Аниргүй аймшиг

 


Hour of the Wolf (1968). Шведийн аугаа кино урлаач Ingmar Bergman энэхүү сэтгэлзүйн хоррор, готик бүтээлээрээ уран бүтээлчийн мөн чанарыг судлахдаа уран бүтээлч хүн чөтгөрт эзэмдүүлсэн үү, чөтгөрийг эзэмдсэн үү гэдэг тухай өгүүлнэ. Уг кино түүний өмнөх "Persona" кинонд гайхалтай хамтрагч болж өгдөг. Bergman анх уг киноныхоо зохиолын ихэнх хэсгийг бүтээгдээгүй "The Cannibals" киноныхоо нэг хэсэг болно гэж харж байсан ч 1966 онд "Persona"-г хийхээр болсноор "The Cannibals" төслөө орхижээ. Тэрээр Моцартын "Шидэт Лимбэ" дуурь болон зохиолч E. T. A. Hoffmann-ын "Алтан тогоо" бүтээлүүдээс, мөн өөрийнхөө хар дарсан зүүднээс санаа авч бүтээжээ. Киноны зураг авалт Стокгольм, Фаро арлуудад авагдсан ба гол дүрүүдэд: Max von Sydow, Liv Ullmann нар тоглосон. Киноны сэдвүүд нь уран бүтээлчийн мэдрэмж, галзуурал, сексийн хийгээд бусадтай харьцах харилцааг сюрреал хэв маягаар өгүүлэхдээ давхар ардын аман зохиолын элементүүдээр илэрхийлдэг. Аналистууд мөн цус сорогч, хүн чонын домогтой холбоотой битүү дохио байгааг онцолдог ба хойно энэ талаар дэлгэрэнгүй өгүүлэх болно. Олон судлаачид уг киног Bergman-ын хувийн амьдрал болон Liv Ullmann-тай харьцах харилцаатай шууд холбож үздэг бөгөөд Bergman хожим энэ бүтээлээ туурвиж байхдаа өөрийн "Чоно цагийг" туулж байснаа хэлжээ.

 Их Британий кино хүрээлэнгээс явуулсан хамгийн шилдэг 50 кино жагсаалтад уг бүтээл багтсан байдаг бол TSPDT сайт бүх цаг үед хамгийн шилдэг мянган киноны 483-р байрт эрэмбэлээд байна. Мөн түүнчлэн "үхэхээсээ өмнө заавал үзэх ёстой 1001 киноны" тоонд ордог ба Time Out сэтгүүл хамгийн аймаар 100 хоррор киноныхоо 43-р байрт жагсаажээ. Хожим Bergman-ын "Shame", "The Passion of Anna", мөн "Hour of the Wolf" кинонуудыг "Фарогийн трилоги" гэж нэрлэх болсон агаад уг трилогийг "энгийн амьдралд халдсан хүчирхийллийн сийлбэр" гэж тодорхойлох болжээ. Киноны үйл явдлыг товчхон дурдвал: нэгэн жижигхэн арал дээр зураач Borg жирэмсэн эхнэр Alma-ын хамтаар амьдарна. Borg шөнө унтаж чадахгүй хар дарж зовох ба төсөөлөл, зүүдэндээ харсан болгоноо зурж, бас эхнэртэй дүрслэн ярина. Borg-ын нойргүйтэл улам ихсэж, санаа нь чилсэн Alma хажууд нь сэрүүн байж шөнийг өнгөрүүлэх болно. Хүн-Шувуу, шавьж, хүн идэгчид болон малгайтай хатагтай нар бол зураачийн зурсан буюу зүүдэндээ харсан зүйлс болой. Нэг өдөр, нэгэн хөгшин авгай тэднийд ирээд Alma-д хандаж "нөхөр чинь дэрэн дороо өдрийн тэмдэглэлээ нуудаг шүүдээ" гэж хэлдэг. Ингээд Alma нөхрийгөө зөвхөн зүүдэндээ үзсэн зүйлдээ зовоод зогсохгүй өмнөх сэтгэлийн амрагаа мартаж чадахгүй байгааг нь олж мэднэ. 

Киноны зохиолынхоо санааг Bergman байнга зүүдлэгддэг хар дарсан зүүднүүдээсээ авсан, тухайлбал нүүргүй эмэгтэй болон хана дээгүүр явдаг хэсгүүдийг энд дурдаж болно. Borg хүүхэд байхдаа шүүгээнд түгжигддэг байсан гэдэг Bergman-ын өөрийнх нь хүүхэд наснаас үндэстэй ажээ. Тэгвэл гадны нөлөө дээр хэлсэнчлэн Моцартын "Шидэт Лимбэ" дуурь байсан ба дуурийн Papageno гэх дүр муу санаатай Хүн-Шувуу болж хувирдаг ажээ. Bergman-ын "Шидэт Лимбэ"-ын тайлбар Lindhorst дүрээр нь дамжин цуурайтдаг. Үйл явдлын зарим элементүүдийг Bergman 1964 онд хэдийнээ нооргийн биччихсэн, бүр хаана зургийн авахаа ч төлөвлөөд байсан "The Cannibals" гэх бүтээл болоогүй "бүтээлээсээ" авсан ба тэрээр уушгины хатгалгаанаас болж дээрх төслөө орхиж оронд нь "Persona"-гоо хийсэн. "Persona" киноны араас тэрээр шинэчилсэн, илүү сайжруулсан " The Cannibals"-ын хувилбар бүтээхээр шийдсэн нь энэхүү кино байлаа. Bergman: "Шөнө ба үүр цайхын хооронд... ихэнх хүмүүс үхдэг үед нойр хамгийн гүн, хар дарсан зүүд хамгийн бодитой байдаг. Энэ бол унтдаггүй хүмүүсийн хамгийн их зовж шаналдаг, буг чөтгөрүүд хамгийн хүчтэй байдаг цаг юм. Мөн Чоно цаг бол хамгийн их хүүхэд төрдөг цаг юм" хэмээжээ. 

Профессор Birigitta Steene-ын хэлж буйгаар киноны нэр Шведийн ардын аман зохиолоос гаралтай бөгөөд "Чоно цаг" нь өглөөний 3 цагаас 5 цаг хүртэл буюу энэ цагаар хамгийн нас баралт болон төрөлт болдог гэж итгэдэг ажээ. Ардын аман зохиол судлаач Bengt af Klintber-ын дурсаж буйгаар +964 онд Bergman театрын менежер Niklas Brunius гэгчид дээрх цагийн талаар судлахыг даалгаж, улмаар Brunius Klintber-ээс энэ талаар асууж байжээ. Klintberg-ын олж мэдсэнээр "Чоно цаг" гэдэг нэр томьёо үндэсгүй боловч шөнө дундаас шөнийн 01:00 цагийн хоорондохыг "сүнстэй цаг" гэж үздэг нь тодорхой болов. Bergman "Цоно цаг" гэдгийг анх Латин эх сурвалжаас олж мэдсэнээ хэлсэн ч эх сурвалжаа тодорхой болгоогүй учир энэ нэр томьёог өөрөө зохиосон байх гэж зарим хүмүүс харддаг аж. 1966 онд "Persona" киноныхоо араас шууд л уг киноныхоо бэлтгэлд орсон Bergman энэ бүтээлээ "Persona" кино дээрээ үндэслэсэн гэжээ. 

Bergman: "Чоно цагийг зарим хүмүүс Person-ын дараах ухрхлт гэж дүгнэдэг. Энэ тийм ч хялбар зүйл биш юм. Persona бол үл мэдэх замаар эрэл хайгуулахаа үргэлжлүүлэхэд минь урам зориг өгсөн, миний жинхэнэ амжилт байсан. Өнөөдрийн өнцгөөс харахад энэ бол миний өмнөх болон хожмын бүтээлүүдэд харагддаг миний доторх гүн гүнзгий хуваагдлыг нууцаар, анхааралтай хянасан бүтээл болохыг би ойлгосон. Чоно цаг бол олоход хэцүү асуудлыг тойрч, дотор нь орохыг оролддогоороо чухал бүтээл юм" гэжээ. "Persona"-ын шугамын хамтаар уг киноны эхлэл болон төгсгөлийн сцэнүүдийг кино урлагийн бүтээл гэж ойлгуулахын тулд,, мөн Bergman тэдгээрийг хэт хувийн шинжтэй болсон гэж үзсэн учраас ихэнх хэсгийг нь хассан байдаг. Судлаач, шүүмжлэгчид Borg-г "Bergman-ын алтер эго" гэж тайлбарладаг.

 Профессор Frank Gado уг киног "уран бүтээлчийн ялзралтын түүх" гэж тайлбарласнаас гадна найруулагчийн өөрийнх нь уналт хийгээд кинонуудаа шүүмжилсэн шүүмжийн тусгал гэжээ. Тэгвэл зарим судлаачид "бодит байдалтай харилцаагаа хадгалж чадахгүй байгаа учраас өөрийгөө сүйтгэгч уран бүтээлчийн тухай" гэсэн байхад сэтгэцийн эмч Barbara Young-ынхаар энэ кино "Persona"-той адилхан хувь хүний задралын түүх ажээ. Borg өөрийгөө ижил хүйстэн гэдгээс айж байж магадгүй бөгөөд түүний гажуудлаас "трансвестизм, махозизм, некрофилиа" илэрдэг боловч эдгээрийн аль нь ч түүнийг ижил хүйстэн гэдгийг илтгэх албагүй ажээ. Академич Gordon Thomas нэг хүний шинж чанар өөр нэг хүнд шингэсэн харилцааны сэдвийг хөндсөн байдаг. Thomas "von Merkens-чууд бол Borg-ын өөрийгөө үзэн ядахуйн тунхаг агаад Alma  нөхөртөө хайртай учраас нөхрийнхөө хийсвэр мөрдөлтөнд оролцох ёстой" гэжээ. Уг кинонд Alma Borg-ын "доторх аймшгийг" хардаг шиг "Persona" кинонд мөн л Alma гэдэг дүр Elizabet-ын харах өнцөгт автчихдаг билээ. 

Зохиолч Jose Teodoro киноны томоохон сэдвийг галзуурал гэж дүгнээд Alma нөхрөө хэзээ ч ойлгохгүй гэдгээ ухаарсан явдал бол ерөөсөө хэн ч хэнийг жинхэнэээсээ таних боломжгүйг харуулж байна гэсэн байна. Кинонд гарах хосын түүхийг бодит амьдрал дээрх Bergman-ын хайр сэтгэлийн харилцаатай холбодог; Thomas-ын үзэж буйгаар продакшны үед Liv Ullmann "амар амгалан байдалд" байсан бол суут нөхөр нь тийм биш байжээ. Bergman эхнэр Kabi Laretei, хүү Daniel хоёрыгоо Ullman-ын төлөө орхисон агаад уг киногоо Laretei-д зориулж, уг киногоороо яагаад өөрсдийг нь хаяснаа тайлбарлах зорилготой байсан гэж үздэг. Нэг сцэн дээр Borg нэгэн хүүгийн амийг хороож байгаа гардаг, үүнтэй холбоотойгоор профессор Irving Singer Borg-ын түүх бодит эсхүл төсөөлөл гэсэн хоёхдмол утгатай гэж бичжээ. Bergman хэлэхдээ хүү бол түүний дотоод чөтгөртэйгөө тэмцэх тэмцлийг илтгэх бөгөөд энэ тэмцэл нь "дур тавилттай" харагдах зорилготой гэжээ. Харин Gado хүүг Borg-ын хүүхэд насны дурсамжтай холбодог буюу тэр шүүгээнд бяцхан хүн амьдардаг гэдэгт итгэдэг байсны дээр мөн шийтгэл хүлээж шүүгээнд түгжигддэг хэмээжээ. Хүү бол сексийн бууралтыг илтгэх ба Borg хүүг алсан боловч асуудлаа шийдэж чадахгүй, учир нь цогцсыг усанд хаясан ч дараа нь бие нь хөвөөд гараад ирдэг билээ. Киноны зарим сцэнүүдийн хэв маягийг сюрреал, экспрессионист, готик гэж тодорхойлдог. Профессор Fabio Pezzetti Tonion-ын хэлснээр киноны "хэлбэрийн шифрүүд" нь "объектив ба субъектив элементүүдийн хоорондох зөрөлдөөнийг" бий болгодог аж. Teodoro уг киног "аниргүй аймшиг" гэж дүрслээд уур амьсгал нь 1980 оны "The Shining"  киног санагдуулам гэжээ. 

Киноны хоёр дахь хагас Borg болон хүүгийн хэтэрсэн буцалтыг эс тооцвол зөвхөн шөнөөр өрнөдөг. Хэтрүүлсэн болон хурдтай эвлүүлсэн 30 орчим кадрууд зүүд шиг бас хар дарсан зүүдний мэт мэдрэмж өгдөг учир уг киног орчин үеийн үлгэр гэдэг. The New York Times уг киног Bergman-ын шилдэг киноны нэг биш гэсэн ч жүжигчдийн тоглолтыг магтсан. Харин Roger Ebert "хүнд кино, бүхэлдээ сайн биш, гэхдээ гүн гүнзгий сэтгэл хөдлөлийн үр дүн нь хурц, бодитой сцэнүүдийг бий болгосон" гэжээ. Шүүмжлэгчид хоёр хуваагдаж байсан ч зураглаач Sven Nykvist-ын ажлыг бүгд магтаж байв. Бүр зарим шүүмжлэгчид дүрслэлийн хувьд "Persona"-аас илүү сэтгэл хөдөлгөм гэж дүгнэжээ. Швед улс харин уг бүтээлийг тийм ч сайнаар хүлээж аваагүй аж. Шведүүдэд Bergman-ын киноны "утгыг" тодорхойлж чадахгүй байна гэжээ. 1999 онд The New Yorker "Bergman-ын сүүдэрт хийсэн аялалынх нь хамгийн харанхуй нь энэ кино болов уу"  гэсэн байхад 2000 онд Empire Online "энэ кино таны хэзээ ч үзээгүй хамгийн ёрын үзэсгэлэнтэй хар-цагаан киноны нэг" гэж магтжээ.

Comments