Los Olvidados (1950). Энэхүү кинонд Мехико хотын ядуу хүүхдүүдийн хувь тавилангүй, хаягдсан хүнд хүчир амьдралыг харуулна. Jaibo гэх 15 орчим насны хөвгүүн шоронгоос оргоод буцаад гудамжны бүлэглэл дээрээ ирж буйгаар кино эхэлнэ. Jaibo-ын тэргүүлдэг бүлэглэлийн хүүхдүүд 10-15 орчим насныхан агаад Pedro хэмээх 10 орчим насны хүү Jaibo-той нийлэн замаа алдсаны улмаас ээждээ загнуулж, үргэлж ад үзэгдэнэ. Jaibo ба түүний нөхөд гудманд хөгжим тоглож мөнгө олох сохор өвгөнийг дээрэмдэх гэж байгаад бүтэлгүйтэнэ. Үүндээ бухимдсан хүүхдүүд сохор өвгөнийг зодож, бас хөгжмийн зэмсэгийн эвдэлж байхаа хангана. Jaibo өөрийг нь ховлож шоронд илгээсэн Julian гэгч хөвгүүнийг олж өшөөгөө авахаар явах бөгөөд Pedro-г дагуулж явна. Jaibo Julian-тай халз тулж чадахгүй аймхай тул башир арга хэрэглэн Julian-г араас нь цохиж унагаад, нэмж зодсоноор нэг сэхээ ортол Julian-г үхсэнийг ухаарна. Jaibo мөнгийн аваад зугтаах ба Pedro-г хамсаатан болсон, хүн амьтанд хэлвэл хамт шорон явна шүү гэж сүрдүүлдэг.
Гэтэл гай таарч яг Jaibo-той таарчихна. Jaibo мөнгийг нь булаагаад зугтаачихна. Pedro араас нь хөөж очоод тэд зодолдож, мэдээж Pedro дийлдэх ба зодуулж, доромжлуулсан Pedro Jaibo-г алуурчин хэмээн орилж хүмүүсийн анхаарлыг татахад хүмүүсийн дунд сохор өвгөн байв. Харин Jaibo зугталгүй хаачихав. Pedro түүнийг мөшгөж яваад тэд орхигдсон агуулахад учран Jaibo Pedro-г хөнөөнө. Ингээд Jaibo зугтааж яваад сохор өвгөний зааж явуулсан цагдаа нарт баригдаж алуулдаг. Энэ үед Pedro-ын ээж хүүгээ гудамжаар дуудан хайж явдаг. Испаний кино мастер Luis Bunuel-ын өсвөр насныхны гэмт хэрэгт жанрын кино. Төрсөн улсаасаа дайжаад байсан их найруулагч маань уг киногоо Мексикт хийсэн бөгөөд олон улсын нэр хүндийг нь сэргээсэн бүтээл болжээ. Бага төсөвтэй, Мехико хотын гудамжны хүүхдийн талаарх киногоо сюрреалист мастер маань өөрийн шинэ эх орон болсон Мексикээс төрсөн сэтгэгдэл дээрээсээ сэдэвлэсэн гэдэг ба энэ бол хатуу коммунистийг уйлуулж, Христэд итгэгчийг цөхрөлд оруулж чадах бүтээл юм. Кино 1951 оны Канны кино наадмын шилдэг найруулагч шагналыг Bunuel-д авчирсанаас гадна эдүгээ Латин Америкийн кино урлагийн чухал эрдэнэс гэгдэх болсон. Sight & Sound сэтгүүлийн хамгийн шилдэг жагсаалтын 110-р байрт жагсаж байсан бол TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 133-р байрт эрэмбэлээд байна. Продюсер Oscar Dancigers Bunuel-ын El Gran Calavera (1949) киног үзээд Bunuel-тэй хамтран ажиллахыг хүсчээ. Bunuel лоттений тасалбар зардаг хүүгийн тухай кино зохиол аль хэдийнээ биччихээд байсан ч Oscar Мехико хотын ядууралд нэрвэгдсэн хүүхдүүийн тухай илүү ноцтой, бодитой дүрслэл хүсч байв. Ингээд Bunuel Jesus Camacho-ын хамтаар Oscar-д таалагдахуйц зохиол бичжээ.
Уг кино нь Bunuel-ын ихэнх бүтээлд байдаг сюрреализмын элементүүдийг агуулсан боловч мөн социол реализмын уламжлалыг ч багтаажээ. Кино нээлтээ хийсэн даруй Мексикийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зад шүүмжилсэн; ингэхдээ хэтэрхий бүрхэг, мөн Мексикийн мөн чанарыг бүдүүлэг үзүүлсэн гэж шүүмжилж байсан ч кино ширүүн бас шинэлэг, шүүмжлэлтэй гэх хүмүүс ч байлаа. Киноны төгсгөлийн өөр нэг хувилбар буюу "жаргалтай төгсгөл" байдаг нь 2002 онд тодорхой болсон. Энэ өөр хувилбарт нь Pedro Jaibo-г алаад булаалгуулсан мөнгөө засан хүмүүжүүлэхийн газрын даргад аваачиж өгдөг ажээ. Тэгвэл 2010 онд Jesus R. Guerrero гэх зохиолчийн охин гэнэт гарч ирээд уг кино аавынх нь романыг хулгайлсан гэж шүүхэд хандав. Ингээд кино ба романыг харьцуулж үзээд адилхан юмс олоогүй байдаг. Сэдвийн хувьд уг кино нь Bunuel-ын эхэн үеийн Land Without Bread кинотой төстэй, энэ хоёр кинонд ядуурал болон цөхрөлийн эцэс төгсгөлгүй тойргийг үзүүлдэг. Bunuel энэ кинондоо Италийн неореализмын гадаах байршил, мэргэжлийн бус жүжигчид, ажилчин анги дээр төвлөрсөн элементүүдийг ашигласан ч уг бүтээл яг неореалист кино биш юм. Bunuel 1953 онд бичсэн эссэндээ "неореалист бодит байдал нь бүрэн бус, уламжлалт ба хамгийн гол нь рационал" гээд цааш нь "яруу найраг, нууцлаг чанар, бодит байдлыг томруулж, гүйцээх зүйл огт байдаггүй" гэжээ. Los Olvidados кинонд Pedro камер руу өндөг шидэхэд өндөгний шингэн линзэнд хагарч бас наалддаг хийгээд Pedro-ын удаашруулсан зүүд зэрэг нь уг киног сюрреалист мэдрэмжтэй болгодог. Bunuel дүрүүдээ романтик болгодоггүй ба хүчирхийлэлд өртсөн сохор өвгөн хүртэл хуурамч бэлдмэл зардаг, хүүхдүүдэд харгис ханддаг нь сүүлд илчлэгддэг билээ.
Кино түүхч Carl J. Mora "найруулагч ядуурлыг
Мексикийн уламжлалт мелодрамын хэлбэрээс эрс ялгаатай байдлаар дүрсэлсэн.
Bunuel-ын гудамжны хүүхдүүд амьд үлдэхийн төлөөх цөхрөнгөө барсан тэмцэлдээ
ариусдаггүй ба тэд үнэндээ романтик бус хохирогчдоосоо ч илүү араатанлаг
юм" гэжээ. Энэ кино бол Bunuel-ын маш олон янзын өнгөтэй кино ертөнц дэх
нэгэн төрлийн жигтэй шувуухай нь ба Bunuel уг киногоороо сюрреализм, элэглэл,
аюулгүй байдлаа хамгаалах гэсэн сэдвүүдээс хазайж ядуурлын шударга бус байдалд
дассан зүрх сэтгэлийг харуулна. Bunuel-ын кинонууд ертөнцийн харгис хэрцгий
байдлыг харуулсан аймшгийн шинжтэй байдаг ч тэрээр замналынхаа ихэнх хугацаанд
үүнийгээ зайнаас бүрхсэн халхавч дор байлгаж байсан. Bunuel уг киногоороо
өөрийнхөө жинхэнэ ярвайлтаа харуулахын тулд маскаа авсан буюу дэлхийн
метрополисууд болох Манхэттэн, Биг Бен, Эйфелийн цамхагуудыг харуулсан киноны
нээлтийн үеэр киноны хүүрнэгч "сайхан хот болгоны ард ядуу хүүхдүүд
байдаг" гэж хэлдэг нь бүтээлийн мотто юм.
Comments
Post a Comment