Херманн Хессе "Сиддхарта"

 




"Сиддхарта". Германы зохиолч Херманн Хессегийн 1922 онд хэвлэгдсэн роман. Романд, Гаутама Буддагийн цаг үед Сиддхарта гэгчийн өөрийн олж нээх оюунлаг аяллын тухай өгүүлдэг. Херманн Хессегийн 9 дахь роман болох уг ном Герман хэлээр энгийн бөгөөд яруу найраглаг хэв маягаар бичигдсэн. 1951 онд Америкт хэвлэгдэж, 1960-аад онд нэлээд нөлөө бүхий бүтээл болсон. Хессе романыхаа эхний хэсгийг Ромайн Ролландад, хоёрдугаар хэсгийг үеэл Вильгелм Гундертэд зориулжээ. Сиддхарта гэдэг үг бол Санскрит хэлний сиддха (хүрсэн) + артха (хайж байсан зүйл) гэсэн хоёр үгний нийлбэр бөгөөд энэ нийлээд "утгыг олсон хүн" эсхүл "зорилгодоо хүрсэн хүн" гэсэн утгатай ажээ. Чухамдаа, Капилавастугийн ханхүү Сиддхарта Гаутама нэр болон амьдралаасаа татгалзсанаар Будда болдог ба уг номонд Буддаг "Готама" гэж нэрлэдэг.

  ҮНДСЭН САНАА. "Сиддхарта" романд үнэнийг тасралтгүй эрэлхийлэх нь ертөнцтэй нийцтэй харилцаа тогтооход зайлшгүй чухал ба Сиддархта, Говинда хоёрын хайж буй үнэн бол амьдралын тухай түгээмэл ойлголт буюу Нирвана юм. Сиддхарта, Говинда хоёр хоёулаа оюун ухааны тусламжтайгаар амьдралыг ойлгох үндсэн хүсэл эрмэлзэлтэй бөгөөд энэ нь Нирванад хүрч, Нирванаг олох боломжтой гэсэн итгэл үнэмшлээс эхэлдэг. Түүнчлэн Нирвана бол ертөнцтэй төгс харилцаанд ороход хүргэдэг тул хүн бүрийн хүсдэг эцсийн зорилго мөн хэдий ч Сиддхарта, Говинда хоёр энэхүү үнэнийг эрэлхийлэхийн төлөө ялгаатай хүслүүдтэй байдаг. Сиддхартагийн хувьд сонгосон зам нь мухардлаа гэж сэжиглүүтээ замаа түргэн өөрчилдөг ба тэрээр Самануудын замд орохын тулд Брахминуудыг орхиж, Самануудыг орхиж Готама руу явдаг, мөн дараа нь оюунлаг багш нараас татгалзаж Камала, Камашвами нарын хамтаар материаллаг ертөнцөд эрэл хайгуул хийдэг. Тэр эрэл хайгуулаасаа няцдаггүй бөгөөд Нирванад хүрээгүй л бол түүнд хүрэхийн тулд ямар ч замаар явах болно. Говинда оюуны гэгээрлийн эрэл хайгуулдаа хамаагүй уягдмал ханддаг ба тэрээр эрэл хайгуулдаа өөрийгөө оюуны болон шашнаар хязгаарлаж, багш нарыг хэрэгтэй гэж үзсээр байдаг. 

Тэгвэл Сиддхарта шашнаасаа салж, бүхий л дасгал сургуулилтаа орхиход бэлэн байхад Говинда үнэнийг Хиндуизм, Буддизмын явцуу хязгаараас, нэр хүндтэй багшаар дамжуулан олж авах сонирхолтой байна. Үүний үр дүнд, Говинда багш нарын зааснаар үнэнийг олж харна гэсэн итгэл үнэмшлээр хязгаарлагддаг тул эргэн тойрныхоо үнэнийг олж харж чаддаггүй.  Сиддхартагийн тасралтгүй эрэл хайгуул ба Говиндагийн хязгаарлагдмал эрэл хайгуул хоорондын уг ялгааны улмаас Говинда зөвхөн Сиддхартагийн ивээлээр л гэгээрэлд хүрч чаддаг бол Сиддхарта өөрийнхөө хүчээр үнэнийг олдог билээ. Романд, Сиддхарта гэгээрлийг заалгаж болдоггүй, багш нараар дамжуулж гэгээрэлд хүрдэггүй, харин гэгээрэл дотроос ирдэг болохыг ухаардаг. Сиддхарта эхлээд Брахмин, Саман, Буддистуудын хэлбэрийн шашны зохион байгуулалтаас гэгээрлийг хайдаг ба эдгээр оюуны гадна эх сурвалжууд түүнд хэрэгтэй мэдлэг, зөвлөгөөг өгч чадахгүй болонгуут тэдгэрээс татгалзаад материаллаг ертөнцөд орших Камала, Камашвами хоёрын хамтаар үнэний хайгуулаа дахин гаднах эх сурвалжаас эрж эхэлдэг. 

Тус эх сурвалжууд түүнд мэргэн ухааныг зааж чадахгүй бөгөөд тэрээр мэргэн ухааныг өөрөө олох ёстой гэдгийг ойлгодог. Энэ ухаарал өөрөө дотроосоо гарч ирдэг ба Сиддхарта Брахмин, Саман, Готамаг орхих болсон нь гаднах эх сурвалж түүнийг яв гэж хэлээгүй тэр өөрөө үүнийг мэдэрсэнээс шалтгаантай юм. Түүний Нирванад хүрэх эцсийн зорилго бол хүнээр дамждаггүй харин мөрний дотоод холболтоор дамжуулан ертөнцийг бүхэлд нь агуулдаг зүйл гэдгийг тэрээр олж мэддэг. Васудева бол Сиддхартагийн хувьд нэгэн төрлийн багш, мөн гаднах хөтөч хэдий ч Васудева Сиддхартад амьдралын утга учир юу болох талаар хэзээ ч хэлдэггүй. Үүний оронд Васудева Сиддхартад мөрний чимээг сонсож, мөрөн юу хэлж байгааг дотроосоо хайхад чиглүүлдэг. Васудева Сиддхартад мөрөн юу хэлэхийг хэлдэггүй ч Сиддхарта мөрөн өөрт нь юу хэлснийг илчлэх үед Васудева өөрөө ч мөн мэргэн ухааныг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөрөн хэзээ ч Сиддхартад илчлэлт ямар утгатай болохыг хэлдэггүй бөгөөд харин мөрөн чимээ, дүрслэлээр дамжуулан Байхын нарийн түвэгтэй байдлыг илчилж, Сиддхарта эдгээр илчлэлтүүдийг ойлгохын тулд бясаалгалдаг. Харин Говинда багш нараас мэргэн ухааныг олно гэж эрэлхийлсээр байдаг ч эцэстээ Сиддхартагаас гэгээрэлд хүрэх замыг зааж өгөхийг гуйдаг. Гаднах тайлалд ийнхүү найдсаны улмаас Говинда Нирванаг олж чадаагүй боловч түүний эцсийн амжилт Сиддхарта гэгээрэлд хэрхэн хүрэх талаар тодорхой чиглэлтэй ирээгүй юм. Харин Сиддхарта мөрөн түүнд хандаж байсан шиг өөрөө Говиндад дотоод холбоосын суваг болдог.

 Тэрээр Говиндагаас духан дээрээ үнсэхийг хүссэнээр Говиндад Байхын мөн чанарыг агшин зуур харах боломжийг олгодог. Сиддхарта гэгээрэлд хүрэх дотоод болон гаднах замыг хоёулангийн судалж үзсэн ч гаднах замыг бүхэлд нь үгүйсгэдэг ба Нирвана дотроосоо ирдэг. Романы туршид Сиддхарта Нирванаг янз бүрээр эрэлхийлдэг; эхэндээ түүний тактик түрэмгий, тооцоотой байсан ч эцэстээ шууд бус хандах нь илүү үр өгөөж авчирдаг болохыг олж мэддэг. Сиддхарта болон Говинда Нирванаг түрэмгий бас шууд эрэлхийлдэг ба Говинда гэгээрлийг авчрах зорилготой Буддын шашны үйлсэд үнэнч хэвээр байхад Сиддхарта эдгээр аргуудаас татгалзаж, зөн совиндоо найддаг. Говинда Сиддхартаг зөвхөн Нирванад хүрэх зорилгод л төвлөрөөд  зөв замд чиглүүлэх жижиг сажиг сэжүүрийг анхаарахгүй байна гэдэг ч Говинда үнэндээ хэтэрхий хичээдэг. Сиддхарта эцэст нь гэгээрлийн мөн чанар бидний дотор угаасаа оршдог ба энэ нь хором мөч бүрт байдаг, зөвлөгөөний зам нь биднийг өөрсдийн болон бидний эрэлхийлдэг мэргэн ухаанаас цааш хөтөлдөг гэдэг.

 МОТИФ. Сиддхартагийн амьдрал дахь хайрын үүрэг гэгээрлийг эрэлхийлэх явцад өөрчлөгддөг бөгөөд хайр бий болох олон аргууд, хайранд учирч буй бэрхшээлүүд нь Сиддхартагийн эрэл хайгуулын эцсийн амжилтад маш чухал үүрэгтэй юм. Сиддархта болон түүний аавын хооронд хайр анх үзэгддэг ба Сиддхарта Саманаг дагаж явсанаар хайраас татгалздаг. Энэ үе шатанд хайр нь Сиддхартагийн оюуны мэргэн ухааныг ухаарах чадварыг хязгаарладаг тул үүнийг орхих ёстой болдог. Сиддхарта Буддагаас хайрыг үйл хөдлөл, энэрэх сэтгэл гэж хардаг боловч Сиддхарта энэ хайр өөрийг нь гэгээрэлд хүргэдэггүй сургаалийн нэг хэсэг болдог учираас татгалздаг. Камала Сиддхартад хайрын бие махбодийн талыг харуулж, хамгийн гол нь хайрын ач холбогдлыг заадаг. Гэхдээ энэ үе шатанд Сиддхарта жинхэнэ хайрыг өгч бас авалцах чадваргүй байдаг ба тэрээр энэ ертөнцөөс өөрийгөө холдуулсан тул ертөнцийн юу ч түүнд урам зориг өгөхгүй байна. Эцэст нь, Сиддхарта хүүтэйгээ хамт хайрыг мэдэрдэг ч хайр ертөнцтэй холбогддог учир энэ нь Сиддхартаг зорилгоос нь хазайлгах аюултай юм. Тэр хүртэл, Сиддхарта хайргүйгээр мэргэн ухаанд хүрсэн ба хүүгээ хайрлах хайр энэхүү мэргэн ухааныг шалгах сорилт болж байна. 

Гэгээрэл хайргүйгээр орших боломжгүй, хэдий зовж болох ч Сиддхарта Нирванад хүрэхийн тулд хайрыг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд Камала болон хүүгээрээ дамжуулан тэрээр ертөнцийг хайрлаж, ертөнцийг эсэргүүцэх биш бүхэлд нь хүлээн зөвшөөрөхийг сурсан. Сиддхарта ертөнцийн нэг хэсгээс гадна тэр бас трансценд болж чадна. "Сиддхарта" романд, Сиддхарта материаллаг болон оюун ухааны ертөнцийг эзэмшсээр гэгээрэл ирдэггүй, харин оршихуйн эдгээр туйлуудыг нийтлэг үндэслэлийг олж мэдсэнээр ирдэг болохыг олж мэддэг. Романы эхэн хэсэгт Сиддхарта материаллаг ертөнцийг үгүйсгэдэг. Брахмин, Саман, Буддистууд бүгдээрээ материаллаг ертөнц бол оюунлаг үнэнийг сарниулагч хуурмаг үзэгдэл гэж үздэг. Энэхүү итгэл үнэмшлийг хүлээж авсан Сиддхарта өөрийн бие махбодийг бүрэн үгүйсгээд харин оронд нь оюун ухаанаа цэвэрлэж, багш нарынхаа өөрт нь заасан мэдлэгийг цээжлэхэд бүх анхаарлаа хандуулдаг. Сиддхарта цаг хугацааг (хугацаагүй), холбогдохыг (холбоосгүй) гэх мэтээр эсрэг тэсрэг туйлууд дунд тэмцдэг бөгөөд алийг нь ч сонгосон гэгээрэлд хүргэдэггүй болохыг ойлгодог. Мөрөн тэмцлийг дүрсэлдэг буюу эсрэг талын эргүүд туйлшралыг, харин мөрөн өөрөө нэгдлийг илэрхийлнэ. Сиддархта Ум буюу туйлшралын нэгдлийг ойлгосноор гэгээрлийг олдог. Бүх зүйл нэгэн зэрэг үнэн, худал, бас нэгэн зэрэг амьд, үхсэн гэдгээр бүх боломжтойнууд ертөнцийн оюун ухаанд нэгдмэл гэдгийг хүлээн зөвшөөрвөл чадвал транссцендентэд хүрнэ. 

СИМБОЛ. "Сиддхарта" романд мөрөн амьдралыг, цаг хугацааг, гэгээрлийг төлөөлнө. Амьдралыг илэрхийлдэгийн хувьд мөрөн нь мэдлэгийг үггүйгээр дамжуулж, бурханлаг мөн чанарыг зөнгөөрөө ухаарсан явдал бол Сиддхартагийн үүнийг судалсаных нь төлөө өгсөн шагнал юм. Мөрний олон тооны дуу чимээ бүх амьд биетийн дуу чимээг илтгэдэг бөгөөд мөрний урсгал, мөн ус мөнхөд эргэж ирдэг цаг хугацааны мөн чанарыг илтгэдэг. Завьчин Сиддхартаг зөв чиглүүлсэн боловч мөрөн өөрөө Сиддхартагийн эцсийн зааварлагч юм. Уг романд зөвхөн гэгээрэлд хүрсэн дүрүүд л инээмсгэлдэг ба инээмсэглэл нь тэдний оюун ухааны төгс байдал болон эвтэй найртай чанарыг харуулна. Гэгээрлийг албадлагаар юмуу хуурамчаар үйлдэх боломжгүй тул Хинду, Саман хийгээд материаллаг ертөнцөд инээмсэглэл нь ховор байдаг. Гэгээрэлд хүргэх зайлшгүй үе шатуудыг туулсны дараа л хүн инээмсгэлэлийг илэрхийлж чадах агаад инээмсэглэлийг Сиддхарта Готамагаас анх хардаг. Инээмсэглэл Готамагийн гэгээрсэн, амар амгалан байдлыг харуулж, улмаар Сиддхартад хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Сиддхарта түүүнтэй маргалдахад Готама инээмсэглэлээр хариулдаг нь гэгээрсэн оюуны тэнцвэрийг харуулна. Үүнтэй адилаар инээмсэглэл нь Васудеваг гэгээрсэн оюун ухаантай гэж тодотгож, мөн тэр ч бас амгалан байдлаараа Сиддхартаг бишрүүлдэг. Васудева ярихаасаа илүү инээмсгэлдэг бөгөөд энэ нь гэгээрлийг үг хэлэхгүйгээр дамжуулдаг болохыг илтгэнэ. Сиддхарта өөрөө гэгээрэлд хүрэх хүртлээ инээмсэглэдэггүй ба уг инээмсэглэл бол Сиддхарта Готаматай зарим талаараа адилхан гэдгийг Говиндад ойлгуулах боломж олгодог.

Comments