Badlands (1973). Өмнөд Дакотагийн жижигхэн хотод амьдрах 15 настай Holly охин ээжийгээ уушгины хатгалгаагаар алдсанаасаа хойш аавтайгаа дотно байхаа больжээ. Нэг өдөр Holly хог ачигч, Солонгосын дайнд явж байсан Kit гэгч 25 настай, жүжигчин James Dean-г даган дуурайгч залуутай танилцсанаар кино маань эхэлж, мөн охины амьдрал эгнэгт өөрчлөгдөнө. Охины шүтээн нь James Dean байсан тул түүнтэй ойртон танилцах ба удсан ч үгүй тэдний харилцаа улам дотно болж, Kit охины онгон биеийг эзэмдэн авна. Харилцаа нь гүнзгийрэх тусам Kit харгис бөгөөд нийгмийн эсрэг хандлагатай болохыг Holly ухаарна. Holly-ын аав тэдний харилцааг хүлээн зөвшөөрөхгүй, охиноо айлгахын тулд нохойг нь алсан ч охин нь ааваасаа зөрсөөр байна. Kit Holly-г хулгайгаар авч явахаар шийдэн гэрт нь хулгайгаар нэвтрэн орж байгаад аавд нь баригдчих агаад биедээ буу авч явсан Kit Holly-ын аавыг буудаж хорооно. Ингээд Holly түүнийг дагаж явахаас өөр аргагүй болох ба тэд амиа хорлолт болгон харагдуулах гэж гэр орныг нь шатаачихаад зугтааж одно. Босогч хосууд Монтанагийн Badlands хэмээх газрыг зорино. Тэд алслагдсан ойд байшин бариад загас барих, тахиа хулгайлах зэргээр өөрсдөдөө л аз жаргалтай хэсэг хугацаанд амьдарна. Гэтэл нэг өдөр тэднийг барихаар гурван сайн дурын шагнал хайгсад урилгагүй зочлон ирж буудалцаан үүсгэсэн ч Kit тэдний учрыг олж чадна. Эсэргүү хосууд цааш явахаас аргагүй болж, явсаар Kit-ын найз Cato гэгч дээр очиж хэсэг хугацааг өнгөрүүлнэ. Гэвч Cato тэднээс урвах гэж оролдоод Kit-ын гарт мөн л амиа алдана. Энэ үеэр хоёр хүн Cato-г зорьж ирнэ, Kit мөн л тэднийг болгож тавина. Хуулийнхан тэднийг барьж авахаар үлэмж хэмжээний хүн хүчийг гаргаж орон даяар тэднийг эрж сурч эхэлнэ. Харин манай хоёр нэгэн баян айлынд дайрч ороод хоол, хувцсаар өөрсдийгөө хангаад зогсохгүй машиныг нь аваад цааш хөдөлнө. Тэнэг залуус Монтанад дөхөж ирээд цагдаа нарт баригдах дээрээ тулж ирэх бөгөөд энэ үед Holly ингэж зугтаж байж цаашид тэвчихгүй нь гэж хэлээд бууж өгдөг, харин Kit эцсээ хүртэл тэмцсэн ч аргагүйдэн баригдана. Киноны төгсгөлд бид Kit цахилгаан сандалд сууж үхсэн болон Holly-г өмгөөлөгчийнхөө хүүтэй суусан болохыг олж мэддэг билээ.
Америкийн нэрт кино найруулагч Terrence Malick-ын нео-нуар, гэмт хэрэгт драм жанрын бүтээл. Malick кино зохиолоо өөрөө бичихдээ Charles Starkweather болон түүний найз охин Caril Ann Fugate хоёрын цуврал аллагын бодит явдлаас санаа авч зохиосон ба энэ бол нэрт найруулагчийн дебют ажил юм. Киноны гол дүрүүдэд; Martin Sheen, Sissy Spacek. Их Британий кино наадмаар Sissy Spacek хамгийн ирээдүйтэй залуу жүжигчин шагналд нэр дэвшиж байсан бол Martin Sheen Сан Сабестианы кино наадмаас шилдэг эрэгтэй гол дүр шагнал хүртэж байлаа. Өнөөдөр уг киног манай гаригийн хамгийн аугаа бөгөөд нөлөө бүхий киноны нэгээр нэрлэдэг ба TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 136-р байрт эрэмбэлээд байна. Найруулагч Arthur Penn-ын шавь байсан Terrence Malick Америкийн кино институтад хоёр жил суралцсаны дараагаар уг кино нь дээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд 1970 онд, 27 настай байхдаа тэрээр кино зохиол дээрээ ажиллаж эхэлжээ. Киноныхоо санхүүжилтийн талыг өөрөөсөө гаргасан бол зарим хэсгийг нь танил эмч зэрэг хүмүүсээс цуглуулсан байдаг аж. Энэ кино Sissy Spacek-ын хоёрдахь кино нь байсан агаад Malick Техасаас гаралтай, аялгатай ярьдаг, сэтгэл үл татам охины дүр хайж байсан нь Spacek яг таарчээ. Kit-ын дүрд хэд хэдэн ирээдүйтэй жүжигчид сонгон шалгаруулалт өгсөн ч Martin Sheen-г Malick-д санал болгоход эхлээд дүрд нь арай хөгшдөх болов уу гэж эргэлзэж байсан ч эцэст нь сонгожээ. Spacek хожим энэ талаар "Martin ерөөсөө л Kit байсан, би түүнтэй хамт байхдаа Holly болдог байсан" гэсэн буй. Kit-ын дүрийг жүжигчин James Dean-ээс үндэслэн бүтээжээ. Malick-ын дебют бол түүний бүтээлийг тодорхойлох яруу найргийн мэдрэмжтэй, нягт нямбай тоглолттой Америкийн кино урлагийн шилдэг хэсэг юм. Уг кино нь 1973 оны Нью Иоркийн кино наадмыг хаасан ба "даанч" Martin Scorsese-ын Mean Street бүтээлийн сүүдэрт дарагдаад амьтан хүнд тоогдоогүй гэж үздэг. Шүүмжлэгч Vincent Canby эл киног "сайн, зарим үед бүр гайхалтай, үргэлж харгис хэрцгий байдаг Америк кино" гээд цааш нь "Martin Sheen, Sissy Spacek хоёр манай цаг үеийн биеэ тоосон, харгис, магадгүй сэтгэцийн өвчтэй хүүхдүүдийг гайхалтай дүрсэлсэн" гэж дүгнэжээ. Зарим шүүмжлэгчид уг киног 1967 оны Arthur Penn-ын Bonnie and Clyde кинотой адилтгаж үзэхээс илүүтэйгээр илүү сайжруулсан, хариулт гэж үзвэл зохилтой гэсэн байдаг.
Киноны продюсер Edward
Pressman-ын хэлж байгаагаар ихэнх шүүмжлэгчид киног нь сөргөөр хүлээж авсан ч
цаг хугацаа өнгөрөх тусам киноны нэр хүнд өсчээ. David Thomson "Америкт
бүтээгдсэн хамгийн шилдэг дебют киноны нэг" гэж уулга алдаж байсан бол
Chicago Reader "Malick-ын дебют киноны санаа нь баялгаас гадна үйл явдал
хаашаа эргэхийг таахад бэрх. Хайр ба үхлийн трансцендэнт сэдэв нь поп соёлын
мэдрэмжтэй уусч, барууны нутгийн дэвсгэр дээр тоглогдсон нь урсгалт шинжээрээ
ч, улиг болсон байдлаараа ч гайхалтай юм" хэмээжээ. Энэ кинонд
тоглосноороо миний киноны талаарх ойлголт өөрчлөгдсөн гэж Spacek хожим ярьсан
байдаг, харин Martin Sheen одоо хүртэл уг киноны зохиолыг амьдралдаа уншсан
хамгийн сайн зохиол гэж үздэг ажээ. Bill Paxton "энэ бол үе үе
трансцендент шинж чанартай мөчүүдийг агуулдаг яруу найраглаг кино... хосууд
соёл иргэншлээс тасарсан гайхалтай хэсгүүд байдаг; Holly янз бүрийн түүх ярьж,
алс хол байдаг газруудаар аялах тухай ярихад хачирхалтай классик хөгжмийн хэсгүүд
бидэнд сонсогддог. Бид алсад байгаа зүйлсийг харна. Тэнд галт тэрэг явж байгаа
ч Арабын цөлд жингийн цуваа яваа юм шиг зурагласан байдаг. Энэ бүхэн киноны үйл
явдалтай холбоогүй ч дүрүүдийн хүсэл мөрөөдөлтэй холбоотой юм" гэж бичжээ.
Malick-ын кинонд үргэлж хүн ертөнцийн сүр жавхлангийн өмнө өвдөг сөгддөг.
Malick-ын уг кинонд хос хоёр хүн алж, хүрээ талаад Америкаар нэг хэсэн тэнэж
байгаа нь улиг болсон сэдэв боловч Malick дүрүүдээрээ дамжуулан гэмт хэргийг
тайлбарлах юмуу сэтгэлзүйн үүднээс тайлбар хийхийг оролдоогүй. Kit царайлаг, сэтгэцийн өвчтэй нэгэн бол
Holly царай муутай, хөндий хүйтэн охин юм. Holly өөрсдийнхөө хувь тавиланг
цаанаасаа зурагдсан гэж дүрсэлдэг бөгөөд үхлийн өмнө тэдний хэн хэнийх нь
сэтгэл хөдөлдөггүй. Кино навчит гудамтай жижиг хотыг харуулснаар эхэлдэг, энэ
хэсэг танд шууд Malick-ын The Tree of Life киног санагдуулах ба Malick-ын
кинонд байгаль онцгой үндэс суурь эзэлдэг. Шувууд, амьтад, модод, тэнгэр гэх
байгалийг нарийвчлан үзүүлдэг. Уг киног "аян замын" жанрт кино гэж
мөн үзэж болох юм. Уг кино нь 1970-аад оны Америкийн кино урлаачдын ид цэцэглэн
мандаж байх үед хийгдсэн шилдэг киноны нэг юм. Martin Sheen "энэ бол
үнэмлэхүй Америк кино, энэ бол Америкчуудын соёл, хүмүүсийн оюун сэтгэлгээг
буулгасан гайхалтай кино" гэж хэлж байжээ. Түүний бүтээсэн Kit-ын өмнөх амьдрал
кино нь дээр тодорхойгүй байдаг ба Kit, Holly хоёрын харилцаанд секс багахан
хувийг эзэлдэг нь тэд бараг ганц удаа үнсэлцэж байгаагаас харж болохоос гадна
ерөнхийдөө тэд яг л нэг дүрд тоглож буй хүүхдүүд шиг байдаг билээ.
Comments
Post a Comment