Жеймс Жойс "Дублинчууд"

 

 




"Дублинчууд". Ирландын нэрт зохиолч Жеймс Жойсийн 1914 онд анх хэвлэгдэн нийтлэгдэж байсан арван таван богино өгүүллэгээс бүрдэх өгүүллэгийн түүвэр. Энэхүү бүтээлд 20-р зууны эхэн үеийн Дублин болон Ирландын дундаж давхаргынханы амьдралыг натуралистаар дүрсэлдэг. Энэ бүтээл Ирландын үндсэрхэг үзэл дээд цэгтээ хүрч, үндэсний онцлогоо тодорхойлох, зорилго тэмүүллээ эрэлхийлж байх үед бичигдсэн буюу түүх, соёлын уулзвар дээр Ирланд улс олон янзын идеа, нөлөөл дор дэнчигнэж байсан үе юмаа. Эдгээр өгүүллэгүүд Жойсийн эпифанигийн талаарх идеа (дүрүүд нь амьдралаа өөрчилсөн, өөрийгөө ойлгосон мөч) болон саажилтын сэдэв дээр төвлөрдөг (Жойс Ирландын үндсэрхэг үзэл соёлын дэвшилд чөдөр болж, Дублиныг хойш татсан хөдөлгөөний цөм гэж харж байв). Түүврийн эхний гурван өгүүллэгийг хүүрнэгч нь хүүхдүүд байдаг бол дараагийн өгүүллэгүүд гуравдагч биеэс өгүүллэгддэг бөгөөд Жойс түүврээ хүүхэд нас, өсвөр нас, төлөвшсөн үе хийгээд нийгмийн амьдрал гэж хуваасны дагуу өтөл насны амьдрал, сэтгэл зовнилыг хөнджээ. "Дублинчууд" бүтээлийн олон дүр хожим "Үлисс" романд жижиг дүр болон гарч ирдэг билээ. 

ҮНДСЭН САНАА. Хязгаарлагдмал хэвшил, өдөр тутмын амьдралын уйтгартай давтамжийг Жойс "Дублинчууд"-ын амьдралаар онцолдог ба дүрүүд нь бухимдал, хязгаарлалт, хүчирхийллийн тойрогт хашагдсан байдаг. Хэвшмэл заншил нь бэрхшээлтэй нөхцөлтэй тулгарч буй дүрүүдэд нөлөөлөхөөс гадна тодорхой зөрчил багатай дүрүүдэд ч мөн адилхан нөлөөлдөг. "Учрал" өгүүллэгийн залуу хүү гэм хоргүй сургуулийнхаа хэвшмэл амьдралаас түр амсхийхийг хүсдэг хэдий ч тэрээр ердөө талбайд суугаад түгшүүртэй бодлуудаа эргэн санаж буй эрийн яриаг сонсохоос цаашгүй байна. "Хуурамч дүр" өгүүллэгт; бичиг баримт хуулбарлаж амьжиргаагаа залгуулагч Фаррингтон гэгчээр байнгын давтамж аюултай гэдгийг харуулсан. Фаррингтоны ажид түүний нийгмийн болон гэр бүлийн амьдралын тусгал болж, уур хилэн, догшин зан авирыг нь улам дордуулдаг.

 Нэг л янзын хэвшмэл байдлыг дагасны байнгын үр дагавар бол ганцаардал бас хариу нэхээгүй хайр юм. "Араби" өгүүллэгт; нэгэн залуухан хөвгүүн дурлалт охиндоо бэлэг авахаар зах руу явахыг хүсдэг боловч нагац ахынхаа өдөр тутмын хэвшмэл ажлаас болж хоцорчихдог. Тэгвэл "Золгүй явдал" өгүүллэгт; ноён Даффи амьдралаа хэт тооцоолдогоосоо болж хайр дурлалын алтан боломжоо алддаг. Харин "Эвелин" өгүүллэгт; Эвелин дассан хэвшил нь уйтгар гуниг, доромжлолоор дүүрэн байсан ч үл мэдэгдэм адал явдлыг бус танил амьдралаа илүүд үзсэнээр хайр дурлалаасаа татгалздаг. Дублинчуудын энэхүү амьдралын тойрог нь тэднийг хорьж, шинэ мэдрэмж, аз жаргалыг хүлээж авахад нь саад болж байна. "Дублинчууд" бүтээлийн дүрүүд Ирландын нийслэлийн иргэд байдаг боловч тэдний ихэнх нь бусад улс орон руу зугтаж, адал явдал эрэлхийлэхийг хүсэгчид байдаг ба гэвч өгүүллэгүүдийн баатрууд ийм хүсэд эрмэлзэлээ огт ухаарч ойлгодоггүй. 

"Учрал" өгүүллэгт; Зэрлэг Өрнөдийг бодон догдолж, зугтаахыг хүсэх сургуулийн хүүгийн төсөөлөл Дублины хязгаараар дуусч байхад Эвелиний Аргентинд очоод шинэ амьдралаа эхлүүлнэ гэсэн найдвар нь хотын хөлөг онгоцны зогсоол дээр унтардаг. Бяцхан Чандлер хуучин найзынхаа Лондон дахь хэвлэлийн ажил болон Парис зэрэг либерал хотуудаар аялах тухай атаархахуйцаар төсөөлдөг хэдий ч хүслээсээ ичсэн тэрээр зорилгынхоо явдаггүй. Физикал орчиноос зугтаахыг санал болгохоосоо илүүтэйгээр өгүүллэгүүд нь жижгэвтэр, илүү хувийн шинжтэй хязгаарлагдмал байдлаасаа зугтаах боломжуудын тухай өгүүлнэ. Жишээлбэл, Эвелин гэрлэх замаар гэр орны ажлаасаа чөлөөлөгдөхийг эрмэлздэг, харин "Эрэлхэг хоёр" өгүүллэгт; Ленехан амьдралынхаа тогтолцооноос ангижрахыг хүсч байгаа ч яг үйлдэл дээрээ хийж чаддаггүй. "Дотуур байр" өгүүллэгт; ноён Доран Поллитой гэрлэхээс мултрахыг хүсч байгаа ч тэр яаж чадахгүй гэдгээ мэддэг. Аз жаргалгүй нөхцөл байдлаас зугтаах шалтгаан нь Жойсийн уг бүтээлийг тодорхойлохын сацуу зугтаах үйл явцыг бодитоор хэрэгжүүлэх чадваргүй байдаг билээ. "Дублинчууд" үхэл болон нас барагсдыг дурсах үйл явцыг харуулсан "Эгч дүүс" өгүүллэгээр эхэлж, нас барагсад хийгээд амьд хүмүүсийг бүрхсэн нам гүм цасыг мэдрүүлсэн "Үхдэлүүд" өгүүллэгээр төгсдөг.

 Эдгээр өгүүллэгүүд түүврийг нэгтгэж, амьдрал ба үхлийн огтлолцлыг тогтмол онцолж байгааг харуулах агаад "Эгч дүүс",  "Золгүй явдал" зэрэг өгүүллэгүүдэд үхэлтэй учирсаны дараа амьд хүмүүс хэрхэн цочирддог болохыг харуулдаг. Жишээлбэл, "Золгүй явдал" өгүүллэгт; ноён Даффи хатагтай Синикогийн үхлийн талаар олж мэдсэнийхээ дараа амьдралаа дахин үнэлж байхад "Эгч дүүс" өгүүллэгийн хүүрнэгч санваартан нас барсны дараа ямар мэдрэмж төрж байгаагаа хэлж мэддэггүй. "Эвелин", "Үхдэлүүд" зэрэг өгүүллэгүүдэд нас барагсдын талаарх дурсамжууд нь амьд хүмүүсийн сэтгэлд хадагдаж, үйл явдал болгоныг тодотгож өгдөг бөгөөд нас барагсад одоо үед сүүдрээ тусгаж, үе үеийн хүмүүсийн алдаа хийгээд бүтэлгүйтлийг анхааруулдаг. Ийм давхацлаар Жойсийн амьдралын мөчлөг, түүний давтамжийг сонирхдог болохыг, мөн түүнчлэн "Шороо" өгүүллэгийн Мариа шиг өдөр тутмын саад тотгор, саатал зэрэгт хариу үзүүлэхээс бусад тохиолдолд өчүүхэн сэтгэл хөдлөл, догдлолоор амьдардаг "амьд үхдэл" дүрүүдийн талаар бодож байсныг онцолж болно. Дублины нэгэн хэвийн амьдрал нь тэднийг үхэл ба амьдралын дунд зогсонги байдалд хүргэдэг бөгөөд хүн бүрийн зүрх цохилж байгаа ч гүн гүнзгий, амьдралаа тэтгэсэн үйлдэл хийх чадваргүй байдаг. 

Ирландын хөгжил дэвшилд саад болж буй бүхий л чөдөр тушаануудын нэг нь архидан согтуурах явдал гэж "Дублинчууд" бүтээлд гардаг. "Хуурамч дүр" өгүүллэгийн  Фаррингтон шиг ааштай, харгис ажилчин олон дүрүүдийн хувьд архидалт нь тэдний асуудал бэрхшээлийн эх үүсвэр болдог. Тэрээр ажил дээрээ сэмхэн архидаж, эд зүйлсээ ломбарданд тавьж, уушийн газарт бусадтай зодолдож, мөн эхнэрээсээ эрүүний шөл уухын хажуугаар гэртээ хүүгээ зоддог. Тэрээр өөрийгөө ухамсарладаггүй бөгөөд дарга нь Фаррингтоны ухаанаа алдтал согтсонд уурлаж байгаа боловч түүний хариуцлагагүй амьдрах хэв маягт ямар ч үр дагавар авчрахгүй байгаа харагддаж байна. Үүнтэй адилаар "Бурхны хишиг" өгүүллэгт; Том Кернан согтуудаа гэр бүлийнхээ мөнгийг үрж, эхнэрээ байнга доромжлодог ба үүнээс харахад тэр мөн эхнэрээ зоддог байсан нь илэрхий юм. Ноён Кернаны олон бүтэлгүйтлийг эхнэр нь "илүү дор нөхрүүд ч байдаг" гэж хээв нэг хэлж байгаагаас ийм явдад Дублины гэр бүлүүдэд нийтлэг зүйл байсныг харуулна. 

Дублины иргэн бүр их хүсэл тэмүүлэлтэйг энд мөн онцолдог ба Дублин хүн бүр өөрсдөд нь боломж хомс, өөрсдийнхөө сул талд бухимддаг. "Дотуур байр" өгүүллэгт; хатагтай Мүүнигийн эдийн засгийн ухаалаг тэмүүлэл согтуу нөхрийнх нь тэнэглэлээс тасалддагаас гадна тэр эмэгтэй хүн учраас боломж нь хязгаарлагдмал байна. "Үүл" өгүүллэгт: бяцхан Чандлерын хувьд уран зохиолынх нь хүсэл тэмүүлэлд саад болж буй цорын ганц саад бол аймхай зан нь юм. Дүрүүдийн амбицын агуулга мөн чанараараа олон янз байдаг боловч биелээгүй юмуу хойшлогдсон мөрөөдөл бүхэн нь Ирландын улс төрийн ирээдүй ээдрээтэй Барууны жижигхэн арал гэдэгтэй холбогдоно. "Уралдааны дараа" өгүүллэгийн Жимми Дойл эсхүд "Эх" өгүүллэгийн хатагтай Керни зэрэг дүрүүд дунд болон дээд давхаргын ангийнх ч гэсэн Ирланд хүн байх нь төрөлхийн ядуу гэсэн идеаг шингээсэн байдаг ба, тиймээс Их Британи болон Эх газрын Европоос хүчинтэй байдал хүсэх нь ихэвчлэн өөрсдөд хохирол учруулдаг. 

МОТИФ. "Дублинчууд" бүтээлийн ихэнх дүрүүд хүсэл эрмэлзэлтэй байдаг ба тэдэнд саад тотгор тулгарахад тэд бууж өгөөд бүхий л үйл ажиллагаагаа зогсоодог. Саажилтын ийм мөчүүд нь дүрүүд амьдралаа өөрчлөх, хүсэл мөрөөдөлдөө саад болж буй хэвшмэл байдлаа өөрчлөх чадваргүйг нь харуулж байна. Дублинчууд ийм зогсонги байдлаа мөчлөгийн мэдрэмжээр зохицуулдаг. "Араби" өгүүллэгт; залуу хүү Дублины нэг хэвийн саатлаас хэзээч зугтааж чадахгүйгээ, мөн хайр дурлал хүртэж чадахгүй гэдгээ ойлгон харанхуй захын дунд зогсох агаад Эвелин яг л амьтан шиг хөшөөд гэрээсээ хол амьдралын шинэ мэдрэмжээс айж байна. Ийм мөчүүд дүрүүдийг идэвхгүй, мэдрэлгүй байдлаар харагдуулахдаа амьдрал дахь үхлийн сэдвийг сэрээнэ. Эхний өгүүллэгт; эцэг Флинний дүрээр дамжуулан энэхүү сэдвийг танилцуулдаг ба саажилт нь түүнийг үхэл ба амьдралын дунд түдгэлзүүлсэн байдалд оруулдаг. 

Түүврийн туршид уг бүгчим байдал Дублин хотын өдөр тутмын амьдралын нэг хэсэг мэт харагдаж, үүнийг Дублинчууд бүгдээрээ хүлээн авч бас хүлээн зөвшөөрдөг. Хууралт, урвалт нь "Дублинчууд" түүврийн бараг бүх харилцааг шархлуулсан байдаг буюу энэ нь хүмүүс хоорондоо платоник болон романтик байдлаар холбогдохыг оролддог болохыг харуулна. "Дотуур байр" өгүүллэгт; хатагтай Мүүни ноён Дораныг охинтойгоо суулгахын тулд урхиддаг бөгөөд ноён Доран үүнээс эмээдэг хэдий ч үүргээ дагаж мөрддөг. "Эрэлхэг хоёр" өгүүллэгт; Ленехан, Корли хоёр бие биенээ хуурч, мэхэлдэг ч өөрсдийн амьжиргааны төлөө гэм зэмгүй гэрийн үйлчлэгчдийг зайлуулахын тулд нэгддэг. Тэгвэл "Үхдэлүүд" өгүүллэгт; Габриэл эхнэр нь хуучин хайраа дурсан сэтгэл нь хөдлөхөд хууртагдсан мэт санагддаг. Ийм мэдрэмж бүх Дублинчуудын айдаг өөрчлөлт, доромжлолын мэдрэмжийг төрүүлээд зогсохгүй хүмүүс бурууг бусдад шилжүүлэхийн тулд олон үйлдлийг "урвасан" гэх ангилалд оруулах хандлагатай байдаг.

 СИМБОЛ. "Дублинчууд" дахь цонх нь удахгүй тохиох үйл явдал эсхүл хүлээлтийг мэдрэмж байнга төрүүлдэг. Жишээлбэл, "Эгч дүүс" өгүүлэгт; хүүрнэгч орой болгон цонх руу хараад эцэг Флиннийгийн үхлийг хүлээдэг, харин "Араби" өгүүллэгт; хүүрнэгч Манганы эгчийг өрөөнийхөө цонхоор харж байдаг билээ. Эдгээр залуу хөвгүүдийн түгшүүр нь дотоод амьдралыг гаднах амьдралаас тусгаарлах орон зайд төвлөрдөг ба цонхнууд мөн дотоод орон зай болон гадаад орчны хоорондох босгыг тэмдэглэж, үүгээр дамжуулан уг бүтээлийн дүрүүд өөрсдийн болон бусдын амьдралыг ажигладаг. Эвелин, Габриэл хоёр хоёулаа өөрсдийнхөө нөхцөл байдлыг эргэцүүлэн бодохдоо цонх руу очдог багөөд энэ нь хувь хүн хийгээд хувь хүний байр суурь хоорондын харилцааг илүү өргөн хүрээнд авч үздэг. Жойсийн Дублин мөнхөд харанхуй байдаг ба нарны туяа, хөгжилтэй газар нутгууд нь өгүүллэгүүдэд гэрэл өгдөггүй агаад оронд нь хар, саарал өнгийн хүрээ нь гунигтай өнгө аясыг тодотгоно. Ийм бараан дэвсгэр Дублинчуудын бие махбодийн ба сэтгэл хөдлөлийн хувьд хагас эсхүл засварын төлөвт байгааг илэрхийлдэг.

Comments