Ягаан эрвээхэй: Зан Зи

 

 






2000 оны 7-р сард Хятадын Guangzhou Daily сонин орчин үеийн Хятадын хамгийн ирээдүйтэй дөрвөн эмэгтэй жүжигчний нэрлэв, тэд бол; Zhang Ziyi, Zhao Wei, Zhao Xun болон Xu Jinglei гэсэн үе тэнгийн дөнгөж тодрон гарч ирж байсан залуухан хүүхнүүд байсан юм. Олон нийтийн хүлээлт ч биеллээ олж дараагийн жилүүдэд "four Dan Actresses" маань янз бүрийн хэмжээгээр Хятадын болоод дэлхийн кино урлагт нөлөөгөө үзүүлсэн юм. Тэгвэл эл дөрвөн эмэгтэй жүжигчдээс Zhang Ziyi авъяас чадвар, гуа сайхнаараа тодрон манлайлж Азийн төдийгүй дэлхийн шилдэг жүжигчдийн нэг болсон бөгөөд The Road Home (1999) кинонд бэлэгний үсний зүүлтээ хайн гүйх хөдөөний охин, Crouching Tiger, Hidden Dragon (2000) киноны сэлэмчин болох хүсэлтэй бүсгүй болоод 2046 (2004) киноны гунигт янхны дүрээрээ бидний ой ухаанд үүрд хадагдан үлдэх буйзаа. Тэрээр янз бүрийн кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчинээр 12 удаа тодорч байснаас гадна ганц киногоороо хамгийн олон шагнал хүртсэн Хятадын анхны эмэгтэй жүжигчин болж байв. 2004-2010 оны хооронд Forbes сэтгүүл Zhang-г Хятадын 100 алдартны эхний тавд тогтмол эрэмбэлж ирсэн байдаг ба Шанхайн олон улсын 11 дэх кино наадмаар түүнд Хятадын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн хүндэтгэлийн шагнал гардуулсан байдаг. Мөн 2013 онд түүнийг Odre des Arts et des Letters буюу Францын соёлын одонгоор шагнасан. Хятадаас холливуудад өгсөн бэлэг гэгддэг Zhang Ziyi-ын товч намтарыг танилцуулж байна. Zhang Ziyi 1979 оны 2-р сарын 9нд Бээжин хотод мэндэлж, тэндээ өсчээ.

 Түүний аав нь нягтлан бодогч байж байгаад сүүлд эдийн засагч болсон бол ээж нь цэцэрлэгийн багш хүн байв. Zhang төрсөн ахтайгаа тун дотно өсчээ. Zhang 8 настайгаасаа бүжиг сурч эхэлсэн; дараа нь 11 настайдаа аав, ээжийнхээ санал болгосноор Бээжингийн бүжгийн академид элссэн байна. Дотуур байрандаа байхдаа сурагч охидууд багш нарынхаа дунд нэр хүнд олж авахын төлөө увайгүй ширүүн өрсөлддөг болохыг анзаарсан агаад багш нар болон үе тэнгийнхнийх нь хандлага түүнд таалагддаггүй байсан учир нэг бус удаа сургуулиасаа зугтааж байжээ. Zhang 15 настайдаа залуучуудын үндэсний бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд төрүүлээд зогсохгүй хэд хэдэн телевизийн зар сурталчилгаанд тоглоод амжив. 1996 онд тэрээр Бээжингийн нэр хүндтэй сургууль Драмын төв Академид элсжээ. 

Ингээд 16 настайдаа телевизийн кинонд дүр бүтээж кино урлагийн дебютээ хийв. 1998 онд түүнийг Драмын төв Академид суралцаж байхад нь нэрт кино найруулагч Zhang Yimou кинондоо тоглох санал тавьсанаар тэдний хамтрал эхлэл. The Road Home (1999) кино Берлиний кино наадмаас мөнгөн Арслан шагнал хүртсэн бол Zhang тосгоныхоо багшид дурласан хөдөөний охиныхоо дүрээр Хятадын алтан бөмбөрцөг (Америктай зүйрлүүлвэл) наадмын шилдэг эмэгтэй жүжигчинээр тодорч од болох гараагаа эхлүүлсэн. Zhang 2000 онд найруулагч Ang Lee-ын дахин шинээр боловсруулсан тулааны урлагийн жанрт Crouching Tiger, Hidden Dragon кинонд тоглож олон улсад алдаршив. Уг кино Америкт болон Европт амжилт олсноор түүнийг Холливуудад нэвтрэн оруулжээ. Кинонд Zhang нь тохиролцсон гэрлэлтээс илүүтэй сэлэмчин бүсгүй болох хүсэлтэй Манжийн язгууртны дүрд тоглодог. Энэ дүр түүнд Чикагогийн кино Шүүмжлэгчдийн холбооны шагнал гардуулах ёслолоос хамгийн ирээдүйтэй эмэгтэй жүжигчин шагнал авчирчээ. Дараа жил нь тэрээр Rush Hour 2 кинонд Jackie Chan, Chris Tucker нарын хамт тоглосон ба уг кино нь түүний Америк дахь анхны бүтээл нь юм. Анхны хорон санаатны дүрийнхээ талаар; "дүрийнхээ сэтгэлзүйд анализ хийж, өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй сэтгэл хөдлөлийг таньж, ойлгох боломж олдсон нь үнэхээр сайхан хэрэг байлаа" гэж Zhang хэлсэн байдаг. 2002 онд тэрээр өөрийнхөө анхны ментор Zhang Yimou-ын Hero кинонд Jet Li, Maggie Cheung, Tony Leung нарын хамт тоглосон бөгөөд кино Англи хэлээр ярьдаг улс орнуудад асар их амжилт олж, Оскарын наадмын шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшсэн. Дараа нь Zhang авангард жанрын Purple Butterfly кинонд тоглосон ба уг кино 2003 оны Канны кино наадамд өрсөлдөж байв. 2004 онд Zhang Yimou-ын House of Flying Daggers кинонд тоглосноор дахин тулааны урлагийн жанртаа эргэн ирэв. Zhang сохор боловч чадварлаг тулаанчийн дүрийг гаргахдаа хоёр сарыг сохор охинтой хамт амьдран өнгөрүүлжээ. 

Тэрээр тоглолтоороо БАФТА кино наадмын шилдэг эмэгтэй гол дүрд нэр дэвшсэн. Мөн тэрээр тус кинонд хөгжимд хэр авъяастайгаа харуулаад амжсан. Zhang-ын дараагийн кино нь алдарт Wong Kar-wai-ын романтик драм жанрын 2046 бүтээл байв. Кинонд тэрээр Хятадын олон шилдэг жүжигчидтэй мөр зэрэгцэн ажилласан ба түүний тоглолтыг шүүмжлэгчид; "Zhang тэмцэж буй янхны түвэгтэй сэтгэл хөдлөл хийгээд дүнсгэр байдлыг биеийн хэлэмжээрээ гайхалтай гаргасан" гэж дүгнэж байв. Zhang энэ ажлаараа Хонг Конгийн кино наадмыг "шүүрдсэн" байдаг. 2005 онд Zhang шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан Jasmine Women кинонд тоглосон бөгөөд Хятадын Оскарын наадмаас шилдэг эмэгтэй гол дүр шагнал хүртсэн. Мөн тэр жилдээ Zhang Японы найруулагч Seijun Suzuki-ын Princess Raccoon кинонд тоглов, тус кинонд тоглохын тулд тэрээр хоёр сарыг Японд дуу бүжгийн сургалтад суусан байдаг аж. Түүний дараагийн кино нь олон улсын бестселлер Memoirs of A Geisha номоос сэдэвлэсэн ижил нэрт кинонд гол дүр бүтээв. Гэтэл Японы алдартай гейшагийн дүрийг Хятад эмэгтэй бүтээсэн тухай маргаан Хятадад өрнөсөн байдаг.

 Гэсэн хэдий ч тус кино барууны ертөнцөд асар их амжилт олж, Zhang Алтан бөмбөрцөг гэх мэт олон кино наадмын шилдэгт нэр дэвшжээ. 2005 онд Zhang-г АМПАС-д  урьснаар тэрээр Оскарын кино наадамд санал өгөх боломжтой хүмүүсийн нэг болжээ. Тэгвэл яг дараа жил нь Zhang Канны кино наадмын шүүгчийн бүрэлдэхүүнд багтав. Zhang 2006 онд Хятадад буцаж очоод The Banquet гэх Шекспирийн "Гамлет" жүжгээс сэдэвлэсэн кинонд тогложээ. 2007 онд анимешин төрлийн TMNT кинонд Karai гэгч дүрийн дууг оруулав. Мөн тэр жилдээ Zhang Алтан азарган тахиа буюу Хятадын Оскарын наадмын нээлтийн богино хэмжээний кинонд дүр бүтээжээ. 2008 онд, Бээжингийн домогт дуурийн жүжигчин Mei Lanfang-ын түүхийг өгүүлсэн Forever Enthralled кинонд тоглосон ба Zhang-ын тоглолтыг шүүмжлэгчид; "өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй байдлаараа киноны романтик шинжийг улам гялалзуулж өгсөн" гэж дүгнэсэн буй. Түүний дараагийн холливууд дахь кино нь Dennis Quaid-тай хамтран тоглосон The Horsemen байлаа. Хятадад буцаж очоод Sophie's Revenge гэх романтик инээдмийн кинонд үнэнч бус найз залуугаа хашраахыг хүсч буй артистын дүрийг бүтээсэн. 2011 онд ДОХ-ын сэдэвтэй Love For Love кинонд тоглосон. 

2012 онд Zhang 1930аад оны Шанхайн үйл явдлыг харуулсан Францын ижил нэрт романаас сэдэвлэсэн кинонд тоглосон ба дүрийнхээ төлөө их хэмжээний мөнгө авсан гэсэн цуурхал бий. Тухайн жилдээ мөн Forever Young гэдэг киног тоглосон. 2013 онд, The Grandmaster кинонд Zhang найруулагч Zhang Yimou болон Tony Leung нартай хамтран ажилласан ба Zhang тулааны урлагийн жанрт 7 жилийн дараа эргэн ирсэн нь энэ байв. Кино Оскарын наадмын гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд Хятадыг төлөөлсөн бөгөөд шүүмжлэгчид Zhang замналынхаа оргил ажлыг хийлээ гэж магтаж байлаа. Энэ киноны дүрээрээ тэрээр олон наадмын шилдэгээр шалгарсан. Тухайн жилдээ Zhang Sophie's Revenge киноныхоо үргэлжлэл болох My Lucky Star кинонд тоглосон ба шүүмжлэгчид түүнийг; "комеди төрөлд өөрийгөө нээлээ" гэж байжээ. 2014 онд тэрээр нэрт найруулагч John Woo-ын туульсын романтик кинонд тоглов. Киноны үйл явдал мөн л 1930аад оны Шанхайд өрнөх хайрын түүхийг харуулна. 2015 онд тэрээр Oh My God кинонд продюсерээр ажиллав. 

Дараа жил нь тэрээр The Wasted Times гэх гэмт хэрэгт туульсын кинонд тогложээ. 2012 онд Boxun гэдэг сайт Zhang-г Хятадын өндөр албан тушаалтнуудтай их хэмжээний мөнгөөр унтдаг гэсэн худал мэдээ гарч сенсаац тарьсан. Zhang шүүхдээд ялснаар Boxun албан ёсоор уучлалт гуйсан байдаг. 2006 онд өгсөн нэгэн ярилцлагтаа тэрээр тоглох гэж буй киноныхоо агуулгад маш их анхаардаг, нэн ялангуяа холливуудын кинонд гэж ярьсан байдаг; "Надад холливуудын олон кинонд тоглох боломж байсан. Crouching Tiger, Hidden Dragon киноны дараа надад маш их санал ирсэн, гэхдээ энэ нь ядуу охидыг Америкт эхнэр болгон худалдах гэх мэт сэдэвтэй байдаг тул би татгалздаг. Би өөрийгөө илүү гүнзгий, оригнал дүрийг гаргаж чадна гэдэгт итгэдэг. Тиймээс ч би Гейша-д үнэхээр талархдаг, учир нь энэ биднийг ямар жүжигчин байхыг, ямар дүрд тоглож чадахыг дэлхий нийтэд харуулсан". Zhang 2010 онд Изриалийн наймаачин капиталист Aviv Nevo гэгчтэй үерхэж байгаад 2010 онд салсан. Дараа нь, Zhang Хятадын рок хөгжимчин Wang Feng-тэй 2015 онд гэрлэж, хүү охинтой болоод байна.

Comments