Гэтэлшгүй өдөөлт

 


 Anatomy of a Murder (1959) . Мичиганы дээд хойгт орших нэгэн жижигхэн хотод тойргийн прокуророор дахин сонгогдож чадаагүй хуульч Paul ажилгүйн улмаас ихэнх цагаа загасчлан өнгөрүүлэх бөгөөд түүнд архичин найз бас түнш Parnell болон ааш муутай нарын бичиг Maida хоёр хань болно. Мөнгөгүй балраад байтал Paul дээр Laura гэх хүүхэн хүрч ирээд ажлын санал тавина. Ажлын санал ийм; Laura нь тэнгисийн цэргийн дэслэгч Manny гэгчийн эхнэр бөгөөд Manny баарны эзэн Barney гэгчийг буудаж авсны улмаас шоронд хоригдоод байгаа аж, чухам яагаад нөхөр нь алуурчин болов гэвээс Laura-г Barney хүчиндсэн ба үүний өшөө болгож Manny түүний амийг хороож л дээ. Хэдий түвэгтэй хэрэг боловч Paul уг хэргийг авахаар шийднэ, юун түрүүнд тэрээр Manny-тай очиж уулзахаар болно. Manny үнэхээр тэр хүчиндэгчийг алсан нь тодорхой байсан ч Paul өмгөөлсний хөлс болгож дориун хөлсийг хоёр хувааж авахаар болно. Paul-ын ажигласнаар Manny гэгч нь нэлээд түргэн ууртайгаас гадна их хартай эр байна, харин эхнэр нь уух дуртай, аальгүй нь дэндсэн хүүхэн болох нь өөрт нь сээтэн хаяж байгаагаас тод томруун харагдана. Manny хэрэг болдог шөнө хүн алснаа сайн санахгүй байгааг ашиглаад тухайн мөчид галзуурсан буюу "гэтэлшгүй өдөөлт" хэмээн оюун санааны төлөвт орсноор үйлдлээ хянах чадваргүй, ухаан мэдрэлээ алдсаны улмаас хүн алсан болговол цаазлуулахгүй өнгөрч болохыг Paul сайтар судалсны эцэст олж мэдээд уг аргыг ашиглахаар болно. Энэ нь нэг үгээр хуулийн цоорхойг ашиглаж буй явдал юм. Мөн үүн дээр Laura-г хүчиндүүлсэн болохыг нотолчихвол Manny огт буруугүй энэ хэргээс мултарч болохоор байлаа. Гэтэл хоёр саад гараад ирэв. Эхнийх нь Laura-г хүчиндүүлснийг нотлох гол баримт болох түүний урагдсан дотоож тэр шөнөөс хойш алга болсоноор Laura-г Barney-тэй хүсэл тачаалаараа унтсан гэх орон нутгийн прокурорын мэдүүлгийг үндэстэй болгож байсан бол удаах гай нь уг хэргийг Прокуророор алдартай бас эрх мэдэлтэй Dancer гэх ажиллах болсноор байдлыг муутгана. Гэвч Paul бууж өгөхгүй, арга бүрийг, нүх сүв болгоноор орж эрэл сурал хийсний эцэст Mary гэдэг хүүхнийг энэ хэрэгт татан оруулах буюу олж нээнэ.

 Mary-г бүгдээрээ шахуу Barney-ын явалддаг, тэжээн тэтгэдэг хүүхэн гэж бодтол тэр нь үнэндээ түүний охин байж таарна. Мөн Mary тухайн аллага болсон бааранд ажилладаг бөгөөд нэг өрөөнөөсөө урагдсан дотоож олсноо шүүх танхим дээр хэлнэ. Австри-Унгар гаралтай найруулагч Otto Preminger-ын шүүх танхимт, гэмт хэрэгт жанрын бүтээл. Холливуудын өдөөн хатгагч гэгддэг байсан Otto Preminger-ын хамгийн алдартай уг кино нь тухайн үедээ сексийг ил шулуухан ярьдаг гэдгээрээ анхдагч гэгдэж байсан нь үнэн ч уг кино нь юу юунаас илүү үгийн хүчийг хурцаар дүрсэлсэн. Киноны зохиолыг Мичиганы дээд шүүгч асан John D. Voelker-ын бичсэн ижил нэрт романаас сэдэвлэн Wendell Mayes бичсэн ба Voelker 1952 онд өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн амины хэргээс сэдэвлэн романаа бичжээ. Киноны гол дүрүүдэд; James Stewart, Lee Remick, Ben Gazzara, Eve Arden, George C. Scott болон Joseph N. Welch нар тоглосон ба Joseph N. Welch амьдрал дээр жинхэнэ хуульч байжээ. Нэгдсэн улсын зарим хуульч, өмгөөлөгчид уг киног хамгийн сайн хийгдсэн шүүх танхимтай киногоор нэрлэсэн байдаг бол TSPDT бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 864-р байрт жагсааж байна. 1952 онд нэгдсэн улсын дэслэгч Мичиганд нэгэн эрийг буудаж хөнөөсөн ба Voelker уг хэрэгт өмгөөлөгчөөр ажиллажээ. Voelker 1886 оноос хойш Мичиганд ашиглаагүй байсан гэтэлшгүй өдөөлт хэмээх оюун ухааны түр зуурын галзуурлын төлөв байдлыг ашиглаж, Тангарагтны шүүгчид дөрвөн цагийн турш хэлэлцсэний эцэст дэслэгчийг галзуурсан гэж үзээд гэм буруугүй гэж тогтоожээ. Хоёр өдрийн дараа дэслэгчийг галзуу биш гэж үзээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс гаргасан ч дэслэгч төд удалгүй эхнэрээсээ салжээ. Киноны зураг авалтыг Мичиганы дээд хойгийн хэд хэдэн газарт хийсэн бөгөөд зарим хэсгийг жинхэнэ хүн амины хэрэг гарсан газраас холгүйхэн авсан байдаг аж. Уг бүтээл нь хууль зүйн шинжлэх ухаанд хүний хүчин зүйлийн алдаанд өртөмтгий байдлыг судлан үздэг. Янз бүрийн тохиолдолд хүний элементэд өмгөөллийн, яллагчийн, шүүгчийн, мөн түүний эхнэрийн болоод гэрчүүдийн зөв буруугийн талаарх өөр өөрсдийн гэсэн байр суурь хийгээд шударга ёс, ёс суртахууны үзэл бодолтой байдгийг бид энэ киноноос харна. 

Гэрчүүдийн магадлалд найдах, тэдгээрийн дүгнэлтэд үндэслэсэн "баримтыг олох нь" шүүхийн үйл явцын "Ахиллесийн өсгий" нь юм. Мэдээж кино учир уран сайхны зарим хэтрүүлэг бий, жишээлбэл; гэрчийг сургаж байгаа нь хууль зүйн үүднээс зөрчилтэй хэрэг юм. Кинонд дэслэгч Manny-ын цорын ганц аврал болох галзуурсан болох аргыг өмгөөлөгч нь барагалж шахуу хэлж өгч байгаа нь маргаантай асуудал юм. Кинонд хэллэгддэг хэл үгс Чикаго хотын захирагчийг цочирдуулсны улмаас уг киног гаргахыг түр хугацаагаар хориглосон ба Otto Preminger шүүхээр явсны эцэст тус шийдвэрийг хүчингүй болгосон байдаг; энэ мэтээр уг киноноос болж найруулагч маань ганцаас доошгүй удаа шүүхийн хаалга татсан ч шүүх дээр "ялагч" болж байв. Кинонд хэллэгддэг; жирэмслэлтэас хамгаалах хэрэгсэл, үрийн шингэн, дур ханалт зэрэг үгс нь Америкийн кино урлагт өмнө нь огт хэлэгдэж байгаагүй юм. Уг бүтээлийг хууль зүйн салбарынхан эерэгээр хүлээж авсан байдаг. 1989 онд Америкийн хуульчдын холбооноос бүх цаг үеийн хамгийн шилдэг шүүх хуралтай 12 киноны тоонд оруулсан байдаг ба энэ кино нь хүнд хэцүү нөхцөлд хуулийн хамгаалалт хэрхэн сайжирдагийг тодотгосон гэсэн буй. Уг киног Америкийн хуулийн сургуулиудад хичээл болгон үздэг ажээ. 

Кино шүүмжлэгчид киноны жижиг хотын хуульчийн ялахын төлөөх аргатай, мэхтэй, хулгайч байдлын ёс суртахууны хоёрдмол чанарыг онцолсон байдаг. Мөн уг киноны шууд бөгөөд ил далангуй байдлыг онцлохдоо үг хэллэг хийгээд сексийн сэдвээрээ тухайн цаг үеийн кинонуудаас ялгарч байсан гэжээ. Киноны хар-цагаан өнгө Мичиганы хатуу ширүүн газар орны байдлыг тодотгохоос гадна кино хар-цагаанаар хийгдсэн ч орон нутгийн өнгө аясаар дүүрэн байдаг билээ. Сайн хэмнэлтэй, сайн жүжиглэлтэй уг кино нь хэлбэрийн хүрээнд илэн далангуй үгсээ зөвтгөдөг бөгөөд шүүмжлэгчид James Stewart, George C. Scott хоёрын тоглолтыг өндрөөр сайшаасан байдаг. Сонирхуулахад, жүжигчин James Stewart-ын аав хүүгийнхээ энэхүү кинонд дургүй байсан агаад хүмүүст битгий үз, муухай кино гэж хүртэл хэлдэг байж. James Stewart энэхүү киногоороо сүүлчийн удаа Оскарт нэр дэвшсэн бол жүжигчин George C. Scott эсрэгээрээ анх удаагаа Оскарт нэр дэвшсэн байдаг аж. Premiere сэтгүүлээс явуулсан хамгийн шилдэг кино постер санал асуулгыг уг киноны постер тэргүүлсэн байдаг ажээ.

Comments