A Brighter Summer Day (1991) . 1959 он, Тайпэй хотын ахлах ангийн сурагч Zhen шалгалтандаа тэнцээгүй улмаас оройн сургуульд сурахаар болно. Оройн сургуулийн сурагчид, тэднийг тойрсон бүхэнд гэмт хэрэг хавтгайрч буйд төрийн албан хаагч Zhen-ын аавын санаа зовнин. 1960 он, Zhen хамгийн сайн найз Cat-ын хамтаар кино студид дотор нууцаар кино зураг авалтыг харж байгаад баригдах ба харуул тэднийг барих ч тэд зугтааж чадна, харин зугтаахдаа харуулын гар чийдэнг хулгайлчихна. Zhen хулгайлсан гар чийдэнгээрээ харанхуйг гэрэлтүүлж яваад нэг буланд хоёр хос үнсэлцэж байхыг чийдэнгийнхээ гэрэл дор харчих агаад гэхдээ чухам хэн хэн болохыг нь таньж чадсангүй. Zhen-ын амьдардаг гудманд хоёр гэмт хэргийн бүлэглэл өөр хоорондоо тэмцэлдэн оршино; тэднийг Бяцхан цэцэрлэгийн хөвгүүд болон 217-ууд гэж нэрлэнэ. Харин мань Zhen аль ч бүлэгт үл хамаарагдах боловч Бяцхан цэцэрлэгийн хөвгүүдтэй арай ойр нөхөрлөнө. Бяцхан цэцэрлэгийн хөвгүүдийг Honey гэгч толгойлох бөгөөд Honey найз охин Ming-ээсээ болж 217-уудын нэг гишүүнийх хөнөөснийхөө төлөө Тайнаньд цагдаа нараас нуугдан байна. Түүний эзгүйд бүлгийг Sly гэгч тэргүүлнэ. Удалгүй Zhen, Sly хоёр дайснууд болно, шалтгаан нь гэвэл Zhen тэр орой гар чийдэнгийн гэрэлд харсан хосыг Sly болон түүний найз охин Jade гэдэгт таамгаар итгэсэн нь Sly-г асуудалд оруулж бухимдуулна. Мөн энэ хооронд Zhen Ming хоёр танилцаж найзууд болно. Sly эвлэрэлийг санал болгож, хоёр бүлэглэлийг хамарсан концерт зохион байгуулна. Энэ үед Honey гэнэт гараад ирэх бөгөөд концерт зохион байгууллаа гэж Sly-г зэмэлнэ; гэвч түүнийг эзгүй хойгуур бүлэглэл одоо Sly-г илүү хүндэлдэг болсныг ухаарна. Концертийн өмнө Honey Ming-д Zhen бол илүү тогтвортой найз залуу байж чадахыг хараад тэднийг "ерөөдөг". Тэр шөнө Honey 217-уудтай ярилцаж, улмаар тэдний босс Shandong-той хамт алхаж яваад Shandong-д түлхүүлэн машинд мөргүүлж нас барна. Бяцхан цэцэрлэгийн хөвгүүд цагдаагийн илтгэлд итгэхгүй бөгөөд өшөөгөө авахаар төлөвлөнө; тэд Zhen ангийн чинээлэг сурагч Ma-ын олж авсан хүйтэн зэвсгийг ашиглан нэгэн бороотой шөнө 217-уудыг үүрэнд нь олноор нь хядаж хөнөөнө. Sly болон Бяцхан цэцэрлэгийн хөвгүүдийн зарим нэг амьд гарагсад хэргээс нуугдаж амжина. Мөн тэр шөнө Zhen-ын аавыг Хятадын коммунист намтай урьд нь холбоотой байсан хэргээр нууц цагдаа нар баривчлах ба сүүлд аавыг нь сулласан ч албан тушаалыг нь бууруулна. Zhen Ming-тэй болзож эхлэх бөгөөд сурлага нь ч сайжраад ирнэ.
Гэтэл Ming өөр хөвгүүдтэй сээтэгнэж, өөрөөсөө ах хүмүүстэй аальгүйтэж байгаад Zhen зовно. Үүнээсээ болж сургууль дээрээ хэрэг тарьж, улмаар сургуулиасаа хөөгдөнө. Zhen аавдаа шилжилтийн шалгалтаа сайн өгч, өдрийн сургуульд орно гэж ам өгнө, үүнд Ming бухимдана, учир нь Zhen хичээлдээ шамдана гэдэг тэд бага уулзана гэсэн үг юм. Удалгүй Sly нуугдсан газраасаа гарч ирээд өмнөх үйлдлүүдээсээ Zhen-ээс уучлалт гуйж, мөн Ming Ma хоёр болзож байгааг ил болгоно. Үүнд уурласан Zhen Jade-тэй болзох боловч Jade түүнд тэр орой гар чийдэнгийн гэрэлд харсан хүмүүс чинь Sly бид хоёр биш харин Sly Ming хоёр байсан гэдгийг илчлэн хэлнэ. Zhen Ma-г гэрт нь заналхийлсний дараа Cat-аас хулгайлсан хутгаараа Ming хутгалж алах ба алахаасаа өмнө охиныг завхайрсан гэж зэмлэж, чи миний цор ганц найдвар байсан гэж хэлдэг. Тайваны шинэ давалгаа хөдөлгөөний тэргүүлэх кино урлаачдын нэг Edward Yang-ын туульсын, гэмт хэрэгт, өсвөр насны сэдэвт бүтээл бөгөөд техникийн бүхий л талаараа өтгөн, дүүрэн өнгөтэй, түүхийн бүтцийн хувьд өвөрмөц найруулгатай эл бүтээлийн жүжигчдийн тоглолтын сэтгэл хөдлөл нарийн нягт ба энэ бол эргэлзээгүй шедевр бүтээл юм. Бүтээхүйн төсөөлөл нь хүссэн хязгаартаа хүрсэн уг кино орчин үеийн кино урлагт үлэмж чухал нөлөөтэй болжээ. 4 орчим цаг үргэлжлэх киноноос найруулагчийн роман зохиолын сонирхол хийгээд драматикийн хосгүй дэглээч болохыг олж харна. Киноны нэр Elvis Presley-ын "Are You Lonesome Tonight" дууны үгнээс гаралтай бол киноны үйл явдал 1950-аад оны сүүлч, 1960-аад оны эхэн үед өрнөх ба Edward Yang кино зохиолоо найз охиноо алсан нэгэн өсвөр насны хөвгүүний шуугиантай хэргээс санаа авч бүтээсэн буюу ерөнхийдөө энэ талаарх өөрийн дурсамжаасаа сэдэл авч бичжээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 124-р байрт жагсаажээ. Бодит амьдрал дээр төрийн албан хаагчийн 14 настай хүү найз охиноо алсан бөгөөд хүү мөн гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байжээ. Эдгээр хүүхдүүд өмнөх эх газрын гэр бүлийн болон Тайванийн гэр бүлийн гэмт хэргийн бүлэглэлүүдийн хоорондын зөрчил мөргөлдөөнтэй холбоотой байдаг ба кинон дахь хүн амины хэргийг тухайн цаг үеийн Тайванийн улс төртэй холбодог. Кино ийм танилцуулгаар эхэлдэг; 1949 онд иргэний дайнд Коммунистуудад ялагдсан олон сая эх газрын Хятадууд Тайвань руу дүрвэсэн. Эцэг эхийнхээ тодорхойгүй ирээдүйгээс болж олон хүүхдүүд амаргүй цаг үед туулсан ба тэдний ихэнх нь өөрсдийгөө тодорхойлохын гэж, аюулгүй байдлын мэдрэмжээ бататгах гэж гудамжны гэмт хэргийн бүлэглэл байгуулж байлаа.
Edward Yang уг бүтээлийнхээ загварыг домогт "Goodfellas"
киноноос авчээ. Кино нээлтээ хийсэн дороо шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч,
ерөнхий Азийн кино наадмуудад маш амжилттай оролцсон. Киноны гурван өөр
хувилбар байдаг; эх хувилбар нь 237 минут үргэлжлэх бол 3 цагийн хувилбар байдгаас
гадна богиносгосон 127 минутын хувилбар мөн байдаг ажээ. Edward Yang уг
киногоороо залуу нас, идеанууд, хүчирхийлэл болон улс төрийн гунигт орчныг
гайхалтай дүрсэлснээс гадна түүний дулаахан гэрэлтүүлэг, Тайваны өвөрмөц,
түвэгтэй зураглал бишрэм. Шүүмжлэгчид уг киног хоёр "нүүртэй" гэж
дүгнэдэг. Кино эхлээд өсвөр насныхны бүлэглэлийн тухай харгис түүхээс аавыгаа
тагнуул гэж буруутгагдаж, ахыгаа асар их өрөнд орж, ээжийнхээ шаналлын гэрч
болж буйг харах өсвөр насны хүүгийн дотоод сэтгэлийн түүх рүү шилждэг. Киноны
гаднах "нүүр" нь Күнзийн санаа зовж байсанчлан бүх эрх мэдлийг нэг
дор төвлөрүүлэхийг хатуу шүүмжилдэг. Харин киноны тухайн үеийн Тайванийн нөхцөл
байдалтай тийм ч их хамаагүй ба энэ кино бол илүүтэй өсвөр нас, ганцаардал,
хүсэл мөрөөдөлтэй уялдана. Энэ бол нийгмийн бутрал, үнэт зүйлсийн өөрчлөлтөөс
үүдэн бий болсон хүүхдүүд хэрхэн гудманд гарч, гэмт хэрэгтэн болж байгааг
харуулсан бүтээлийн дээр нөхөрлөл, хайр дурлалын ээдрээтэй асуудлууд хийгээд
ирээдүйн нь утга учиртай байх аргагүй үеийн хөрөг зураг юмаа.
Comments
Post a Comment