"Гулливерийн аялал". Ирландын зохиолч, хувраг Жонатан Свифтийн 1726 онд хэвлэн нийтлүүлсэн егөөдөлт роман ба уг бүтээлд хүний мөн чанар болон "аялагчдын үлгэр" хэмээх уран зохиолын дэд сэдвийг элэглэдэг. Энэ бол Свифтийн хамгийн алдартай бүрэн хэмжээний бүтээл бөгөөд Английн классик уран зохиолд тооцогддог. Свифт "Гулливерийн аялал" бүтээлээ хүмүүсийг зугаацуулах гэхээсээ илүү уурыг нь хүргэх гэж бичсэн гэж хэлсэн байдаг аж. Ном худалдаанд гарсан даруй амжилт олсон. Английн жүжгийн зохиолч Жон Гэй: "энэ номыг засгийн газрын гишүүнээс асрамжийн газрын сувилагч хүртэл нийтээрээ уншдаг" гэж хэлжээ. 2015 онд Английн зохиолч, шүүмжлэгч Роберт МакКрам "Гулливерийн аялал" романыг бүх цаг үеийн хамгийн аугаа 100 роман жагсаалтдаа багтаахдаа "шедевр егөөдөлт роман" гэж тодотгожээ.
ҮНДСЭН СЭДЭВ. "Гулливерийн аялал" романд бие махбодийн хүч эсхүл ёс суртахууны зөв нь нийгмийн амьдралыг засаглах хүчин зүйл байх ёстой гэсэн асуултыг далд хэлбэрээр тавьдаг. Гулливер нь Блефускудын тэнгисийн флотыг үлэмж хэмжээгээрээ ялж чадах аваргын биетийн хувьд ч, асар том шавьж болон гэрийн тэжээмэл амьтадад дарамтлуулж байгаа Бробдингнагийн бяцхан зочны хувьд ч тэрээр бие махбодийн давуу талыг хангалттай мэдэрдэг. Түүний анхны өөр нийгэмтэй учирсан явдал бол Лилипутианчуудын урхинд орж бие махбодийн хувьд хүлэгдэж буй явдал ба хожим түүнийг Бробдингнагт тариачид боолчилдог билээ. Мөн тэрээр Хоухнхнмсчууд Яахуучуудийг гинжилж байгаа зэргээр бие махбодийн хүчээр бусдыг дарангуйлж буйг хардаг. Гэвч бие махбодийн хүч хэрэглэхийн сацуу ёс суртахууны зөвтөд тулгуурласан эрх мэдэлтэй холбоотой мэдэгдэл мөн бий. Лилипутын Блефускугийн эсрэг тавьсан өндөгний маргааны гол санаа нь зөвхөн соёлын ялгаа биш, харин тэдний ариун судрын зарим хэсгийг зохистой тайлбарлахтай холбоотой шашин ба ёс суртахууны асуудал юм. Үзэл бодлын энэхүү зөрүү нь тэдний нүдээр бол ердөө л үүсгэсэн дайныг нь зөвтгөдөг бололтой. Үүний нэгэн адилаар, Яахуугийн эсрэг бие махбодийн хүч хэрэглэх нь Хоухнхнмсчуудын хувьд ёс суртахууны давуу мэдрэмжийг нь зөвтгөдөг буюу тэд илүү цэвэрхэн, илүү рационал, биеэ илүү сайн авч явдаг билээ. Гэвч бүхэлдээ, энэ роман нь ёс суртахууны зөвтөд үндэслэн захирагдана гэж голдуу мэдэгддэг ч заримдаа энэ нь иррационалаар бусдыг бие махбодийн хүчээр эзэрхийлэх шиг өнгөлөн далдласан хандлагатай байдгийг харуулжээ. Лапутанчууд Балнибарбигийн доод нутгийг хүчээр хяналтандаа байлгадаг шалтгаан бол тэд өөрсдийгөө илүү рационал гэж үздэгийнх боловч уншигчдад бол тэд абсурд бөгөөд тааламжгүй санагдана.
Эцсийн дүндээ ёс суртахууны давамгайлал нь бусдыг эзэрхийлдэгийн хувьд бие махбодийн хүчийг санамсаргүйгээр ашиглахтай ижилхэн зөвтгөхөд хэцүү ажээ. "Гулливерийн аялал" роман нь оршдоггүй газар руу аялдаг тухай олон түүхийн нэгэн адилаар хамгийн идеал нийгмийн төсөөллийн загвар болох утопийн идеаг судалдаг. Утопи хэмээх идеа эртнийх бөгөөд Платоны "Бүгд найрамдах улс" дахь философичдын захирдаг хот-улс болон Англи дээрх Томас Морын "Утопи" зохиолд уг идеаг хамгийн алдартайгаар дүрслэн илэрхийлдэг. Свифт өөрийн түүхээрээ дээрх хоёр бүтээлд "толгой дохиж" байгаа ч түүний утопид хандах хандлага нэлээд эргэлзээтэй байдаг агаад алдартай түүхэн утопиануудаас түүний онцлон ялгаж байгаа гол тал бол хувь хүнээс хамтын бүлэглэлийг давуу эрхтэй болгох хандлага юм. Платоны "Бүгд найрамдах улс" зохиолд хүүхдүүд нь биологийн эцэг эхээ хэн гэдгийг мэддэггүй, тухайн систем нь нийгмийн шударга ёсыг сайжруулдаг гэсэн ойлголттойгоор хамт олноороо өсч, хүмүүждэг. Свифтийн Лилипутчууд ижил байдлаар үр удмаа хамтдаа өсгөдөг боловч үр дүн нь харин яг утопиан биш, учир нь Лилипут бол хуйвлдагчид, атаархагчид, араас хутгалагчид юм. Хоухнхнмсчууд мөн гэр бүл төлөвлөлтийг хатуу баримталж, хоёр эмэгтэйн эцэг эх хоёр эрэгтэйн эцэг эхтэй хүүхдээ солилцох ёстой агаад ингэснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа төгс хадгалагдана гэж үздэг. Үнэн хэрэгтээ тэд рационал шинж, мэргэн ухаанаараа Лилипутчуудаас илүү утопиан идеалд ойрхон юм. Гэвч Хоухнхнмсчуудын тодорхой бус зан чанар хийгээд тэдний нэр усгүй байдаг нь тэднийг Гулливертэй учирсан цорын ганц тогтворгүй нийгэмлэг болгож байна.
Бие махбодийн өчүүхэн ялгааг үл харгалзвал тэд маш сайны дээр рационал байдаг боловч тэдэнд хувь хүний өвөрмөц шинж тэмдэг дутмаг, бие биенээсээ ялгарах шинж тэмдэг гэх зүйлгүй байдаг. Нийгэмтэйгээ туйлын ихээр уусан нэгдэж, хувь хүний шинж чанаргүй гэдгээрээ тэд төрөлх нийгэмдээ харъяалагдах мэдрэмжгүй болсон, зөвхөн далай тэнгисээр мөнхөд хэрэн тэнүүчилснээр хувь хүнийхээ оршихуйг мэдэрдэг болсон Гулливерийн яг эсрэг болой. Гулливерийн Хоухнхнмсчуудыг орхихоос өөр аргагүйд хүрч буй шалтгаан бол түүний хүн гэдэг мөн чанараа алдаад тухайн нийгэмлэгтэй уусан нэгдэхийг хүссэнтэй холбоотой байж магадгүй. Ямар ч байсан тэр морь биш ба бусад очсон нийгмүүд нь ч гэсэн түүнд харийн мэдрэмж төрүүлдэг тул иймэрхүү нэгдэл түүний хувьд боломжгүй билээ. "Гулливерийн аялал" романыг харъяалагддаггүй нийгэмтэйгээ нэгдэх гэж удаа дараа оролдож бүтэлгүйтэж байгаа хувь хүнд төвлөрсөн буюу хөндийрлийн сэдэвт орчин үеийн анхны бүтээлийн нэг гэж үздэг. Англи улс Гулливерийн хувьд чухам эх орон нь биш бөгөөд мэс засалчийнх нь ажил ашиггүй, аавынх нь өмч хөрөнгө түүний амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа тул түүнд хөндийрсөн мэт мэдрэмж төрж байж болзошгүй ажээ. Тэр хэзээ ч Английн тухай сайнаар ярих юмуу дурсан санадаггүй бөгөөд гэртээ харих болгондоо дахиад хурдан явах хүсэлт автдаг.
Гулливер ганцаардаж байна гэж илэрхий гомдоллодоггүй боловч романы төгсгөлд бид түүнийг нийгмийн эсрэг үзэлтэй, уур уцаартай хөндийрсөн нэгэн гэж харах болно. Иймд, Свифтийн элэглэл бол нийгмийн амьдралын хэтрүүлэгтэй байдлыг шоолж, Англид гэртээ морьтойгоо ярилцаж буй өрөвдөлтэй, ганцаардсан Гулливерээр хувь хүн буюу индивидуализмын хэтрүүлгийг мөн давхар егөөдөж буйг олж харах болно. Хүн бүхнийг мэддэг байх учиргүй буюу бүх ойлголт цаанаасаа хязгаартай гэсэн идеа "Гулливерийн аялал" романы чухал сэдэв юм. Свифт онолын мэдлэгийг онцлон сонгож аваад довтолдог; тэрээр хувиа хичээсэн, дургүй хүрэм Лапутанчуудаар бүхнийг мэддэг гэж өөрөөрөө бахархдаг хүмүүсийг элэглэн шоолдог. Балнибарбигийн академид өргөст хэмхээс нарны туяа гаргах бүтэлгүй туршилт шиг практик мэдлэгийн үр дүнгүйг мөн элэглэн шоолдог ба Свифт хүн төрөлхтөнд нэвтрэх ёсгүй ойлголт мэдлэгийн салбар байдаг гэж үздэг байжээ. Тиймээс тэрээр мэдлэг болоод абстракт санааны ойлголт бус харин тоггвортой, ухаалаг амьдрах чадвар чухал гэдийг онцлохын тулд Бробдингнаг, Хоухнхнмс зэрэг рационал нийгмийг дүрслэн харуулжээ.
МОТИФ. Хэдийгээр энэ нь ялигүй бөгөөд инээдтэй мотиф мэт санагдах ч "Гулливерийн аялал" романд ялгадасыг байнга дурддаг нь философийн чухал ач холбогдолтой юм. Энэ нь хүний бие махбодь хийгээд хүний оршихуйн тухай бүдүүлэг, жигшүүрт болгоныг бэлгэддэг бөгөөд хүнийг бүхэлдээ оюун санааны хувьд трансцендент юмуу тэнгэрлэг бүтээл гэж үзэх аливаа оролдлогод саад тотгор болдог. 18-р зууны Английн соён гэгээрүүлэх соёлд хүнийг бүдүүлэг махан бие гэхээсээ илүүтэй эрхэмсэг, тэнгэрлэг сүнс гэж өөдрөг өнцгөөс харах хандлагатай байсан тул Свифт амьдралын энгийн бузар булайг онцлосноор тухайн үеийн философичдыг хатуухан шүүмжлэл болж байв. Тиймээс, Гулливер Лилипутад гал унтраахаар шээх үед, Лагадод эрдэмтэд ялгадасыг хоол болгон хувиргах ажлыг хийх үед бидэнд хүн өдөр тутмын амьдралд оршин байхуйд ухамсар хичнээн бага ач холбогдолтой болохыг сануулж байна. Свифт хүний нөхцөл байдал ерөнхийдөө бидний төсөөлж байгаагаас илүү бохир, доогуур түвшинд байдаг гэж үзжээ. Гулливер бол Европын хэд хэдэн хэлийг мэддэг, тэр дундаа эртний Грек хэлээр ч ярьдаг авъяаслаг хэл шинжлэлийн мэргэжилтэн юм. Тухайн цаг үед зөвхөн Нидерландчуудыг хүлээн зөвшөөрдөг байсан Япон руу нэвтрэхийн тулд тэрээр Нидерланд хүний дүрд хувирч байгаагаас мэдлэг нь түүнд сайнаар нөлөөлж байгааг харж болно. Гэвч үүнээс чухал нь түүний хэлний авъяас нь очсон газар болгоныхоо хэлийг гайхалтай хурдан сурч, улмаар соёлд нь хурдан дасах боломжийг олгодог. Тэрээр Лилипутчууд, Бробдингнагчуудын хэлийг, тэр байтугай Хоухнхнмсчуудын хөршийн хэлийг ч сурдаг. Мөн тэрээр тэмдэглэлдээ хэлний нарийн ширийнийг нягт нямбай бичихдээ ихэнхдээ эх болон орчуулгыг нь хавсаргадаг.
Ийм нарийн ширийн тэмдэглэл нь соёлуудын мэдрэмж, нэг соёл нөгөөгөөсөө ямар ялгаатай байдгийг харуулсанаар нэг төрлийн антропологичийн мэдлэгийг илтгэнэ. Гэвч, гайхалтай нь, Гулливерийн гадаад хэлний мэдлэг нь соёлын ялгааг судлах бодит сонирхолтой нь огт нийцдэггүй ба тэрээр очсон газрынхаа засгийн газрыг Английнхтай харьцуулж үздэг бөгөөд соёл нь яагаад, яаж өөр байдаг талаар таамаглал дэвшүүлэх нь ховор байдаг. Иймд, түүний орчуулах чадвар соёлын хувьд харьцуулсан сэтгэлгээг илтгэдэггүй ажээ. Шүүмжлэгчид Гулливерийг аяллынхаа туршид хувцсанд онцгой анхаардаг болохыг тэмдэглэжээ. Цамц нь урагдах юмуу өөрийнхөөг очсон нутгийнхаа хувцсаар шинээр солих болгондоо тэрээр хувцасны нарийн ширийнийг маш тодорхой өгүүлдэг. Бробдингнагт бид түүнийг хулганы арьс өмссөнийг, мөн тэдний хамгийн сайн торго нь түүний хувьд зузаан хөнжил шиг байсан талаар олж мэддэг. Нэг талаараа энэхүү дүрслэлүүд нь Свифтэд гол баатарыгаа нэг соёлоос нөгөө соёлд хэрхэн шилжиж буйг тодорхойлоход хялбар хүүрнэх хэрэгсэл болсон нь илэрхий ба хувцас улам ноорхой, шинэ хувцаснууд хачин жигтэй болох тусам Английн уламжлалт, тав тухтай ёс заншлаасаа тэрээр холдож байна. Дөрөв дэх аяллын дараа түүнийг Дон Педро тосч аваад шинэ хувцас санал болгоход Гулливер эрс татгалзаад зэрлэг амьтныхаа арьсыг илүүд үздэг; эндээс Гулливер дахиж хэзээ ч Европын нийгэмдээ бүрэн орж чадахгүй байх гэсэн мэдрэмжийг өгнө.
СИМБОЛ. Лилипутчууд нь хүн төрөлхтөн өөрсдийн эмзэгхэн оршихуйдаа хэтэрхий барддаг зан араншинг симболчилдог. Свифт Гулливерийн очсон хамгийн жижигхэн угсаатнаар дамжуулан хамт олонлог ба индивидуалист байдлыг хамгийн бардам, бүдүүлэг гэж элэглэн дүрсэлжээ. Уг романы туршид хорон муу Скайреш шиг ой гутам дүр үгүй. Лилипутад хов жив, хуйвалдаан бусад газраас илүү их байдаг агаад өөрсдийгөө аугаа том гэж төсөөлдөг өчүүхэн бодолтой одойчууд юм. Гулливер нь Лилипутчуудын аугаа их төсөөллийн гэнэн хэрэглэгч бөгөөд тэрээр Хааны гэр бүлийнхний анхаарлыг татсандаа баясаж, мөн үнэндээ өөрт хор учруулах ямар ч бодит бие махбодийн хүч байхгүй байхад тэдний занөлхийлалд автдаг билээ. Гулливерийг өөрсдөөс нь урвасан хэмээн буруушааж байгаа нь тэдний ихэмсэг, биеэ тоосон байдлын үлгэр жишээ боловч тэдгээр үгс нь гэнэн Гулливерт багагүй үр дүнгээ өгдөг билээ. Бробдингнагчууд нь хүний хувийн зан чанар ба бие махбодийг ойроос, нарийвчлан судлахыг симболчилдог. Соён гэгээрлийн философийн эрин үед өдөр тутмын амьдралын хэв маяг, оршихуйн уйтгартай, хоосон жижиг үйл явдлуудыг үл тоомсорлодог байхад Бробдингнагт байх Гулливерт харин маш чухал, заримдаа бүр үхэл, амьдралын асуудал болдог. 18-р зууны философич толгойг нь тойрон нисэх ялааг юмуу зарц охиныхоо арьсны нүхийг үл тоомсорлодог байсан бол Гулливер ийм зүйлсэд тун их анхаарах шаардлагатай болдог ба тэрээр байшнгийн доторх орчинд ч нухацтай анхаарахад хүрдэг. Бусад газруудад Гулливер гэр бүлийн харилцаа, бусдын хувийн хэргийг олж харах нь бэрхтэй бол Бробдингнагт түүнийг тоглоом, хүүхэлдэй мэт үздэг тул үйлчлэгчдийн шээх юмуу эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралыг олж харах нь хэцүү биш юм.
Бробдингнагчууд Лапутанчууд шиг зөвхөн хүний сөрөг шинж чанарыг
илэрхийлдэггүй; тэд юу юунаас илүүтэйгээр хүний оршихуйг тун ойроос, нягт
үзэгдэхүйц хэмжээнд судлахыг бэлгэддэг. Лапутанчууд хүний амьдралтай огт
холбоогүй, бодит ертөнцөд ямар ч ашиггүй онолын мэдлэгийн мунхаглалыг
илэрхийлнэ. Соёлын тэргүүлэх консерватив үзэлтний хувьд Свифт нь оюуны туршилт,
18-р зууны соён гэгээрлийн шинэ үзэл санааг шүүмжлэгч байсан ба тэрээр олон
зуун жилийн турш шалгагдаж, туршигдсан уламжлалт мэдлэгийг л илүүд үздэг байв.
Лапута нь хэзээ ч туршигдаагүй, хэрэглэж байгаагүй мэдлэгийн абсурд болоод соён
гэгээрлийн оюунлаг хүмүүсийн хөгтэй талыг симболчилдог. Хоухнхнмсчууд бол
Платоноос хойших философичдын удаан хугацааны туршид мөрөөдөж ирсэн рационал
идеагаар орших, мэдрэмж болоод зохицуулалтаар засаглах амьдралыг төлөөлдөг.
Хоухнхнмчууд хөнгөн зугаа цэнгэл, дэмий тансаглалаас татгалзаж, ямар нэгэн
ариун судрыг бус харин ухамсарт, зөв үйл ажиллагаанд уриалан дуудаж, нийтээрээ
гэр бүл төлөвлөлтөд анхаардаг нь Платоны "Бүгд найрамдах улс"
зохиолын цуурай болдог. Платоны идеал нийгмийн нэгэн адилаар Хоухнхнмсчуудад
худал хэлэх шаардлага үгүй, худал гэдэг үг ч байдаггүй ба тэд хүч
хэрэглэдэггүй, харин хүчтэй ухуулга хийдэг билээ. Тэдний Яахууг эзэгнэдэг нь
харгис, хэрцгийдээ биш ингэх шаардлагатай гэсэн тэдний үзэл бодлынх юм. Ийм
болон бусад шинжээрээ Хоухнхнмсчууд үлгэр жишээ иргэншил мэт санагддаг хэдий ч
Гулливер тэднийг орхихоос өөр аргагүйд хүрсэн нь түүний очсон бусад нийгмээс
энэ нь түүнд илүү хүчтэй нөлөөлсөнтэй холбоотой болов уу.
Comments
Post a Comment