Жигшүүрт таашаал

 

 


Bad Timing (1980) . Вена хот, хүйтэн дайны үе, 20 настай Америк бүсгүй Milena түргэн тусламжийн өрөөний орон дээр хэвтэнэ.  Тэрээр саяхан хүргэгдэж ирсэн бөгөөд амиа хорлохыг завдан эм хэтрүүлэн хэрэглэсэн гэж өөрийгөө Milena-ын "зүгээр" л найз гэх танилцуулсан Alex-ын мэдүүлгийг мөрдөгч Netusil сонсохдоо энд нэг л сэжигтэй зүйл нуугдаж байгааг туршлагаараа гадарлана. Alex мөн л Америкийн иргэн ба сэтгэл судлаачаар Венад ажилладаг багш агаад Milena-г өөрийнх нь гэрт эм хэтрүүлсэн байдалтайгаар олсноо тэрээр тун итгэлтэйгээр ярина. Ингээд Alex-ын мөрдөгчид ярих яриа буюу киноны flashback болох өм цөм ухарсан дурсамж яриаг хүргэе. Тэд үдэшлэг дээр танилцжээ. Milena анх түүнд сээтэн хаясан, Alex-д ч бүсгүй таалагдсанаар тэд уулзаж, болзож, ерөнхийдөө хамт байх болжээ. Alex Milena-г салхи шиг ааштай, хормой султай, мөн архи тамхийг чамгүй сайн хэрэглэдэг болохыг нь олж мэднэ. Бүсгүйн энэхүү замбараагүй амьдрал Alex-ын дур тачаалд нийцэж байсан тул хамт амьдрах санал тавина, эхлээд Milena татгалзаж байсан ч эцэст нь гэрт нь нүүж очдог. Alex бага багаар түүнд улам татагдаж, үргэлж ярихаас зайлсхийдэг бүсгүйн өнгөрснийг мөшгөж судална. Milena өөрөөсөө олон ах хүнтэй суусан бөгөөд түүнээсээ одоо ч салаагүй буюу салахыг хүсээгүй болохыг нь олж мэднэ, мөн хамгийн аймшигтай нь тэд үе үе уулздаг болох нь илчлэгдэнэ. 

Milena энэ талаараа; одоо бол нөхөртөө хайргүй, мэдээж хайртай байсан болохоор гэрлэсэн, энэ бүтэлгүйтлээс болж сэтгэл гутралд орсон тухайгаа хэлдэг. Өдрөөс өдөрт Alex-ын хардалт нэмэгдэж ирнэ, үүнд нь Milena дургүйцэх бөгөөд ээлжит нэгэн маргааны үеэр Alex бүсгүйг орхиод явах гэтэл Milena өөртэй нь яг одоо шатан дээр хурьцаач, чи үүнийг л хүсдэг биздээ гэснээр тэд шатан дээр араатан лугаа хурьцана; энэ бол тэд сайндсаны шинж тэмдэг болой. Гэхдээ уг явдлын дараа Milena өөртөө асар жигшиж, тэдний харилцаа ч дорддог. Хосууд Морокко руу аялна. Газраа солиод ч хардалт, хэрүүл багассангүй; мөн Alex хамт Америктаа буцъя гэж хэлэхэд Milena татгалзаад зүгээр энэ агшиндаа л амьдарцгаая гэж хариулдаг. Өөрийг нь Alex судалгааныхаа ажилд ашиглаж байсныг Milena төдөлгүй олж мэдээд харилцаандаа, Alex-д эргэлзэж эхлэх бол Alex хариу болгож түүнээс нэлээн дээр хулгайлсан байсан зургийг нь үзүүлнэ; зурагт Milena нэг үл таних залуутай хамт байна.

 Ингээд бөөн хэрүүл уруул болж байдал хурцадмал болно. Зураг дээрх залуу үнэндээ миний дүү гэж бүсгүй хэлдэг ч сэтгэл судлаач үл итгэнэ. Уг явдлаас маргааш нь тэдний дунд томоохон хэрүүл болж Alex Milena-д гар хүрнэ. Одоо нөхцөл байдал эсрэгээрээ болно; Milena Alex-г гуйж Alex Milena-аас зугтах юмуу үл тоомсорлож эхэлнэ. Нэг шөнө Milena түүнд үхэхийг хүсч байгаагаа хэлсэн дуут мессеж үлдээсэн байна. Alex-ын хэлснээр ийм л юм болжээ. Alex хэдий хартай ч Milena арай л дэндүү архичин, тэвчихийн аргагүй хөнгөмсөг бүсгүй байсан мэт болохыг мөрдөгч олж сонсоно. Milena арай үхчихээгүй байлаа. Эмч нар түүнийг хүчиндүүлсэн болохыг олж илрүүлнэ. Английн кино найруулагч Nicolas Roeg-ын сэтгэлзүйн драм.

 Кино зохиолыг Yale Udoff бичсэн бөгөөд кино судлаач, шүүмжлэгчид өнөөдөр уг киноны эвлүүлгийн ажлыг шагшдаг. Киноны гол дүрүүдэд Art Garfunkel, Theresa Russell, Denholm Elliott болон Harvey Keitel нар тоглож, шүүмжлэгчдээс алга ташилт хүртсэн. Уг киног өвчтэй хүмүүст зориулсан өвчтэй хүмүүсийн хийсэн өвчтэй кино гэж тухайн үед жигшиж байсан бөгөөд Америкийн кино урлагийн нийгэмлэгээс X үнэлгээ өгч байсан. Roeg бол эротикизмыг үндэслэгчдийн нэг, тиймээс ч уг бүтээл эротик өнгө аясаар дүүрэн. 

Хуял тачаалын галзуурсан харанхуй ертөнц руу гүн гүнзгий нэвтрэх тавгүйтуулж, цочроох бүтээл буюу хардалтын хий хоосон шаналаан, архи тамхинд доройтох хийгээд замбараагүй хуял тачаалыг сэтгэлзүйн талаас, галзуурлын талаас үзүүлсэн ба TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 900-р байрт жагсаагаад байна. Шүүмжлэгчид киног гайхалтай болон амтгүй гэж хоёр хуваагдан хүлээж авсан. The Times сэтгүүл Roeg-ын найруулгыг бусдын анхаарал болоод сонирхлыг татах хэв маягтай, өөрийнхөө гээд мизасцэнийг нь магтсан байдаг. Мөн Roeg болон Udoff хоёр л ийм өм цөм ухарсан зүйлсийг харилцан хамаатай, нэг төвд зангилагдсан бүтээл бий болгож чадсанаас өөр хүмүүс байсан бол бүтэлгүйтэх байсан гэжээ. Кино урлагт түүхийг хураах хэлбэрээр үйл явдлыг тайлах арга хамгийн хүнд сорилт байдаг. 

Roeg энэхүү аргаар Don't Look Now, Performance кинонууддаа туршиж амжилттай болсон. Өөрөөр хэлбэл Roeg энэхүү аргаар өөрийгөө мастер болохоо баталсан ч Bad Timing кинон дээрээ бол алдсан буюу бүтэлгүйтсэн гэж Roger Ebert дүгнэсэн байдаг. Түүнийхээр Bad Timing дээрх хоёр киноноос сул болсон бөгөөд чухам яагаад найруулагч маань нэгэнт хийчихсэн зүйлээ дахин хийснийг ойлгоогүй гэсэн байдаг. Зураг авалтын үеэр найруулагч Nicolas Roeg жүжигчин Theresa Russell үерхэж эхэлсэн байдаг, тухайн үед Roeg 52 настай, Theresa 22 настай байсан бөгөөд тэд хоёр хүүхэдтэй болсныхоо дараа салцгаажээ. Найруулагч Christopher Nolan уг киног өөрийнхөө хамгийн дуртай 10 киноны нэгээр нэрлэж байсан бол Jim O'Rourke, The Cure, Siouxsie and the Banshees зэрэг хамтлаг дуучдын уран бүтээлд уг кино тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг ажээ.

Comments