэгцгүй амьдарч эхэлнэ. Suzanne аавтайгаа хамгийн дотно. Гэвч нэг өдөр аав нь түүнийг хоёр залуутай зэрэг болзож байгааг олж мэдээд алганы амт үзүүлэх нь тэр. Аав, охин хоёрын дараагийн уулзалт урьд өмнө нь байгаагүй дотно болох ба аав нь Suzanne-г сүүлийн үед өөрчлөгдсөнийг онцлон хэлээд, мөн өөр хүүхэнд дурласан удахгүй гэр бүлээ орхиж явна гэдгээ хэлнэ. Үнэхээр ч удсангүй аав нь гэр бүлээ хаяж одсоноор ах Robert нь гэр бүлээ толгойлох болно. Харин Suzanne замбараагүй амьдралаа үргэлжлүүлсээр байсан ч хайрыг мэдэрч чадахгүй байлаа; тэр өөрийгөө хайрыг мэдрэх чадваргүй гэж тодорхойлно. Suzanne-г богино банзал өмслөө, гадуур тэнэлээ, ааш авир нь муудлаа хэмээн ээж нь уурлаж бас бухимдсанаар үргэлж цөхрөлийн, хийрхэлийн байдалтай болж ирэх бөгөөд үүнд нөхөр нь өөр хүүхэн дагаад явсан бас нөлөөлж байв. Эдгээр шалтгаанаар ээж нь охиндоо гар хүрэх, ээж охин дүүгээ хэрэлдэхээр ээжийгээ өмөөрч дүүгээ зодох ахын балмад явдал энэ гэрээс салахаа болино. Нэгэн өдөр, Luc Suzanne дээр ирээд харилцаагаа сэргээхийг хүсэхэд охин татгалзана. Гэртээ байж тэсэхгүй болсон охин ахаасаа дотуур байртай сургуульд явуулж өгөхийг гуйгаад хүссэн хариултаа авахгүй агаад амиа хорлох талаар бодож эхэлнэ.

 Тэрээр ахдаа "би зөвхөн эр хүнтэй хамт байхдаа л жаргалтай байдаг" гэж хэлэхэд ах нь дүүгээ хэзээ ч ойлгохгүй гэдгээ ухаардаг. Jean-Pierre гэдэг залуутай илүү дотно бас тогтвортой харилцаа үүсгээд нэлээд хугацааг өнгөрүүлсэн Suzanne өөрийгөө одоо л нэг хайрыг мэдрэх чадвартай юм гэдгээ ойлгож эхэлж байлаа. Тиймээс ч тэд сүй тавьцгаана. Энэ үед Luc дахин хүрч ирээд хуримлахгүй байхыг гуйхад Suzanne Jean-Pierre өөрт нь анх удаа дотоод амар амгаланг мэдрүүлсэн хүн тул энэ гэрлэлтээс буцахгүй гэж хэлнэ. Ингээд баярын үдэшлэг болж байна. Suzanne-ын аав гэнэт урилгагүй зочлон ирэх бөгөөд аз жаргалын тухай, гэр бүлийн тухай "философодож" байгаад бөөн хэрүүл үүсгэнэ. Киноны төгсгөлд Suzanne бал сараа тэмдэглэхээр явахаасаа өмнө аавтайгаа дотноор уулзах ба үнэндээ Suzanne Jean-Pierre-г хаяад өөр эртэй явж байлаа. Францын кино найруулагч Maurice Pialat-ын (түүнийг хүмүүсийн өөр хоорондоо харилцах харьцааг нарийн ажиглаад кинондоо гаргууд ашигладаг гэдэг ) кино бүтээх арга барилыг John Cassavetes-ынхтай адилтгадаг бөгөөд "түүхий" мэт, баримтад хэлбэрээр ажилладаг түүнийг Францын John Cassavetes гэдэг. 1980-аад оны Францын оргил кино гэгддэг уг драм нь Pialat-ын шилдэг кино гэж үзэж болно. Arlette Langmann-ын кино зохиолоос уг кино бүтсэн ба 1970-аад онд бичигдсэн зохиолын үйл явдал 1960-аад онд өрнөдөг ажээ. Эх зохиолд Польшийн еврей гэр бүлийн талаар гардаг бол Pialat (тэрээр киноныхоо аавын дүрд тоглосон)  кинондоо гэр бүлийн гарал, соёл уламжлалыг бараг гаргаагүйн дээр улс төр, жирэмслэлтээс хамгаалах зэрэг сэдвүүдээс зайлсхийжээ. 

Мөн киноны төсөв бага байсан улмаас жүжгийн хэсгүүдийг хассан ч Pialat 3-4 цагийн кино хийхийр зорьж байсан гэдэг. Голд дүр Suzanne-д тоглосон Sandrine Bonnaire тоглосон. Энэ кино түүний дебют кино байсан ба кинонд нүцгэн гарах, секс хийж байгаа сцэнүүд байдаг ч тэрээр тун сайн тоглож шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Sandrine Bonnaire тэр үед 15 настай байсан бөгөөд тухайн үед өөрөө л яг л Suzanne шиг байсан, энэ дүртэйгээ адилхан байснаа хожим хэлсэн байдаг. Кино дээр Suzanne Америк залуутай унтдаг, тэгвэл амьдрал дээр Sandrine Bonnaire онгон байсан агаад зураг авалтын үеэр Америк залууд тоглосон жүжигчинд охин биеэ өгч байсан хачирхалтай. Чөлөөтэй, илэн далангуй удаан уг  кино Цезар кино наадмын шилдэг болсон ба TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 411-р байрт жагсаагаад байгаа бол Time Out сэтгүүл хамгийн шилдэг 100 Франц киноны 38-р байрт эрэмбэлжээ. Өсвөр насныхны хамгийн том асуудлын нэг бол асуудлаа тодорхойлж чадах асуудал байдаг. Бүхий л өсвөр үеийнхэн ганцаардмал, тайван бус, ойлгомжгүй байдаг учраас насанд хүрэгчид тэднийг засварлахыг хүсдэг. Энэ байдал бүгдийг эмзэглүүлдэг. Дөнгөж л нэг үе шатыг даван туулж буй хүүхдийг ямар нэгэн асуудалтай гэж тодорхойллдог ба тэд ч өөрсдийгөө судалгааны ажил гэж үзэж эхэлдэг. Энэ киноны Suzanne гэр бүлийнхнээсээ ирэх хүлээлт болон айдсаас үүдэн сексийн донтон болж байна. Suzanne-ын байр байдлыг гэрт нь айхтар хянадаг бөгөөд охины орж, гарахыг нарийн бүртгээд зогсохгүй гэрлэх хүнтэйгээ л болз, хуримынхаа шөнө онгон байх ёстойг байнга сануулдаг. Suzanne-ын үзэл бол: охин найз хөвгүүнтэйгээ секс хийвэл биеэ үнэлэгчээс ялгаагүй, найз хөвгүүндээ дэндүү их хайртай учраас түүнтэй секс хийхгүй, гэхдээ өөр хүнтэй бол болох агаад учир нь үүгээрээ хайртай хүнтэй минь хамт байхыг эсэргүүцсэн эцэг эхээсээ өшөө авах аж. "Аз жаргал гэдэг нарлаг өдөр шиг ховор, харин шаналал үүрд" энэ үг уг киноны үндсэн санаа болой.

Comments