"Хүзүүний үзүүлт". Францын богино өгүүллэгийн мастер Ги де Мопассаны 1888 онд хэвлэгдсэн богино өгүүллэг ба уг бүтээл нь Мопассаны нэрийн хуудас болсон гэнэтийн ёжлолт төгсгөлтэйгөөрөө алдартай. Эл бүтээл анх 1884 оны 2-р сард Францын "Le Gaulois" сонинд нийтлэгдэж байжээ.
Матилд өөрийгөө зовлон эдлэгч гэж үзсэнээр ухаалаг бус, хэтэрхий амиа бодсон үйлдэл хийхэд хүрдэг. Лойсэлийн гэр бүл зохих ёсоор аж төрдөг бөгөөд Матилд өөрийгөө амьдралаас хүртэх ёстойгоосоо хамаагүй багыг хүртэн зовж амьдарч байна гэж боддог. Тэрээр амьдралынхаа юунд ч, нэн ялангуяа үнэнч сайн нөхрөө ч үнэлж чаддаггүй, тэрээр гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлаа хий дэмий үрж байна гэж үзэж үүндээ шаналдаг. Матилд хүзүүний зүүлтийг гээж, орлуулах шинэ зүүлт худалдаж авснаас бий болсон өрийг дарахын тулд амьдралынхаа дараачийн арван жилийг золиослоход түүний зовлон эдлэгчийн мэдрэмж нь улам нэмэгддэг. Тэрээр шаргуу бөгөөд шийдэмгий хөдөлмөрлөснөөр урьдынхаасаа ч илүү зовлон эдлэгч шиг авирлана. Түүний гоо үзэсгэлэн дахиад хий хоосон үрэгдэж; ингэж их ажилласанаар эцэстээ гоо үзэсгэлэн нь бүр мөсөн үгүй болж байна. Түүний амьдрал улам бүр дордох ба Матилд өөрийнхөө хувь заяаны өмнөөс хариуцлага хүлээдэг гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, харин ч хүртэх ёстойгоосоо багыг хүртэж байна гэдэгтээ итгэсээр байдаг. Түүнд үлдсэн цорын ганц зүйл бол өөрийгөө зовлон эдлэгч гэдэгт итгэх явдал юм. Хатагтай Форэстье зүүлт ямар ч үнэ цэнэгүй байсныг хэлэхэд Матилдагийн золиослол мөн үнэ цэнэгүй болж, түүний зовлон эдлэгч гэсэн статус нь бүр мөсөн арилна. Өгүүллэгийн төгсгөлд Матилд юу ч үгүй үлдэнэ. Матилд өөрийгөө зовлон эдлэгч гэж үздэг ч үнэндээ тийм биш юм, харин ноён Лойсэл жинхэнэ өөрийгөө золиослогч бөгөөд эхнэрийнхээ сайн сайхны төлөө өөрийнхөө хүсэл эрмэлзлэлийг байнга гаргуунд нь гаргадаг. Тэрээр Матилдад даашинз худалдаж авч өгөхийн төлөө буу авах хүслээ орхиж, Матилдын гээсэн зүүлтийг солихын төлөө ирээдүйгээ барьцаанд тавьдаг билээ.
Матилдын хувиа хичээсэн хүслийг хангахын төлөө тэрээр аз жаргал, амьдралынхаа олон жилийг золиослож байгаагаараа жинхэнэ зовлон эдлэгч юм. Матилд эд зүйлс амьдралыг нь өөрчлөх хүч чадалтай гэдэгт итгэдэг хэдий ч эцэст нь өөрийнхөө хамгийн их хүсэж байсан зүүлт хийгээд даашинзыг автал аз жаргалтай мөч нь агшин төдийд харваад өнгөрч байна. "Хүзүүний зүүлт" богино өгүүллэгийн эхэнд бид түүнд байхгүй ч өөрөө хүртэх ёстой гэж боддог бүх эд зүйлсийн жагсаалтыг хардаг. Өөрт нь байхгүй үнэтэй эд зүйлс өөр бусад эмэгтэйчүүдэд байгаад тэрээр атаархахаас гадна түүнд гадуурхагдсан мэт мэдрэмж төрүүлдэг. Түүнд тохилог гэр, сайхан нөхөр байгаа ч тэр энэ бүхнийг үл тоомсорлодог. Матилд аз жаргалын хяналтаа ерөөсөө эзэмшдэггүй зүйлсэд өгч, баян байхын хүслэнд автсанаар өөрийгөө мөнхийн сэтгэл ханамжгүй байдалд оруулж байна. Зүүлт, даашинзыг олж авахад түүнд эдгээр нь хувиргах хүчтэй мэт санагддаг ба тэр эцэстээ нэг юм хүсдэг шигээ сэтгэл хангалуун, бишрэгдсэн, бусдын атаархлыг төрүүлсэн эмэгтэй болж байх шиг санагддаг. Тэр хүссэн зүйлдээ хүрсэн бөгөөд үүний ч дагуу амьдрал нь өөрчлөгдсөн билээ. Гэвч, тэр зүүлтээ алдахад мөрөөдөл нь дорхноо үгүй болж, амьдрал нь өмнөхөөсөө ч дорддог ба бодит амьдрал дээр хүч чадал, эрх мэдэл нь эд зүйлсэд биш харин түүний дотор байжээ.
Матилдаас ялгаатай нь, хатагтай Форэстье эд зүйлсэд бага ач холбогдол өгдөг. Түүний чинээлэг байдал хүссэн зүйлээ худалдаж авах боломжийг олгодог боловч эдгээр эд зүйлс нь ертөнцийн хамгийн чухал зүйл биш гэдгийг тэрээр ухаардаг. Тэр эзэмшдэг зүйлсээ хайхардаггүй, бүр тоодоггүй мэт байдаг; Матилд зүүлтийг зээлэхийг зориг гарган гуйхад тэр зүгээр л зөвшөөрчихдөг. Хожим, Матилд түүнд өөрийнх нь эзэмшдэг зүүлт маш үнэтэй гэдгийг хэлэхэд хатагтай Форэстье түүнийг амьдралаа шаардлагагүйгээр золиослосонд гайхахаасаа илүүтэйгээр зүүлтний үнэд гайхаж байх шиг байдаг. Хатагтай Форэстье анхнаасаа хуурамч үнэт эдлэл эзэмшиж байсан нь эд зүйлс зөвхөн хүмүүсийн төсөөлөл ойлголтоор л хүчтэй байдгийг ойлгодог байсныг харуулна. Түүний хувьд хуурамч эрдэнийн чулуу нь жинхэнэ очир алмааз шиг үзэсгэлэнтэй бөгөөд гайхалтай байж чаддаг ажээ.
МОТИФ. "Хүзүүний зүүлт" өгүүллэгийн туршид Матилд өөрт нь байхгүй, харин бусад хүмүүст байгаа бүхэнд шунадаг. Ноён Лойсэл оройн хоолондоо халуун шөл ууна гэж баярлаж байхад Матилд бусад айлын тансаг ширээг мөрөөсч байдаг. Ноён Лойсэл үдэшлэгийг урилга авч байхад Матилд үзэсгэлэнтэй харагдахын тулд, мөн бусдад ядуу харагдахгуйн тулд шинэ даашинз хүсэж байна. Матилд хатагтай Форэстьегийн чинээлэг байдалд тун их шунадаг тул түүн дээр очихыг хүсдэггүй хэдий ч үдэшлэгт зориулж үнэт эдлэл зээлэх шаардлагатай болоход тэрээр сэтгэлийнхээ түгшүүрийг давж гардаг; тэнд гоёл чимэглэлүүдээс авах боломжтой болсон болохоор Матилдын хүсэл, шунал түр зуур ч гэсэн ханаж байна. Үдэшлэгийн дараа тэрээр бусад эмэгтэйчүүдийн үслэг дээлэнд шунадаг ба энэ нь түүний өмссөн бор бааз хувцсыг тодотгож өгдөг. Энэхүү эцэс төгсгөлгүй шунал эцсийн дүндээ Матилдаг сүйрэлд хүргэдэг. Гэвч түүний шунал маш тууштайгаас гадна өөрийн гэсэн онцлогтой агаад Матилдагийн шунал бол амьсгалахтай адил түүний амьдралын салшгүй хэсэг юм.
СИМБОЛ. Үзэсгэлэнтэй боловч үнэ цэнэгүй хүзүүний зүүлт нь
ойлголтын хүчийг илтгэхээс гадна гаднах төрх болоод бодит байдал хоёрын
хагарлыг илэрхийлнэ. Матилд чинээлэг харагдахыг хүсдэг тул зүүлтийг зээлдэг;
хатагтай Форэстье түүнд зүүлтийг хуурамч гэж урьдчлан хэлдэггүй, магадгүй тэр ч
бас байгаагаасаа илүү баян гэсэн хуурамч ойлголт төрүүлэхийг хүсч байж болох
юм. Матилд хатагтай Форэстье-д маш их атаархаж, түүнийг баян гэдэгт итгэдэг
учир хүзүүний зүүлт нь хуурамч гэдэгт огт эргэлздэггүй буюу тэр очир алмааз
хүсдэг, тиймээс түүний хувьд тэр нь очир алмааз л юм. Тэр энэхүү хуурмаг явдалд
өөрийн мэдэлгүй, хүслээрээ ордог ба зээлсэн хөрөнгөдөө бүрэн итгэж байгаа нь
түүнд чинээлэг төрх байдлаар бусдад нөлөөлөх боломжийг олгодог. Тэр өөрийгөө
нэг шөнө л баян гэж итгэснээр бусдын нүдэнд нь тэгж харагдана.
Comments
Post a Comment