Нууц амрагийн дохио

 

 




To Be or Not to Be (1942).  Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнөхөн, Польшийн нэгэн театрт "Гестапо" гэх нацистуудыг элэглэсэн жүжгийн сургуулилт хийгдэж байна. Уг театрын алдартай жүжигчид болох Josep болон Maria хоёр хэрэлдэн байх агаад учир нь тэд ханилсан хоёр юм. Josep ихээхэн хартай бол Maria нь ч зүгээргүй хүүхэн болой. Театрт орой болгон Шекспир "Гамлет" жүжиг тавигдаж гол дүрд Josep тоглоно. Түүнийг алдарт "орших уу, эс орших уу" хэмээх үгийг хэлэх болгонд үзэгчдээс нэгэн царайлаг залуу босоод жүжгийг орхин одох ба энэ жигтэй байнгын давтамж Josep-ын хардалтыг төрүүлнэ. Үзэгчдийн дундаас "дохиогоор" босон явах залууг Sobinski гэдэг, агаарын хүчний нисгэгч бөгөөд Josep-ын хардаж байгаачлан үнэхээр ч Maria-ын өрөөнд "орших уу, эс орших уу" гэдэг үгэн дохиогоор ордог, хүүхэн ч түүнийг хүлээдэг байна. Sobinski Maria-д хайртай, нөхрөөс нь салгахад бэлэн бол Maria нисгэгчээр тоглож, аальгүйтэх маягтай болохоос чин сэтгэлийн асуудалгүй болно. Чухам яг, Maria нисгэгчийн буруу ойлголтыг засахаар бэлтгэж байтал түгшүүрийн дохио хангинаж, дайн дэгдсэнийг зарлана. Ингээд Sobinski эх орноо хамгаалахаар мордож, жүжигчид маань бөмбөгдөлтөөс нуугдана. Sobinski нөхдийн хамтаар Польшийн эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүн профессор Siletsky гэгчтэй танилцана. Siletsky удахгүй Варшав руугаа ажлаар буцах гэж байгаа учир нисгэгчид түүнээр дамжуулан хайртай дотно хүмүүстээ захиа явуулахаар болох бөгөөд  Sobinski Maria-д хайрын захидал дайлгахаар болно. Гэтэл профессор маань суут жүжигчин Maria-ын нэрийг огт дуулж яваагүй нь хачин жигтэй санагдана. Удалгүй сайхь профессор нацистын тагнуул ба нисгэгчид болоод тэдний ар гэрийнхнийг талаарх мэдээллийг олж авах зорилготой байгаад тэр зорилгодоо хүрчихсэн нь тодорхой болно. Sobinski хайрт хүүхнээ аврахаар даруй хөдөлнө. 

Энэ зуур Siletsky аль хэдийн Maria-г олж очоод оройн хоолонд уриад зогсохгүй тагнуул болж бидэнтэй хамт ажилла гэж ятгахдаа сээмэгнүүр байдал илэрхий гаргана. Maria худлаа зөвшөөрсөн дүр эсгэчихээд гэртээ харих агаад гэрт нь Sobinski аль хэдийн ирчихсэн, бүр нөхөртэй нь яриад сууж байлаа. Maria, Sobinski хоёр Siletsky-г алж, эх орноо хэрхэн аврах талаар ярилцахад Josep нууц амрагуудыг илчлэхийг хүсэхээс гадна мөн давхар эх орныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээхийг хүснэ. Гэтэл цаг явсаар, Maria профессор руу буцаж очих ёстой байлаа. Герман гаралтай Америкийн кино найруулагч Ernst Lubitsch бол комеди жанрын мастеруудын нэг бөгөөд энэхүү бараан комедигоо дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудад эзлэгдээд байсан Варшавын жүжигчдийн тухай түүхийг өөрийнхөө түүхээс сэдэвлэсэн гэдэг. Уг бүтээл магадгүй түүний хамгийн амжилттай ажил байж болохын дээр маргаан байхгүй хамгийн гүн гүнзгий, сэтгэл хөдлөлийн хувьд ээдрээтэй, бараан хошигнолоос бүдүүлэг егөөдөлт комеди жанрын кино болой. Кино гарчигнаасаа бол нэлээд нухацтай харагдавч үнэндээ энэ нь киноны стратегийн нэг хэсэг буюу кинон дахь дүрүүдийн стратеги шиг ба уг киног TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 100-р байрт жагсаагаад байна. Киноны зохиол дээр Ernst Lubitsch Melchior Lengyel, Edwin Justus Mayer хоёртой хамтран ажилласан ба гол дүрүүдэд Carole Lombard, Jack Benny нар тоглосон. Lubitsch гол дүр Josep-оо анхнаасаа л Jack Benny-д өгөхөөр бодож, түүнийг төсөөлж зохиолоо бичжээ. Benny өөрийг нь ийм том найруулагч тоосонд ухаангүй баярлаж, саналыг шууд л хүлээж авсан байдаг аж. Benny тухайн үед найруулагчдын анхааралд өртөхөө болиод замнал нь унаж явсан үе байж таарчээ. Lubitsch эмэгтэй гол дүрээ илүү ветеран жүжигчинд өгөхөөр төлөвлөж байсан ба ингээд Miriam Hopkins-г сонгосон ч зураг авалтын үеэр Miriam Benny хоёрын харилцаа муу байсан тул Miriam киног орхив. Carole Lombard сонгогдох хүртэл Lubitsch эмэгтэй гол дүрээ олоогүй байсан гэдэг бөгөөд мөн Carole ч замналынхаа хэцүү цаг үеийг туулж байлаа. 

Carole Lubitsch-тэй хамтран ажиллаж үзээгүй байсан учир түүний кинонд тоглохыг маш ихээр хүсч байсан нь кинонд тоглох гол хүчин зүйл болжээ. Мөн энэ кинонд тоглосноор Carole холливуудын бүх том студид ажилласан хэмээх статусыг олсон байдаг (энэ кино United Artists). Харамсалтай нь,  кино продакшн явцдаа байхад Carole онгоцны ослоор 33 настайдаа нас барсан байдаг. Энэ кино түүний сүүлчийн кино болсон бөгөөд Carole энэ кинонд маш ихээр тоглохыг хүссэний дээр энэ миний замналын хамгийн сайхан мэдрэмж байлаа хэмээх зураг авалт дууссаны дараа олон хүнд хэлж байжээ. Түүний үхлээс болж кино дахь түүний "онгоцонд юу тохиолдож болох вэ?" Хэмээх хэсгийг хассан байдаг. Тухайн үед түүний нөхөр байсан Clark Gable-ын эсэргүүцлийг үл харгалзан Carole уг кинонд тоглосон нь үхэлд хүргэжээ. Кино анх нээлтээ хийхэд олон нийт нацистуудын заналхийллийг хошигнол болгон авч үзсэнийг нь сайн ойлгоогүй байдаг боловч өнөөдөр уг кино Lubitsch болоод Benny, Carole нарын хамгийн сайн бүтээл гэж үнэлэх болжээ. Jack Benny хожим дурсахдаа; өөрийг нь нацист дүрэмт хувцастай байхыг нь аав нь кино театрт хараад маш их уурлаж, дургүйцэж байсан гэдэг ч хожим хүүгээ ойлгоод уг киног 46 удаа үзсэн гэдэг. Кино шүүмжлэгчид уг киног сайнаар ч муугаар ч хүлээж авсан. Зарим нь, элэг хөшөөм үзэгдлийн дараа нурж сүйрсэн Варшавыг харуулах нь зохимжгүй буюу Lubitsch-ын хошин шогийн мэдрэмж этгээд, бас зохиолын үйл явдал маш орооцолдсон гэж дүгнэж байв. Найруулга болоод жүжиглэлт мэргэжлийн, дайны үеийн сонирхол татам комеди драм ба түгшүүр, хүлээлт бүхий л үйл явдлын туршид байж чаддаг, харилцан яриагаараа тасралтгүй инээлгэдэг уг киног хатуу шүүмжлэгчид бас байв. Lubitsch-г Германд төрөөд Польш дахь нацизмыг үзүүлсэн гэх шүүмжлэлийн хариуд Lubitsch сонингоор дамжуулан ийнхүү хэлжээ "Би киногоороо нацистууд болон тэдний үзлийг элэглэх явдал юм. Мөн би нөхцөл байдал хичнээн аюултай байлаа ч жүжигчид үргэлж жүжигчид хэвээрээ үлддэг хандлагыг шоглосон буюу энийг би жинхэнэ ажиглалт гэж үзэж байна. Орших уу, эс орших уу гэдгийг Польшийн эмгэнэлт явдалтай нэгтгэж болох уу гэж маргаж байна. Энэ бол маргаантай ч хүн бүр өөрийн бодлоо илэрхийлэх эрхтэй, гэвч Берлинд төрсөн найруулагч Варшавыг бөмбөгдөхөд зугаацаж байна гэдгээс дэндүү алсад зүйл юмаа" гэжээ. Хошигнол ба ёс зүйн тэнцвэрийг олж чадсан уг киног Словенийн Философич С. Жижек өөрийн хамгийн дуртай комедигоор нэрлээд "энэ кино бол галзуурал, үүнээс илүү комеди хийх боломжгүй" гэжээ.

Comments