The French Connection (1971). Францын Марсель хотод дэлхийн хамгийн том хууль бус наймааны синдикатыг удирдагч Alain Charnier-ын араас цагдаа нар аль хэдийнээ оржээ. Charnier их хэмжээний герионыг Нью Иорк хот руу хөлөг онгоцоор зөөвөрлөхийн тулд гэнэн найз, телевизийн од Henri Devereaux-г ашиглах буюу героиноо Devereaux-ын машинд нууж чадсанаар Америк руу хил давуулчихна. Нью Иорк хотод мөрдөгч Jimmy Doyle өөрийн хамтрагч Buddy Russo-ын хамтаар бааранд өөрсдийн ээлжит ан буюу хууль бус наймаачдыг тагнаж, чагнаж байна. Тэд Salvatore Boca гэгчийг эхнэрийнх нь хамт ойрын үеэс мөрдөж, мөшгөж байгаа бөгөөд Boca хар тамхины ертөнцтэй нягт холбоотой нь илэрснээс гадна уг хэрэгт хуульч Joel Weinstock ч мөн хамаатай болох нь нотлогдоод буй. Doyle уг хэрэгтэй холбогдуулан их хэмжээний герион хоёр долоо хоногийн дотор ирнэ гэдгийг олж мэднэ. Ингээд мөрдөгчид даргадаа Boca-ын утсыг чагнавал том хэрэг илрүүлэхээр байна хэмээн ятгаж, улмаар зөвшөөрөл авахаас гадна холбооны мөрдөх товчоо ч уг хэрэгт оролцохоор болно. Devereaux-ын хар тамхитай машин Нью Иорк хотод ирнэ. Boca тэсч ядан адгах бол Weinstock араас нь цагдаа нар орчихсоныг мэдээд нөхдөө тайван байхыг уриална. Өөрийн ажиглаад байгааг Нью Иоркт ирсэнээсээ хойш мэдэх болсон Charnier метроны буудал дээрээс Doyle-оос зугтааж чадах ба гэрээгээ хурдан цэгцэлчихээд явахын түүс болно. Америкийн кино найруулагч William Friedkin-ын энэхүү гэмт хэрэгт триллер бүтээлийг бүх цаг үеийн сор киноны нэгд тооцдогоос гадна Америкийн кино хүрээлэн шилдэг Америкийн шилдэг 100 киноны жагсаалтад багтаажээ. William Friedkin киногоо Robin Moore-ын 1969 оны ижил нэрт романаас сэдэвлэж, романыг Ernest Tidyman кино зохиол болгожээ. Киноны гол дүрүүдэд Gene Hackman, Roy Sheider болон Fernando Rey нар тоглосон.
Тэр жилийнхээ Оскар наадмаас шилдэг эрэгтэй гол жүжигчин (Hackman), шилдэг найруулагч (Friedkin), шилдэг кино гэсэн шагналуудыг авсан хагас баримтад кино мэт хэв маягтай, зураглалын өндөр техникийг харуулсан өндөр хүчдэлтэй жинхэнэ эрэлхэг кино юм. Киноны үргэлжлэл хоёрдугаар анги 1975 онд гарч, гол дүрүүдэд Hackman, Rey нар тоглосон боловч олигтой амжилт үзүүлээгүй билээ. Найруулагч Friedkin киноныхоо баримтад кино шиг бодит найруулгын хэв маягийг Францын кино найруулагч Costa-Gavras-ын "Z" хэмээх киноны нөлөөний үр дүн гэсэн байдаг; "Би Z-г үзээд French Connection киногоо яаж хийхээ ойлгосон. Costa-Gavras киногоо яг баримтад кино шиг хийсэн, кино зохиомол боловч яг л жинхэнэ болсон мэт хийгдсэн. Камерт дараа нь юу болох нь мэдэгддэггүй бөгөөд энэ техник надад урам өгсөн. Миний эхний кинонууд бас баримтад кинонууд байсан шүүдээ. Тиймээс түүний юу хийж байгааг ойлгосон, гэхдээ хэзээ ч Z-г үзэх хүртлээ ийм бүрэн хэмжээний кино хийж чадна гэж бодож байгаагүй" гэж Friedkin хэлсэн байдаг. Энэхүү бүтээл маань Нью Иоркийн ихэр цамхагийг дэлгэцнээ харуулсан анхны киноны нэг ажээ. Friedkin уг киног хийх шийдвэрт нь домогт кино урлаач Howard Hawks ихээхэн нөлөөлж урам өгсөн гэдэг бөгөөд Friedkin түүнээс өөрийнхөө кинонуудыг юу гэж боддог талаар асуухад "утгагүй" гэж Hawks хариулсан байдаг ч "сайн кино хийгээрэй, өмнө нь хэний ч хийгээгүйг хийгээрэй" гэж хэлсэн нь үнэтэй зөвлөгөө болжээ. Кино дахь жүжигчдийн тоглолт уг киноны хүчийг үлэмж нэмсэн гэж судлаачид үздэг. Friedkin жүжигчдийнхээ сонголт дээр нэлээд зүдэрсэн, тэр анх Hackman-г авах дургүй байсан агаад Paul Newman-г маш их хүсэж байсан ч Newman-ын үнэ төсөвт нь ахдаад байжээ.
Ингээд Jackie Gleason, Peter Boyle нарын нэр яригдаж эхэлсэн, гэтэл тухайн үед Gleason-ын нэр хүнд тааруу болчихоод байсан бол Boyle киноны харгис сэдвээс болж шууд татгалзжээ. Steven McQueen яригдсан ч McQueen "Bullitt" гэх бас нэг цагдаатай киноныхоо араас дахиад ижил сэдэвтэй кинонд тоглохыг хүссэнгүй, тэгээд ч түүний цалин замбараагүй их байв. James Caan, Robert Mitchum зэрэг жүжигчид татгалзсанаар явж явж Hackman дээр буужээ. Харин Fernando Rey-ын сонгогдсон байдал ёстой хөгтэй. Luis Bunuel-ын "Belle de Jour" киног Friedkin үзээд тус кинонд жижиг дүр бүтээсэн Francisco Rabal-ын тоглолтыг хараад биширчээ. Ингээд нэрийг нь мэдэхгүй ч заавал тэр жүжигчинг олж их гэж кастингийн найруулагчдаа даалгасан ч кастингийн найруулагч Rabal-г биш харин Luis Bunuel-ын олон кинонд тоглосон Fernando Rey-тэй холбогдчихож. Дараа нь Rabal-тай холбогдсон ч Rabal Франц, Англиар ярьдаггүй нь Rey-г авч үлдэх гол шалтгаан болсон гэдэг. Киноны үйл явдалд 1960 ба 1970-аад оны эхээр Францаар дамжин Америкт орж ирсэн их хэмжээний героины наймааны тухай өгүүлдэг. 1968 онд Францын хөлөг онгоцоор тээгдэн ирсэн Citroen автомашинд 246 фунт героин орж ирж байсан нь рекорд болж байжээ. Баривчлагдсан Jacques Bousquet-ын хэлснээр энэ замаараа нийт 1606 фунт героин зөөсөн гэдэг. Киноны хоёр баатраас гадна бусад хэд хэдэн зохиомол дүрүүдийг бодит амьдралаас сэдэвлэсэн. Charnier-ын дүр Jean Jehan гэх бодит дүрээс улбаатай ба кинон дээр түүнийг хэзээ ч баригдаагүй гэдэг боловч бодит амьдрал дээр түүнийг Парист баривчилсан. Boca-ын дүр Pasquale Fuca гэдэг Нью Иоркийн хар тамхины мафитай нягт холбоотой бодит хүнээс сэдэвлэжээ. Уг киноны машинтай хөөцөлдөөнтэй хэсгийг кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг машинтай хөөцөлдөнтэй хэсгийн нэг гэж үздэг. The New York Times "Цагдаа ба дээрэмчин, хөөцөлдөөн, адал явдал, олон тооны буудалцаан гэх мэт уламжлалт материалыг сайн найруулан зохиомжилсон гэдгээрээ энэ бол шинэ төрлийн кино" гэсэн бол Variety "Эх зохиолоо нэлээн өөрчилсөн, Нью Иоркийн хамгийн шуугиантай хар тамхины хэргүүдийн талаарх түүхээс энэ кинонд завхан араг яс нь л үлджээ" гэсэн байдаг.
Тэгвэл бусад шүүмжлэгчид;
Friedkin хэнээс ч илүү Нью Иоркийн байршлыг кинондоо илүү сайн ашиглалаа гэсэн
байсны дээр Owen Roizman-ын барзгар, зэврүүн зураглал орчин үеийн хотын муу
талыг гайхалтай харуулсан гэсэн буй. Мөн шүүмжлэгчид жүжигчдийн тоглолтыг
нийтэд нь магтахдаа Hackman-ын замналын оргил ажлын нэг гэж дүгнэсэн байдаг.
TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 540-р байрт
жагсаагаад байгаа бол зарим судлаачид уг киног нео нуар жанрт хамаатуулдаг.
Akira Kurosawa өөрийнхөө хамгийн дуртай киногоор нэрлэсэн байхад Steven
Spielberg "Munich" киногоо хийхийн өмнө уг киног сайтар судалсан
гэдэг. Кинон дээрх гарах олны хэсэг буюу цагдаа нар жинхэнэ цагдаа нар байсан
гэдэг. Мөн Hackman дүрийн судалгаа болгож сар орчим хотоор эргүүл хийсэн гэдэг
ба Hackman энэ үедээ харсан бүхэндээ үнэхээр жигшсэн гэдэг. Тухайн үед маш
хүйтэн байсан учир камер болон бусад техник төхөөрөмжүүд хөлдөж байжээ. Энэ
кино бол кино урлаг дахь хамгийн шилдэг хөөцөлдөөнтэй киноны нэг. Киноны зураг
авалт Нью Иоркийн хүйтэн, саарал өвөл авагдсан нь киноны сөнөсөн, бараан
сэдэвтэй нийцдэг. Дүрүүд болон газар орон дөнгөж л амьтай мэт харагдана. Doyle
бол арьс өнгөөр ялгаварлагч, ааштай, бусдыг дээрэлхэгч нэгэн боловч тэр тэсч
үлдэхийг л хүсэгч бас ялагч болохыг хүсэгч юм. Тэр үүнээсээ болж ажилдаа автагч
ба уг киноны баатар бол ёс суртахуунгүй, хэрцгий, увайгүй нэгэн юм.
Comments
Post a Comment