Вавилоны луу хөлөглөгч

 

 


Metropolis (1927). Австри-Германы нэрт кино найруулагч Fritz Lang-ын найруулсан германы экспрессионист, шинжлэх ухааны уран зөгнөлт драм. Кино зохиолоо Lang эхнэр Германы зохиолч Thea von Harbou-той хамтран бичсэн буюу Harbou-ын 1925 оны ижил нэрт романыг кино болгожээ. Киноны гол дүрүүдэд Gustav Frohlich, Alfred Abel, Rudolf Klein-Rogge болон Brigitte Helm нар тоглосон ба продакшн компаниар UFA ажилласан. Уг бүтээлийг дуугүй эриний анхны шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын кино гэж үздэгээс гадна тус жанрын анхны бүрэн хэмжээний киноны гол төлөөлөгч гэж үздэг. Зураг авалтыг 17 орчим сар авсан бөгөөд тухайн үедээ асар өндөр өртгөөр бүтжээ. Уг киноны үйл явдал нийтлэг мэдрэмжээс татгалздаг хэдий ч тасалданги шинж нь хүч чадал нь болдог; энэ нь Metropolis-г фантааз болгох буюу тогтвортой үйл явдлын шугаман баталгаагүй хар дарсан зүүд гэлтэй. Энэхүү бүтээл нь цаг хугацаа, газар нутаг, дүрүүдийг хурцаар бүтээснээр бидний ертөнцийг төсөөлөх төсөөллийн зэвсэг болдог. Lang киногоо бүтээсэн жил гарангийн хугацаанд хүсэлтээ хэт автаж, хамтрагчдаа муухай аашилж, төгс төгөлдөрийг хүссэн галзуу хүн болсон гэдэг бөгөөд үр дүнд нь кино урлагийн хамгийн чухал киноны нэгийг бүтээсэн боловч амьддаа бусдаас хангалттай талархал хүртэж чадаагүй билээ.

 TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 60-р байрт жагсаагаад байгаа бол 2012 онд Их Британий Sight & Sound сэтгүүлээс явуулсан бүх цаг үеийн хамгийн кино жагсаалтын санал асуулгаар 35-р байрт эрэмбэлэгджээ. Empire сэтгүүл манай гаригийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 12-р байрт, найруулагч Martin Scorsese залуу кино бүтээгчдэд зориулсан хамгийн чухал гадаад хэл дээрх кинондоо тус тус багтаасан байна. Киног Веймарын үеийн Германд бүтээсэн ба киноны тавилт, тайз засал футурист, дистопиа ертөнцийг дүрсэлжээ. Киноны бүтэц болон хэлбэр маягт Кубист, Баухаус, опера, футурист дизайны нөлөө их байдаг, мөн газар доорх агуй, сүм, Rotwang-ын байшинд готик өнгө аяс байгааг мартаж болохгүй агаад тухайн үед киноны тусгай эффэктийг магтан сайшааж, харин үйл явдлыг нь гэнэн гэж шүүмжилж байжээ. Шүүмжлэл ингээд зогсоогүй, киноны үргэлжлэх хугацааг дэндүү урт байна гэж шүүмжилсэн ба Германд нээлтээ хийснийх нь дараа нэлээд цомхотгожээ. 1970-аад оноос хойш киног дахин сэргээх оролдлого олон хийсэн. 1984 онд Италийн хөгжмийн продюсер Giorgio Moroder Freddie Mercury, Loverboy зэрэг рок уран бүтээлчдийн дуунуудтай тайрсан хувилбарыг олны хүртээл болгосон. 2001 онд Берлиний кино наадмаар киноны шинэ сэргээсэн хувилбарыг үзүүлсэн бол 2008 онд Аргентины музейгээс Lang-ын анхны цомхотгосон   хувилбарын гэмтсэн хуулбарыг олжээ. Ингээд удаан хугацаанд дахин сэргээх нүсэр ажлын эцэст 95 хувийн сэргээсэн хувилбарыг 2010 онд Берлин болон Франкфурт хотуудад том дэлгэцээр үзүүлжээ.

 Киноны үйл явдлыг товчхон дурдвал: Хэзээ нэгэн цагт ирээдүйд, Metropolis хэмээх хот орших агаад хотын чинээлэг иргэд нь зовох юмгүй амьдралаар амьдарна. Баячуудын нэгийг Freder Fredersen гэнэ. Нэгэн өдөр тэрээр олон ядуу хүүхэд дагуулсан үзэсгэлэнтэй бүсгүйг олж харна. Бүсгүй тэгээд алга болчих агаад Fredersen араас нь дагаж явсаар өөрсдийнх нь баян тансаг ертөнцийг бий болгохын төлөө чөлөө завгүй ажилладаг бүх бүтэн газар доорх ертөнцийг олж хараад хэлмэгдэн айна. Газар доорх ертөнцийг мэддэг цөөхөн хүмүүсийн нэг бол Metropolis хотыг үүсгэн байгуулагч, Fredersen-ын эцэг John Fredersen юм. Fredersen бүсгүйн нэрийг Maria гэдгийг олж мэдэх бөгөөд мөн Maria-аар дамжуулан өөрийгөө газар доорх ертөнцийн ажилчид болох "гарыг" дээд ертөнцийн эрх мэдэлтнүүд болох "толгойг" хоёрыг нэгтгэх ёстой зуучлагч болохыг ойлгоод бүсгүйтэй нэгдэн хамтран тэмцэхийг хүснэ. Гэвч хүү нь Maria-тай нэгдэхийг мэдсэн John тэдэнд саад хийхийг зорих ба үүндээ өөрийн хуучны анд галзуу эрдэмтэн Rotwang-г хань татна. Metropolis нь асар том готик сүм хийдээс эхлээд футурист хотын хэв маяг хүртэл янз бүрийн нарийн хийцтэй тусгай эффэкт, боловсронгуй тайз заслын дизайнтай билээ. Lang нэгэн ярилцлагадаа "Энэ киноны санаа 1924 онд Нью Иоркийн тэнгэр баганадсан барилгуудыг анх харсан цагаас төрсөн. Би гялалзсан гэрэлтэй гудамжууд, өндөр барилгуудыг хараад Metropolis-оо төсөөлсөн" гэж хэлсэн байдаг. Үнэндээ бол Lang Harbou хоёр жилийн өмнөөс энэхүү киноныхоо санаа нь дээр ажиллаад эхэлсэн байжээ. Lang Нью Иоркийг анх харсан сэтгэгдлээ "барилгууд нь маш тод, гэрэлтсэн завины босоо далбаа мэт санагдсан бөгөөд харанхуй тэнгэрт нүд гялбам, анхаарал сарниулж, ховсдуулам толгой эргэм дэвсгэр шиг санагдсан" гэж илэрхийлсэн байдаг. Нью Иоркийн гэрэлт цамхаг киноных нь төв болох ёстой гэдгийг найруулагч маань шууд л ойлгожээ. Уг киноны хотын төрх байдал арт деко урлагийн хөдөлгөөний талаар ихээхэн мэдлэг өгдөг боловч бусад уламжлалт элементүүдийг ч агуулдаг.

 Судлаачид Metropolis хотын архитекурийг хутгамал гэж тодорхойлдог ба сцэнүүд нь функционалист модернизм болон арт деко урлагийг хоёулангийн төлөөлөхөөс гадна эрдэмтний өндөр хүчин чадалтай лаборатори, газар доорх агуй, готик сүмүүдээс ч дээрх элементүүдийг харж болно гэж онцолсон буй. Кинонд арт деко урлагийн архитектур ашигласан нь арт деко хөдөлгөөнийг Европ, Америкт алдаршихад чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Lang 1924 оныхоо аялалаар Холливуудын хэд хэдэн студид зочилсон нь мөн түүнд нөлөөлсөн байна. Продюсерууд болон Lang нар холливуудын босоо нэгдэлтэй өрсөлдөхийн тулд өмнө нь хийж байгаагүй далайцтай, нүсэр кино хийх ёстойгоо ухаарсан байдаг агаад UFA-ын өр нэмэгдэж байсан хэдий ч Lang уг киногоо "хамгийн амбицтай, хамгийн өндөр өртөгтэй кино болно" гэж мэдэгдэж байлаа. Энэхүү бүтээлийн хэд хэдэн чухал хэсгүүдэд Библийг эх сурвалжаа болгодог, мөн кино дээрх Maria ажилчидтай ярилцдаг анхны сцэний үеэр сэхээтнүүд болон ажилчдын хоорондын зөрчлийг тодруулахын тулд Вавилоны цамхагийн түүхийг ашигласан байдаг. Мөн нэмж хэлэхэд, төөрөлдсөн Fredersen хуурамч Maria-г олон толгойтой лууны нуруун дээр суусан Вавилоны янхан гэж төсөөлдөг билээ. Тэгвэл Yoshiwara клубын нэрийг Токиогийн улаан дэнлүүний дүүргээс иш татжээ. Киноны үйл явдлын ихэнх хэсэг дэлхийн нэгдүгээр дайн болон Германы Веймар улсын соёлоос үүдэлтэй. Lang кинондоо үйлдвэржилт, масс үйлдвэрлэлийн сэдвийг судалдаг буюу эдгээр нь дайнд томоохон үүрэгтэй байсан хоёр үйл явдал бөгөөд мөн орчин үеийн Америк, фашизм, коммунизмыг Веймарынхан юу гэж харж байсныг тусгасан гэж дүгнэдэг. Веймарын үеийн Германы алдартай зохиолч Harbou кино зохиол дээр Lang-тай хамтран ажилласан гэж түрүүн хэлсэн; үнэндээ Harbou ижил нэрт романаа анхнаасаа кино болгох зорилготойгоор бичжээ. Тэрээр Романаа Х. Г. Уэллс, Мэри Шелли болоод Германы жүжгүүдээс санаа авч бичсэн байна. Роман киноны маркетингийн ажиллагаанд ихээхэн нөлөөлжээ. Роман дахь ид шид, оккультизмтэй холбоотой хэсгүүдийг кино зохиолд оруулаагүй байдаг аж. 

Кино зохиолыг олон удаа дахин шинэчлэн бичсэн; жишээлбэл, Fredersen од руу нисдэг төгсгөлийн хэсгийг хасаад дараа нь Lang өөр киноныхоо суурь элемент болгосон байдаг. Metropolis киноны үйл явдал яг хэдэн онд өрнөж байгаа нь нээлттэй хэвээр байна. 2010 онд дахин шинээр сэргээгдсэн хувилбарт Harbou тодорхой он цаг заагаагүй байдаг бол үүнээс өмнөх хувилбарт 2000 оны орчим гэсэн хугацааг байрлуулсан байдаг, харин Moroder-ын хувилбарт 2026 оныг заасан байдаг. Харин Америкт гаргасан анхны хувилбарт 3000 он гэж байдаг ба Harbou-ын романд үйл явдал өнгөрсөн эсвэл ирээдүйд ямар нэгэн тодорхой газар, цаг үед өрнөдөггүй ажээ. Киноны хөгжмийг том найрал хөгжимд зориулж Gottfried Huppertz бичсэн бөгөөд тэрээр Richard Wagner, Richard Strauss хоёроос санаа авч, классик найрал хөгжмийн хэв маягийг модернист өнгө аястай хослуулан үйлдвэржсэн хотын ажилчдыг дүрсэлсэн байна. Киног 1955 онд Америкийн Paramount pictures болон MGM студиуд эзэмшиж, тараах эрхийг авсан агаад UFA тэдэнд өртэй байсан бололтой. 1927 онд, Берлинд кино нээлтээ хийхэд ихэнх үзэгчид хашгирч, исгэрч хүлээж авсан ч зарим шүүмжлэгчид киноны гайхалтай сцэнүүд дээр "аяндаа л алга ташиж" байсан гэдэг. Гэрээний дагуу Америкийн том кино студиуд киног хэтэрхий урт, хүнд байна гэж үзээд Америкийн жүжгийн зохиолч Channing Pollock-оор хүн ойлгохуйц богинохон хувилбар хийхийг даалгав. Pollock киног эрс богиносгосны дотор Hel дүрийг бараг тэр чигт нь хассан, учир нь Hel гэдэг нь Hell буюу там шиг сонсогдож байсан тул арчиж хаяжээ. Pollock хожим энэ талаараа "энэ нь симболын хувьд чухал ач холбогдолтой байсан болохоор хүмүүс энэ киноноос юу ч ойлгоогүй" гэж үнэнээ хэлсэн байдаг. Lang уг явдалд маш их уурласан ба "Би кинонд хайртай. Тиймээс би Америк руу хэзээ ч дахиж явахгүй. Тэдний мэргэжилтнүүд миний хамгийн сайн киног харгис хэрцгийгээр зэрэмдэглэсэн болохоор би Англид байхдаа ч киногоо үзэж зүрхлэхгүй байна" гэж хэлж байв. Hel-ын түүхийг 1984 оны хувилбарт хэсэгчлэн сэргээж, дараа дараагийн хувилбарт бүрэн сэргээжээ. 

Германы үндсэрхэг үзэлтэн бизнесмэн Alfred Hugenberg 1927 онд UFA компанийг удирдах болсноор бүх өрийг нь цуцалж, киног анхны хувилбараар нь театрт гаргахыг нь хориглов. Түүний заавраар Pollock-ын засварын дагуу коммунист дэд текст болон шашны холбогдолтой зураглалуудыг хасчээ. Hugenberg-ын эрэмдэг хувилбарт нацистууд ханасангүй дахин цомхотгож бүр 91 минут болтол нь цензурджээ. Кино хожим нэр хүндтэй болсон ч орчин үеийн зарим шүүмжлэгчид шүүмжтэйгээр дүгнэсээр байв. The New York Times "шавран хөлтэй техникийн гайхамшиг" гэсэн бол алдарт зохиолч Х. Г. Уэллс "ерөнхийдөө механик дэвшил боловч дэвшлийн талаар улиг болсон тэнэглэл" гээд цааш нь өөрийнх нь болоод Мэри Шеллигийн бүтээлүүдээс санаа авсан гэж дүгнэжээ. "Эхлэлээсээ л шаардлагагүй философиддог, сүнсгүй хотын түүх", "Briggite Helm-г эс тооцвол бусад жүжигчдийн тоглолт сүнслэг чанаргүй" гэх мэтээр шүүмжлэгчид байсан. Бусад буюу ихэнх судлаачид уг киног хүлээлтээс давсан амжилт үзүүлсэн, найруулагчийн төсөөллийн сүр жавхлан, продакшны амбицыг магтсан байдаг. Нацист үзэл сурталч Иосиф Геббельс Metropolis кино дахь нийгмийн шударга ёсны талаарх мессежийг биширсэн байдаг. Тэрээр 1928 онд хэлсэн үгэндээ "улс төрийн хөрөнгөтнүүд түүхийн тавцанг орхиж, түүний оронд дарлагдсан толгой ба гар үйлдвэрлэгчид, Хөдөлмөрийн хүчнүүд түүхэн зорилгоо эхлүүлнэ" гэжээ. 

Нацистууд засгийн эрхэнд гарсны дараа Lang-аар нацист үзэл сурталын кино хийлгэхийг хүсч байгаагаа Гитлер Геббельс-ээр дамжуулан хэлүүлж байж. Германы нэгэн соёлын шүүмжлэгч хожим "Америкчууд киноны техникийн өндөр амжилтад татагдаж байсан, харин Англичууд үүнээс маш хол байсан бол Францчууд хөгжим болон үйлдвэрлэлийн холимогийг л сонирхож байсан . Энэ кино бол Германы эрэлхэг чанарын түгшүүртэй шинж тэмдэг байсан" гэжээ. Хожим Lang уг кинондоо сэтгэл дундуур байдгаа илэрхийлсэн байдаг ба 1998 онд найруулагч Peter Bogdanovich-той хийсэн ярилцлагадаа "киноны гол сэдэв хатагтай Harbou-ынх хэдий ч би үүнийг хийсэн учир 50аас доошгүй хувийн хариуцлагыг би хүлээдэг. Тэр үед би одоогийнх шиг улс төрийг тэгтлээ боддоггүй байлаа. Гар, толгой хоёрыг зуучлагч нь зүрх гэж хэлж нийгмийн ухамасрыг кинондоо гаргаж болохгүй байлаа, энэ бол үлгэр гэсэн үг юм. Юутай ч би машиныг их сонирхож байсан юм. Гэхдээ л энэ кино надад таалагддаггүй, тэнэг, балай юм шиг санагддаг" гэж хэлсэн байдаг. Lang яагаад өөрийн хамгийн шилдэг киногоо үзэхээ больсон шалтгааныг нацистууд уг киног нь ихээхэн сонирхох болсонтой холбодог. 1933 онд Harbou нацист намын гишүүн болсон. Дараа жил нь Lang Harbou хоёр салсан ба Lang Нацистуудаас зугтааж Америк руу нүүсэн бол Harbou Германдаа үлдээд төрийн зөвшөөрөлтэйгөөр кино зохиолоо үргэлжлүүлэн бичсээр байжээ.

Comments